-Улс төр судлаач, олон улсын харилцааны мэргэжилтэй залуус
хөдөө гарч, малчин боллоо-
Хүн амьдралдаа янз бүрийн нөхцөл байдалд янз бүрийн шийдвэр олонтаа гаргадаг. Алдсан ч бай, оносон ч бай гагцхүү гаргасан шийдвэртээ эзэн байх, итгэл үнэмшилдээ үнэнч байх, эсэхээр л үр дүн нь хэмжигддэг юм шиг ээ.
МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн, үл хөдлөх хөрөнгийн компанид ажиллаж буй 25 настай А.Тэнгис, Олон улс судлалын дээд сургуулийн гадаад харилцааны ангийг 2009 онд дүүргээд, ажлын талбарт бас ч үгүй хөлөө аятайхан олчихоод байсан Х.Билгүүн нар гэнэтхэн малчин болохоор шийдсэнийг дуулаад та гайхах нь дамжиггүй.
Нэг нь бүр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө ч өгч амжилгүй хөдөө явсан билээ. Малчны ахуйгаас хол, унаган хотын хүүхдүүдийг мал маллах шийдвэр гаргуулсан тэр итгэл үнэмшил нь чухам юу юм бол. Нам, засгийн даалгавраар бус, өөрсдийнхөө сэтгэлийн дуудлагаар тахиа жилийн тачигнасан жаварт хатуу өвлийн босгон дээр томилолт өвөртлөн хөдөөг зорьж буй хоёр “нийслэл хүү”-гийн нэг өдрийг сурвалжилснаа хүргэе.
2017.10.09-ний 14.30 цаг. Х.Билгүүн, А.Тэнгис хоёр “Нарантуул” худалдааны төвөөс дээл, малгай, хүрэм, гутал гэх мэт хөдөө өмсөх дулаан хувцас авахаар явж буйг дуулаад, тэдэнтэй танилцахаар очлоо. Оргинал “Аdidas” болон “Nike”-ийн пүүз жийж, “Wrangler”-ын жийнс өмссөн тэднийг хэн ч хаанаас нь ч харсан хоёр хоногийн дараа хөдөө гарч, малчин болох гэж буй залуус гэдгийг нь таахын аргагүй юм.
Ажил олгогч нь буюу Төв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Дугаржавын Гомбо-Очир гуай эхнэртэйгээ хамт тэдэнд хувцас авч өгөхөөр ирснийг мэдсэн тулдаа тус захынхан итгэх шиг болсон.
Д.Гомбо-Очир гуайн санаачилгаар “10 000 ажлын байр” хөтөлбөр хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд гэр бүлээрээ хөдөө гарч, мал маллах сонирхолтой иргэдийг бүртгэж буй юм. Уг хөтөлбөрт анхлан бүртгүүлсэн хүмүүс нь Х.Билгүүн, А.Тэнгис хоёр билээ. “Нарантуул” худалдааны төвийн зүүн жигүүрт байрлах монгол хувцасны лангуунаас 183-185 см өндөртэй залууст таарах дээл олдох шинжгүй, нэлээд явав. Уг нь өвгөн малчин юу гэнэ, залуус “За, тэгье ээ” гээд уриалгахан дагах юм. Ямартай л Д.Гомбо-Очир гуай
“Уургын уртыг барина хэмээн
Уужим сайхан суга тавилаа
Уулын жавар унана хэмээн
Унаган туурай нударга тавилаа
Эргэцээ морины эргээ бодож
Элбэг сайхан ташаа тавилаа... гэж шүлэг найрагт хүртэл гардаг атал сүүлийн үед манайхан дээл, хүрмийг ийм л баримжаагүй оёдог болчихоод байгаа юм. Хөдөөгийн малчин бид эндээс хүрэм олж өмсөнө гэж бүр ярилтгүй бололтой. Ширүүн хөдөлж ч болохгүй, ийм хачин жодгор шиг нарийн, бариу суга тавихаа болимоор юм” хэмээн захын худалдаачдыг шүүмжлэх вэ.
