Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуягттай ярилцлаа.
-Ерөнхий сайд асан биш Монгол Улсын шинэхэн Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуягийн хувьд эхний асуултаа тавья. Хэдийгээр та ажлаа аваад удаагүй ч ард түмэн шинэ Ерөнхийлөгчөөс их зүйл хүлээж байгааг мэдэрч буй байх?
-Би өөрийнхөө хариуцсан чиг үүргийн хүрээнд ажиллаж байна. Манай нийгэмд үе солигдох үйл явц ид үргэлжилж байна. Дэлхий даяар явагдаж буй системийн өөрчлөлтүүдээс үүдэн манай улсад ч шинэ сорилт тулгарлаа. Асуудлыг өнгөц харалгүй, жам ёсны энэ үйл явцыг хэрхэн зөв төлөвшүүлэх вэ гэдэг дээр ажиллаж байна.
Уламжлалт бус сэтгэлгээтэй, онцлог бүхий шинэ үе нийгмийн олонхыг бүрдүүлж эхэллээ. Үүнтэй зохицох улс төрийн шинэ бодлого боловсруулж байж гаргасан шийдвэр зөв болж, хүлээн зөвшөөрөгдөнө. Тиймээс илүү орчин үежсэн улс төрийн бодлого боловсруулах шаардлага үүсээд байна.
Нэг үгээр хэлбэл, Монголын төрийн бодлого, шийдвэр нийгмийн сэтгэлгээнээсээ хоцрогдчихоод байгаа тул олон нийт төрдөө сэтгэл хангалуун бус, шүүмжлэх байдал хавтгайрсан.
Тиймээс бид нээлттэй, чөлөөт, ардчилсан улсын хувьд иргэдийнхээ сэтгэлгээний өөрчлөлтийг сөрөх гэж бус, төрийн бодлогоо засах гэж хичээж ажиллах хэрэгтэй байна.
-Танд Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн албыг авах хэрэг байв уу?
-Авах өгөх тухай асуудал биш шүү дээ. Монголын нийгэм сүүлийн жилүүдэд дандаа буруу тийшээ явлаа. Бүх шатандаа хэдхэн хүний эрх ашигт үйлчилдэг болсон. Ялангуяа УИХ, Засгийн газраас цөөхөн хүний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргадаг болоод удсан шүү дээ. Би Ерөнхий сайд байх үеэсээ энэ бурууг засаж залруулах гэж тэмцсэн. Тэгээд огцорсон, огцорсон ч тэмцсээр л байна.
Гэвч буруу зөрүүг зогсоож дийлэхгүй өдий хүрлээ. Нам дамнасан цөөн хүний бүлэглэл төрийг он удаан жил барих, хулгай луйврын аргаар төрийн эрхийг нэгэндээ шилжүүлж, найр тавин дамжуулах, нам гэдэг институцийг тоглоомын байгууллага болгох оролдлого хийсээр байна. Монголын минь заяа их учраас саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогч түмэн үүнийг таслах эхлэлийг тавилаа.
Эрх мэдэл, албан тушаал, хууль хяналтын байгууллага, мөнгөтэй хүмүүсийн хүрээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гээд бүгд нөгөө талд байсан ч ард түмэн “Та нар хэрээс хэтэрч байна шүү” гэсэн сануулга өгч, эсэргүүцлээ илэрхийлж, өөрсдийнхөө сонголтыг хийсэн.
Ард түмэн нэгэнт ийм сонголт хийж, Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгосон учраас бүлэглэлийн эрх ашигт бус, улс орны эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэр гаргахад нь нэмэр болох юм болов уу гэж бодоод саналыг нь хүлээн авч, ажиллаад үзье гэж шийдсэн. Хэн хэн маань нам дамнасан бүлэглэлийн махны машин дундуур явсан болохоор Монголын нийгмийг зөв болгохын төлөө хамтраад ажиллаж болох байх. Зорилгоо нэгтгээд Монголынхоо, монголчуудынхаа сайхан амьдралын төлөө хамтран зүтгэнэ дээ.
-Сүүлийн үед уулзаж, ярилцсан олон хүний амнаас өөрчлөлт, шинэчлэл гэдэг үг сонсогдох болжээ. Өнөөгийн нийгмийн үйл явц таныхаар хямрал уу, өөрчлөлт үү?
-Сөрөг үзэлтнүүдийн нүдээр бол хямрал, өөдрөг үзлээр бол сайжрах процесс юм уу даа. (инээв) Ерөнхий сайдын албаа өгсний дараа судалгаа шинжилгээний ажилд чамгүй цаг зарцуулсан. Төрийн бус байгууллага байгуулан, үе үеийн төлөөллийг урьж, санал бодлыг нь сонслоо. Бид Ардчилсан хувьсгал хийж, олон намын тогтолцоо, чөлөөт эдийн засаг руу шилжихдээ цөөнгүй алдаа гаргасан.
Эдийн засаг, мөнгө төгрөгөө голлож анхаараад боловсрол, нийгмийн соён гэгээрлийн асуудлуудаа орхигдуулсан тал бий. Мөн улс төрийн өрсөлдөөнд маш олон нийтлэг үнэт зүйлээ балласан гэж боддог. Эцэст нь бид нэгдмэл эрх ашгаа нийтээрээ ухамсарлах цаг үетэй тулгараад байна. Амин хувиа бодсон бүлэглэлийн засаглал сүүлдээ ялзрал болж нуран унадгийг яг энэ цаг мөчид харж байна. Тусгаар улсыг хувийн компани мэт өмчлөх гэж оролдоод нийгмийн үзэн ядалтын бай болдгийг харлаа.
