- Засаг даргыг огцруулах нэг саналыг 20 сая төгрөгөөр үнэлнэ гэв үү -
Дорнод Монголын тал эзгүйрч, доншуур хятадуудын мэдэлд шилжихэд ойрхон байна. Тамсагийн нефтийн орд газрыг “Петро Чайна дачин Тамсаг” компани эзэмшиж, өдөр шөнөгүй соруулан авч, өмнөд хөршийн хил давуулан буулгуулж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээнийх нь нэг нэг хувийн мөнгийг Монгол, Хятадын талын эрх мэдэлтнүүд хувьдаа авч халаасалж байсныг хууль хяналтын байгууллагынхан илрүүлэн шалгаж байсан билээ.
Тэгвэл Дорнодын талын хойд хэсэг, Мардайтай хаяа нийлэн орших Улаан бол Монгол Улсын стратегийн орд газрын жагсаалтын II хавсралтын 38 дугаарт багтсан орд газар. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ ордыг өдгөө Хятадын “Шинь шинь”, түүний туслан гүйцэтгэгч “Хунбөө” гэх компани эзэмшиж, манай орны байгаль орчин, улсын эдийн засагт хохирол учруулсан үйл ажиллагаа явуулж байгааг бид өмнө нь нэг бус удаа сөхөн бичиж байв.
Гэвч илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрнэ гэгчээр төр, хариуцсан яам, агентлагийнхан ямар ч арга хэмжээ авалгүй өдий хүрлээ. Эцэс сүүлдээ “Шинь шинь”- ийнхэн нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд ч халдах хэмжээнд хүртлээ даварчээ. Үүний учрыг сийрүүлье.
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ҮЛ ХҮНДЭТГЭЖ ХЯТАДУУДАД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин “Шинь шинь”-ий хятадуудад тусгай зөвшөөрлийг нь авч өгсөн байдаг. Ингэхдээ Улааны орд газарт лиценз эзэмшигч зарим компанийн эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг хуурамчаар зурсан тухай мэдээлэл ч сөхөгддөг. Энэ бүхэн хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, 2011 онд Баянгол дүүргийн шүүхийн 1465 дугаар шийдвэрээр хуурамч баримтаар “ДСД Жаргалант” компанийн тусгай зөвшөөрлийг авсан болохыг тогтоож, “Шинь шинь”-ийн лицензийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.
Хятадын тал шүүхэд хандсан ч “Шинь шинь” компанийн тусгай зөвшөөрлийг сэргээх үндэслэлгүй гэж шийдсэн юм. Гэвч Монголын төрд шургалсан “Шинь шинь”-ийн гар хөл бологчид шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсээр өдий хүрчээ. Уг нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2016/25283 дугаартай захирамж 2016 оны аравдугаар сарын 18-нд гарч, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх болсон юм билээ. Харамсалтай нь, “Шинь шинь”- ийнхэнд үйлчилж байсан АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамирын оролцоо байдгаас ч юм уу, шүүхийн шийдвэрийг өдий болтол гүйцэтгэхгүй байгаа аж.
Төрийн энэ албан хаагч Хятадын дээрх компанитай хэрхэн холбогдсон нь ч сонин. Тэрбээр өмнө нь МХЕГ-т хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Шинь шинь”-ийн үйл ажиллагааг нэг бус удаа шалгасан аж. Эцэстээ тэдний уурхайн хаягдлын далан барих ажлыг өөрийнхөө хувь эзэмшдэг “Зост газар” компаниар хийлгүүлсэн нь ямар нэг ашиг сонирхлын зөрчил буй гэх хардлага төрүүлнэ. Ийм нэг хүн төрийн албанд ажиллаж, харийнхны хууль бус ажиллагааг хамгаалж суудаг бололтой.
Түүнээс гадна МХЕГ-ынхан шалгалт хийх болгонд тус газрын хэлтсийн дарга Батмөнх-Эрдэнэ “Шинь шинь”-ийг очиж шалгаад, хятадуудын талд дүгнэлт гаргадаг гэх хардлага ч нутгийн иргэд, тус үйлдвэрт ажиллаж буй монголчуудын дунд ч байгаа юм.
