Манай сурвалжлагч Ц.Болормаа АНУ-аас мэдээлж байна
Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Кимийн хэлснээр Дэлхийн банк, ОУВС-гийн жилийн уулзалтаар тэрбум тэрбум хүний амьдралд хамгийн их нөлөөлж буй бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах талаар хэлэлцдэг. ОУВС-гийн гишүүн 189 орны Сангийн сайд нар, Төвбанк, Харвард тэргүүтэй сургуулийн судлаачид, хувийн хэвшлийнхний төлөөлөл энэ уулзалтад оролцдог уламжлалтай. Энд мөн CNN, “Bloomberg” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн “акул” сэтгүүлчид ч харагдана. Өндөр зохион байгуулалттай, 13 000 орчим хүнийг цуглуулсан Дэлхийн банк, ОУВС-гийн уулзалт энэ сарын 10-15-нд АНУ-ын Вашингтон хотод болж өндөрлөлөө.
Энэ үеэр Дэлхийн санхүүгийн тогтвортой байдлын тайланг ОУВС-гийнхан Монголын цагаар аравдугаар сарын 11-ний 20.00 цагт танилцуулсан юм. ОУВС-гийн санхүүгийн зөвлөх, Мөнгөний болон хөрөнгийн зах зээлийн хэлтсийн захирал Тобиас Адриан “Өмнөх тайланг танилцуулснаас хойш дэлхийн санхүүгийн нөхцөл тогтворжин сайжирсан. Хэдий ус дулаан байгаа юм шиг санагдаж буй ч эрсдэлүүд байгааг мартаж болохгүй” хэмээв.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг, санхүүгийн систем хүчтэй, хөгжиж буй орнуудад санхүүжилтийн өртөг буурсан зэрэг эерэг үзүүлэлт бий ч хангалттай сэргэхгүй байгаа гэж хэлж болох аж. Мөн хэдхэн улсын бондод дийлэнх хөрөнгөө оруулж байгааг тэрбээр дурдаад, “Их-20”-ийн орнуудын өр, хөгжиж буй болон орлого багатай улсуудын гадаад зээл нэмэгдэж байгаа зэргийг сануулсан юм. Хөгжиж буй орнуудын гадаад зээл энэ онд 300 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн хоёр жилийнхийг нийлүүлснээс ч давсан үзүүлэлт гэнэ. Эдийн засгийн өсөлтийг үргэлжлүүлэх мөнгөний бодлого хэрэгжүүлж чадах, эсэх нь бодлого боловсруулагчдад тулгарах эрсдэл аж.
Тэгвэл санхүүгийн шинжилгээ тайланг танилцуулах үеэрээ ОУВС-гийн Санхүүгийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Виктор Гаспар олон нийтийн өр их байгааг дурдахын сацуу 2011-2016 онд орлого багатай орнуудын төсвийн алдагдал маш хурдтай өссөнийг тэмдэглэв. Тогтвортой өсөлтийн хөгжлийн гол “зэвсэг” нь санхүүгийн бодлого гэдгийг тэрбээр хэлж байлаа.
АЗИ БОЛ ӨСӨЛТИЙН “ХӨДӨЛГҮҮР”
Монголын цагаар 12-ны 21.00 цагт Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким хэвлэлийн хурал хийх үеэрээ “Улс орнуудын эдийн засаг өнгөрсөн оны хоёрдугаар улиралд 2010 оноос хойш байгаагүйгээр өндөр өссөн. Худалдааны хэмжээ нэмэгдэж байна. Гэхдээ хөрөнгө оруулалт “сул” хэвээр байгаа” хэмээн өгүүлэв. Тэрбээр зөрчилдөөн, цаг агаарын өөрчлөлт, терроризм зэрэгтэй тэмцэх, тогтвортой өсөлтийг бий болгох хэрэгтэйг онцолж байлаа. Сүүлийн гурван жилд цаг агаарын температур дээд түвшнээ шинэчилсээр иржээ.