Эцэст нь Х.Билгүүн ногоон, А.Тэнгис саарал даавуун дээлтэй болоход өвгөн ахын санаа амарч,
“Хойд хормойг нь хонь хурга
Урд хормойг нь унага даага дагаг
Дотоод энгэрийг нь тос өөх мялаа
Гадаад энгэрийг нь ганзага сур чимэг
Эд нь хэврэг, эзэн нь мөнх байг” хэмээн уран тодоор уянгалуулан мялаагаад, дараагийн лангуу руу явлаа.
“Илгээлтийн эзэд”-д малгай, бүс, гутал авахад харин нэг их цаг зарцуулсангүй. Хашир өвгөн “Уулын харгай шиг хоёр сайхан хүүдээ хүрмийг нь нутагтаа очоод сумынхаа оёдолчноор оёулна, өвөл өмсөх бор эсгий гутлыг нь дараа хот орж ирэхдээ авна” гэсэн төлөвлөгөө боловсруулаад, захаас гарцгаав.
2017.10.11-ний 07.20 цаг. Д.Гомбо-Очир гуай утасдаж, хөдлөхөд бэлэн эсэхийг лавлаж байна. Тэрбээр “Лхагва гаригт бүгдээрээ маш эрт, маш эрт хөдөлцгөөнө шүү” хэмээн дахин дахин сануулж байсан ч тодорхой шалтгааны улмаас ялимгүй хойшилж, 08.00 цагт хөдлөхөөр товлосон юм.
09.40 цаг. 22-ын товчооны цаана бид өнөө хэдийгээ багагүй хүлээсний эцэст араас ирцгээв. Д.Гомбо-Очир гуайгаас юу болсныг асуухад “Улаанбаатар хотынхон ер нь их унтамхай хүмүүс юм аа. Ажил нь яаж бүтдэг юм бол доо. Биднийг багад хөгшид “Бар цагт босохгүй бол өдрийн ажил хоцорно, Бага насанд эрдэм сурахгүй бол насны ажил хоцорно” гэсэн сургаалаар хүмүүжүүлдэг байв. Бар цаг гэдэг нь 03.40-05.40 шүү дээ. Өвлийн цагт энэ нь арай эртдээд байдаг тул алганыхаа хээг үзэгдэхээс өмнө босох ёстой гэнэ. Миний хувьд тэр ёсоор амьдарч өдий хүрлээ” хэмээн шалтгаанаа ёжлонгуй тайлбарлалаа.
13.10 цаг. Төв аймгийн Эрдэнэсант суманд очлоо. Тус сумын төвийг чимдэг хэдхэн орон сууцны нэгэнд Д.Гомбо-Очир гуайнх, мөн хүү Г.Энхтөрийнх нь амьдардаг аж. Гэхдээ Г.Энхтөр хөдөө мал дээрээ байнга байдаг учраас эхнэр, хүүхдүүд нь энэ байранд амьдардаг гэвэл үнэнд илүү дөхнө. Хүүхдүүдээ гайгүй ном эрдэмтэй хүн болгох, буянт мал сүргээ дагаж адгуулах гэсэн хоёр “салаа зам”-ын дунд хөдөөгийн залуус ийн тус тусдаа амьдарч буй дүр зураг хаана ч ялгаагүй бий.
Зургаан хүүхдээс нь ганцаараа мал дагаж үлдсэн, жилийн дөрвөн улирлын турш хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа хүүдээ тус дэм болгох үүднээс өвгөн ах туслах малчны эрэлд гарчээ. Гэхдээ энэ нь зөвхөн түүний гэр бүлд тулгамдсан асуудал төдий бус, Монголын 8000 шахам мянгат малчны “толгойны өвчин” болоод байгаа тул Д.Гомбо-Очир гуайн санаачилгыг бусад нь их дэмжиж буйг “Алтан гар” хөдөлмөрийн биржийн захирал Д.Уламбаяр онцолсон.
