“Автомашины бартаат замын олон улсын уралдаанд монгол бүсгүй эрэгтэй тамирчдыг ардаа орхин түрүүлжээ. Мөн ч лут юм аа, “УАЗ-ын ангилалд хурд сорьдог, Монголын цорын ганц эмэгтэй тамирчин түүний амжилт бүсгүй хүн үнэхээр тэсвэр тэвчээртэй, эрчүүдээс ер дутахгүй гэдгийг нотоллоо” хэмээн монгол түмэн нэгэн тамирчны амжилтаар бахархан, бардамнаж, урмын үг хайрласан сэтгэгдэл цахим орчинд хөвөрсөөр.
Бүр зарим нь “Машин сайн жолоодож чадахгүй, хотын төвд будлиж яваа зарим эмэгтэйг түүн шиг ур чадвартай болгочих юм сан. Тэгвэл ч ёстой онгоц шиг хурдлах байх даа” хэмээн хошигнож харагдсан. Олны хүндлэлийг хүлээн, эчнээ танил болж буй тамирчныг Ганбатыг Ариунтуяа гэдэг. ӨМӨЗО-ы Тэнгэр элс хэмээх газар болсон олон улсын уралдаанд манай тамирчид анх удаа оролцсоноос тэрбээр Хятадын 20, Монголын таван эрэгтэй тамирчныг ардаа орхин түрүүлсэн юм.
Монголоос машинаа авч очин, өрсөлдөхөд зардал өндөртэй тул тэрбээр ӨМӨЗО-ы “Жалам хар” клубийн хүлгээр уралджээ. Тэд түүнд машинаа өгч уралдуулснаас гадна тэмцээнд оролцох бүх зардлыг нь даажээ.
Г.Ариунтуяа уралдааны зам, машиндаа дасахын тулд урд хөршид гурав хоногийн өмнө очсон гэнэ. Тэрбээр Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа “Бүх зардлыг маань даасан болохоор “Жалам хар” клубийн нэрийн өмнөөс уралдлаа. Тэмцээний өмнөх бэлтгэлийн үеэр хүний машин эвдчих вий, хамаагүй хурдалж байгаад хөрвөөлгөчих вий гэж санаа зовж байснаа нуугаад яах вэ. Эхний гараанд уралдаж байхдаа алдаа гарган, тааруу амжилт үзүүлсэн. Шигшээд уралдахын өмнө “Жалам хар”-ынхан “Машиныг маань тэгчих вий, ингэчих вий гэж санаа битгий зов. Уралдааны замд бусад машинтай мөргөлдсөн ч хамаагүй. Зөвхөн хэрхэн уралдах талаараа л бод, анхаарлаа хандуул” гэж хэлсэн нь надад их сайхан санагдсан. Монгол түмнээ баярлуулахаас гадна тэдний итгэлийг хөсөр дүүлэлгүй амжилтаар хариу барихыг хичээсэн. Түрүүлэнгүүтээ Төрийн далбаагаа өргөхөөр яарч, хамгийн түрүүнд эх орон, аавыгаа бодсон” хэмээн өгүүлсэн байна лээ.
Эмэгтэй байтугай эр хүн тэр бүр хичээллэж зүрхэлдэггүй, эр зоригийн шалгуур болсон авто спорттой амьдралаа холбон, тэр ч бүү хэл хамгийн өрсөлдөөнтэй нь гэгддэг УАЗ-ын ангилалд хурд сорьж буй тэрбээр өдгөө 30 гаруйхан настай. Хамгийн өрсөлдөөнтэй хэмээн тодотгосон нь ийм учиртай. Эл ангилалд хамгийн олон тамирчин өрсөлддөг, түүгээр ч үл барам Д.Болдбаатар, Ш.Гомбодорж тэргүүтэй шилдгүүд хурд сорьдог болохоор тэр. Энэ хэрээрээ өрсөлдөөнтэй, амжилт гаргахад тухайн тамирчнаас их ур чадвар, хөдөлмөр шаарддаг нь мэдээж.
Эрчүүдийн гэх тодотголтой хийгээд зоригтой, цөс ихтэй хүн л хичээллэдэг “шалгуур”-тай эл спортоор Г.Ариунтуяа өнгөрсөн оны нэгдүгээр сараас хичээллэж буй. Түүний аав Монголын урдаа барьдаг дугуйчин байсан төдийгүй “Батхүлэг” уралдааны анхны тамирчдын нэг гэдгийг спортынхон андахгүй. Ээж нь ч бас нэгэн цагт Монголын дугуйн спортын нүүр царай болж явсан юм.