Засгийн газар, харьяа агентлагуудад нь ийм хүмүүс хууль бус үйл ажиллагаа явуулж буй “Шинь шинь”-ийн гар хөл болон ажиллаж байгаа бол орон нутагт нь олон хүн хууль зөрчигчдөд үйлчилж суугааг нэрээ хэлэхийг хүсээгүй нэлээд хэдэн хүн ярьсан. Учир нь ямар нэг байдлаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох, Хятад руу наймаанд яваад шоронд нь ял шийтгүүлэхээс эмээж буйгаа тэд илэрхийлсэн юм.
Тухайлбал, Дорнод аймгийн ИТХ-ын нэг төлөөлөгч, Чойбалсан сумынхаа нэлээд өндөр албан тушаал хашдаг нэг эрхэмтэй “Шинь шинь”-ийн удирдлага болох Хөхбар (заримдаа Хөхбарс гэж нэрлэгддэг), Ли зэрэг хүмүүс уулзаж, тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнг огцруулах бичигт гарын үсэг зурсан ИТХ-ын төлөөлөгчид 20 сая төгрөг өгнө гэж ярилцаж байсан гэх мэдээлэл байна. Ингэж огцруулах болсон шалтгаан нь “Шинь шинь”-ийн үйл ажиллагааг зогсоох саналаа Засаг дарга М.Бадамсүрэн холбогдох яам, агентлагуудад хүргүүлснээс үүдэлтэй гэнэ.
ЗАСАГ ДАРГЫН САНАЛД НОЦТОЙ БАРИМТУУД ДУРДАГДЖЭЭ
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд өнгөрсөн сарын 6-нд буюу одоогоос сарын өмнө 1/1434 дугаартай Санал хүргүүлэх тухай гэсэн албан тоот илгээжээ. Түүнд “Үйлдвэрлэлийн шингэн хаягдлын далангийн хажууд, батлагдсан зураг төсөвт тусгагдаагүй байршилд, эргэлтийн усан сангийн баруун хойд талд байрлах хяналтын цооногт шүүрлийн усыг зориулалт бусаар цуглуулан үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд шавхан зайлуулсан.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарсан химийн бодисын үлдэгдэл, хог хаягдлыг хадгалах, устгах цэггүй, химийн бодисын савыг ил задгай хаяснаас борооны усаар дамжин хөрсөнд нэвчин гүний усанд нөлөөлж, орчныг бохирдуулах нөхцөл бүрдсэн. Ажилчдын цалинг хөдөлмөрийн хөлснөөс доогуур олгож байгаа нь тэдний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн.
Далд уурхайн нэвтрэлтийн ажлыг батлагдсан зураг төсөл, төлөвлөгөөний дагуу явуулаагүйгээс уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горим зөрчигдсөний улмаас нуралт үүсэж, ашиглалтын түвшин дэх нөөц дарагдаж, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан” гэх зэрэг хэд хэдэн үндэслэлийг дурдаад Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчин үйл ажиллагаа явуулж буй MV-000247, MV-010089 дугаар тусгай зөвшөөрөлтэй “Шинь шинь” ХХК болон 100.000 тн хүдэр нийлүүлэхээр тусгагдсан MV-013555 дугаар тусгай зөвшөөрөлтэй “Хунбөө” ХХК-ийн үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасны дагуу дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн аж.
56 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг цуцлах
56.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16.2.4-т “Нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр заасан юм. Үүнийг үндэслэл болгож Дорнодын Засаг дарга нь холбогдох яам, агентлаг руу хандсан нь эх орноо гэсэн үйл ажиллагаа биш гэж үү.
Энэ албан тоотынхоо хувийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, АМГТГ, МХЕГ-ын дарга гээд албан тушаалтнуудад хүргүүлжээ. Орон нутгийнх нь байгаль орчныг хордуулан удаа дараа зөрчил гарган ажиллаж буй харийн “хөрөнгө оруулагч” нэртэй мөнгө хүүлэгч зальт этгээдүүдийн үйл ажиллагааг хууль журмын дагуу зогсоох саналаа гаргах нь эх орон, унаган нутаг, угаасан усаа гэсэн сэтгэлтэй даргын төдийгүй тэнд төрсөн хүн бүрийн л хийх ёстой ажил. Ийн ажилласныхаа төлөө Хятадын тусгай албаныхны халхавч доор байдаг “Шинь шинь” компанийн хятадууд, тэдний гар хөл бологч монголчуудын араанд зуугдаж байгаа бололтой.
