Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Их дугуйд алт олборлохоор очсон “Тулга жаргалант” компанийнхны балмад үйлдэл, тэдэнтэй хийж буй иргэдийн тэмцэл, уг уурхай ажиллавал Өлзийт, Байдраг гол, Бөөнцагаан нуур, цаашлаад говийн болон Төв Азийн экосистемд учруулах хохирлын талаар манай сонин цуврал сурвалжилга бэлтгэсэн билээ.
Аргаль, янгир, цоохор ирвэс зэрэг “Улаан ном”-д бүртгэгдсэн ховор ан амьтан нутагшдаг Их дугуйд алт олборлохоор хиймэл нуур байгуулж, гурван усан буу зоогоод, хөрс хуулж эхэлсэн “Тулга жаргалант” компани нь байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл, менежментийн болон уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ-гүйгээр хууль бус олборлолт явуулах гэж буйг бид уг сурвалжилгадаа албаны хүмүүсийн яриагаар нотолсон юм.
Рамсарын конвенцод бүртгэлтэй Бөөнцагаан нуурын ганц амин тэжээл Байдрагийн үндсэн цутгал Өлзийт голын ай савд алт олборлохыг эсэргүүцсэн манай нийтлэл холбогдох хүмүүсийн анхааралд хүрч, БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол “Байдрагийн үндсэн цутгал Өлзийт голын ай сав болон Бөөнцагаан, Орог нуурын экосистемд аюул учрах эрсдэл үүсэх тул уул уурхайн олборлолтыг таслан зогсоох ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Тэгвэл тус нутгийн иргэдийг төлөөлөн УИХ-д сонгогдсон Л.Элдэв-Очир гишүүн газар дээр нь очиж ажиллан, нутгийн иргэдтэй уулзаж, “Тулга жаргалант” компанийн техник хэрэгсэл болон түр байрыг татан буулгаж, албадан нүүлгэсэн байна. Мөн аймгийн ИТХ-аас Их дугуйг аймгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргажээ.