Ч.БАТГЭРЭЛ
ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театрын институтийн Монголын бүжгийн хорооны тэргүүн, ДБЭТ-ын балетын дасгалжуулагч багш, МУЭИС-ийн магистрант, Соёлын тэргүүний ажилтан
Пермь, энэ нэрийг сонсоод миний сэтгэлд гэрэлт цагаахан хунгууд эргэлдэж, алдарт Чайковский, Адан, Моцарт, Минкусын симфониуд эгшиглэж, ахуй бага насны минь гэрэлт дурсамж сэргэн, ойн дунд эрхэмсэгээр орших төрөлх сургууль минь нүднээ харагдаж, сэтгэлийн догдлолоо дарж яддаг юм. Урлаг урлагийн дотроос гоо сайхны охин тэнгэр Афродитагаас адисласан балетаа бодохоор бүртийх ч харгүй ариун нандин бүхэн цогцлох шиг хязгааргүй баясалд умбадагаа.
Төрөлх сургуулийнхаа 70 жилийн ойн баярт оролцож, БСШУСЯ-ны Жуух бичиг, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийн “Найрамдлын алтан медаль”, “Багшийн гавьяа” одон гардуулах эрхэм үүрэг хүлээн, галт тэргэнд тэвэр дүүрэн шагнал, бага насныхаа асран хүмүүжүүлэгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, багш Д.Алтантуяатайгаа хамт суулаа.
Олон жилийн өмнө аав, ээж, ахан дүүсээрээ их л хөл хөөрцөг болон үдүүлж байсан минь санаанд бууж алдарт Г.Хайдав гуайн дуулсан “Эрдэм номыг сурахаар энхрий хүү чинь мордож байна” хэмээн дуулах дууны энэ мөр зүрхэнд минь хадсаар Москва, Улаанбаатарын чиглэлийн галт тэргэнд суугаад харийн орноос эрдэм өвөрлөн ирэхээр алсын замд гарсан минь бодогдож, сэтгэл ямар их хөдөлсөн гээч. Бидний үеийнхэн Орос ах нараасаа мэргэжлийн дээдүүдийг эзэмшихээр баяр хөөртэй зорьж байсан минь саяхан гэлтэй.
...60 сая гаруй хүнийг авч одсон Дэлхийн II дайн ч Вагановын алдарт балетын сургуулийн хаалгыг хааж, симфони хөгжмийн чавхдасыг тасалж, алтантайзны бүжгийн дэглэлтийг эвдэж чадаагүй юм. Сонгодог урлагаа хайрлаж чаддаг агуу соёлтой орныг бахдахаас өөраргагүй. Амь наана, там цаана болчихсон үед гитлерчүүд Ленинград (Санкт-Петербург) хотыг бүслэхийн өмнөхөн нутгийнхаа төв, Уралын нурууны бэлд орших Пермь хот руу нүүлгэсэн олон байгууллагын нэг нь Вагановын нэрэмжит сонгодог бүжгийн сургууль юм. Ингэж л Уралын үйлдвэрийн нэгэн хотод урлаг, соёлын үр тарьж, Пермийн сонгодог бүжгийн сургууль үүссэн түүхтэй...
Тунгалаг Байгал нуур, туяхан цагаан хус, үлгэрийн мэт байшингууд, загасчлан зогсох эрийн сүүмийх дүр, гэрэл сүүдрийн зохицлын илрэл гайхамшигт авьяастнуудын зургууд амилах мэт ой мод, уулс, холын дурсамжийг сэргээв. Хот, тосгод, галт тэрэгний цонхоор жирэлзэн өнгөрөх нь эгэл өдрүүдийн дүр зураг ч гэлээ энэ бүхэн оюутан бидний дурсамж төдийгүй эргэн сөхөгдөх дурсгалын цомог юм уу даа гэж бодсоор зорьсон газраа ирлээ.
Пермь хот олны сонорт төдийлөн сонсогдоод байдаггүй нь зэвсгийн болон хүнд машин механизмын үйлдвэр олонтой нь холбоотой. Балетын сургуульд биднийг суралцаж байх үед гаднынханд хаалттай, зөвхөн ахан дүүсийн бат найрамдлын холбоотой монголчууд л чөлөөтэй орж, гардаг байлаа.