14.35 цаг. Тэдний намаржаа буюу Уртын гол руу очиход зам нэлээд ярвигтай тул унаагаа “юүлж”, хотоос унаж очсон жижиг тэрэгнүүдээ хоёр “Lаnd cruiser”-ээр солиод, цааш хөдлөхөөр болов. Гарахынхаа өмнө өвгөн машиныхаа дугуйнд хий нэмүүлж, “Тэнгис ээ, миний хүү гараад ирээч. Энэ 25-ын савтай бензинийг ачаан дээрээ даруулах хэрэгтэй байна” хэмээн тусламж дуудлаа.
Өнөөх нь харин яаж даруулах эвээ нэг л олохгүй байсан тул гав шав хийсэн өвгөн өөрөө тал талд нь гарчихсан “Ингэвэл тэгнэ шүү. Тэгж уяхаар найдваргүй гэсэн үг. Энэ нь дээр” гэхчилэн зааварлаж өгөв.
Зам зуур А.Тэнгистэй хэсэг ярилцлаа. “Монголчууд бидний хувьд малтайгаа харьцана гэдэг бол хүнтэй зөв харилцахын эхлэл юм байна гэж боддог. Өөрийгөө илэрхийлж чадахгүй тэр амьтныг ойлгож, мэдэрч, энэрэх сэтгэлтэй байж гэмээнэ тухайн хүн үр хүүхэд, гэргийдээ ч мөн тэгж хандана. Суурин соёл иргэншлийн ужгаар өдгөө хүний сэтгэл улам л цэвдэг болоод байна” хэмээсэн тэрбээр айлын бага хүүхэд аж.
Нэг жил хөдөө амьдарч, мал маллах тухай түүний саналыг гэрийнхэн нь эсэргүүцсэн ч тэр өөрийнхөөрөө шийджээ. Энэ өглөө Эрдэнэсант руу явж буйгаа ч гэрийнхэндээ дуулгаагүй гэсэн.
2010 оны өвөл “Global leadership professional”-ын хөтөлбөрт хамрагдан, АНУ-ын Колорадо мужийн Лаплата хотод бизнесийн удирдлагын чиглэлээр коллежид сурч байгаад, долоон сар гаруйн дараа орхиод иржээ. Тэр үеэс Монголынхоо хөдөө нутгаар хэдэн сараар ч хамаагүй явж, малчдын амьдрал ахуйтай танилцах, нүүдэлчдийн соёл, сэтгэлгээний онцлогийг таньж, судлахаар сэтгэл шулуудсаны зэрэгцээ байгаль орчноо хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаанд хүртэл оролцох болсон байна.
Гэвч тэр гэрийнхнийхээ зөвлөсний дагуу МУИС-ийн Улс төр судлалын тэнхимд элссэн аж. Мэргэжлийнхээ онцлогоор улс орнуудын түүх, нийгмийн тогтолцоо, зохион байгуулалтууд болоод дэлхийн удирдагчдын үзэл санааг судалж явсаар “Алтан дээд Гэрэгэ” хэмээх түүх, соёлын хосгүй үнэт бүтээлийн судалгаа руу оржээ. Мөн энэ чиглэлээрээ элдэв уулзалт, арга хэмжээнд оролцож яваад, өнгөрсөн жил буюу Хархоринд анх удаа зохион байгуулагдсан Мянгат малчдын хуралдайн үеэр Д.Гомбо-Очир гуайтай танилцсан байна.
Тэгээд сая ийм санаачилга гаргасныг нь дуулангуутаа үзэл санаа нэгт Х.Билгүүн ахыгаа “уруу татан”, хоёул “Хөх Монголыг нүүдлийн соёлоор бадраах “Их Засаг”-ийн “Алтан дээд Гэрэгэ” хэмээх судрын судалгаагаа илүү бодит, илүү өргөн хүрээнд хийж, малчны хотноос монгол ухааныг хүргэхийг зорьсон нь энэ аж.
