Гэр бүлийн ой санамжтангууд (200 жилээс дотогш) дандаа төөрнө.
Үндсэн ой санамжтангууд (2200 жилээс дээш) дандаа хожно.
С.Сэргэлэн.
Миний бие 10 настай байхад эмээ надад манайх бээлийн хошуу, зүүн тал бэйс, баруун тал засгийн хошуу гэж заав. Надад засгийн хошуу таалагдсан тул манайх засгийн хошуу болно гэж эмээтэйгээ ам мурийв. Хүн хошуугаа сонгодоггүй, хошуугаараа тамгалагдаж төрдгийг хожим ухаарлаа.
Би хуучнаар Элдэнбээлийн хошууны хүү болно. Манай нутгийн өвгөд Манжийн (200 жилийн доторх) үеийн домог их хуучилна. Манай нутагт орших Орхон балыг (өнөөгийн нэршил нь орд балыг буюу хамгийн багаар 1400 жилийн өмнөх) 100-гаад мянган хүн амьдарч байсан том хотын тухай нутгийн өвгөдийн ой санамж балархай байна. Орхон голын сав газар, хөшөө цайдамд Билгэхааны бичээс бий.
Энэ тухай нутгийн өвгөд өгүүлдэггүй. Үеийн үеээс хурал тахилгын төв болох Лүн толгойныхоо тухай бид бас мэдэхгүй байна. Дундчууд (Дундад улсынхан), еврейчүүд үндсэн ой санамжаа хадгалсан тул тэдэнд ийм бэрхшээл үгүй. Үндсэн ой санамжаас гэр бүлийн ой санамж тасарчээ. Гэр бүлийн ой санамж 200 жилийн дотор, үндсэн ой санамж 2200 жилээс дээш байна.
ХЭЗЭЭ МАНАЙ ОЙ САНАМЖ БҮТЭН БАЙВ
Гэр бүлийн ой санамжийг аман яриагаар өвлүүлдэг. Үндсэн ой санамжийг бичгээр өвлүүлдэг. НТӨ II зуунд бид анх бичиг үсэгтэй болсон.
НТӨ II зуун. Түүхэн тэмдэглэл, Хүннүгийн шастир Сыма Цянь:
Чүнвэйгээс Түмэн хүртэл он тоо мянга гаруйгаар ахижээ. Модун хүрээд хүннү урьд байгаагүйгээр хүчирхэг болов. Илээ (улсаа) 24 аймагт хуваав. Хорин дөрвөн аймгийг Модуны угш нар удирдах болов. Ван, түшмэд нь үе залгамжилна. Газар нутаг наран мандах өнөөгийн Хянганаас цааш, Наран голлох Түмэдийн тал Бор тохой, наран шингэх Шинжаан Уйгарын нутаг, Алтай, шөнө голлох ойс нутаг буюу Байгаль нуур. ( дөхөм хөрвүүлэг)
Цаг он сарын шинээр түшмэлүүд Шаньюгийн ордонд хуран бага найр хийж, тахилга үйлдэнэ. Цаг оны тавдугаар сард (Цагаан сар дээр нэмэх таван сар буюу наадмын үе) Лүн хотод хуран их найр хийж, дээдэс, тэнгэр, газар, навдаг савдгийг тахина. Намар адуу таргалваас Дайлинд их найр хийж, хүн, адуу малаа бүртгэнэ. Тэдний ёс (хууль) нь ойлгомжтой буюу биелэгдэхүйц, Шанью бидэнтэй (иргэдтэй ) харилцаа энгийн (хүнд суртахуунгүй) болбоос Шанью Илийг (Улсыг) биеэ удирдаж байгаа юм шиг удирдана.
II зуун эхэн буюу Хан улсын сүүл үе. Гурван улсын ойллого. Вэй улсын бичиг Уван, Сянби, зүүн И–ийн шастир. 30 дугаар бүлэг Чэн Шоу.
“Та Дун нь дайн тулалдаанд гарамгай аж. Хилийн хөгшчүүлд түүнийг Моду лугаа адилтган өгүүлнэ”. Модунаас хойш он тооллого 400 орчмоор ахижээ. Модунтай адилтгах Шанью-хаан гараагүй тул Та Дунийг Моду лугаа адил гэв. (Ой санамж тасраагүй үе).
VII зуун. Билгэ хааны бичээс:
Узай (эртний) ачум (ачит) абам (аавм) Буман хаан ёс итмэй (болгомүй) хаан. Өдгөө хэлээр: Эртний ачит аав минь Буман хаан, ёс болгомуй хаан. Буман гэдэг нь зуун мянга буюу дөрвөн буман цэргээр Модун хан улсын Гао дийг (хааныг) бүсэлсэн. дөрвөн буман цэрэг зассан өөр түүх байхгүй. Ёс итмуй гэдэг нь Модуны урласан ёс (хууль), 24 угш. Ачит аав гэдгээр бид хүүд нь байна гэж Билгэ хаан өгүүлнэ. (Буман хаан Модун болох талаар дэлгэрэнгүйг хожим, одоо зөвхөн голыг нь хүргэе)
Аавын төр үүсэн тоот барьсан, аду барьсан. Тоот барьсан, адуу барьсан- намар хүннүчүүд хүн малаа бүртгэдэг гэдэгтэй яг таарч байна. (Ой санамж тасраагүй үе).
Хэрэв Билгэ хаан хадан дээр аавын төр үүссэн... гэсэн үгийг бидэнд сийлээгүй бол мань хэзээ ч Чингис хааны дараах өгүүлэлийн утгыг билрэхгүй байсан.