Өргөн намуун Кама мөрний урсгал адил цаг хугацаа өөрийн жамаар улиран одсон ч нийгэм эргэлт буцалтгүй өөрчлөгдсөн нь өндөр байшингууд сүндэрлэж, зөрөн өнгөрөх зүсэн бүрийн үндэстнийг хараад Улаанбаатараас минь өөрцгүй дотно санагдах энэ хот их л өөр болсон нь мэдэгдэв. Эрдмийнхээ их өргөөгөөрөө зочлоход “ёстой л газар газрын даль жигүүрээ дэлгэн дэвсэн хунгууд өсөж өдөлсөн нуураа эргэж буй мэт чуулна даа” гэж бодсон минь ерөөлөөр болов.
Сургуулийнхаа хаалгыг нээнгүүт хаан хуурын дотно аялгуу эгшиглэж, хажуугаар минь зөрөх бяцхан бүжигчид хүндэтгэлийн ёсолгоо хийн мишээцгээн, хөгжилдөн гүйцгээгээд, хүндэт багш нар минь хөөр баяртай угтаж, хүүхэд насны минь найз нөхөд хөөрөлдөн мэндэлж, ёстой л нэг “нуурандаа л жаргадаг хун” адил насныхаа жаргалын өвөрмөц ертөнцөд умбах шиг.
Нэгэн түүх өгүүлье. 1738 онд эрхэмсэг хатан хаан Анна Ивановнагийн зарлигаар Оросын эзэнт гүрний нийслэл Санкт-Петербург хотноо “Эзэн хааны театр” болон сонгодог бүжгийн сургууль байгуулжээ. Итали, Францаас үүсэлтэй энэхүү сонгодог урлагийн түүхэнд Оросын гэсэн гайхалтай өнгө аяс, дэг буюу онолын сургууль бий болж, өнөөг хүртэл дэлхийн балетын тавцанд манлайлж, гайхашруулсаар байгаа билээ.
60 сая гаруй хүнийг авч одсон Дэлхийн II дайн ч Вагановын алдарт балетын сургуулийн хаалгыг хааж, симфони хөгжмийн чавхдасыг тасалж, алтан тайзны бүжгийн дэглэлтийг эвдэж чадаагүй юм. Сонгодог урлагаа хайрлаж чаддаг агуу соёлтой орныг бахдахаас өөр аргагүй.
Амь наана, там цаана болчихсон үед гитлерчүүд Ленинград (Санкт-Петербург) хотыг бүслэхийн өмнөхөн нутгийнхаа төв, Уралын нурууны бэлд орших Пермь хот руу нүүлгэсэн олон байгууллагын нэг нь Вагановын нэрэмжит сонгодог бүжгийн сургууль юм. Ингэж л Уралын үйлдвэрийн нэгэн хотод урлаг, соёлын үр тарьж, Пермийн сонгодог бүжгийн сургууль үүссэн түүхтэй.
Балетын урлаг бол бие, сэтгэл, хөдөлгөөнөө хөгжмийн аянд удирдан бүжиглэх ухаанд суурилсан академик сургалттай, ёсчлон биелүүлэх дүрэмтэй гэдгийг дурдмаар байна. Залгамж халаагаа бэлдэн, энэ гайхамшигт урлагийн мөн чанар, сургуулилалт, амин сүнсийг шингээн тайзнаа амилуулж үлдээсэн ахмад найруулагчид, жүжигчид, алдартнуудаа магтан дуулахаас аргагүй.
Мэргэжлийн маань гойд нэгэн онцлог бол бүжигчид бүжгийг төдийгүй бүтэн жүжгийг, жишээ нь, Жизель, Альберт хоёрын хослол бүжгийг тухайн аянд ингэж бүжиглэнэ, ийм хөдөлгөөн хийнэ, дуугарах нот, хэмнэл, ая бүрт ийм дүр, дүрслэлтэй жүжиглэнэ гэсэн сургалтын материал, ном байдаггүй. Зөвхөн өмнө нь бүжиглэж байсан бүжигчдээсээ уламжлуулан, ерөнхий академчилсан сургалтын дагуу нарийн мэргэшсэн багш нарынхаа тусламжтайгаар ахмадуудынхаа үзүүлж зааснаар л дүр, хөдөлгөөнүүдээ дуурайн бүжиглэсээр ирсэн.