Гүйцэтгэх засаглалаа өөрийн толгойгүй гүйцэтгэх захирлаар удирдуулбал ямар их хохирол амсдагийг үзлээ. Энэ мэт олон гажуудлыг одоо сууриар нь засах захиалга дээр нийгэм олонхоороо нэгдэж байна. Эдгээрийг засаж чадна гэж Х.Баттулгыг ард түмний олонх Ерөнхийлөгчөөр сонгосон. Ямар ч байсан нийгмийн олонх гажуудлаа олж хараад, засуулах захиалгаа өгсөн нь хамгийн чухал.
Сүүлийн таван жил улс төрд үүсээд буй үл ойлголцол, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал бол зохион байгуулалттай үйл ажиллагаа гэдгийг би дөрвөн жилийн өмнөөс л ярьж, хэлсэн. Нийтийн, нийгмийн асар их баялгийг цөөхөн гэр бүл гадаадынхантай хувааж эзэмшээд, үе дамжсан хөрөнгөтний засаглал байгуулах гэж маш нарийн төлөвлөсөн ажиллагааг зохион байгуулсныг одоо олон хүн ойлгодог болж.
Бид ардчилсан Үндсэн хуулиараа тэгш эрх, тэгш боломжоо бататган байгалийн баялгаа ард түмний өмч гэж хуульчилсан. Төрт улсын хувьд, Үндсэн хуулиа сахин хамгаалж, монгол хүн бүрийн эрх ашигт үйлчлэх, баялгаа ард түмэндээ хүртээж чадах хүчтэй төр, засгийг ард түмэн хүсэж байна. Ерөнхийлөгчийн багийн гишүүний хувьд үүний төлөө зүтгэнэ.
-Иргэд “60 тэрбум”-ын асуудалд үнэхээр нухацтай, эмзэг хандаж буй нь яг одоо эрх баригч намд өрнөж буй үйл явдлаар илэрхийлэгдлээ.
МАН түүхэндээ анх удаа өөрийн байгуулсан Засгийн газраа парламентын үнэмлэхүй олонх байхдаа огцрууллаа. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Төр, засаг тогтворгүй байхыг хэн ч хүсэхгүй. Гэхдээ засгийн тогтвортой байдлын суурь нь юу вэ, яагаад үнэмлэхүй олонх бүрдсэн УИХ өөрийн намын Засгийн газраа огцруулав гэдгийг эрүүлээр харвал цаана нь өнөөх л шударга ёсны асуудал хөндөгдөж байгаа. “60 тэрбум” бол нэг л баримт. Бас оффшорын асуудал бий. Үнэндээ дээр дурдсан хэт цөөнхийн явцуу шуналд туйлдсан ард түмний бухимдал бага багаар нэмэгдсээр асар том эсэргүүцэл болоод байна.
МАН доторх санал зөрөлдөөн, тэмцэл бол тэсрэх ёстой л зүйл. УИХ дахь МАН-ын 65 гишүүн бүгд буруутан биш. Улаанбаатар хотын албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр арилжаалах тухай 65 гишүүн биш, нэр бүхий 2-3 хүн, тэр дундаа намын дарга нь ярьсанд асуудлын гол байгаа юм.
Тэр зарах төлөвлөгөө нь тодорхой хэмжээгээр хэрэгжсэн ч байх. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан үйлдэл шүү дээ. Гэтэл энэ хэргийг нь хаачих шиг боллоо. Энэ бол хууль ёсыг уландаа гишгэсэн том доромжлол. Ингэхээр л төрд итгэх тухай ярилтгүй болж байгаа юм. МАН-ын дотоод тэмцлийг хараад “Тэдэн дотор ч гэсэн эх орноо боддог, шударга бус зүйлийг хүлцээд сууж тэвчихгүй хүмүүс байна” гэж харж байгаа.
Ер нь бол дэлхийн хамгийн их хэрэглээтэй зах зээлтэй хөрштэй, байгалийн асар их баялагтай, цөөн хүн амтай улсын иргэд яагаад ядуу амьдарч байгаагаа насаараа ойлгохгүй, шулуулаад явах уу. Шуналдаа сохорсон хүмүүсийн увайгүй үйлдэлд ард түмэн дүн тавьж дөнгөж эхэлж байна. Цаашдаа олон шударга бус зүйл илэрч, зохион байгуулалттайгаар ямар муухай зүйл хийснийг нь иргэд ч илүү ойлгосноор манай нийгэм зарчимд суурилсан үнэт зүйлтэй болно.
Ингэсэн цагт Монгол хүчирхэг, хөгжингүй улс болно. Үүнд би эргэлзээгүй итгэдэг учраас гэр бүлээ, дотнын хүмүүсээ эрсдэлд оруулан байж энэ шударга бустай тэмцсэн. Төрсөн охин, төрсөн дүү, ойр дотнын нөхөд, хамт ажилласан залуусаа шоронд хориулан байж, барьцаалуулаад тэмцсэн маань Монгол шударга төрийн төлөө, монгол хүнээ Монголдоо сайхан амьдруулахын төлөө зүтгэсэн хүмүүсийг бүлэглэлийн “махны машин”-аар оруулахын эсрэг байсан.