Аавыгаа тэмцээнд оролцож байхад дээлийнх нь захыг мушгин, багаасаа спортод дурласаар 12-тойдоо машин унаж сурчээ. Хөл нь хаазанд хүрэхгүй шахам байсан ч аавыгаа тэмцээнгүй үеэр машиныг нь унадаг байж. Амьхандаа тэмцээний өмнө машиныг нь эвдэж, техникийн саатал гаргачих вий гэж эмээсэндээ тэр. Анхандаа ойр зуурхан, жалга, сондуулгүй, тал газар л дадлага хийдэг байсан юм билээ. Нэг удаа уул руу өгсөж, бартаатай замаар явмаар санагдаад байхаар нь тэсэлгүй өсгүүр өөд өгсөж явахад машин нь унтарсны улмаас арагшаа алдан, аавыгаа нэлээд сандаргасан гэдэг.
18 нас хүрэнгүүтээ жолооны үнэмлэх аван, уралдана гэж гэрийнхэндээ ярьдаг байжээ. Гэвч эрдэм номын мөр хөөн, Япон улсад ахлах сургууль төгсөн, МУИС-ийн эдийн засгийн ангийг дүүргээд авто спорттой нөхөрлөх зав, чөлөө гарсангүй. Үүний сацуу Японы “Фүжи” телевиз, “Nikkei” сонинд ажилладаг болохоор яалт ч үгүй мөрөөдлөө түр хойш нь тавихаас өөр аргагүй байжээ. Өнгөрсөн жилийн эхээр тэрбээр сэтгэл, санааны нэлээд хүнд байдалд орсон гэнэ. Түүнээс гарах гарцаа эрэлхийлэн, удаан ч бодож. Эцэст нь олсон гаргалгаа нь багаасаа мөрөөдсөн авто спортоор хичээллэх нь байлаа.
Улмаар тэг, ингэ гээд зөвлөх дасгалжуулагч, өөрийн гэсэн уралдааны машингүйгээ үл ажран бүхнийг ганцаараа, бор зүрхээрээ эхэлжээ. Түүний анхны тэмцээн нь мөсөн замын авто кроссын уралдаан байв. Аавынхаа зуны дугуйтай машиныг унан, эхний гараанд хурд сорьтол овоо гайгүй амжилт гаргаж. Түүндээ урамшин, зүтгэсээр шигшээд шалгарчээ. Өвлийн зориулалтын дугуйгүй машинаар амжилт гаргах боломжгүй нь мэдээж. Тиймээс шигшээд эгчийнхээ машинаар хурд сорин түрүүлэв. Эмэгтэй хүн тэсгэм хүйтэнд арван өдрийн турш уралдан аваргалснаар нь бахархахгүй байхын аргагүй.
Хэдийгээр амжилтын үзүүрээс атгасан ч монгол тамирчдаа танихгүй, бэлтгэл хэрхэн хийх учраа олохгүй чамгүй тэвдэж. Бэлтгэлээ ганцаараа базаан, хүний машин түрээсэлж унасаар. Хэдхэн сарын дараа болсон олон улсын ралли уралдаанд оролцохдоо Монголынхоо олонх шилдэгтэй танилцжээ. 600 гаруй км зам туулан хурд сориод мөнгөн медаль хүртсэнийх нь дараа тамирчид түүнд “Өөрийн гэсэн машинтай болохоосоо өмнө зорилгоо зөв тодорхойл. Сэтгэл хөөрөлдөө автан, эрвийх, дэрвийхээрээ зүтгэн байж машинтай болчихоод гэнэт сонирхол нь буурчихдаг хүн бий” гэж зөвлөжээ. Тухайн үед санхүүгийн хүндрэлийн улмаас машин худалдан авч чадаагүй гэдэг.
Бэлтгэлээ уйгагүй базаан, зүтгэж байгаад “Baja-2016”-гийн ойрын зайн уралдаанд Х байр эзэлжээ. Монголын авто мастеруудын холбооныхон залуу тамирчдад боломж олгож, дэмжихийн тулд саяхнаас дээд, доод гэсэн ангилалд уралдуулж буй. Г.Ариунтуяа доод ангилалд дөрөвдүгээр байр эзэлж, шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарсан юм. Бас өөрийгөө чамлан, чамлан байж улсын аварга шалгаруулах холын зайн буюу 1500 км-ийн тэмцээнд өрсөлдөн, барианд амжилттай оров.
