Бэлтгэсэн: Ж.Эрдэнэцэцэг, А.Халиун, Г.Оюунгэрэл, З.Амгалан
1990-ээд он. Монголчууд бид талх авахын тулд хэдэн метр урт дараалалд зогсдог байлаа. Хүний наад захын хэрэглээ болсон мах, гурил нүдний гэм болж, нийгэм бүхэлдээ картын системд шилжин, номын сан, театрын танхим хоосров. Хоногийн хоолны төлөө, шинэ амьдралын хэв маягт зохицохын тулд бид хэдэн жилийн турш биеийн хүчээр зүтгэсэн.
Үр дүнд нь бидний тархи өлсгөлөнд нэрвэгдсэн. Ходоод нь хоолтой ч хоосон тархитай бол хүний сэтгэл, сэтгэлгээ хэрхэн эвдэрч, нийгэм ямар болдгийг бид ханатлаа харсан, мэдэрсэн.
2017 он. Хэд хоногийн өмнө “Аз хур” дэлгүүр түмний хөлд дарагдав. Хүмүүс дотогш орохын тулд урт дараалалд зогсож буй зураг тэр дороо цахим хуудсаар тарлаа. Монголчууд оюуны “талх” авахаар дугаарласан нь энэ. Өнгөрсөн жил ч ийм дүр зурагтай байсан.
Ертөнцийг харах цонхгүй бол юу болдгийг бид өнгөрсөн 20-иод жилд мэдэрсэн. Тиймээс л оюундаа хөрөнгө оруулж, ном уншихын сайхныг, ач тусыг үр хүүхдэдээ ойлгуулдаг болсон нь үнэхээр сайшаалтай. Энэ бол нийгмийг өөрчлөх бас нэгэн хөшүүрэг.
Нэгэн үед монголчууд дэлхийн сонгодог бүтээлүүдтэй танилцаж, номын амтанд шимтэн нойроо хугасладаг байсныг мэдэх хүн олон. Үүнд төр, засгийн бодлого онцгой нөлөөтэй байсныг дурдах ёстой. Харин өнөөдөр тийм бодлого үгүйлэгдэж байна. Номын хэрэглээ, уншлагын танхим, үүнийг тойрсон олон асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэх цаг болсныг манай хэдэн номын сан, уншлагын танхимын нөхцөл байдал “ярина”.
Цаашлаад нийтээр ном унших боловсрол, түүгээр дамжуулан ухаарч гэгээрэх, номын соёл хэмээх ойлголт огт үгүй болсон нь нийгмийн олонхын төлөв байдал, нэгнийгээ үл хүндэлдэг бүдүүлэг, түрэмгий зан, монгол хүний жудаг муудсан зэргээр илэрч буй. Төрийн бодлого гэхээр заавал том том номын сан байгуулж, кампанит ажил өрнүүлнэ гэсэн үг биш. Сум, баг, дүүрэг, хороодод номын өргөөг олноор байгуулж, хүүхдүүд, иргэдийг татахаас эхлээд олон янзын ажил зохион байгуулж болмоор.
Аль дүүргийн, ямар хорооны иргэд хамгийн их ном уншсаныг шалгаруулдаг, хэн гэдэг хүн гэрийнхээ номын санг хэрхэн баяжуулсныг тодруулж, олон нийтэд сурталчлан таниулж ч болох юм. Жил бүр хамгийн олон малтай аймгийг шалгаруулдаг шигээ хамгийн олон номтой байгууллагыг тодруулбал ямар вэ. Энэ мэтээр бага гэхгүй санаачилга л хэрэгтэй болов уу.
Номтой нөхөрлөхийг багачуудад багаас нь сургаж, төлөвшүүлэх нь зөвхөн хүүхдийн хөгжлийн асуудал биш, улс орны ирээдүйтэй холбоотой гэдгийг дэлхийд алдартай сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч нар хэлсэн нь бий. Тэгэхээр ном ямар “амттайг” хүүхдүүдэд мэдрүүлэхийн тулд томчууд бид өөрсдөө уншиж хэвших нь чухал.