Тиймээс цаг уурын өөрчлөлтөд нөлөөлөхгүй төслүүдэд хөрөнгө оруулалтыг тэрбум биш, их наядаар хийх хэрэгтэй аж. Үүнээс гадна хүнд чиглэсэн хөрөнгө оруулах нь чухал хэмээн тэрбээр онцолсон юм. Тухайлбал, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал бол хүн бүрт боломж өгөх маш хүчтэй арга хэрэгсэл гэв. Жим Ён Ким “Бид хүчин зүтгэл гаргахгүй аваас 2030 он гэхэд ч 167 сая хүүхэд ядуу амьдралтай хэвээр байх болно” хэмээв.
Цаашид дижитал эдийн засаг чухал болж, хөгжих нь тодорхой аж. Зарим судалгаагаар бага сургуульд хамрагдаж буй хүүхдүүдийн 65 хувь нь одоогоор байхгүй ажил, эсвэл салбарт хүчин зүтгэхийг мөн дурдсан юм.
Үүний дараа ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард хэвлэлийн хурал хийн, сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр “Дэлхийн эдийн засгийн өсөлтийг энэ онд 3.6 хувьд хүрнэ гэж ОУВС таамагласан. Өсөлт 2018 онд ч үргэлжилнэ хэмээн тооцож байна. Гэвч сэргэлт хангалттай байгаа юм биш. “Эрүүл” санхүүтэй орнууд дэд бүтэц, боловсролдоо илүү их хөрөнгө оруулж, зарим орон эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн сануулж байлаа. Эмэгтэйчүүд маш том ажиллах хүч гэдгийг анхаарах цаг болсон аж.
Түүнчлэн эдийн засаг сэргэж буй энэ үеийг ашиглан улс орнууд өрөө багасгахад анхаарах нь зүйтэй гэлээ. Улс орнуудад авлига, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, санхүүгийн шинэчлэл хийх, дэлхийн худалдааны системийг сайжруулах зэрэг сорилт тулгарч буйг тодотгов. Үүнээс гадна геополитикийн хурцадмал, улс төрийн тогтворгүй байдал, байгалийн давагдашгүй хүчин зүйл зэрэг сорилт бийг сануулсан юм. Хахуулийн хэмжээ жилд гэхэд 1.5 их наяд ам.долларт хүрснийг тэмдэглээд, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард “Бид залуу үедээ өр, нүүрсхүчлийн хийгээр дүүрэн дэлхий үлдээх ёсгүй” хэмээн тэмдэглэв.
Дээрх өдөр болсон олон хэлэлцүүлгийн нэг “Бүс ба зам”-д оролцогч олон байв. Урд хөршийн Сангийн дэд сайд Ши Яаобин “Энэхүү санаачилгыг БНХАУ гаргасан ч үр ашгийг нь дэлхий даяараа хүртэнэ” хэмээн тэмдэглэсэн. Тэгвэл Дэлхийн банкны ерөнхийлөгч “Улс орнууд хамтарч ийм хэмжээний төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй” гэсэн бол Казахстаны Ерөнхий сайдын орлогч “Бүс ба зам” санаачилга нь манай улсын хувьд маш чухал төсөл” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.
Мөн Азийн дэд бүтцийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Жин Ликүн “Төслийг хэрэгжүүлэхдээ хүрээлэн буй орчин болон нийгмийн хэм хэмжээг хангахад анхааран ажиллах болно” гэв. Индонезийн Сангийн сайд “Улс орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтыг холбосон төсөл хэрэгжүүлэх нь зөв. Энэхүү санаачилга манай улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд нөлөөтэй” хэмээв. Ер нь улс орнууд хөгжлийг хамтдаа бий болгоход бэлэн гэдгээ хэлэлцүүлгүүдийн үеэр онцолж байлаа.