-Таны толгойлж байсан Засгийн газрыг огцруулахаар хамаатан садан нь идсэн уусан гэж ярьж, давхар дээл өмсөн жагсаж байсан хүмүүс сая огцорлоо шүү дээ?
-Хэн, хэн?
-ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат давхар дээл ярьж, ХНХ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр Дэнзэнгийн хэрэг хэмээн мэдээлэл хийж байсан.
-Улс төрд орж ирж буй залуус түр зуурын ашиг хонжоо, зарчим хоёроо ялгадаг байх хэрэгтэй. Өөртөө хэрэгтэй байгаа албан тушаалын төлөө юуг ч зольж чаддаг биш, зөв зарчим, эрүүл нийгэм, зөв засаглалын төлөө явах ёстой. Улсынхаа ирээдүйг хараагүй, мөчид бодолтой байсан нь өнөөдөр эргээд өөрсдөд нь ирж байгаа хэрэг.
Сайд болж болно. Хүн болох, хүн байх хэцүү л дээ. Зарчимтай байх бүүр хэцүү. Н.Номтойбаяр залуу хүн. Дэнзэнгийн гэх хэрэг шүүх цагдаа дээр тогтоогдоогүй байхад Н.Номтойбаяр УИХ-д оруулж, хэрэг үүсгэсэн. Албан тушаал, газрын баялгийн төлөө залуус нэгнээ шорон гяндан руу түлхэж байна. Үүнийгээ буруу байжээ гэдгийг ойлгох цаг тун ойрхон.
-Аль ч нам санхүүжилтээ олохын тулд гишүүдээсээ ил, далд мөнгө авдаг. 60 тэрбумыг ч үүний нэг хэлбэр гэж ойлгуулах оролдлогыг бид харж байгаа шүү дээ?
-Луйвар нь илчлэгдэхээр бүх л нам ингэдэг гэсэн гүтгэлэг хийж байгаа юм. Би намын даргаар зургаан жил ажилласан. Тэр үед ҮЗХ-ны гишүүд жилд нэг сая төгрөгийн татвар төлдөг байлаа. Гишүүдээс жижиг сажиг хандив орж ирнэ. Намайг намын даргаар ажиллаж байхад албан тушаалыг мөнгөөр худалдах үйлдэл байтугай энэ тухай яриа гарч байгаагүй. Энэ чинь ёс зүйн асуудал.
Ер нь ямар эрүүл ухаантай, ёс зүйтэй намын дарга хэдэн хүний албан тушаал зарж арилжаалах тухай яриаг сонсож, дэмжээд сууж байх вэ. Ингэж яриад суух нь гэмт хэрэг гэдгийг мэдэж буй ч хууль хяналтын байгууллагын хонгилд өөрсдийнх нь хүмүүс байгаад аархсан хэрэг биш үү. Ийм нам төрийн эрхэнд гарч, төр ялзарлаа.
Албан тушаал худалдаж авахын тулд мөнгө төлсөн хүмүүс түүнээ буцааж олохын төлөө улайран дайрч байна. Үүнийг таслан зогсоож, дахиад ийм зүйл гарахгүй болтол хариуцлага тооцож, төрөө аврах ёстой. Гэхдээ зүгээр нэг албан тушаалаас огцуулах нь шийтгэл биш шүү.
-Яаж шийтгэх ёстой вэ. Шоронд хийх үү?
-Нэг хүнийг шоронд хийснээр бүх зүйл зөв замдаа орчихгүй. Бүх зүйлийг ил гаргах ёстой. Хууль хяналтынхан хуйвалдаж нуугаад байж болохгүй. Ингэж байж дараа дараагийн удаа төрийн эрхэнд гарах улс төрийн намууд болон нийгэмд сургамж болно.
-Та Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг бүлэглэлийн толгойлогчдын нэг гэж анх удаа нэр цохон мэдэгдсэн. Нууц биш бол хамтрагчид нь хэн байсан бэ?
-Нууцсаад байх зүйлгүй, хүн бүр тэдний үйлдлийг уншдаг боллоо шүү дээ. М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын хоёр Э тэргүүтэй цөөн хүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэрээр газрын доорх баялгийг хуу хамж байгаа учраас 30 гэр бүл баяжиж, гурван сая иргэн нь хоосорч байна.
Тэд улс төрд залгамжлагчаа тодруулдаг. Үүнийхээ төлөө нам дотроо болоод нам дамнасан дайн хийдэг. Давхар дээл гэж хэдэн жил ярив.
Н.АЛТАНХУЯГ: Үнэт зүйл, үзэл санаагаа нэгдүгээрт эрэмбэлсэн үед л нам эв нэгдэлтэй болно
Одоо бүр “Бүгдээрээ давхар дээлтэй байвал сайн” гэнэ ээ. Ямар ч зарчимгүй бүлэглэл хэзээ, яаж олон нүүр гаргаж байгааг хараарай. Алтанхуягийн үед бол бүгд болохгүй, бусад үед бүгд болно. Алтанхуягийг намын дарга болгохгүй, УИХ-д оруулахгүй, Ерөнхийлөгчөөр сонгож болохгүй гэвэл тэд хамтраад унагааж чадаж байна. АН-ын даргын сунгаа гурав хоногийн дараа болох гэж байхад АТГ дуудаад яллагдагч болгоод зарлачихаж байгаа юм.