Түүний албан бичигт дурдсан зарим баримтыг бага зэрэг дэлгэрүүлье. “Шинь шинь” компанийн хаягдлын далан цоорч, байгаль орчинд аюул учруулж буйд нь цагдаагийн байгууллагаас гурав дахь удаагаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай манай сонин өмнө нь мэдээлж байв. Гэтэл шинжээчид хөрсөнд энэ нь нөлөөлөөгүй гэсэн дүгнэлт гаргаад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм. Тэгвэл “Монгол ус” ТӨААТҮГ, Онон, Улз голын сав газрын захиргааныхан хамтран энэ оны долдугаар сарын 22-нд газар дээр нь шалгалт хийжээ.
Улмаар тунгаах сангийн далангийн мониторингийн цооногууд ажилладаггүй, эргэлтийн усан сангийн дэргэдэх худагт тоолуур байхгүй, хаягдлын сангийн доод хэсгээс ус шүүрэн гардаг зэрэг зөрчил илрүүлсэн аж. Түүгээр ч зогсохгүй Дорнодын усны хагалбар газрын нэг Сэвсүүлийн хөндийн газрын доорх усны нөөц, гүний ус болон хөрсөнд хаягдал уснаас үүдэлтэй бохирдол нөлөөлж байж болзошгүй гэж үзсэн байна. Тиймээс хаягдлын даланг шинээр байгуулах хүртэл “Шинь шинь”-ийн үйл ажиллагааг зогсоох санал ч гаргажээ. Хаягдлын далангийн хажууд шинээр, ямар ч зөвшөөрөлгүйгээр байгууламж бий болгож, химийн хортой усаа хийж байсан нь удаа дараагийн шалгалтаар тодорхой болчихоод буй.
Тус үйлдвэрийн усан хангамжийн эх үүсвэр нь Сэвсүүлийн хөндий. Тус хөндийн экосистемд “Шинь шинь” компанийнхан сөрөг нөлөө үзүүлдэг гэж хэлж болохуйц нөхцөл байдал буй ч нутгийн иргэд, Дашбалбар, Баяндун сумын удирдлага малчдынхаа үгийг нохой хуцсаны дайтай ч авч үздэггүй юм билээ. Энэ тухай “Буйр нуур, Халхгол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн” ТББ-ын хийсэн судалгааны дүгнэлтэд байх юм.
Тэнд “Байгаль орчны нөхөн сэргээх ажлыг орхигдуулсан, сумын Засаг дарга, холбогдох ажилтнууд байгаль орчныг хамгаалах хууль, журмын холбогдох заалтуудыг хэрэгжүүлэхдээ хариуцлагагүй хандсан. Хийсэн ажлынхаа дүнг иргэдэд мэдээлдэггүй, гаргасан саналыг нь хэрэгжүүлдэггүй” гэжээ.
“Шинь шинь”-ийнхэн химийн хорт бодистой усаараа хордуулж буй Сэвсүүлийн хөндий нь Дорнод аймгийн хойд чиглэлийн сумдын хадлан тэжээлийн үндсэн бааз гэнэ. Гэвч дээрх уурхайд газрын гүний ус их хэмжээгээр хэрэглэж байгаа нь Ногоон бүрд горхины ус тасалдаж, ургамлын бүтцэд нөлөөлж, цөлжих магадлалтай болсныг Дашбалбар сумын малчид нь ярьсаар байна.
Өнгөрсөн хавар хаягдлын сан нь сэтэрч, тухайн орчим нь байж боломгүй өмхий үнэртэй болсныг адуугаа эрж явсан залуу мэдэж, цагдаад мэдэгдсэн юм билээ. Уг далан сэтэрч цоорсон тохиолдол 2010 онд гарч байсныг малчид хэлээд Сэвсүүлийн хөндийтэй залгадаг Мухарын хөндийн булгийг бохирдуулан, тэр булгийн ус малчид бидний усны хэрэгцээг хангахаа больж, ойр орчмынх нь хөрс бохирдсон хэмээн ярьж байна.
Тухайн үед үйлдвэрийн шингэн хаягдлын далангаас гарсан химийн хорт бодистой ус хоёр км урсан хөлдөж, хавар нь гэсээд тухайн орчны хөрсийг бохирдуулсан байжээ.
Ийм ноцтой зөрчил гаргаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулж, хэд хэдэн хууль зөрчсөн “Шинь шинь”-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах хангалттай баримт байна.