Жилийн жилд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээнүүд Нобелийн шагналын эзнээр хэн тодрохыг таахыг оролддог. Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналд Японы зохиолч Мүраками, Сирийн яруу найрагч Адонисын нэр гарсан. Өнгөрсөн жил Боб Диланыг хэн ч урьдчилан таагаагүй шиг энэ онд Казүо Ишигүрог шалгарна чинээ хэн ч санаагүй. Япон гаралтай Британийн зохиолч болох энэ хүн орчин үеийн утга зохиолын томоохон төлөөлөгч гэдэгт хэн ч эргэлзэхгүй аж. Өнгөрсөн оны шагнал хүртэж, олны гайхлыг төрүүлсэн, хөгжимчин Боб Диланаас ялгаатай нь Нобелийн хорооны энэ удаагийн сонголттой маргах хүн үгүй биз. К.Ишигүрог Шведийн академийн байнгын нарийн бичгийн дарга Сара Даниус үгийн агуу зураач гээд, Жейн Остин, Франц Кафка нартай зүйрлэжээ. Казүо Ишигүрогийн романуудыг 40 хэлнээ орчуулаад байна.
Сэтгэл хөдлөлийн асар их хүчийг дүрсэлсэн романууддаа ертөнцтэй холбоотой хоосон мэдрэмжийн цаана нуугдах ёроолгүй ангалыг нээснийх нь төлөө түүнийг шагнасан гэж Нобелийн хорооны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Бүр энгийнээр томьёолбол түүний найман романыг нэгтгэсэн гол сэдэв нь ой санамж. К.Ишигүрогийн зохиолын баатрууд хагацал, өнгөрснөө ухамсарласан болон хүнд хэцүү дурсамжуудтайгаа тэмцдэг. Нобелийн шагналтны номуудад дэлхийн II дайны үйл явдал, фашизмын эх үүсвэрүүд онцгой байр суурь эзэлдэг аж.
Романууддаа төрөлх Япон орныхоо тухай өгүүлдэг ч Ишигүрог ХХ зууны Их Британийн хамгийн алдартай зохиолч гэдэг. Таван настайгаасаа Их Британид амьдарч буй тэрбээр англи хэлийг төгс эзэмшсэн нь мэдээж. Түүний хамгийн алдартай “Намайг бүү явуул” ном нь “Time” сэтгүүлээс шалгаруулдаг, Их Британийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 романы жагсаалтад багтдаг. Харин дэлхийн II дайны өмнөх Британийн нийгмийн уламжлал, нас дээр гарсан, ордны зарцын дурсамжийн тухай “Өдрийн үлдсэн хэсэг” роман нь тус улсын оны шилдэг зохиолд олгодог Букерийн шагнал хүртжээ. Энэ зохиолоор бүтээсэн ижил нэртэй кинонд Холливудын алдарт жүжигчин Энтони Хопкинс, Эмма Томпсон нар гол дүр бүтээсэн юм. Уг кино нь “Оскар”-ын шагналын найман төрөлд нэр дэвшиж байжээ.
Казүо Ишигүрогийн бүтээлүүд нь тодорхой төрөлд хамааруулж болдоггүйгээрээ онцлогтой. Эхний хоёр роман болох “Толгодын будан дундах тэр газар” (13 хэлнээ орчуулсан), “Тогтворгүй ертөнцийн зураач”-д дэлхийн II дайн, тухайлбал, Нагасаки, Хирошимаг бөмбөгдсөн үйл явдлыг өгүүлсэн тул түүхэн гэгддэг. Гэвч баатруудаа түүхэн үйл явдлын хүрээнээс гаргахгүйгээр өнгөрсөн эмгэнэлт явдлын хэрээр амсаж буй зовлон шаналал, харилцааг дүрсэлжээ. Сэтгэцийн эмгэгтэйгээ тэмцэхийг оролдож буй хүмүүс гол нь болохоос үйл явдлыг чухалчлаагүй аж.
1930-аад онд үйл явдал нь өрнөдөг “Биднийг өнчин байхад” зохиол нь детектив роман шиг. Эцэг, эхээ хайж, Лондоноос Шанхайд очиж буй хувийн мөрдөгчийн тухай түүх. Үнэндээ К.Ишигүро детектив роман хэлбэрээр егөөдсөн ч бусдын ой санамжийн эд эсэд уншигчийг оруулдаг арга барилаараа л бичжээ.
Түүний “Намайг битгий явуулаач” роман нь шинжлэх ухааны зөгнөлт зохиол ч, хайр сэтгэл, нөхөрлөлийн тухай түүх болно. Харин зохиолчийн ярьснаар эл ном нь хүний амьдралыг нийгмийн тэгш бус байдлын сөрөг жишээ, нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэйгээ эвлэрэх мэттэй зүйрлэжээ. Энэ бүтээл 2005 оны Букерийн шагналд нэр дэвшсэн бөгөөд 2010 онд бүтээсэн ижил нэртэй кинонд Холливудын алдарт жүжигчин Кира Найтли, Эндрю Гарфилд нар тоглосон билээ.
“Булшлагдсан үлэмж биетэн” романы үйл явдал бритт, саксуудын хооронд ширүүн дайн өрнөж байсан дундад зууны Англид өрнөдөг. Ийм үйл явдлын дундуур настай хоёр хөгшин хүүгээ хайн замд гарна. Уран зөгнөл, туульсын элементүүд орсон ч Ишигүро өнөө л ой санамж, мартаж санахын тухай энэ бүтээлдээ өгүүлжээ.
