Жирэмслэхээс хамгаалах эм хэрэглээнд нэвтэрснээр нийгэмд гарах эерэг, сөрөг үр дагавар маргаангүй их. Үүнд ч уг бэлдмэлийн жинхэнэ зориулалт оршиж буй. Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбоог үүсгэн байгуулагч Маргарет Сэнгер өнгөрсөн зууны эхээр л жирэмслэхээс хамгаалах эм бий болгохыг эрдэмтдээс хүсэж байв.
Ингэхдээ юуны түрүүнд эмэгтэйчүүдийг нийгэмд эзэлсэн бат бөх байр суурьтай болж, тэднийг эрэгтэйчүүдтэй аль болох л эрх тэгш байлгахыг эрмэлзсэн биз. Гэхдээ ийм эм зөвхөн нийгмийн төдийгүй эдийн засгийн хувьсгал хийж, ХХ зууны эцсээр хөгжингүй орнуудын нийгэм, эдийн засагт эрс өөрчлөлт гарахад хүргэсэн байж болох юм. Үүнийг ойлгохын тулд эхлээд ямар эм санал болгосныг мэдэх хэрэгтэй байх.
ШИЙДВЭР ГАРГАХ ЭРХ ЧӨЛӨӨ
Хүртээмжтэй бусад хэрэгслээс ялгаатай нь нэгдүгээрт, уг эм жирэмслэхээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй зүйл байв. Олон зууны турш нууц амрагууд хүүхэд олохоос хамгаалахын тулд юу эсийг туршсан билээ. Эртний Египетэд матрын баас хэрэглэдэг байсан бол Аристотель самрын тос, дараа нь хэн нэг нь тал нимбэг санал болгожээ. Илүү орчин үеийн бөгөөд өргөн хэрэглэгддэг бэлгэвч 100 хувийн баталгаа өгдөггүй гэдэг.
Учир нь хүмүүс үүнийг зааврын дагуу ашигладаггүй гэнэ. Тиймээс бэлгэвч хэрэглэсэн 100 эмэгтэйн 18 нь бие давхар болдог аж. Тэгвэл эмийг зөв хэрэглэвэл алдах магадлал нь ердөө зургаан хувь төдийгүй бэлгэвчнээс гурав дахин найдвартай гэнэ. Зааврыг чанд сахивал эмийн алдах магадлал 20 дахин буурдаг аж.
ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬСГАЛ
Жирэмслэхээс хамгаалах эм гарахаас өмнө хэрэглэдэг байсан бэлгэвчүүд маргаан, үл ойлголцол, бүр таагүй байдал үүсгэдэг байжээ. Харин эм ууснаар эмэгтэйчүүд бие даан шийдвэр гаргадаг болов. Эмийг бусдад мэдэгдэлгүйгээр ууж болдог тул хүүхэд олох, эсэхийг шийдэх нь эмэгтэйчүүдийн хувийн асуудал болсон аж. Анхны эмийг 1960 онд АНУ-д хэрэглэхээр баталжээ.
Таван жилийн дараа тус улсын гэрлэсэн эмэгтэйчүүдийн бараг тал хувь нь төрөлтөө хянах хэрэгсэл болгон үүнийг ашигладаг болж. Харин нөхөрт гараагүй эмэгтэйчүүд жирэмслэхээс хамгаалах эм уух боломжтой болсон нь жинхэнэ хувьсгал болсон гэнэ. Ийм эмийг хэрэглээнд оруулахыг зөвшөөрснөөс хойш 10 жилийн дараа буюу 1970-аад оны эхээр Америкийн муж улсууд нөхөргүй эмэгтэйчүүдэд үүнийг худалдаж эхэлжээ.