XIII зуун Цончин Бумбыг залах Чингис хааны зарлигаас “Chuo geng lu” буюу “Тариалах зуурын тэмдэглэл” номондоо Тао Жонг Уй ишлэл буулгажээ.
Тэнгэр илбэрлээр (
Ил барьсаар = улс өгсөнөөр) эрхэм хүндийг олов. Өмнөөшөө Чао Сун улс хүрнэ, барууншаа Хуй хэ-тай хиллэнэ. Зүүншээ Ша Ши И бүгдийг харьяат болгов. Тайлбар: урагшаа Сүн улс. Барууншаа Уйгур буюу өнөөгийн Шинжаан, Зүүншээ Солонгос.
Бодохоор манай шаньюйгийн төрд 1000 жил 100 үеээс нааш ийм юм болоогүй ажээ.
Чингис хааны өгүүлэлийн утга: Чингис хаан өвөг Модун шаньюгийн газар нутгаар өөрийн эзэмшил газар нутгаа хэмжээлэв. (Билгэ хаан уг газрыг өөрийн бичээсэндээ яг ингэж хэмжээлэв). Эзэн Чингис өөрийн харьяат Дундад Азийн нутгийг огт дурдсангүй нь манай ёсонд оршино. Үндсэн ёс: Өвгөөсөө хэзээ ч илүүрхэхгүй.
Чингис хаан 1000 жил 100 үе байсан бүх Ил (улс) Шаньюгийн төр гэдгийг маш сайн билэрсэн бөгөөд Сяньби, Жужаан, Түрэг, Уйгур бүгд Шаньюгийн угш гэж тунхагласан. Шаньюгаас 1000 жил 100 үе нааш Ил солигдож байснаас төр солигдоогүй тухай Чингис хаан өгүүлж байна. Манай Шаньюгийн төрд гэснээр Төрийн эзэн Модун Шанью болно. Их Улсын эзэн Чингис хаан өөрөө болно. (Ой санамж тасраагүй).
Уншигч танд арваннэгдүгээр сарын нийтлэлээр хадны бичээс Нууц товчоо хоёр нэг хэлээр бичигдсэн тухай, Нууц товчоо одоо бичгээр огт харагдахгүй тухай, хожуу уйгуржинаар 25 хувь орчим, ууган бичгээр угаараа бүтэн харагдах тухай өгүүлнэ. Үүгээр Эзэн Чингисийн хэлсэн үгс батлагдана.
Бид “ малгай сольж байснаас биш толгой солиогүй.” Орхон, Сэлэнгэ, Туулын сав газартаа хаанаас ч ирээгүй хашаа ч яваагүй гэдэгт уншигч та эргэлзэхгүй биз ээ.
XIII зуун. Өгөөдэй хаан нэг талдаа Хүннү нөгөө талдаа ханз бичигтэй Уйгар Бух хааны бичээсийг уншуулсан (the History of the World- conqueror by Ala-ad-Din Ata-Malik Juvaini ). Хүннү бичгийг унших эрдэмтэн байсангүй. Харин Хятадаас авчруулсан хүн ханзыг уншихад Жүвейни дэргэд нь байв. Уг бичээс уйгур бидний түүхийг, яаж Бух Тээхэн хаан болсныг, унтаж буй Бух хааны тооноор нь дагина бууж ирсэнийг өгүүлнэ. Жувейнигийн дэргэд байсан нэг нь тооноор дагина бууж ирэхийг уншсан гэж хэлсэн нь намайг цочоов. Зургаан зуун жилийн өмнөх хааныхаа тухай XIII зууны монголчууд уншиж байжээ.
Өвөг хаадын үлдээсэн дурсгалуудыг буулгадгүй үндсэн ёсыг Өгөөдэй хаан дээдэлжээ. Манай өвөг дээдэс бид нар шиг мөчөөрөө таслуулсан, таслагдсан түүхтэй байгаагүй байжээ.
ДҮГНЭЛТ: Монголчууд бид гэр бүлийн ой санамжтайгаа байгаад байвал 2517 оны манай угш бидний талаар ингэж бичих байх. Бнмау улсын хаан Ю.Цэдэнбал байжээ. Му улсын хаан Х.Баттулга байжээ. 1990 оноор бнмаучуудыг муучууд үлтиг болгожээ ( сөнөөжээ). Шинжилгээгээр бнмаучууд славян гентэй, муучууд эвенки гентэй байжээ. Тэдний хэл яриа адилгүй. Манай судлаачдын тогтоосноор бнма бол чимэг, У бол улсын нэр. У Ю болсон. Ю Цэдэнбал гэдэг нь Ю улсын хаан Цэдэнбал болно. Муу улсын нэрийг манай судлаачид 100 хувийн саналаар Мөгө гэж зөв сэргээв. Мартагдсан Ю, Мөгө улсын талаар мэдээлсэн Их Улаанбаатар улсын Түүх, археологи, хэл судлалын хүрээлэн. Эрхлэгч Чул. 2517 он.
Ийм түүх үлдээхгүйн тулд ийм түүхтэй байж болохгүй. Гэр бүлийн ой санамж дандаа салгана Үндсэн ой санамж дандаа баглана.
Нэмэлт тайлбарыг Sergelen international expedition фэйсбүүк хуудаснаас авна уу. Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн. (Сэргэлэн интернэйшнл экспедишн)
ДАРААГИЙН НИЙТЛЭЛЭЭР ҮНДСЭН ОЙ САНАМЖ ХЭЗЭЭ ТАСАРСАН ТУХАЙ ӨГҮҮЛНЭ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Sergelen international expedition