Бүсээ чангалж, хоолоо сойх үе гарах нь бий. Гэлээ гээд хүүхдээ хөл нүцгэн гүйлгэж болохгүй байлтай. 2015, 2016 онд улсын төсөв хумигдаж, бүх салбарынхан тэвчиж болох зардлаа танаж байв. Албан өрөө тохижуулахаас эхлээд хасаж болох зардал олон атал хамгийн чухал, хамгийн их хөрөнгө оруулалтаар боссон бүтээн байгуулалтыг арчилж, тордох зардлаа танасаар байгаа нь зүйд хэр нийцэх юм бол. Улсын хөгжлийг авто замаар нь тодорхойлж, уг салбарт хамгийн их хөрөнгө зарцуулдаг жишиг дэлхий нийтэд нэгэнт тогтсон.
Нэг км авто зам тавихад тэрбум гаруй төгрөг шаарддаг, ашиглалтад орсных нь дараа сайн арчилж, санаа тавибал иргэд түүгээр 10, 20 жил тухтай зорчдог гэх. Гэвч манайхны шинээр тавьсан зам наанадаж нэг, дунджаар 2-3 жилийн дараа эвдэрч, хучилт нь бутраад иргэдийн “махыг идэж” эхэлнэ. Энэ нь монголчууд дэлхийн жишигт нийцсэн зам тавьж чаддаггүй, компани бүр өөрсдөө стандарт гаргадагтай холбоотой гэж болно.
Хүнд даацын машин зорчих зориулалттай зам тавьж буй компани асфальтан доор нь нимгэн суурь дэвсээд чанартай хэмээн үнэлдгээс үүнийг харж болно. Япон инженерүүдийн зааварчилгаагаар монгол ажилчдын барьсан Нарны гүүрийг ашиглалтад оруулаад таван жил болж буй. Энэ хугацаанд уг гүүрэнд нэг ч эвдрэл гарсангүй.
Гүүрийг хүлээлгэн өгөх үеэрээ япончууд “Тус гүүрээр хүнд даацын машин зорчих зориулалттай. Голлох материалыг Япон улсаас авчирсан. Хүлээлгэн өгснөөс хойш 25 жил ямар ч засвар хийхгүй, цаашлаад 100 жил ашиглах боломжтой” гэсэн баталгаа өгч байв. Харин манай улсад чанартай зам барьж, түүндээ ийм хугацааны баталгаа өгдөг компани бараг л байхгүй. Компаниуд зам тавихдаа дээд тал нь 2-3 жилийн баталгаа өгнө.
Шинээр тавьсан замын чанарыг Улсын комиссынхон хэрхэн шалгадаг нь ч тодорхойгүй. Гүйцэтгэлийн явцад ганц удаа очсон болоод л хүлээж авдаг гэхэд хилсдэхгүй. Ингээд тухайн замыг улс, орон нутгийн өмчид бүртгэж, авто замын засвар арчлалт (АЗЗА)-ын компаниудад даатгачихна. Гэвч засвар, арчлалт хариуцдаг компаниуд хөрөнгө, мөнгөгүйгээс болоод үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Монголын зам эзэнгүй, түүнийг арчилдаггүйгээс болоод хайран бүтээн байгуулалтаа яйран болгож байна. Нийслэлийг аймгийн төвүүдтэй, аймгийг сумдтай холбосон, улсын чанартай авто замын засвар, арчлалтыг өдгөө 28 аж ахуйн нэгж хариуцаж буй. Тэд мөнгөгүйн зовлонгоос болоод ёстой л нүглийн нүдийг гурилаар хуурч ажилладаг гэхэд дэгсдүүлсэн болохгүй.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өнгөрсөн саруудад АЗЗА-ын компаниудын үйл ажиллагааг шалгаж, заримыг нь алдагдалтай ажиллаж буйг ил болгосон. Тодруулбал, тэд олгосон санхүүжилтээс давсан зарлага гаргаж байгаа гэнэ. Харин компаниуд үүнийг үгүйсгэсээр буй. Үүсээд буй нөхцөл байдлыг тэд хэрхэн тайлбарласныг албаны хүмүүсийн байр сууриас мэдэж болно.
2012 оноос өмнө баригдсан хатуу хучилттай 2967 км авто замын 28 хувь буюу 825 км нь 2-5, 55 хувь буюу 1621 км нь 5-13, 17 хувь буюу 501.2 км нь 13-аас дээш жил ашигласан, шинэчлэх шаардлагатай гэнэ. Эдгээр зам эвдрэл ихтэй учраас засахад чамгүй хөрөнгө зарцуулдаг юм байна. Гэвч засварыг 100 хувь гүйцэтгэх боломжгүй, АЗЗА-ын компаниуд нэг нүх нөхөх зардлаар дөрвийг засдаг байх жишээтэй.