Өнгөрсөн 13-нд Монголынхоор 20.00 цагт ОУВС-гийн Ази болон Номхон далайг хариуцсан хэлтсийнхэн бүсийн эдийн засгийн өсөлт, сорилтын талаар мэдээлэл өгсөн. Тус хэлтсийн дарга Чанюн Рэ “Дэлхийн эдийн засагт Хятад, Энэтхэг маш том байр суурь эзэлж байгаа. Азийг дэлхийн эдийн засгийн өсөлтийн “хөдөлгүүр” гэж хэлж болно” хэмээв. Энэхүү өсөлтийн гол түлхүүрийн нэг нь экспорт аж.
Гэхдээ Азийн орнуудад дунд хугацаанд ажиллах насны хүн цөөрч, үйлдвэрлэлийн өсөлт буурахаар байгаа зэрэг сорилт тулгарч магадгүйг сануулав. Бүсийн төдийгүй дэлхийд томд тооцогдох эдийн засагтай Хятадын ДНБ энэ онд 6.8, Японых 1.5, Энэтхэгийнх 6.7, БНСУ-ынх хоёр хувиар өснө гэж ОУВС-гийнхан таамаглажээ. АНУ, Европын орнуудын эдийн засаг өсөж буй нь Азийн улсуудын экспортыг нэмэгдүүлэхээр байгаа гэнэ.
ОУВС-ГИЙН АЖЛЫН ХЭСЭГ МОНГОЛД АЖИЛЛАНА
Дээрх хэвлэлийн хурлын үеэр ОУВС-гийн Ази, Номхон далайг хариуцсан хэлтсийн орлогч захирал Маркус Родладер “Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхлэл маш сайн байсан. Монголын эдийн засаг өсөж, төлбөрийн баланс тогтворжиж байгаа. Төсвийн хувьд ч адил. Монгол Улсын Засгийн газрыг огцруулсан нь хөтөлбөрийн үйл явцыг удаашруулсан.
ОУВС-гийн төлөөлөл Монголын шинэ Ерөнхий сайдтай эхний яриа хэлэлцээг хийсэн бөгөөд хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн нь эерэг дохио болсон. Хөтөлбөрийн эхлэл нь сайн байсан ч үргэлжлэл нь чухал гэдгийг хэлмээр байна. Гурван жил хэрэгжүүлэх уг хөтөлбөрийг эхлүүлснээс хойш хагас жилийн хугацаа өнгөрлөө, хамтдаа үргэлжлүүлье” хэмээн өгүүлсэн юм.
Энэхүү уулзалтад оролцож буй ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахад эрч хүчтэй хүн гэж санагдсан. ОУВС-д илгээсэн түүний захидал маш өөдрөг байсан бөгөөд бодлого үргэлжилнэ гэдгийг баталгаажуулсан” гэлээ. Тэрбээр мөн “Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор төгрөгийн ханш тогтворжиж, хөрөнгө оруулагчдад Монголын бодлого тогтвортой байх юм байна гэсэн итгэл төрүүлсэн.
Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн эхний үнэлгээ эерэг гарсан. Хоёр дахийнх нь ч бас адил байна гэдэгт итгэлтэй байгаа” гээд монголчуудын хувьд гүйцэтгэх, тэр дундаа УИХ-ын хийх ёстой олон ажил байгаа гэв. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголын банкуудад хийж буй активын үнэлгээний үр дүнг энэ оны эцэст танилцуулах хүлээлттэй байгаа юм.
ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийг ахалж байсан Коши Матайгийн өгүүлснээр хоёр дахь болон гурав дахь шатны санхүүжилтийг нийлүүлээд ирэх арванхоёрдугаар сард олгох бололтой. Гэхдээ хойшилж болзошгүй нөхцөл үүсэж болохыг ч тэрбээр үгүйсгэсэнгүй. Түүний оронд буюу ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар Жеофф Готтлиэб ажиллах агаад өнөөдөр манай улсыг зорьж буй юм байна.
