Манай сурвалжлагч Ц.Болормаа АНУ-аас мэдээлж байна
АНУ-ын нийслэл Вашингтонд Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн жилийн уулзалт эхэллээ. ОУВС-гийн гишүүн 189 орны Сангийн сайд, Төвбанкны удирдлага, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөлөл оролцдог уг уулзалт энэ сарын 10-15 хүртэл үргэлжлэх юм. Дэлхийн эдийн засгийн төлөв, улс орнуудын санхүүгийн тогтолцоо, тогтвортой байдал, ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээг хамран ярилцдаг энэхүү уулзалтын үеэр олон хэлэлцүүлэг болж буй. Уулзалтын эхэнд ОУВС “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайлангаа (Монголын цагаар аравдугаар сарын 10-ны 22 цагт) танилцуулав.
Монгол Улсын эдийн засаг энэ онд хоёр, ирэх жил 2.5 хувиар өснө гэж ОУВС-гийнхан тооцоолсныг дээрх тайланд тэмдэглэжээ. Мөн 2022 онд манай ДНБ-ийг 8.2 хувиар тэлнэ гэж таамагласан байв. Тэгвэл хэрэглээний үнийн индекс энэ онд 4.4, 2018 онд зургаа, 2022 онд 6.5 хувьд хүрнэ гэжээ. Байгалийн баялгийн экспортоос ихээхэн хамаарал бүхий эдийн засагтай манай улсын хувьд түүхий эдийн ханш ирэх онд буурах магадлалтай гэсэн таагүй мэдээ байна. Тухайлбал, Олон улсын валютын сангийн металлын үнийн индекс энэ оны хоёрдугаар хагаст өсөхөөр байгаа бол ирэх жил бага зэрэг буурах таамаг бий аж. Өмнөх онд баррель газрын тос дунджаар
43 ам.долларын үнэтэй байсан бол энэ жил 50.3 “ногоон”-д хүрэх төсөөлөл гаргажээ. (Гэхдээ өнгөрсөн дөрөвдүгээр сард “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланг танилцуулахад дээрх тоог 55.2 ам.долларт хүрч магадгүй байна гэж ОУВС-гийнхан мэдэгдэж байв)
“Эдийн засгийн эмч” гэж тодотгож болох ОУВС-гийн таамаглаж буйгаар дэлхийн эдийн засаг энэ онд 3.6 хувиар өсөх нь. Тэгвэл ирэх жил дээрх тоо ялимгүй дээшилж, 3.7 хувьд хүрнэ гэж тооцсоныг тус сангийн ахлах эдийн засагч Маурис Обстфелд хэвлэлийн хурлын үеэр дуулгалаа. Энэ нь өмнөх таамаглалаасаа аль алиныг нь 0.1 хувиар өсгөсөн үзүүлэлт юм. Тус сангийнхан БНХАУ-ын эдийн засгийг энэ онд 6.8 хувиар тэлнэ хэмээн тооцсон бол 2018 онд 6.5 хувь болно гэж үзжээ. Энэ нь долдугаар сард гаргаж байсан төлөвөөс тус бүр 0.1 хувиар давсан үзүүлэлт болов. Хойд хөршийн ДНБ-ийг энэ болон ирэх онд 2.1, 2022 онд 2.4 хувиар өснө
гэж тэд үзэж байна. Ер нь ОУВС-гийнхан энэ удаа өөдрөг төсөөлөл гаргасныг шинжээчид дүгнэж буй. Гэвч богино хугацаанд улс орнуудын эдийн засаг сэргэхээр байгаа ч урт хугацаанд хүндхэн сорилтууд тулгарахыг сануулж буй юм.
Дашрамд дурдахад, Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийг энэ онд дөрөв, Дэлхийн банк 2.8 хувиар өснө хэмээн таамагласан билээ. Дэлхийн банк, ОУВС-гийн жилийн уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханаар ахлуулсан ажлын хэсгийн төлөөлөл оролцож буй юм. Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа болон сайдын зөвлөх оролцоно гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, уулзалтад Монгол Улсын Сангийн сайд оролцохгүй гэсэн үг. Энэ жилийн уулзалтад нийт 13 000 орчим хүн цуглах төлөвтэй байгааг зохион байгуулагчид мэдээлж буй.