15.30 цаг. Өвөрхангай аймгийн Бүрд сумтай баруун талаараа хиллэдэг, түүхт Бат хаан уулын ардхан орших зорьсон газартаа биднийг очиход отрын жижигхэн гэрээс нэг том биетэй залуу гарч ирэн угтсан нь Г.Энхтөр аж. Туулах чадвар сайтай машины хурд мэдэн давхих зуур нөгөө ачаан дээр даруулсан 25-ын савтай бензин шидэгдэн, асгарч, “илгээлтийн эзэд” маань эхний өдрөөсөө бүтэлгүйтэх вий хэмээн илүү зүйлд санаа зовниж байсан ч ашгүй зүгээр байв.
Г.Энхтөр 2004 онд 24 насандаа буюу Ардын хувьсгалаас хойш хамгийн залуудаа Монгол Улсын аварга малчин хэмээх алдрыг хүртсэн нэгэн. Тэрбээр саяхан малдаа яваад ирсэн бололтой, гэр нь хүйт даагаад тохьгүй байсан ч аргалын гал төдөлгүй халуу төөнүүлээд ирлээ. 2000 оны зуднаар эднийх тэмээнд ачаалаад нүүж болдог бүр жижиг гэртэй байсан бөгөөд Г.Энхтөр сөхөрч сууж байж дээлээ өмсөж бүсэлдэг байснаа хуучлангаа хананд өлгөөтэй хонины махнаас гал дээр үйв.
Гурван дэнхийсэн залуу дээр Д.Гомбо-Очир гуай нэмэгдэнэ, мөн эхнэр, хүүхдүүд нь амралтаараа ирэхээр энэ гэрт яаж багтаж амьдарна аа. Нөгөө хоёр маань ачаа тээшээ хаана хийх юм бол” гэсэншүү юм бодож байтал хашир өвгөн “100 орчим жилийн настай энэ жижиг гэрт хэдүүлээ өвөл, хаврыг давна шүү дээ, хүүхдүүд минь. Цагийн байдлыг харж байгаад хаана өнтэй, боломжийн газар байна, тийшээ отор нүүдэл хийдэг учраас авсаархан гэрт малчид амьдардаг юм.
Зуны цагт бол их гэрээ барьчихна. Малчин хүн малаа дагаад даарахдаа даарч, халууцахдаа халууцаж, жаргахдаа жаргадаг. Энэ бидний сонгосон амьдрал учраас үүндээ сэтгэл хангалуун байдаг. Өөр хүний амьдралыг хараад, атаархаж, гутрах шаардлага бидэнд алга” гэх нь тэр.
Үнэхээр ч хаашаа л утсаар ярья гэвэл бэлэн, хүсвэл “Жи мобайл”- ын дата багц аваад интернэтээр дэлхийн өнцөг булан бүртэй холбогдож болно, зурагт үзье гэхнээ 100 гаруй сувгийн сонголттой, кино багцаас хямд үнээр түрээслэх боломжтой гээд хөдөөд мэдээллийн технологийн хөгжил дэвшил хэдийнэ оччихож.
Гэрийн хойно нэг их том чингэлэг (Зуны цагт энд хотоос очсон хүүхдүүд нь амьдардаг гэнэ) байх агаад тэнд Х.Билгүүн, А.Тэнгис хоёр ачаа тээшээ хийж, хувцсаа сольсноор хотын залуусын төрх 180 градус өөрчлөгдөх нь тэр.
16.40 цаг. Г.Энхтөр урд аргамжаатай байсан морио дөхүүлж ирээд, “Залуус морь унаж чадна биз. Морь сайн унаж сурахгүй л бол явахгүй шүү дээ” хэмээн асуух, зөвлөхийн хооронд хэллээ. Энэ асуултад нөгөө хоёр хоёул “Гайгүй байх аа. Огт дөргүй хүмүүсийг бодоход бид өөрсдийгөө морь унаж чадна гэж бодож байгаа” хэмээн хариулсан. Хүрэн морины зүсийг хээр хэмээн андуурсан А.Тэнгис эхний сорилгыг давах болов.