Их сургуулиудад гэр бүл төлөвлөлтийн төвүүд нээгдэв. 1970-аад оны дундуур уг эм 18-19 насны бүсгүйчүүдийн дунд хүүхэд олохоос хамгаалах хамгийн эрэлттэй хэрэгсэл болжээ. Тэд эрт, тохиолдлоор жирэмслэхээ больсноор эдийн засагт жинхэнэ хувьсгал эхэлсэн аж. Хүүхдэд дарагдаагүй залуу эмэгтэйчүүд эрдэмд шамдах болов.
Тэд хууль, анагаах ухаан, шүд, бизнесийн удирдлага гээд зөвхөн эрэгтэйчүүдийнх гэгддэг байсан шинжлэх ухааныг судлах болжээ. 1970 онд дипломтой эмч нарын 90 гаруй, хууль, захиргааныхны 95, шүдний эмч нарын 99 хувийг эрчүүд эзэлж байлаа.
АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ӨСӨЛТ
Харин 1970-аад оны эхээр жирэмслэхээс хамгаалах эмээр зэвсэглэсэн эмэгтэйчүүд “эрэгтэйчүүдийн” мэргэжил рүү хошуурав. Эхлээд сургалтын бүлэгт эмэгтэйчүүдийн эзлэх хувь 20 байснаа дөрөвний нэг, 1980-аад он гэхэд гуравны нэг болж өргөжсөн байна. Анагаах ухаан, эсвэл хуулийн шинжлэх ухааныг судалдаг эмэгтэй оюутны тоо эрс өсчээ. Үүнийг дагаад эдгээр мэргэжлээр ажилладаг эмэгтэйчүүдийн тоо ч нэмэгдэв.
Гэвч юуны учир эмийг онцлов гэж үү? Хүүхэд олох үйл явцыг хянаж чаддаг болсон нь эмэгтэйчүүдэд ажил, мэргэжлийн хувьд өсөж, дэвжих боломж олгожээ. Хүсээгүй хүүхэд олохоос хамгаалах эм гарахаас өмнө эмч, хуульч болохоор таван жил сурах нь цаг алдсан, мөнгө дэмий үрсэн хэрэг болж байв. Яагаад гэвэл жирэмслэх магадлал залуу эмэгтэйчүүдэд байнгын түгшүүр төрүүлдэг байсан нь мэдээж.
Олж авсан мэдлэгийнхээ үр өгөөжийг амсахын тулд эмэгтэйчүүд 30 нас хүртлээ хүүхэдтэй болохгүй байх хэрэгтэй байв. Тохиромжгүй үед хүүхэдтэй болох нь сургуулиа орхих, эсвэл ажил, мэргэжлийн хувьд ахиж дэвших боломжоо түр алдахад хүргэх юм. Эмч, шүдний эмч, эсвэл хуульч болохоор зорьж буй төрөх насны эмэгтэй нь газар хөдлөх магадлал өндөртэй бүсэд ажилладаг барилгачинтай адил. Нэг л удаа азгүйтвэл гаргасан бүх хүчин чармайлт нь талаар болно.
ГЭРЛЭХЭЭ ХОЙШ ТАВИХ БОЛОВ
Эмэгтэй хүн сурч, албан тушаал ахихыг хүсэж буй бол сексээс зайлсхийхэд болмоор юм шиг боловч олонх нь өөрийгөө хорихыг хүсдэггүй. Тэгээд ч нөхөрт гарах тухай ярих нь тийм ч таатай байсангүй. Хамгаалах эм гарахаас өмнө залуус эрт гэрлэдэг байв.
Албан тушаал ахихын тулд сексээс зайлсхийхээр шийдсэн эмэгтэй 30 гарсан хойноо буюу боломжийн эрчүүд аль хэдийнэ гэр бүлтэй болсны дараа нөхөр хайх хэрэгтэй болдог. Харин ийм байдлыг эм өөрч-лөв. Одоо нөхөргүй эмэгтэйчүүд бэлгийн харилцаанд орж болдог, хүсээгүй хүүхэд олох эрсдэл нь ч эрс буурчээ. Түүгээр зогсохгүй гэрлэх уламжлал ч мэдэгдэхүйц өөрчлөгдсөн байна.