1980-аад оноос эхэлсэн богино өгүүллэгийн цуглуулгаа 2009 онд “Ноктюрнүүд: Шөнөтэй золгосон ба хөгжмийн таван түүх” нэртэйгээр хэвлүүлсэн байна. Нэрээс нь үзэхэд эл түүх хөгжмийг нэгтгэжээ. Гитарчин, саксофончин, хийлчин болон поп дуучдын тухай өгүүлсэн аж. Арга ч үгүй биз, Ишигүро дууны үг зохиогч гэдгээрээ ч алдартай нэгэн юм.
Казүо Ишигүро 1954 оны арваннэгдүгээр сарын 8-нд Японы Нагасаки хотод далай судлаачийн гэр бүлд (ээж нь 1945 оны атомын бөмбөгдөлтөд өртсөн) мэндэлжээ. Аав нь Саутгемптон хот дахь Үндэсний далай судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан болсны дараа 1960 онд тэднийх Их Британи руу цагаачилсан аж. 1966-1973 онд хөвгүүдийн гимназад сурчээ. Дунд сургуулиа төгсөөд хөгжимчин болохыг мөрөөдөж, АНУ, Канадаар аялан, клубүүдэд тоглож, дуу бичлэгээ продюсерүүдэд илгээж байв. 1974 онд Кентийн их сургуульд англи хэл, гүн ухаан судалж, 1978 онд бакалавр, 1980 онд Зүүн Английн их сургуульд урлагийн магистрын зэрэг хамгаалжээ. 1982 онд тэрбээр Их Британийн харьяат болсон байна.
Ярьснаас нь үзвэл түүнийг зохиолч болоход Толстой, Чехов, Жойс, Фицжеральд, Фолкнер, Хемингуэйн бүтээлүүд их нөлөөлсөн гэнэ.
1981 онд залуу зохиолчдын эмхтгэлд гурван богино өгүүллэг нь нийтлэгджээ. Их сургууль төгссөнийхөө дараа орон гэргүй хүмүүст тусалдаг буяны байгууллагад ажилласан юм. 1983 онд утга зохиолын ертөнцийн хамгийн нэр хүндтэй хэвлэлүүдийн нэг болох “Granta” сэтгүүлээс гаргасан Их Британийн шилдэг залуу 20 зохиолчийн нэрсийн жагсаалт (10 жил тутамд гаргадаг)-д К.Ишигүрогийн бичигдэв. Тэрбээр Их Британийн Хатан хааны утга зохиолын нийгэмлэгийн гишүүн бөгөөд 1995 онд Их Британийн хаант улсын одонгоор шагнуулжээ. Харин 2017 оны аравдугаар сарын 5-нд Нобелийн утга зохиолын шагналын эзнээр тодорсон.
1986 онд Лорн Макдугаллтай гэр бүл болж, Наоми гэдэг охинтой болсон юм. Тэд Лондонд амьдардаг.
“ГОЛ СЭДЭВ НЬ ӨӨРИЙГӨӨ ХУУРАХ”
Шүүмжлэгчдийн тэмдэглэснээр энэ удаагийн сонголт хэлэлцэхэд сонирхолтой, гэхдээ нэр хүндтэй шагнал олгосон гэдэг утгаар биш, тодорхой зүйл хөндөн ярих боломж олгож буйгаараа онцлог. Сүүлийн үед улс төрийн ямар нэг шүүлт шалгуураар бус, утга зохиолын чиглэлээр шагнал олгосныг санахад бэрх. Чухам иймийн учир үнэхээр баярламаар үйл явдал боллоо. Зөвхөн “Намайг бүү явуулаач” зохиолыг нь уншихад л энэ үнэхээр ховор зохиолч, дотоод ертөнц, сэтгэл хөдлөлийн гүнд орох замаар хүнийг нээх нэг тийм шинэ зүйлийг утга зохиолд бий болгосон нэгэн гэдгийг харж болох аж.
Нэг ярилцлагадаа К.Ишигүро хэлэхдээ “Хүний тархин доторх дүрслэл л сонирхлыг нь татдаг” гэжээ. Түүний бүтээлүүд дэх нөхцөл байдлын дүрслэлд амьдрал бидний ухамсрын дүрслэлтэй сүлэлдэж, хил зааг үгүй болж, ил тод харж болохоор болдог. Хөндлөнгөөс ажиглаж байгаа хүний хувьд бидний дотоод амьдралын түвшин тусгаар, нууцлаг байдаг бол К.Ишигүрогийн бүтээлүүдэд та өөрийгөө баатруудынх нь дотоод ертөнцтэй харьцуулж болохоор байдаг.
Түүний шүлэг Ф.М.Достоевскийнхтой бараг адил гэнэ.
Япондоо зургаан жил амьдарсан, япон хүн байхыг чухалчилдаг түүний номыг “маш тайван” хэмээн тодорхойлдог. Гаднаас нь харахад их тайван, бүхнээ дотроо нуусан ч тэр нь өчүүхэн жижиг зүйлээр илэрдэг хүний тухай номууд бол түүний бүтээл.
Казүо Ишигүрогийн гол сэдэв нь зарчмын хувьд өөрийгөө хуурах юм. Тэрбээр ямар ч хариулт өгдөггүй, шийдвэр гаргахыг ч санал болгодоггүй. Гэхдээ энэ асуудлыг зүйрлэл ашиглан оновчтой илэрхийлдэг байна.