Зам засварын 28 компанийн 20 нь төрийн, найм нь хувийнх аж. 2014 онд тэдэнд 22.6 тэрбум төгрөг буюу жилд шаардагдах төсвийн 50 хувийг өгсөн бол үүнээс хойш төсөв нь танагдсаар өнөө жил 10 тэрбум болж буурав. Энэ мөнгийг компаниудад тэгш хуваарилахад нэгэнд нь дунджаар 300 гаруй сая төгрөг ногдох боловч ийм зарчмаар төсвөө хуваадаггүй.
Тухайлбал, нэг нь улсаас олгосон 100 гаруй сая төгрөгөөр 500 км зам засаж, арчилж байхад зарим нь хариуцдаг 100 гаруй км замаа 300 сая төгрөгөөр арчилж байх жишээтэй. Энэ хөрөнгөөс онцгой нөхцөлд хэрэглэх зардал гаргаж, ажилчдын цалин олгодог гэхээр зам засвар, арчлалтад өчүүхэн нь ногдож байгаа юм. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамныхан “Замын насжилтаас хамаарч засвар, арчлалтад нь мөнгө төсөвлөдөг. 12-13 жил ашигласан, их засвар хийх шаардлагатай замууд эвдрэл ихтэй. Тийм замд их мөнгө хуваарилдаг гэж болно. Ер нь засах ёстой нүхний тооноос хамаарч мөнгө төсөвлөдөггүй, АЗЗА-ын компаниуд урсгал засвар буюу цас мөсийг нь арилгаж, тэмдэг, тэмдэглэгээ хийх төсвөөр эвдрэл янзалдаг гэсэн үг” хэмээн ярив.
Уг нь улс, орон нутгийн замуудаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны хураамж авч, эл мөнгийг замын бүтээн байгуулалтад зарцуулах ёстой. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ. Татвар хураамжаас олсон багахан мөнгийг авто замын санд төвлөрүүлээд, үлдсэнийг нь төсөвт оруулдаг гэнэ. Тухайлбал, Улаанбаатарын авто замын хураамжаас жилд 100 гаруй тэрбум төгрөг улсын төсөвт оруулдаг аж.
Харамсалтай нь, Авто замын санд 30 орчим хувийг нь л өгдөг аж. Энэ мэтээр замын засвар, арчлалтад дорвитой мөнгө төсөвлөж чадахгүй, дутуу дулимаг ажил хийлгэсээр байвал АЗЗА-ын компаниудыг хувьчлах нь зүйтэй гэдгийг хэлэх хүн нэг бус байна. Гэвч холбогдох албаныхан “Эрх зүйн зохицуулалтаас шалтгаалаад засвар, арчлалтын компанийг хувьчлах, менежментийг нь сайжруулах чиглэлээр дорвитой ажил хийх боломжгүй байна” гэсэн юм.
Улсын чанартай 12.9 мянган км замыг арчлахад жилд дунджаар 40-50 тэрбум төгрөг шаардлагатай. Харамсалтай нь, улс шаардлагатай засвар, арчилгааг явцын дунд хийх мөнгийг өгөх боломжгүйгээс замын насжилт богиносдог. Эцэст нь 300 сая төгрөгөөр нэг км замыг засахын оронд ашиглалтынх нь хугацаа дуусахаас өмнө нэг тэрбумаар тавихаас өөр аргагүй болдог гэсэн үг.
Засгийн газар 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөртөө засвар, арчлалтын мөнгийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн боловч эсрэгээрээ бууруулсаар. Нэг ёсондоо улсын чанартай замыг аюулгүй байлгаж, түүгээр иргэдийг тав тухтай зорчиход төсөвлөж буй хөрөнгөө хасаж байна гэсэн үг. Хэдийгээр АЗЗА-ынхан тендерт оролцож, зам тавьж болох ч өртэй, техникийн хүчин чадал муутай учраас ялагдаж, төсвөөс өгсөн мөнгөөр голоо зогоож байна. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл Монголын замууд тун удахгүй там болон хувирч, жолооч нар нүх тойрон сүлжиж, эд хөрөнгөө эвдэхэд ойрхон байна.