“Бүсээ сайн чанга бүслэхгүй бол алдуурч, морио үргээнэ шүү” хэмээн Г.Энхтөр анхааруулснаар “шалгалт” эхэлж, хоёр залуу ямартай ч тун амжилттай даваадахлаа. Баруунтаах уулыг бүрхэн бэлчиж буй хонин дээр тэд очиж, эргэчихээд давгүй хүрээд ирнэ лээ.
Тухайн үеийн Эрдэнэт хотод наймдугаар анги төгсөн, нийслэлийн 23 дугаар сургуулийг дүүргэсэн Х.Билгүүн таван хүүхэдтэй айлын том нь. Тэрбээр багадаа Архангай аймгийн Хашаат суманд хааяа очиж, морь унадаг байж. Түүнээс хойш 10 гаруй жил морин дэл дээр гараагүй байж байгаад 2016 оны сонгуулийн үеэр бие даан нэр дэвшигчдийг дэмжих компанит ажилд гар бие оролцож, сурталчилгааны материал тараах зэрэгт морьтой явсан аж.
Тэрбээр “Манукол” академийн ерөнхийлөгч З.Бат-Отгоны зохион байгуулдаг “Монгол суу ухаан” 50 цуврал лекцэнд сууж байхдаа А.Тэнгистэй танилцсан байна. “Монгол Улс цаашид ямар замаар явах ёстой юм, бидний тогтвортой хөгжлийн гол суурь, тулах багана нь юу байх вэ, монголчуудыг нэгдмэл үзэл санаагаар хэрхэн зангидах вэ” гэсэн асуулт эл хоёр залууг энэ хүртэл авчрах гол шалтгаан болжээ.
17.50 цаг. Отрын жижиг гэрийнхээ буурийг арван хэд дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц цэлийсэн том хашааг нь хараад Д.Гомбо-Очир гуайгаас хэдий хэмжээний хоньтойг нь асуухад “2000 гаруй юм байгаа байх аа. Үхэр, адуутайгаа нийлбэл 3000 орчим мал бий. Гэхдээ бид чинь малаа яг тоолдоггүй юм шүү дээ” гэлээ.
“Мал тооллогын комиссынхон ядаж жил болгон тоолоод байдаг биз дээ” гэхэд “Тэдний тооллого чинь шал худлаа шүү дээ. Малыг яаж тоолох аргыг би энэ хоёр хүүдээ харин зааж өгнө өө” хэмээгээд жуумалзав.
Х.Билгүүн, А.Тэнгис хоёр “Жилийн дөрвөн улирал аргал түлшээ өөрсдөө бэлтгэж, нөөцөлнө”, “Отор нүүдэл сайн хийж, бүх малаа тарга тэвээрэг авахуулна, “Өвөл, хавар эрт тугаллах үнээгээ сарын өмнөөс нүдэлж, хоньтойгоо хамт хариулж, хээр хонуулахгүй, төлөө бүрэн авна” гэх мэт нарийн заалттай, нэг жилийн гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Нэг гэр бүлийн эхнэр, нөхөр биш, хоёр залууд “Ямаа самнах, хонь хяргах унага тамгалах, хашаа хороо барих малд тарилга, туулга хийхээр ирсэн хүмүүст амт чанартай хоол, цайг хурдан шуурхай хийж, үйлчилнэ” гэсэн заалт үнэндээ чангадаж мэдэхээр санагдсан.
Гэвч тэд “Бид ажлаа яг адилхан хувааж аваад хийчихнэ ээ. Нэг нь малдаа яваад, ээлжгүй гэрт үлдсэн нь “эхнэрийн” үүрэг гүйцэтгэнэ” гээд инээмсэглэв. Адаглаад зургадугаар сар хүртэл хөдөө мал дээрээ суурин байж, хот орохгүй байх үүрэг хүлээгээд буй тэднээс гаргасан шийдвэртээ эргэлзсэн, эсэхийг нь асуухад Х.Билгүүн “Үгүй ээ. Ямар ч байсан би даарах, өлсөхийн аяыг дааж чадна” гэсэн юм.