Бүгд л хожуу гэрлэх болов. Хүүхэдтэй болохоос хамгаалах эм уудаггүй эмэгтэйчүүд ч мөн адил. Үүнийг дагаад хүүхэд ч хожуу төрөх болжээ. Гэхдээ эмэгтэйчүүд хүссэн үедээ л жирэмсэлж байна. Энэ нь эмэгтэйчүүд ажил мэргэжлийн хувьд ахиж дэвшиж буйг илтгэж буй.
ОРЛОГО ӨСӨВ
1970-аад оны Америкийн эмэгтэйчүүдийн амьдралд өөр олон өөрчлөлт гарсан аж. Үр хөндөхийг хуулиар зөвшөөрч, хүйсээр ялгаварлан гадуурхахыг хориглосон хуулиуд гарч, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн эрчээ авч, Вьетнамын дайнд эрчүүдийг татах болсон нь ажил олгогчид эмэгтэйчүүдийг илүүтэй авахад хүргэжээ.
Харвардын их сургуулийн эдийн засагч Клаудия Голдин, Лоренс Кац нарын судалгаанаас үзвэл жирэмслэхээс хамгаалах эм нь эмэгтэйчүүдэд гэрлэх, эх болох, албан тушаал ахихад цаг зарцуулах боломж олгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна. Тэдний ажигласнаар Америкийн муж улсуудад эм хүртээмжтэй болохын хэрээр мэргэжлийн сургалтад хамрагдсан, тэр хэрээр орлого нь нэмэгдсэн эмэгтэйчүүдийн тоо эрс олширчээ.
Хэдэн жилийн өмнө эдийн засагч Амалия Миллер статистикийн янз бүрийн арга ашиглан тооцоолсноор хүүхэд төрүүлэх хугацаагаа нэг жилээр хойшлуулсан 20-30 насны эмэгтэйн орлого ажилласан жилийн хугацааны турш 10 хувиар дээшилсэн байв. Энэ нь дээд боловсрол эзэмших, ажил хөдөлмөрийн гараагаа эхлэхийн чухлыг илэрхий харуулсан юм.
ӨӨР БОЛОМЖ
Гэхдээ 1970-аад оны залуу эмэгтэйчүүд Амалия Миллерийн судалгаанд анхаарах алба байгаагүй. Түүнгүйгээр боломжийг харж байв. Өдгөө америк эмэгтэйчүүд бүх зүйл өөр байж болохыг ойлгохын тулд Японы туршлагыг анзаарч болох юм. Дэлхийд технологийн хувьд хамгийн хөгжингүй тус оронд 1999 он хүртэл жирэмслэхээс хамгаалах эмийг худалдахыг зөвшөөрөөгүй. Үүний улмаас тийм эмийг америкчуудаас 39 жилээр хоцорч хэрэглэхэд хүрсэн.
Сонирхуулахад, Америкт виагра хэрэглэхийг зөвшөөрснөөс хойш хэдхэн сарын дараа үүнийг Японд нэвтрүүлжээ. Өдгөө тус улс дахь эрэгтэй, эмэгтэй хүн хоорондын тэгш бус байдал нь хөгжингүй ертөнц дэх хамгийн илэрхий асуудлын нэг юм. Ажил эрхэлдэг эмэгтэйн хувьд хүлээн зөвшөөрөгдөх нь урьдын адил амаргүй хэвээр байна. Үүний шалтгааныг хэлэх боломжгүй.
Гэхдээ энэ нь тохиолдлын зүйл биш болохыг АНУ-ын туршлага харуулж байна. Хэрэв үр тогтохоос хамгаалах эмийн хэрэглээ хоёр үеэр хойшлогдвол эмэгтэйчүүдийн хувьд эдийн засгийн үр дагавар нь асар их болох юм. Өчүүхэн жижиг ч гэсэн уг эм дэлхийн нийгэм, эдийн засгийг өөрчлөх урьдын адил чадвартай хэвээр байна.