Урлагаар, номоор дамжуулан нийгмийн соёлыг бий болгодог жишээг бид хойд хөршөөсөө харж болно. Номыг өдөр тутмын хэрэглээ болгох нь асар том өөрчлөлтийн эхлэл, хэнээс ч хараат бус байх соёлын үндэс, өөрийгөө болон өрөөлийг таних хувьсгал, ядуурлаас гарах зам гэдгийг ухаарсан улс хөгжлийн ямархан түвшинд хүрдгийг япончууд харуулсан.
Харин тархи өлсөхөөр сэтгэлгээ, сэтгэлээ хэрхэн “иддэг”-ийг энүүхэнд байгаа модонд уясан хадаг, хайрханд өргөсөн архи, идээ илтгэнэ. Номыг шүтэж, мөргөдөг сайхан уламжлал, түүх бидэнд бий. Түүнийг сэргээж, агуу их багш болох номыг дээдэлье.
Сурагчдад ойр, үнэгүй номын сан
Улаанбаатар хотын захын дүүргүүд дэх номын сангуудын нөхцөл байдал, хүрэлцээ ямар байдгийг сонирхохоор Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо буюу бидний хэлж заншсанаар “Цамбагарав” үйлчилгээний төвд байрлах номын санг зорилоо. Улаанбаатар хотын нийтийн төв номын сан Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт салбартай. Сонгинохайрхан дүүрэг дэх эл салбарыг 1991 онд байгуулжээ.
Тус номын сан нь 547 ам метр талбайтай бөгөөд нэг ээлжиндээ 100 хүнд үйлчлэх багтаамжтай аж. Хүүхдийн болон нийтийн уншлагын хоёр танхимтай юм байна. Голдуу Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэдэд үйлчилдэг гэнэ. Үдээс өмнө биднийг очиход нийтийн уншлагын танхимд сул суудал үлдээгүй, харин хүүхдийн танхимд арваад сурагч ном уншиж байв.
Тус дүүрэгт “Ач”, “Монос”, “Чингис Соосэ”, “Мандах бүртгэл”, “Урлах эрдэм” зэрэг хэд хэдэн их, дээд сургууль байрладаг болохоор байнга л уншигч олонтой, суудал хүрэлцэхгүй шахам байдаг аж. Мөн тус дүүргийн өндөр настнууд эдний байнгын уншигч гэнэ. Тус номын сан есөн хүний орон тоотой үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 35 мянга гаруй номын фондтой. Сүүлийн гурван жилд байнгын 3200 уншигч, 7000 хэрэглэгчтэй болжээ. Мөн 25 мянган хүнд 60 мянган ном, хэвлэл, бусад материал олгож үйлчилсэн гэсэн тооцоо гаргасан байна.
10 гаруй жил энд номын санчаар ажиллаж буй Ч.Чимгээ “Манай уншигчдын олонх нь оюутан. Тэд ихэвчлэн суралцаж буй мэргэжлийнхээ чиглэлийн ном уншдаг. Харин сурагчид уран зохиолын ном түлхүү захиалж байна. Манайх нийтийн номын сан учраас аль болох нийтээр унших номоор фондоо бүрдүүлэхийг давуу тал гэж үздэг. Мэдээж оюутан залуусынхаа хүсэлтийг харгалзан мэргэжлийн номыг нь авах сонирхол байдаг ч төсөв хүрэлцдэггүй.