Манай намынханд “Н.Алтанхуягаа дэмжвэл тэр хүнийг чинь хэрэгтэн болгоно” гэсэн мессеж тарааж буй нь тэр. Үүнийгээ ганц Алтанхуяг дээр хэрэгжүүлээгүй. Сая харж байхад У.Хүрэлсүх дээр ч хийж л байна билээ. Ерөнхий сайд болгохгүйн тулд угтуулаад хэрэгтэн гэж зарласан. Өрсөлдөгчөө дарж л байвал аль ч нам байсан ингэдэг болсон. Би бүлэглэлийг зарласан тэр мэдэгдлээ өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард хийсэн. Түүнээс жил гаруйхны дараа л ард түмэн бүгдийг ойлгосон.
Өөрийг нь Төрийн тэргүүн болтол дэмжиж зүтгэсэн намаа хувьчлалын луйвар хийхийн тулд туйлдаж ядартал нь самарчихаад, өрсөлдөгч намаа далдаас даргалаад буйг МАН-ын гишүүд ил ярьдаг болсон. МАН-д үүсээд буй өнөөгийн зөрчил ч үүнийг задлах гэсэн эх оронч гишүүдийнх нь зоримог алхам гэж харж байна. Өнөөдөр зориг гаргаж байж л энэ бүх муу муухайг өөрчилнө. Эргэлзэж, хулчийх юм бол бүлэглэл бүр хүчтэйгээр дахин амилна.
Ер нь улс орнууд оршин тогтнохуйгаа материаллаг буюу эдийн засгийн хэв шинжтэй байлгахыг чухалчилдаг хандлагаасаа ухарч эхлээд байна. Хүн төрөлхтөн өнгөрсөн зууны сүүлийн хагаст зэвсгийн өрсөлдөөнөөс эдийн засгийнх руу шилжсэн бол эдүгээ соёлын өрсөлдөөн рүү гол анхаарлаа хандуулж байна. Оршин тогтнол, тусгаар байдлаа хэрхэн илэрхийлж, хамгаалах вэ гэдэг асуудал илүү мөн чанарлаг болж байна.
Гэтэл бид энэ шинэ хандлагаас асар их хоцрогдон, эдийн засаг, эрх мэдэл тойрсон өрсөлдөөнөөсөө гарч чадахгүй сууна. Одоо хэн, хаана, хэрхэн алдсаныг ойлгоод алдаагаа засаад, нийтээрээ урагшлах хэрэгтэй. Би хувьдаа Элбэгээ ч юм уу, өөр хэн нэгэнд элдэв зүйл бодож санахгүй, гэхдээ мартахгүй.
Буруугаас нь болж үүссэн өнөөгийн нөхцөл байдал зөв голдиролдоо орж засагдаад урагшлаасай гэж хүсэж байна. Бид зарчимд суурилсан эв нэгдлээ бэхжүүлж, ухамсар, эх оронч үзэл, хөдөлмөрч зан чанараа сэргээж чадвал хөгжил дэндүү ойрхон харагдана.
-Тэгээд энэ бүлэглэл, хонгил нурах нь уу. Одоо ч хүчтэй байсаар уу?
-Хонгилыг босгосон хоёр гол хүний нэг нь хугацаагаа дуусгаад буулаа. Нөгөөх нь Ерөнхийлөгч болж үргэлжлүүлэн хамгаалах гээд бүтсэнгүй. Тэгэхээр тэр хонгилын орой нь нурж байна. Гэхдээ л доогуур, хууль хяналтын байгууллагад бий болгосон хонгил нь амь бөхтэй байж л байгаа.
Ч.Сайханбилэг, М.Энхболд нар улсын эдийн засаг хямарлаа гэж их ярьсан. Угтаа бол бид шударга бусын хямралд орчихсон учраас урагш явахгүй байгаа юм. Монголчууд бид хэдэн хүний бүлэглэлд хуваагдах биш, хуульд захирагдах ёстой.
-Ц.Элбэгдорж одоо Ерөнхийлөгч биш болсон. Түүнтэй уулзаж ярилцсан уу?
-Л.Гансүхийн нүүрсний хэрэг гэгчийн шүүх хурлын өмнөөс эхлээд л надтай уулзахаа больчихсон. Түүнээс хойш уулзалгүй хэдэн жил болж байна.
-Чөлөөт эдийн засагтай ихэнх улс үндэсний цөөн тооны бизнесээ дэмжиж хөгждөг гэсэн ойлголт байдаг. Бид энэ ойлголтыг хүлээн зөвшөөрч чадахгүй, дэмжихгүй байгаа юм биш үү?
-Үндэсний компани гэдэг ойлголт хэзээ иргэдийн дэмжлэг авах вэ гэвэл шударга өрсөлдөөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн цагт гэсэн хариулт дахиад ирнэ. Дараа нь бизнесийнхээ өрсөлдөөнөөр аль салбараас олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үндэсний компани бий болгох вэ гэдгээ тооцож, төр бодлогоор дэмжих ёстой. Түүнээс биш зүгээр нийтийн баялгийг шударга бусаар цөлмөсөөр үндэсний хэмжээний компани болох тухай ойлголт байхгүй л дээ.