Хэдийгээр бас нэг зорилгодоо хүрсэн ч өөрийгөө чамласаар, алдаа, оноогоо дүгнэсээр байв. Тиймээс туршлагатай хүний хажууд суун, уралдаж байх үеийнх нь техник, ур чадварыг судалж, үлгэрлэхээр шийджээ. Улмаар дараа сар нь болсон “Вaja-2017” уралдаанд 89 дугаартай уралддаг Д.Дамдиндоржийн хажууд чиглүүлэгчээр суун, арга, туршлагаас нь суралцсан байна. Тийнхүү тэрбээр авто спорттой нөхөрлөсөн эхний жилээ таван тэмцээнд оролцсон гэдэг.
Ур чадвар, амжилт нь ахихын хэрээр яалт ч үгүй үгүйлэгдэж, ус, агаар мэт хэрэгтэй байсан зүйл бол машин. Хагас жил гаруйн хугацаанд уралдалгүй завсарлан байж, санхүүгээ бүрдүүлж байгаад 2017 оны дөрөвдүгээр сард өөрийн гэсэн машинтай болжээ. Авто спортын тамирчдад хамгийн эрхэм зүйл бол өөрийн гэсэн дугаартай болох. Хэчнээн ур чадвартай ч хэн дуртай нь ийм хүндлэл хүлээх боломжгүй. Холбооноос нь олон шалгуураар босго тавин байж түүнд 84 дугаар олгожээ.
Хамгаалалтын хувцас, хэрэглэл сайтар өмсөн, болгоомжтой уралдахгүй л бол хамгийн эрсдэл ихтэй нь авто спорт. Түүнийг ч бас бэртэл, гэмтэл тойрсонгүй. Энэ оны холын зайн уралдаанд уралдаж байхад чиглүүлэгч нь зам буруу заасны улмаас машинтайгаа эрэг мөргөн, хүзүү нь бэртжээ. Тэр үед машин нь хамран дээрээ боссон гэж бодохоор төсөөлөхөд ч бэрх. Хүзүүгээ хөдөлгөж дийлэхгүй байсан ч шүд зуун уралдсаар замаа дуусгажээ. Тэрбээр энэ тухайгаа “Эх дэлхийн хөрсийг хамран дээрээ хуу татан авч ирнэ гэдэг гайхамшиг” хэмээн хошигнон, цахим хуудсандаа нийтэлснийг нь олж уншив.
Авто спортын тамирчинд саад, бэрхшээл тулгарахын алийг тэр гэх вэ. Ялангуяа эмэгтэй тамирчинд бүр ч их. Адаглаад уралдааны замд машиных нь дугуй хагарах ч юм уу техникийн ямар нэг саатал гарлаа гэхэд засахад хүндрэлтэй. Тиймээс чиглүүлэгчээрээ уралдааны зураг унших чадвар сайтайгаас гадна техникийн мэдлэгтэй, эрэгтэй хүн сонгодог гэнэ лээ. Үргэлж хамт уралддаг чиглүүлэгчгүй болохоор тэмцээнд оролцолгүй өнжиж буй тамирчныг гуйдаг гэсэн.
УАЗ-ын ангилалд уралдаж буй Монголын ганц эмэгтэй тамирчин Г.Ариунтуяаг тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл хийхэд нь ивээн тэтгэн, дэмждэг албан байгууллага үгүй. Тиймээс бүхнийг нуруундаа үүрч, бор зүрхээрээ зүтгэж яваа юм билээ. Багаасаа мастер кросст уралдахыг мөрөөдсөн түүний хүсэл энэ сарын 21-нд биелнэ. Монголын хамгийн том тэмцээнд амжилт гарган, аавыгаа баярлуулахыг чин сэтгэлээсээ хүсэн, эх орондоо ирсэн даруйдаа аль хэдийнэ бэлтгэлд гарч, тун ч завгүй явна. Ийм нэгэн бүсгүй амжилтын төлөө зүтгэн, ганц дайчин ганцаардахгүй гэдгийг үлгэрлэж байна.