Жил жилийн төсөвт тусгасан номын фондын шинэчлэл чамлалттай ч бид аль болох шинэ номоор баяжуулахыг хичээдэг. Жилд дунджаар 550-600 ширхэг ном, 5-8 нэрийн тогтмол хэвлэлээр фондоо баяжуулдаг” гэлээ. Хүүхдийн уншлагын танхимаар үйлчлүүлж буй сурагчид “Гэр, сургуультай ойрхон болохоор энэ номын сангаар үйлчлүүлдэг. Бас гэрээр ном үнэгүй олгодог нь таалагддаг” гэв. Тус номын сан 15-аас доош насны уншигчдаа сонирхсон номоо үнэгүй унших боломжоор хангадаг аж.
Хүүхдүүд цахим ертөнцөд “уусаж”, дэлгэц шагайх болсон энэ үед тэднийг номтой нөхөрлүүлэхийн тулд ийм шийдвэр гаргасан тухай номын санч нэмж хэлсэн. Харин оюутнууд “Сүүлийн үед гадуур тухлаг орчинтой, кофе шоптой номын сангууд нээгдэж байгаа. Гэхдээ тийшээ төдийлөн орж үйлчлүүлж чаддаггүй. Бас том номын сангуудад ном, материалын захиалга өгөхөд их удаж байж ирдэг. Энд шуурхай, амар шүү” гэцгээлээ.
Тус номын сан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, албан байгууллага, хороо, сургууль, цэцэрлэгийнхнийг үйлчилгээндээ татах, ном солилцох, үнэгүй уншлагад хамруулах зэрэг ажил өрнүүлж эхэлжээ. Өнгөрсөн онд л гэхэд дээрх үйлчилгээнд нь хотын соёл урлаг, шинжлэх ухааны 100 гаруй байгууллага хамтран ажилласан гэнэ.
Мөн идэвхтэн уншигч, багш нараар дамжуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд зөөврийн үйлчилгээ тогтмол хүргэж байгаа аж. Энэ хүрээнд сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулан “Үлгэрийн танхим” шинээр нээжээ. Түүнчлэн уншлагын танхимуудаа компьютер, видео камер, номын тавиур зэрэг тоног төхөөрөмжтэй болгож, чөлөөт сонголттой, дүүргийн анхны номын сан болсон байна.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Монголчууд хэр их ном уншиж байна вэ?
З.БУМДАРЬ (Ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн багш):
-Ном унших сонирхолтой хүүхдийн тоо жил ирэх тусам цөөрч байна. Намайг багад Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэнгийн зохиолыг их уншдаг байсан. Харин одоо хүмүүс ном бус, фэйсбүүк, гар утас л сонирхдог болж. Манай ангийн 40 хүүхдийн тав нь л номонд дуртай, бусдыг нь хичээлийн далимаар л уншуулж байна. Нэг ёсондоо хүчээр гэсэн үг л дээ.
Н.ХҮРЭЛЦЭЦЭГ (“Билиг” номын дэлгүүрийн худалдагч):
-Сүүлийн үед манай дэлгүүрт орж ирэх залуус олширсон. Тэд хувь хүнийг хөгжүүлэх ном голдуу сонгодог. Зарим хүн харсан номоо маргааш нь заавал ирж авдаг. Би номонд дуртай. Сүүлд Ч.Ганжавхлан-
гийн “Автобус ба амьдрал”-ыг уншсан. Манай гэр бүлийнхэн төдийлөн ном хардаггүй ч найзуудын маань олонх нь уншдаг юм.
Б.МАРАЛМАА (“Оюуны ундраа” цогцолбор сургуулийн XII ангийн сурагч):
-Би есөн наснаасаа эхэлж ном уншсан. Учир нь номоос хүн олон зүйлийг ухаарч, ойлгодог. Хүн бүрийн амьдрал өөр байдаг шүү дээ. Тэр бүгдийг зөвхөн туулж байж үзэх биш, номоос бас ойлгох боломжтой. Харин манай ангийн хүүхдүүдээс тун цөөн нь ном хичээнгүй уншдаг нь тоогүй санагддаг. Манай сургууль хоёр номын сантай ч тэнд хэдхэн хүүхэд л сууж байгаа харагддаг. Энэ нь хүүхдүүд ном уншихад бага цаг гаргадаг гэсэн үг. Манай аав, ээж ном авна гэхээр надаас мөнгө харамладаггүй.