Харин А.Тэнгис “Би жаахан эмээж байгаа. Гэхдээ болно оо. Бүр болохгүй бол овоон дээр гарч, гурван удаа уйлах байх. Ээжийгээ, гэрээ, хотоо санаж уйлна. Тэгээд л хатуужна даа” гэв.
Тэд “Жи мобайл”-ын дугаар авч, бас дата багц авчирсан бөгөөд ажилдаа дадаж байгаад хэд хоногоос малчны хотноос лайв хийж, нүүдэлчдийн ахуй амьдралаас юу сурч, мэдэрснээ “Монгол тулгатан” пэйж хуудсаараа дамжуулан олон түмэнд хүргэх зорилготой гэнэ.
Хотод тов хийсэн ажилтай байсан тэдний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нугалсантай тэнцэх цалин, гэрээ дуусахаар түүнтэй дүйцэхүйц хэмжээний бог мал авах нь тийм ч чухал биш, илүү том зорилготой гэдэг нь эндээс харагдах биз ээ.
18.35 цаг. Г.Энхтөр хонио ойртуулж ирэхээр мордож, нөгөө хоёр харин Д.Гомбо-Очир гуайгаас аргал түлшээ хэрхэн зэхэх, үнсээ хаана асгах гэх мэт жижиг сажиг ажилд суралцахаар үлдэв. “Хэдүүлээ өнөө орой ямар хоол хийж идэх вэ, хүүхдүүд ээ. Та хоёр л нэг юм бодно доо. Өвөө нь сумын төвөөс ногоо авахаа мартжээ” гэхэд А.Тэнгис “Ямар ч яах вэ. Байгаа материалаараа л хоол хийнэ дээ” хэмээн уриалгахан дуугарлаа.
“Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл хэрээс хэтэрч, тогтвол уулан дээр, багтвал худаг дотор ч хамаагүй гэрээ бариад хүмүүс амьдарч байна. Гэтэл хөдөөд мал хариулах хүн олдохгүй, хаа сайгүй эзэнгүй газар нутаг болох аюул нүүрлэлээ. Ажлын байр хомс, улс орны эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ цагт төр, засгийг хараад суугаад байлгүй, мянгат малчид 10 000 ажлын байранд хүн авъя гэдэг санаачилга гаргасан.
Зуд турханд малаа алдаад, амьдралын эрхээр хот бараадсан хүмүүс орон нутагтаа буцаж ирэхээс ичээд байгаа бол өөр аймаг, суманд очиж, гэрээгээр мал малласан ч болно шүү дээ. Монгол малчдын бүтээсэн баялаг бол ямар ч авлига хээл хахуульгүйгээр, олон түмний нүдэн дээр бий болдог шударга өмч.
Тиймээс сэтгэл, зүтгэлтэй залуусыг хөдөө гарч, мал маллаад, нүүдэлчдийнхээ зан заншил, өв соёлд ойртоод үзээрэй гэж захимаар байна. Алт шиг сайхан энэ хоёр хүүд би амьдралынхаа туршлагаар олж авсан мэдэх, чадах бүхий л зүйлээ хэлж, зааж өгөхийг хичээнэ. Эндээс сурсан зүйл нь хожим эдэнд тус болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн Д.Гомбо-Очир гуай хэлээд, биднийг үдэж өглөө.
Эрдэнэсант сумынхаа Хөдөлмөрийн баатар малчдын эрдэнэ мэт үнэтэй үг сургаалыг сонсож, амьдралдаа хэрэгжүүлж ирсэн энэ өвгөн буурлаас Х.Билгүүн, А.Тэнгис хоёр их зүйл сурч, олон монгол залууст түүгээрээ үлгэрлэх болтугай.