Тэрбээр Монгол Улсын талаарх анхны мэдэгдлээ бидэнд хийсэн бөгөөд “ОУВС-гийн тэргүүн өнөөдөр (Монголын цагаар 15-ны 04.00 цагт) Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзлаа. Уулзалт үр дүнтэй болсон. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй буйг ерөнхийлөгч Н.Баяртсайхан баталгаажуулж хэлсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд ОУВС-гийн тэргүүнд захидал илгээхдээ Монголын Засгийн газар Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг мэдэгдсэн. ОУВС-гийн Монголд ажиллах ажлын хэсгийг миний бие ахлах бөгөөд удахгүй Улаанбаатарыг зорино. Улмаар хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх юм. Монгол Улсын Засгийн газартай хийх хэлэлцээ үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо. Дашрамд дурдахад, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагардтай мөн Сангийн яамны төлөөллүүд уулзсан байна.
ЭНЭ ОНД ТӨЛӨХ БОНДУУДАА ДАХИН САНХҮҮЖҮҮЛНЭ
Монгол Улс ирэх оны нэгдүгээр сард “Чингис” бондын 500 сая ам.долларынх нь төлбөрийг хийх хуваарьтай байгаа. Мөн тавдугаар сард “Дим сам” бондын өрийг төлөх учиртай. Тэгвэл эдгээр бондыг дахин санхүүжүүлж, шинэ бонд арилжих болжээ. Хөрөнгө оруулагчдад танилцуулга уулзалтыг маргаашнаас хийж эхлэх агаад Монголын төлөөллүүд Нью-Йорк, Бостон болон Лондонд очихыг эх сурвалж дуулгалаа.
Ер нь хөрөнгө оруулагчдын олонх нь АНУ-ынх байх бололтой. Монгол Улсын гаргах бондыг хөрөнгө оруулагчид сонирхож буй тул хүү нь бага байх хүлээлттэй байгаа аж. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр цаашид хэрэгжих нь баталгаажсан учраас тэр гэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бодлого тодорхой болсон учраас томоохон, тогтвортой буюу институциональ хөрөнгө оруулагчид сонирхож эхэлж байгаа сурагтай.
Манай улс 2012 онд босгосон 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондын таван жилийн хугацаатай 500 сая ам.долларынхыг нь 4.125 хувийн хүүтэй арилжиж байсан. Тэгвэл 2015 онд гурван жилийн хугацаатай нэг тэрбум юань (160 сая ам.доллар)-ийн “Дим сам” бондыг 7.54 хувийн хүүтэй гаргаж байсан билээ. Ийнхүү бид ирэх жил 660 сая ам.долларын бонд төлөх “даваатай” байгаа. Эргэн сануулахад, Монгол Улс долоон жилийн хугацаатай, 600 сая ам.долларын “Хуралдай” бондыг өнгөрсөн гуравдугаар сард арилжсан билээ. Уг бондын хүү 8.75 хувь байсан юм. Ямартай ч шинээр арилжих бондын хүү “Хуралдай”-гийнхаас бага байхыг эх сурвалж хэлж байна.
ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэн, эдийн засгийн үзүүлэлт сайжирч, хөрөнгө оруулахад Монгол Улс “аятайхан” харагдаж байгаатай энэ нь холбоотой. Товчхондоо, Монгол Улсын Засгийн газар, ОУВС хоёр тийшээ харалгүй, “тэврэлдсэн” нь шинээр арилжих бондын өгөөжид нөлөөлөх юм. Ийнхүү Монгол Улс гадаад зах зээлд шинээр бонд арилжин дахин санхүүжилт хийх нь.
Улс орнуудын мөнгийг атгадаг удирдлагуудыг нэг дор цуглуулдаг, бэрхшээлүүдийг хамтран даван туулах шийдлийг эрэлхийлдэг Дэлхийн банк, ОУВС-гийн ирэх жилийн уулзалт Индонезид болно.