Ер нь чөлөөт эдийн засаг, нийгмийн талаарх нийтлэг ойлголтоо нэгтгэхгүй бол бүхнийг чөлөөт гэж туйлширдаг боллоо. Чөлөөт нийгмийн суурь нь бусдын эрх ашгаар хязгаарлагдах эрх чөлөө гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Үүнийг ухамсарласан, зарчимтай бизнес л үндэсний хэмээн үнэлэгдэх төдийгүй дэлхийд өрсөлдөж чадна. Шинэ үеийн залуус үүнийг сайн ойлгодог болсон тул шударга ёсыг маш хүчтэй нэхээд байгаа юм.
Ойрын ирээдүйд сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, органик хүнсний чиглэлд дэлхийд өрсөлдөх Монголын компаниуд бий болох цаг ойртсон гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Манай улс соёлын бодлогоо сууриар нь шинэчилж, агуулгыг нь илүү гүнзгий түвшинд судалж ашиглавал суурь хөгжилд маш том боломж нээж өгнө. Еврази дэлхийн улс төр, эдийн засгийн төв болж эхэлж буй энэ үед соёлын ялгарал, дархлаа бол амин чухал асуудал төдийгүй, үсрэнгүй хөгжлийн суурь нь.
Товчхондоо, бид түүх, өв соёл, ахуй уламжлал, төрт ёсны арвин туршлагаа шингээсэн, бие даасан үндэсний хөгжлийн философитой болох цаг нь ирсэн.
-Үүнийг таны хувийн үзэл бодол гэж үзэх үү, эсвэл шинэ Ерөнхийлөгчийн анхаарлаа хандуулж буй бодлого гэх үү. Ерөнхийлөгчийг НҮБ-ын чуулганд оролцоогүйд олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандсан.
Бие даасан бодлоготой болно гээд НҮБ-ыг арай үл тоомсорлоогүй биз дээ?
-Монголчууд бидний үндэсний үзэл сэргэж, эдийн засгийн хөгжлөөс илүү шударга ёс нэхэж буй нь соёлоороо цангаж, хэн гэдгээ санагалзаж буйн нотолгоо. Дэлхийтэй харилцах өргөн боломж, даяаршсан их мэдээлэл биднийг хурдтай ухааруулж байна. Одоо тусгаар улсын хувьд суурь үзэл санаагаа бий болгож, бие даасан хөгжлийн бодлогоо баримталж хөгжихөөс аргагүйг ойлгох цаг болсон.
Манайхан ч дэлхий дээр улам бүр үгүйсгэгдэж буй элдэв үзэл санаануудад өөрийн бодолтой хандах нь зөв гэдгийг ойлгож эхэлсэн нь сайн хэрэг. Үндэсний хэв шинж, ялгарлаасаа холдох тусам ард түмний нэгдмэл эрх ашиг гэдэг ойлголт үгүй болох тул хөгжлийн суурь нь соёлын бодлого болчихоод байна. НҮБ-ын чуулганы тухайд шаардлагагүй бол явах хэрэггүй гэдгийг нь дэмжиж байгаа.
Хэн, хэдэн удаа очих нь биш, ямар үр дүн гарах нь чухал. Өмнөх Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ найман жилийн хугацаанд НҮБ-ын индэрт долоон удаа гарсан. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр нь булаацалдан байж Давос явж, Нью-Йоркт очин, индэрт гарч үг хэлснээрээ улс хөгждөг бол хөгжихөөр л боллоо. Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр АСЕМ хийж баахан мөнгө үрсэн байх. Наадмын нээлт, НҮБ-ын индэр хоёр өөр л дөө.
-Ерөнхийлөгч боловсролгүй, бүрдүүлсэн баг нь тааруу, зөвлөхүүд нь муу ажиллаж байна, буруу, зөрүү юм хийлээ гэсэн шүүмжлэл гарч байгаа учраас дээрх асуултуудыг тавиад буй хэрэг л дээ?
-Ер нь төрд ажиллах хүмүүс Монголынхоо нөхцөлийг ойлгодог, эх орноо гэсэн сэтгэлтэй байх нь хамгийн чухал гэсэн итгэл үнэмшил төрийн албанд ажилласан жилүүдэд надад бат суусан. Монголоо мэдэхгүй хүн гадаадын юмыг яаж нутагшуулж, хөрсөндөө буулгах вэ, хэцүү шүү дээ.
Дээр нь эх орон, элгэн түмнээ гэх сэтгэл дутмаг хүн гадаадын хэчнээн сургууль төгсөөд ч Монголыг өөрчилнө гэж байхгүй. Харин онцлог, давуу болон сул талаа мэдэрч, ойлгосон хүмүүс л Монголыг хөгжүүлнэ.
-2014 онд таны Засгийн газрыг огцруулахад эсрэг санал өгсөн хүмүүсийн нэг нь Х.Баттулга. Харин Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа багт нь ажиллахаар болсон нь сонирхолтой шийдвэр санагдсан.
Таны гомдол тайлагдсан гэсэн үг үү?
-Нэг, хоёр үйлдлээр нь хүнийг үнэлж дүгнэх боломжгүй юм. Тухайн үеийн явдлыг нэг хүний үйлдэл гэж харахаасаа Монголын төрд хэн яаж нөлөөлж байна, жинхэнэ эзэн нь хэн бэ гэдгийг л олох нь зөв байсан. Өнөөдөр жинхэнэ эзэд нь илэрсэн. Л.Болд гишүүн саяхан “Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахгүй бол ийм хэрэгт холбогдуулна гэсэн дарамт шахалтад орсон” гэж ярьсан харагдсан. Энэ мэтийн олон шалтаг, шалтгаан байсан биз.