О.БУЯНДЭЛГЭРЭХ (Сүхбаатар дүүргийн X хорооны иргэн):
-Би уран зөгнөлт ном унших дуртай. Гэхдээ ажил ихтэй болохоор байнга зав гаргаж чаддаггүй. Завтай үедээ л оройн цагаар хардаг юм. Цэцэрлэг хүрээлэн, автобусанд ном уншиж буй хүн олон харагддаг болжээ.
ЛАВЛАХ
Улаанбаатар хот дахь нийтийн номын сангуудын хаяг, ажиллах цагийн хуваарийг хүргэе.
ҮНДЭСНИЙ ТӨВ НОМЫН САН
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө
Цагийн хуваарь:
Даваа-Баасан 09.00-20.00,
Бямба-Ням 09.00-17.00
ХҮҮХДИЙН НОМЫН ОРДОН
Хаяг: Сүхбаатар дүүргийн VIII хороо, Соёлын төв өргөөны замын зүүн талд
Цагийн хуваарь:
Даваа 10.00-18.00, Мягмар-Бямба 09.00-20.00, Ням 10.00-18.00
Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН САН
Хаяг: Сүхбаатар дүүргийн II хороо, Сөүлийн гудамж
Өвлийн цагийн хуваарь:
Даваа-Баасан 09.00-20.00,
Бямба, Ням 10.00-19.00
Зуны цагийн хуваарь:
Даваа-Баасан 09.00-18.00,
Бямба-Ням гаригт амарна.
ГОРЬКИЙН НЭРЭМЖИТ НЭГДҮГЭЭР НОМЫН САН
Хаяг: Чингэлтэй дүүргийн IV хороо, СУИС-ийн урд талын VI байрны нэгдүгээр давхарт
Цагийн хуваарь:
Даваа-Баасан 09.00-20.00,
Бямба-Ням 10.00-19.00
ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ САЛБАР II НОМЫН САН
Хаяг: Хан-Уул дүүргийн II хороо, “Жаргалант” төвийн хоёрдугаар давхарт
Цагийн хуваарь:
Даваа-Баасан 09.00-20.00,
Бямба-Ням 10.00-19.00
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ САЛБАР III НОМЫН САН
Хаяг: Баянзүрх дүүргийн I хороо, 58 дугаар байрны нэгдүгээр давхарт
Цагийн хуваарь:
Даваа-Баасан 09.00-20.00,
Бямба-Ням 10.00-19.00
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ IV НОМЫН САН
Хаяг: Сонгинохайрхан дүүргийн XIV хороо, “Өнөр” хорооллын хоёрдугаар үйлчилгээний төвд
Цагийн хуваарь:
Даваа-Баасан 09.00-20.00,
Бямба-Ням 10.00-19.00
Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ НОМЫН САНГИЙН ХАРЬЯА ХҮҮХДИЙН НОМЫН САН
Хаяг: Чингисийн өргөн чөлөө, Төв номын сангийн зүүн хаалга
Цагийн хуваарь:
ягмар-Бямба 10.00-18.00,
Ням, Даваа гаригт амарна
МОНГОЛ, ЯПОНЫ ТӨВИЙН НОМЫН САН
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Монгол, Японы төвийн байр
Цагийн хуваарь:
Даваа 14.00-18.00,
Мягмар-Баасан 10.30-18.00, Бямба, Ням гаригт амарна
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.БАЯРАА: Энэ жил “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриатай ажиллаж байна
Иргэдэд ном унших соёл төлөвшүүлэхэд төр, засгийн зүгээс хэрхэн анхаарч буй талаар БСШУСЯ-ны Соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраагаас тодрууллаа.