Тэртээ 1841 оны зургадугаар сарын 28-ны нэгэн даваа гаригт Парис хотын Хааны хөгжмийн академик театрт хуримаа хийж амжаагүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн охидын оршуулгын газраас сэдэвлэн тоглосон “Жизель” балетаас авахуулаад олон жүжгийг үе үеийн, олон орны балетчид эдүгээ ч үзэгчдийн сэтгэл зүрхийг уяраан тайзнаа амилуулсаар байгаа. Балет хэмээх урлаг бол судлагдаж болох бүхий л шинжлэх ухааны төдийгүй урлагийн салбарын нарийн нандин бүхнийг шингээсэн нийлмэл цогц уран бүтээл байдгаараа хүмүүний амьдралыг хуулбарлах ертөнцөөр өргөмжлөгдсөн хөгжмийн тодотголт театрын нэгэн тулах багана юм.
Тиймдээ ч зуун зуун дамжин үзэгчдийн сэтгэл зүрхний чавхдасыг хөглөн, хүн төрөлхтний суут туурвилчдын сод бүтээлүүдийн үнэмлэхүй гайхам, бишрэм бүхнийг түгээдгээрээ олон улсын урлагийн төлөөлөл гэж ойлгож болно.
Монголын бүжгэн жүжгийн урлагийн түүх 1944 онд Зөвлөлтийн мэргэжилтэн багш Н.В.Кузнецовагийн анхны шавь нарын авьяас зүтгэлээр эхэлж, улмаар 1956 онд балетмейстер А.В.Хабаевагийн найруулан дэглэсэн Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг”- ийг тайзнаа амилуулсан нь сонгодог балетын эхлэл болсон. 1958 онд С.Гончигсумлаагийн хөгжмөөр Д.Лхасүрэн Монголын бүрэн хэмжээний “Ганхуяг” хэмээх үндэсний балет дэглэн найруулсан түүхтэй.
Монгол Улсад хүн төрөлхтний оюуны сор болсон бүтээлүүд амилах, хөгжмөөр овоглох сонгодог урлагийн театр 1962 онд байгуулагдахад ард түмнийхээ дунд “Бөмбөгөр ногоон” гэж алдаршсан Төв театрынхаа бүжигчидтэй Пермь, Ташкент хотын балетын сургууль төгсөгчид болох балетын жүжигчид, балетмейстер Д.Лхасүрэн, Б.Жамьяндагва нарын хамтаар мэргэжлийн балетын урлагийн анхны төлөөлөгчид болон ард олноо соён гэгээрүүлэх ажил үйлсээ эхлүүлсэн.
УДБЭТ байгуулагдсан 55 жилийнхээ ойн босгон дээр дэлхийн болон үндэсний 50 гаруй балетаар урын сангаа арвижуулснаас гадна өнгөрсөн уран бүтээлийн жилд 57 тоглолтыг үзэгчдийн хүртээл болгосон байна. Бүхий л амьдралыг хөгжмийн эгшиг аялгуунд бие, сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрхийлэх гэж зүтгэдэг бид амьдралын олон дүр төрхийг алтан тайзнаа ч сэтгэлдээ мөнхөлдөг. Жүжигчин хүн дуурсагдах нэрээ дүрүүдээрээ тодотгодог билээ.
Төрөлх Пермь сургууль минь 1962 оноос Монголын балетын урлагт анхны суурийг тавилцсан балетын жүжигчдээс өнөөг хүртэл урлагийн 60 гаруй одыг бэлдэж өгөөд зогсоогүй ирэх 2018 онд энэ эрхэм мэргэжлийн эзэн болохоор 11 монгол охин, хөвгүүн суралцаж байна. Зөвхөн манай сургуулийг төгсөгчдөөс Гавьяат жүжигчин тав, төрийн одон, медальтнууд, Соёлын тэргүүний ажилтан 10 хол даван төрсөн төдийгүй тив, дэлхий даяар Оросын балетын нэр хүндийг өндрөөр үнэлүүлэх алдартан олон бий.
Манай урлагийн төдийгүй нийт хүн төрөлхтний сод бүтээлүүд амилах Дуурь бүжгийн эрдмийн театрын алтан тайзны эздийн олонх нь Пермийн балетын сургуулийг төгсөж, олон улсад нэр алдраа дархалж, одоо Орос, Америк, Герман, Японы хүндэт тайзыг эзэгнэж, бороо шаагих шиг алга нижигнэтэл таших баяр хөөр, баглаа баглаа цэцэг, бахархал бишрэлийн дунд умбаж, эх орныхоо нэрийг дуурсгасаар байна.