-Сэтгүүлч миний хувьд соёлын бодлогоос илүүтэй ирэх жилүүдэд төлөх гадаад өрүүд, эдийн засгийн хямрал л санаа зовоож байна.
Таны тэргүүлж байсан Засгийн газраас үүдэлтэй бондын төлбөрүүд манай улсыг дефольт зарлахад хүргэнэ гэх айдас гадуур байна?
-Бонд бол хадны мангаа биш. Монголчууд анх удаа элдэв тулгасан нөхцөлгүй, өөрсдийн бодлогоор зарцуулах мөнгө босгож, бүтээн байгуулалт хийсэн. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Зам, дэд бүтэц, эрчим хүчний салбарт сүүлийн 30-40 жил хийгээгүй бүтээн байгуулалт өрнүүлсний үр шимийг одоо бид нийтээрээ хүртээд амьдарч байна. Төсвийн үргүй зардлыг багасгаж, УИХ-ын гишүүдийн тойрогтоо улс төрийн зорилгоор ашиглаад дуусгадаг тэр их мөнгийг бид нийслэл хотынхоо дэд бүтцэд зарцуулсан.
Мөн эх орныхоо ихэнх төв суурин газрыг нийслэлтэй засмал замаар холбож чадсан. Орон даяар иргэдээ хямд өртөг бүхий орон сууцаар хангах ажлыг амжилттай хийж, 100-гаад мянган өрх тохилог орон сууцанд амьдардаг болсон. НӨАТ-ын цогц шинэчлэлийн үр дүнд улсын төсвийн орлого үнэмлэхүй ихээр нэмэгдэж байна. Харин энэ бүх бодит ажлыг улс төрийн зорилгоор хараар будаж, үгүйсгэсэн хүмүүс өнөөдөр засгийн эрхийг барьж байгаа.
Нүүрс, зэсийн үнийн өсөлтөөс орж ирсэн тэр их орлого одоо хаашаа орж байна вэ. Хувийн компаниудынхаа бизнесийг дэмжих нэрээр өөрсдөдөө концесс батлуулахаас өөр ямар ажил хийв. Гүүр, зам барина гэж тууз хайчлаад байвч тэднээсээ ядаж нэгийг барив уу. Өнгөрсөн сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялахын тулд худлаа амласнаас өөр юу хийв. Энэ мэт маш тодорхой, бүгдийн нүдэнд ил, олон асуудлыг ярьж болно.
Харин манай Засгийн газрын үед хийсэн бүтээн байгуулалтыг монголчууд нүдээрээ харж, гараараа барьсан. Ялгаа нь ердөө л энэ. МАН засаг барих үед улсын төсвийн орлого нэмэгддэг атлаа хаашаа орсон нь мэдэгдэхгүй халамж нэрээр алга болдог. Харин манай нам засаглаж буй үед мөнгө босгоод ч хамаагүй иргэдийнхээ төлөө ажиллаж, бүтээн байгуулалт хийсэн.
Одоо төрийн албыг арилжааны систем болгож, авлигыг хөөрөгдөж, мэргэжлийн биш, мөнгөний өрсөлдөөнөөр боловсон хүчнээ томилдог ужигарсан тогтолцооноос Монголын төр, засаг ангижрах цаг нь болсон.
-“60 тэрбум”-ын систем дан ганц МАН-ын асуудал гэж буй ч танай нам бас үүнийг хэрэгжүүлж байгаа. Сонгуулийн дараах намын шинэчлэл чинь ил цагаандаа гарсан мөнгөний өрсөлдөөн болсон?
-Манай намд өмнө нь ийм систем байгаагүй. Намайг энэ намыг зургаан жил удирдахад л лав мөнгөний өрсөлдөөн байгаагүй. АН олон намын нэгдэл учраас бүлэг фракцын бүтцийг ил хүлээн зөвшөөрдгийн хувьд боловсон хүчний давуу талыг нь харж, хэн нь хаана ажиллах вэ гэдгээ ярилцаж шийддэг байснаас биш мөнгөөр албан тушаал наймаалцдаггүй байсан.
Намын ажилд мөнгөний оролцоог дэвэргэж болохгүй гэдгийг манайхан МАН-ын “60 тэрбум”-ын асуудлаас ойлгомжтой харсан байх. Ярилцлагын эхэнд дурдсанчлан нийгэмд өрнөж буй сэтгэлгээний хувьсгалын суурь шалтгаан бол шударга бусын хямрал. Бид нийгмээрээ алдаагаа олж таньдаг, буруугаа жигшдэг болж байна. Үүнтэй уялдан манай нам дотоод олон асуудлаа шинэчилж, өөрчлөхөөс өөр аргагүй. Эс бөгөөс нийгмийн шахалтаар түрүүлж шинэчлэгдсэн нам л цаашдаа давуу талтай болно.
МАН хөл, толгойгоо олохгүй байсаар, манай нам буурин дээрээ шинэчлэгдэхгүй байсаар сонгуульд ялна гэдэг шиг үлгэр байхгүйг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цаг байгаа дээр нээлттэй болж, залуусаа дэмжиж, нэг хэсгээ шахах биш, чадалтайгаа урагш түлхэж намынхаа цонхоор салхи оруулж, бодлогоо алс төлөвлөж, эв нэгдлээ сахин бататгах байх гэж өнөөгийн намын удирдлагууддаа найдаж байгаа.