-Хүмүүсийг ном уншуулах талаас БСШУСЯ-наас бодлогын хэмжээнд ямар арга хэмжээ зохион байгуулдаг вэ?
-Улсын хэмжээнд сумдын Соёлын төв, дунд сургуулиудынхыг оролцуулаад нийтдээ 1500 гаруй номын сан үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс 330 нь сумын Соёлын төв доторх номын сан. Нэг ёсондоо хуулийн этгээд нь Соёлын төв. Армийн номын сангууд БХЯ, анагаахын номын сангууд ЭМЯ, боловсрол, соёлынх нь манай яаманд гэхчилэн харьяалал, нутаг дэвсгэрийн хувьд өөр ч 2014 онд Номын сангийн тухай хууль батлагдсанаар номын сангийн үйл ажиллагаа явуулж байгаа аливаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд энэ хуульд захирагдах болсон.
Хуульд бүх шатны Засаг дарга нар иргэдийн ном унших сэдлийг төрүүлэх төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, дэмжиж ажиллах заалт орсон. Түүнээс гадна 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүрийн есдүгээр сард “Номын баяр” тэмдэглэх тухай зарлиг гаргасан. Өдгөө энэ баярыг жилийн турш тэмдэглэдэг, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг болсон.
Хамгийн анх “Олуулаа уншицгаая” уриатай зохион байгуулж байсан. Өнгөрсөн жил “Цаасан номноос цахим ном руу”, энэ жил “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриатай тэмдэглэж буй. Есдүгээр сард нийслэлийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёлын урлагийн газартай хамтраад “Уншигч тэргүүний гэр бүл” шалгарууллаа. Гэр бүлээрээ ном уншдаг арга туршлагаа бусдадаа танилцуулах арга хэмжээг мөн зохион байгууллаа.
Түүнээс гадна ном унших аргыг хүүхэд насанд нь төлөвшүүлэх чиглэлд бид нэлээд анхаарч ажилладаг. Олон улсын сургуулийн номын санчдын өдөр буюу аравдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх сургуулийн 200 номын санчид сургалт явуулах гэж байна. Мөн бид сурагчдад “Тэргүүний уншигч-Нацагдорж тэмдэгтэн” шагнал гардуулдаг.
-Энэ шагналыг ямар шалгуураар олгодог вэ?
-Ном уншдаг хүүхэд болгонд өгчихдөггүй. Гэртээ номын сантай, Монголын уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн зохиолуудаас эхлээд орчин үеийн нэртэй зохиолчдын номуудыг уншсан, тэмдэглэл хөтөлсөн, бяцхан ном хийсэн, бүтээлчээр ажилласан, шүлэг урнаар уншдаг, богино хэмжээний шүлэг, оньсого, зүйр цэцэн үг зохиодог, сургууль болон нийтийн номын сангийн байнгын уншигч гэхчилэн өндөр болзолтой.
Аймаг, сургууль болгоноос ийм болзол хангасан өсвөр болон бага насны хоёр хүүхдийг жил бүр шалгаруулж, БСШУС-ын сайдын тушаалаар шагнадаг. Энэ нь хүүхдийн ном унших идэвх сонирхлыг өрнүүлдөг, нэр хүндтэй, сурагчдын хүлээдэг шагнал болсон. Энэ жил аймгийн Засаг дарга нартай БСШУС-ын сайд гэрээ байгуулахдаа “Үлгэрийн цаг”-ийг нийтийн номын сангуудад бий болгох тухай тусгасан.
Нийтийн номын санг түшиглээд тогтмол “Үлгэрийн цаг”-тай болсноор нэгдүгээрт орчин бүрдэнэ, хоёрдугаарт, хүүхдийн мини театр юм уу, хуруу хүүхэлдэй тэнд тоглох боломжтой. Эсвэл, өвөө, эмээ нар үлгэр уншдаг ч юм уу. Аймгуудад янз бүрийн санаачилгууд гарч байна.