Алтан тайзыг эзэгнээд зогсохгүй энэхүү алтан тайзыг эзэгнэгсэдийг төрүүлсэн БАГШ хэмээх мэргэжлээр ажиллан, шавь нартаа шүтэгдэн яваагаар нь ч бахархахгүй байхын аргагүй.
Тэдний дундаас нэгэн уран бүтээлчийг онцлон танилцуулъя. Оросын “школ” гэх Вагановын балетын онолоор Пермийн бүжгийн сургуулийг төгссөн нэгэн, ДБЭТ-ын тайзнаа олон балетын эерэг, эсрэг дүрийг чадварлаг бүтээж байсан алтан үеийн, бидний бахархал болсон гоцлол бүжигчин Д.Батхүрэл, Ж.Цэцгээ нарын хүү Болд 20-иод жил АНУ-ын Сиэтл хотын “Pacific Northwest ballet”-ын тэргүүн зэргийн гоцлоочоор ажиллахдаа монгол хүний олон улсад үнэлэгдэх мэргэжлийн өндөр ур чадварыг, өөгүй баримал мэт сүрлэг бие хаа, өрсөлдөх хэрэггүй техникийн чадамж, өргөлт, дүүлэлтийн гайхалтай чадал, өрнүүн жүжиглэлтийн эрхэмсэг байдлаараа өнөө ч шагшигдаж байгааг нь онцлохгүй байхын аргагүй.
Оросын төдийгүй дэлхийн балетын түүхэнд алдраа бичүүлсэн сургууль маань ч өнгө жавхаа улам нэмж, өөр өөр үндэстнүүдийн сурагчдын тоо ч арвижсан нь анзаарагдлаа. Багш нарын маань олонх нь өндөр насныхаа амралтад сууж, зарим нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч амьд сэрүүн байгаа хэд нь монголчууд биднийг төдийгүй үе үеийн төгсөгчдөө дуу алдан хүлээн авч байлаа.
Түүхт Пермийн сургуулийн минь 70 жилийн ой П.И.Чайковскийн нэрэмжит эрдмийн их театрын тайзнаа өргөн дэлгэр үйл ажиллагаануудтай сүрлэг сайхан болсон. Өрнө, Дорнын суут бүтээлүүд өнгө өнгөөр эгшиглэн цуурайтахад үндэстэн олны сод бүтээлүүд өөр өөрсдийн түүхээ өгүүлэн өнөр олны сонорыг мялаалаа.
Мэргэжлийн өндөр ур чадвар, алдар хүндтэй багш, төлөөлөгчид нараараа бахархсан сайхан өдрүүдээр эзэмшсэн мэргэжлийнхээ онолоор эгэл биеэ цэгцлэн, эзэмдэн удирдах чадвараа гайхуулсан бүжигчдийн эрэмгий зориг, эрч хүч мэдрэгдсэн эргэлт, үсрэлтийн биширч шүтмээр техник, элбэрэл хайрын уярлуудаас эхлээд эгшиглэх хөгжмийн туурвилуудад хөглөгдөн сэтгэл нь хөөрч догдолсон үзэгчдийн нижигнэсэн алга ташилт, баяр бахдал, үзэсгэлэн гоо хосолсон дэндүү ховор торгон агшин, хором мөчүүд тохиолоо.
Ирсэн гийчин буцдагийн адилаар эх орон руугаа хүлгийн жолоо залахын өмнө эрхэмлэх зүйлсийн минь дунд чухалчлах байр суурь эзэлдгийнх нь хувьд, театртай амьдралаа эргэшгүй холбосныхоо хувьд ч, эргээд дурсахад их хичээлүүдийн завсарлагаанаар арай ядан олдох чөлөөт цагаа өнгөрөөж байсныхаа хувьд Пермийнхээ эрдмийн театрын цэцэрлэгт хүрээлэнг зорилоо.
Будран унах цасны түмэн ширхэг нь анивчих гэрлийн сүүмэлзэх туяатай намуухан үдэш бүтэн найрал хөгжмийн түм буман эгшиг амилах мэт бүхий л орчлонгоор урлагийн үнэт мөн чанарыг гайхуулан цуурайтуулан бусдад бишрэгдэн түгээгдэх мэт бударсаар, бужигнасаар, гялалзсаар, гялтганасаар. Эрдмийн театрын минь цэцэрлэгт хүрээлэн их л дотно санагдлаа. Буцаад ирэхэд минь буурал тайз минь ээлтэй байгаасай гэж бодсоор, бодол юугаа нутгийнхаа зүг чиглүүллээ.