Бас шинэчлэгдье гэж байгаа бол янз бүрийн шалтгаанаар бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсээс АН салах хэрэгтэй. Сая л гэхэд нийслэлийн хуралд манай Э.Бат-Үүл “60 тэрбум”-ын талд ашигтайгаар оролцлоо. Хээрийн боохойтой нийлсэн хотны нохой хэцүү, үргэлж борвиноос зуудаг.
-Намынхаа өнөөгийн удирдлагад сэтгэл хангалуун бус байгаа бололтой. Шалтгаан нь юу вэ, намдаа гадуурхагдсан лидерийн гомдол уу?
-Гомдоллож, гоншгонох биш намаа хайрлаж, өмөөрдөг, хамгаалдаг намын гишүүний хувьд болж буйг нь урамшуулж, болохгүй байгааг нь хэлж шүүмжлэн залруулах нь миний үүрэг. Үзэл санаанаас илүү хөрөнгө мөнгө, үнэт зүйлсээс илүү бүлэг фракц гэдэг ойлголт байж болохгүй. Эрх баригч нам дотор өрнөж буй үйл явцаас бид сургамж авч алдаагаа засах хэрэгтэй.
Нийгмийн сэтгэлгээний өөрчлөлт манай намыг тойрохгүй нь мэдээж. Бүх гишүүний тэгш оролцоог хангасан засаглал бүрдэж, үнэт зүйл, үзэл санаагаа нэгдүгээрт эрэмбэлсэн үед л намын эв нэгдэл бий болно гэдэгт одоо эргэлзэх хэрэггүй. Эвтэй, үзэл санаа нэгтэй нам л улс орноо үсрэнгүй хөгжилд хүргэж чадна.
-УИХ-ын сонгуулийн дараа эхлүүлсэн АН-ын шинэчлэл бараг шувтарч байна уу. Намынхаа шинэчлэлийн асуудлаар хамгийн чанга дуугарсан хүн нь та. Гишүүд, дэмжигчдийн, бас таны хүссэн шинэчлэл хийгдэж чадсан уу?
-Юун шувтрах, шинэчлэл дөнгөж эхэлж байгаа. АН-ын шинэчлэл эхлэхэд би хоёр гараа өргөөд дэмжсэн. Намын даргын сунгаанд оролцож, олон сонгуульд дараалан ялагдсан гишүүдийнхээ сэтгэл санааг өргөхөд нэмэр болъё гээд шинэчлэлийн төлөө ажилласан. Гэвч намын маань шинэчлэл миний бодож, төсөөлснөөс өөрөөр явж байна. Миний бодлоос гадна олон мянган гишүүн, дэмжигчийн хүлээлтээс өөр болсон.
Би хоёр зүйлд сэтгэл гонсгор байгаа. Нэгдүгээрт, мөнгө их ярьж байна. Мөнгө төгрөгөөс илүү сэтгэл зүтгэл чухал. Дарга болохын тулд мөнгө төлөх нь сайн зүйл биш. Хоёр дахь нь, улсын хэмжээний сонгуульд МАН-ын хийдэг хулгай, луйвар манай дотоод сонгууль руу орж ирлээ. Шударга ёсыг улс төрийн намууд дотооддоо тогтоож байж улс орны хэмжээнд энэ тухай ярина.
МАН-д шударга ёс байхгүй болсон учраас өнөөдөр ингэж баларч байна. АН шинэчлэлийг эхлүүлсэн ч алдаагаа засах хэрэгтэй, С.Эрдэнэ дарга.
-Одоо АН доторх уур амьсгал ямархуу байгаа вэ. Булаацалдах эрх мэдэлгүй болохоор нам жим байна уу?
-АН Монголын нийгэмд дандаа шинэ, шинэлэг зүйлийг түүчээлдэг. Айж хулчийж юу ч хийхгүй сууснаас алдаа, оноо дагуулаад ч болов шинэлэг юм сэдэж, гаргасан алдаагаа засаад явах нь дээр.
-Улс төрийн намууд, улстөрчид төлөвшөөгүй байна, улс орноо, иргэдээ боддог хүн төрд алга, өөрсдөө л авах идэхийн дон тусчээ гэсэн шүүмжлэл яваандаа гуравдагч хүчнийг хүсэх хандлага болон хувирч байна. Энэ юунд хүргэх бол?
-Хэнд чинь ч итгэх арга алга гэж иргэдийн хэлж байгаа нь үнэн. Намууд үүндээ дүгнэлт хийж, буруу зөрүү явж байгаагаа засах хэрэгтэй. Засаж чаддаггүй юм бол иргэдийн итгэлийг алдаж, дургүйг хүргэсэн хүмүүсээ намаасаа зайлуулах ёстой. Бусад оронд бол зайлуулна гэхээсээ илүү буруутнууд нь өөрсдөө явдаг тогтолцоотой юм билээ. Манайхан л чаргууцалдаад байх юм.