-Хүүхдээ ном унш л гэж ээж аавууд үглэхээс бус яаж уншуулж сургахаа мэддэггүй шүү дээ. Юунд анхаарах ёстой вэ?
-1990 оноос хойш нэг буруу хандлага байсан нь эцэг, эхчүүд хүүхдэдээ “Унш, унш. Чи уншсангүй” гэдэг байсан. Яг юу унших ёстой, хамтдаа унших нь ямар давуу талтайг анхаардаггүй байж. Аль болохоор гэр бүлийн хүрээнд нь уншлагыг төлөвшүүлэх ёстой юм байна.
Хүүхдийг ширээний ард суулгаж, ном уншуулах хэлбэрийн араас хөөх биш, маш бүтээлчээр уншуулж, бие дааж сурч хөгжих, мэргэжил эзэмших чиг хандлагыг тогтооход ном унших арга ухаан маш чухал гэдгийг анхаарч, дэмжлэг үзүүлэх чиглэлд бид анхаарч ажиллаж байгаа.
-Манайд нэг хүнд ногдох номын сангийн стандарт байдаг уу?
-Олон улсын номын сангийн тунхаглалд хүн амын 10-аас доошгүй хувийг номын сангаар хангах ёстой гэсэн заалт бий. Манай орон өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам таруу суурьшсан ч 330 сумандаа номын сангийн нэгж нь байж чаддагаараа давуу. Тэр тоон үзүүлэлтээрээ манайх дээгүүрт орно.
Сүүлийн үед хүн ам нийслэлд төвлөрснөөс болж Улаанбаатарын хувьд энэ стандартад хүрч чадахгүй байгаа. Хот тойрсон алслагдсан дүүргүүд их болсон. Түүнээс гадна гэр хороолол олноор суурьшиж байна.
-Орчин үеийн номын сан ямар гоё тохилог, тухтай болсныг саяхан нээгдсэн МУИС-ийн номын өргөө харууллаа.
-Хуучны уламжлалт номын сан ханатай, цагтай байсан. Орчин үеийн номын сан ханагүй, нээлттэй. Цагаас үл хамаарна. Шөнийн 00.00 цагт ч оюутан МУИС-ийн электрон номын сан руу ороод дурын номоо чөлөөтэй аваад унших боломж бүрдсэн. Ном зөвхөн цаасан биш, CD, аудио, видео хэлбэр рүү шилжсэн.
Жилээс жилд номын сангуудыг дэлхийн жишиг стандартад нийцүүлэхээр зорьж байна. Орчин үеийн уншигчийн хандлага, мэдээллээ авдаг орчин ч өөр болсон. Заавал номын санд очиж ном уншдаг биш, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч, жишээ нь Увс аймгийн Давст суманд байгаа хүн ч цахимаар ном аваад унших боломж бүрдсэн.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Оюутны тоо нэмэгдсэн нь номын сангийн эрэлтийг ихэсгэжээ
Өнөө цагт улстөрчид музей, уран зургийн галерейд бус номын санд хөрөнгө оруулах болжээ. Сүүлийн 10 жилд нийтийн номын сангаа олон улс шинэчилсэн байна. Европт хамгийн томд тооцогдох Их Британийн Бирмингем хотод ашиглалтад орсон шинэ номын санд 186 сая фунт стерлинг зарцуулсан бөгөөд өдөрт 10 мянга гаруй уншигчид үйлчилж буй. 2000 оноос хойш нийтийн 20-иод номын сан үүдээ нээж, үйлчлүүлэгчдийн тоо дээд амжилт тогтоож байгаа гэнэ.