БАЙР СУУРЬ
ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭС ДОЛОО ДАХИН БАГА ХӨРӨНГӨ ТӨСӨВЛӨСӨН
Т.БЯМБАДОРЖ (“Талын зам” ТӨХК-ийн захирал):
-Төсөв үнэхээр хүрэлцэхгүй байна. Манайх 30 ажилчинтай, Өндөрхаан-Баруун-Урт, Чойбалсан-Баруун-Урт, Бичигт-Баруун-Урт гэсэн гурван чиглэлийн 561 км авто замын засвар, арчлалт хариуцдаг. Гэтэл бидэнд энэ жил ердөө 124 сая төгрөг өгсөн. Энэ нь өнгөрсөн жилийнхээс долоо дахин бага хөрөнгө.
Нөхцөл байдал ийм хүнд байхад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрынхан биднийг ашигтай ажилла гэж шахаж байна. Өнгөрсөн жил бид анх удаа ашигтай ажилласан. Орон нутгаас зарласан тендерт орж, барилгын ажил гүйцэтгэсний хүчинд ийм үр дүнд хүрсэн юм.
ОРШИН ТОГТНОХОД БЭРХ БОЛЛОО
Ц.БАТТУЛГА (“Налайх АЗЗА” ТӨХК-ийн захирал):
-Улсаас төсөвлөсөн мөнгө засварт хүрэлцдэггүй. Манайх Чойр, Тэрэлж, Улаанбаатар гээд хөдөлгөөн ихтэй 170 км замын арчлалт хариуцдаг. Өнгөрсөн жил манайд эхлээд 300, дараа нь тодотголоор 300 гаруй, нийтдээ 700 орчим сая төгрөг өгч байв. Өнөө жил манайд 500 сая төгрөг олгосон. Манайх 45 ажилчинтай. Ажилчдын цалин тавих, бараа материал авах гээд өгсөн мөнгө нь хүрэхгүй болохоор оршин тогтноход хэцүү.
Биднийг ашигтай ажиллах ёстой гэж шахдаг нь буруу. Ялангуяа хот суурин газартай ойр АЗЗА-ын компанид ийм боломж байхгүй. Аймгийн төв дэх байгууллагууд орон нутгийн төсвийн хөрөнгөөр ажил хийж, орлого олдог. Гэтэл Улаанбаатарынхан хувийн компаниар ажлаа хийлгэдэг.
500 САЯ ТӨГРӨГ НЭГ КМ ЗАМ ЗАСАХАД Л ХҮРЭЛЦЭНЭ
Ч.АЛТАНЗАЯА (“Харгуй” ТӨХК-ийн захирал):
-Манайх 59 ажилчинтай, 600 гаруй км авто замын засвар, арчлалт хариуцдаг. Өнөө жил бидэнд 500 сая төгрөг өгсөн. Бараа материал, шатахуунаа оруулбал жилд багадаа 1.2 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хэрийн төсөвтэй байж бид хариуцсан замынхаа аюулгүй байдлыг хангаж чадна. Өгсөн 500 саяынх нь 200-гаар бараа материал, 100-гаар нь шатахуунаа авчихаар цалингийн өр үүсчихэж байгаа юм.
Манайх уг нь жилийн жилд ашигтай ажилласаар ирсэн. Бидний 2014 онд гүйцэтгэсэн ажлын хөлсийг дараа онд нь шилжүүлсэн. Санхүүжилт орж ирсэн даруйд бид өрөө дарах нь ойлгомжтой биз дээ. Тэгэхээр тухайн оных нь зарлага ихэсчихэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, балансын зөрүүг алдагдал гээд байх юм.
Улс гүйцэтгэлийн хөлсийг хугацаанд нь өгчихсөн бол ийм асуудал үүсэхгүй л байсан шүү дээ. Бидэнд өгсөн 500 сая төгрөг үнэндээ нэг км зам засахад л хүрэлцэнэ. Жилд дунджаар 20-30 км зам засах шаардлагатай болдог.
МАНАЙ САНХҮҮЖИЛТ ДОЛДУГААР САРД ДУУССАН
Б.БАЯСГАЛАН (“Дархан АЗЗА” ТӨХК-ийн захирал):
-Манайх 40 гаруй ажилчинтай, 118 км авто зам арчилдаг. Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн зам үүнд ордог. Энэ жил бидэнд 313 сая төгрөг олгосон. Бид хариуцсан ажлаа хийгээд, долдугаар сарын 3-нд санхүүжилт дууссан. Одоо өр тавьж, ажлаа хийж байна. Хариуцсан замаа хангалттай арчлахад нэг тэрбум гаруй төгрөг шаардлагатай.
Бага мөнгөөр их ажил хийхийг шаарддагаас болж олон асуудал үүсдэг. Засвар, арчлалтын төсөв улам буурч, замын эвдрэл ихсэж байхад дорвитой арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал улам л хүндэрнэ.