Нөгөө нүд, чих болох ёстой хууль хяналтын байгууллагыг шударга бусын хонгилын бүтэц болгочихоор яалтай ч билээ. Хамгийн аймшигтай нь нам дамнасан бүлэглэл хуулийг хүссэнээрээ өөрчилж, эрх мэдлийг өөртөө авдаг жишиг бүүр тогтчихсон. Дээд шүүхийг хар л даа. Өөрийн хүнийг ерөнхий шүүгчээр ажиллуулахын тулд ҮХЦ-д өргөдөл өгч, хууль өөрчиллөө. Энэ ерөнхий шүүгч нь С.Зоригийн хэргийн шүүх хурлыг даргалж, хаалттайгаар шийдсэн.
АТГ-ын дарга хугацаанаасаа өмнө өөрөө өргөдлөө өгөөд явж буй нь бас л дээрх бүлэглэлийн хийж буй ажил. “Дараачийн Ерөнхийлөгч гарч ирээд хэнийг ч тавих юм билээ. Түүнээс өрсөөд өөрийн хүнээ зургаан жилээр тавьдаг хэрэг” гэсээр өргөдлийг нь өгүүлснийг тааж ядах юмгүй. Хугацаанаасаа өмнө өргөдлөө өгсөн АТГ-ын дарга үүнийхээ хөлсөнд тун удалгүй генерал цолоор шагнуулж байгаа юм.
Хоёр Э маань мөнгө, албан тушаал, цол хэргэмийг хонгилын бүрэлдэхүүндээ найр тавин өгдөг болсон. Ингэж л Монголын төрөөр, шударга ёсоор тоглож байна. Гэхдээ энэ бүхэн одоо өөрчлөгдөх байх. Ялангуяа МАН-д зөв юм ярьж буй тэр хэсэг тууштай байвал шүү дээ. Төрийн албыг 60 тэрбумаар заръя, газрын доорх баялгийг хувааж авъя гэх мэтийн зүйл хийж, Монголын төрийг буруу замаар явуулсан бүлэглэл засгийн эрхэнд дахин гарвал хэсэг хугацааны дараа Засгийн газар нь дахиад л өнхөрнө.
Энэ бол цаг хугацааны л асуудал. Дахиад жаахан хугацаа өнгөрөхөд эднээс ямар шившгийн юм илрэхийг хэн мэдэх вэ. Хамгийн наад зах нь албан тушаалтнуудын ёс зүй. Иргэд оройн хоолоо яах вэ, яаж хэдэн хүүхдээ өлсгөхгүй байх тухай бодож байхад албан тушаалтнууд цуглаад нэг оройд 50-60 сая төгрөгөөр покер тоглочихдогоо л болих хэрэгтэй.
-Та АТГ, хуулийн байгууллагад нэлээд ээрэгдсэн. Тэр асуудлууд сонгуультай хамт ард үлдсэн үү?
-Намайг улс төрийн нөхцөл байдлаас болж л татаж чангаадаг юм. Надад хийсэн хэрэг байхгүй, Ц.Элбэгдорж нарын хууль бус үйлдлүүд хэрээс хэтрэхээр нь л түүнийг нь хэлсэн. Бас Ерөнхийлөгчид нэр дэвшиж энэ бүх хууль бустай тэмцэхээ зарласан. Энэ л намайг хүчний байгууллага, АТГ-т дуудах шалтгаан болсон.
Дээхнэ үед эх орныхоо төлөө дуугарлаа гээд буудчихдаг байсан бол одоо хэрэг үүсгэж, дарамталдаг болсон юм билээ. Эхнэр хүүхэд, ах дүү, хамаатан садан, найз нөхөр бүгдийг нь дарамталж, залхаадаг. Энэ бол хүсэл эрмэлзэл, сэтгэл санааг нь тарчлаан зовоох хоёр Э-гийн есөн эрүү шүү дээ.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар нэлээд шаргуу ажиллаж байна. Энэ талаар сонирхож үзэв үү?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж засах юм бий. Гэхдээ нэг нам дангаараа 65 суудалтай байхад Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Энэ бол Монгол Улсын хувьд, ардчилсан Үндсэн хуулийн хувьд маш том эрсдэл. Тийм учраас ажлын хэсгийнхэнд хурдаа хасаж, тоормосоо татаач гэж хэлсэн.
Өнгөрсөн дөрвөн жилд УИХ дахь хүчний харьцаа харьцангуй тэнцвэртэй байхад Үндсэн хууль өөрчлөх асуудал яригдахад МАН-ын дарга М.Энхболд “Төр, засгийн энэ эмгэнэлтэй байдал Үндсэн хуулийн биш, АН-ынхны хоорондоо толхилцдогийн буруу. Үндсэн хуульд гар хүрэх шаардлага одоохондоо байхгүй” гэж байсан. Гэтэл өнөөдөр яагаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж дайраад, “түүхий” төсөл барьж, орон нутгаар баахан хүн цуглуулж, жүжиг тавиад яваа юм бэ, энэ буруу шүү дээ.
-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасах заалтууд байгаа болохоор та ингэж хэлж байна уу?
-Өмнө нь ярьж байсан болохоор би тэгж хардахгүй байгаа. Түүнээс биш “М.Энхболд ялагдаж, Х.Баттулга гарсан чинь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булааж авах гэж байна” гэж захын хүн ярина. Өөрсдийнх нь хүсээгүй Ерөнхийлөгч гараад ирэхээр хурдаа нэмсэн нь ч үнэн.
-Ярилцсанд баярлалаа.