Номын сан яагаад дахин хотын амьдралын нэг хэсэг болов? Их, дээд сургуульд сурдаг, мэргэжлээ дээшлүүлэх хүний тоо нэмэгдсэн бөгөөд тэдэнд мэдлэг олж авах, интернэтэд орж болох газрын эрэлтийг ихэсгэжээ. Нэг хүнд ногдох байрны тоо томоохон хотуудад олширсон нь номын сан жишээ нь, цагаач, дүрвэгч, бүр жуулчдын уулзах газар болоход хүргэсэн байна.
Номын санг хотын зочны өрөө болгох санааг загвар зохион бүтээгчид 1970-аад онд сэджээ. Удаан сууж, кофе ууж, бусдын яриа, концерт сонсох, эсвэл уншигчдын нийгэмлэгийн хуралд оролцох зэрэг номын сангаар үйлчлүүлэгчдийн шаардлагыг хангахыг тэд зорих болсон байна.
Шведийн Умард мөсөн далайн тойргийн Эрншельдсвик хотын номын санд уншигч гэрийн шаахай, идэх хоолтойгоо ч очиж болдог гэнэ. АНУ-ын Сиэтлийн номын сангийн таван давхар барилгын гуравт нь уншлагын, зочид хүлээн авах, уулзалтын танхим тусдаа оршдог аж. Уншигчдын шаардлага номын сангийн загварыг эрс өөрчилж байна. Ажлын ширээ, номын санчийн бүхээг гэж байхаа больж.
Өөрөө өөртөө үйлчлэх систем нэвтэрч, номын санч уулзалт, номын танилцуулга зохион байгуулах, уншигчдын дугуйлан ажиллуулахад ихэнх цагаа зарцуулах болсон байна. Номын сангийн дотоод засал нь задгай зохион байгуулалттай, буйдан дээр суунгаа каталог харах, интернэт орж, номын лавлагаа үзэх боломжоор хангадаг болжээ.
Өнөө цагт дэлхийн уншигчдын орохыг мөрөөддөг шилдэг номын сангуудыг шалгаруулдаг болсон бөгөөд тэдгээр нь тус тусын онцлогтой аж. Германы Штутгарт хотын нийтийн номын сан найман давхар бөгөөд амьдрал, хүүхэд, хөгжим, уран зохиол, мэдлэг, дэлхий гэсэн салбартай. Цэлгэр танхимуудаар нь уншигч чөлөөтэй явж, сонголтоо хийснийхээ дараа номуудаа бүртгүүлдэг.
Шат, хана, шал, номын тавиур нь бүгд цагаан. Номын эрээн хавтаснаас өөр зүйл уншигчийн анхаарлыг татахгүй байхаар уг барилгыг зохион бүтээгчид төлөвлөжээ. Энэ номын сан өглөөний 09.00 цагаас оройн 09.00 цаг хүртэл ажилладаг. Шөнийн цагаар үйлчлүүлэгчдэд зориулсан тусгай булантай гэнэ.
Шведийн Стокгольмын номын сангийн орчин мөн адил тохь тухтай ч эндхийн ном болгон кодтой, түүнийг нь уншуулахад хангалттай учир уншигч цаг алдахгүй онцлогтой. Францын Парисын Сорбонны номын сан эртний өнгө төрхөө өнөө болтол хадгалсан. Германы Берлиний тархи гэгддэг Чөлөөт их сургуулийн номын сан дотор болон гадна талаасаа харь гаригийн хөлгийг санагдуулам. Асар том бөмбөгөр шилэн дээвэр нь байгалийн гэрэлтүүлэг болохоос гадна олон цонх нь жилийн аль ч улиралд байгалийн агаар сайн оруулдаг ач холбогдолтой.
Мексикийн Хосе Васконселосын нэрэмжит номын сан дэлхийн хамгийн ер бусынхад тооцогдох барилгатай. Маш том шилэн хайрцаг мэт эл номын сан нь хүн амын янз бүрийн бүлгийнхэн үйлчлүүлэх боломжтойгоороо онцлог. Жишээ нь, сул хараатай болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хэвлэлийн сонголт арвин гэнэ.