Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа нөгөөдөр гэхэд УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Энэ хугацаанд эл асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх эрх нь нээлттэй (Зөвшилцөж чадахгүй бол Ерөнхий сайд саналаа УИХ-д шууд өргөн барих эрхтэй). Засгийн газрын бүтцийг өмнөхөөс өөрчлөхгүй буюу 16 сайд, 13 яамтай байлгана гэдгээ У.Хүрэлсүх мэдэгдээд буй. Харин хэн хэнийг сайдаар томилох вэ гэдэг нь шинэхэн Ерөнхий сайдын “толгойны өвчин” болж байх шиг.
Багтаж асан танхимын тэргүүнээ огцруулахаас авахуулаад шинэ Засгийн газрыг удирдах хүртэл нь У.Хүрэлсүхийг дэмжсэн УИХ дахь бүлгийн 33 гишүүнээ гомдоолгүй хэрхэн “бялуу” хуваах вэ. Ирэх сард болох намын их хурлаар даргын албаа өгнө гэсэн болохоос өдийхөндөө тамгаа атгаж буй одоогийн удирдлагатай яаж тохиролцох ёстой вэ. Хамгийн гол нь өнгөрөгч УИХ-ын сонгуулийн дараа л хүлээлт үүсгэж, иргэд, сонгогчдыг сэтгэл дундуур үлдээсэн мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалтдаа эрх баригчид энэ удаа хүрэх үү.
ГИШҮҮДЭЭР “ЗЭВСЭГЛЭСЭН” ТАНХИМ
Засгийн газраа бяртай байлгахын тулд парламентын гишүүдээс танхимаа бүрдүүлнэ гэдгээ Ерөнхий сайд үндсэндээ хэлчихсэн. Онол талаасаа ч, одоо үүсээд буй нөхцөл байдлаа ч харвал УИХ-ын гишүүн гэсэн “давхар дээлтэн”-үүдээр танхимаа бүрдүүлэхээс өөр сонголт үгүй байж мэднэ. Учир нь тус намд үүссэн ан цав улам гүнзгийрч буйг энэ өдрүүдэд болсон үйл явц бэлхнээ гэрчилнэ.
Өөрөөр хэлбэл, ганц, хоёрхон хүний зөрүүтэй албан бус хоёр “бүлэг” УИХ дахь олонход үүсээд буй нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ч унагах эрсдэл бий болгож буй юм. Нөгөө талаас Засгийн газрын бүрэлдэхүүний талаар зөвшилцөх эрхтэй Ерөнхийлөгч нь ч “Сайд нар эх орноо л гэсэн сэтгэлтэй бол “дан”, эсвэл “давхар дээл”-тэй байх нь чухал биш” хэмээн мэдэгдчихсэн. Энэ үүднээс нь харвал У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш дэвшүүлж буй түүний танхимын гишүүдийн талаарх таамаглалд “давхар дээлтэн”-үүд жин дарж байна.
Тухайлбал, гишүүн Ч.Улаан Шадар, Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Я.Содбаатар Байгаль орчин, аялал жуулчлалын, Д.Цогтбаатар Гадаад харилцааны, Ч.Хүрэлбаатар Сангийн, Ш.Раднаасэд Хууль зүй, дотоод хэргийн, Б.Батзориг Барилга, хот байгуулалтын, Д.Сарангэрэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн, С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болно гэх таамгийг эх сурвалж үгүйсгэсэнгүй.
Хууль зүй, дотоод хэргийн яамыг одоогийн сайд С.Бямбацогтод үлдээх хувилбар ч яригдаж буй юм билээ. Түүний хувьд ч тус салбарт хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнг харах сонирхолтой буйгаа илэрхийлсэн сурагтай. Юутай ч Ш.Раднаасэд, С.Бямбацогт хоёрын хэн хэн нь УИХ-ын гишүүн учраас “давхар дээлтэн”-ий тоо тэгтлээ өөрчлөгдөхгүй гэсэн үг. Б.Бат-Эрдэнэ гишүүн ч сайдын албаа үргэлжлүүлэх хүсэлтэй буй юм билээ.
ТОХИРОЛЦОО СУЛ ТАЛ БОЛОХ ВИЙ
С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ гэлтгүй өмнөх танхимын нэг бус сайд үргэлжлүүлэн ажиллах магадлалтай. Тэргүүнийг нь огцруулж, танхимаар нь унагасан Засгийн газрын гишүүдийг багтаа авах нь У.Хүрэлсүхийн хувьд тийм ч эмзэг сэдэв биш. Учир нь тэр өмнөх Засгийн газарт Ерөнхий сайдыг орлодог Шадар нь байсан. Уг нь Ерөнхий сайдыг огцруулж байгаа нь түүний зангидаж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй нэг бус нэлээд хэдэн салбар, хатуухан хэлбэл тус танхимын үйл ажиллагаа бүхэлдээ хангалтгүй байна гэж үзэж буй хэрэг юм. Харамсалтай нь, унасан Засгийн газрын Шадар сайд нь дараагийн танхимыг тэргүүлэхээр болоод буй энэ нөхцөлд ийм зүйл ярих нь илүүц биз.
Юутай ч зарим сайдыг улираах нь нөгөө талаас У.Хүрэлсүх намын одоогийн удирдлагатай хийж буй тохиролцооны дүр зураг байх талтай. Ингэхдээ өмнөх Засгийн газрын үед парламентын гаднаас томилогдсон сайд нарыг үргэлжлүүлэх, эсвэл шинээр ажиллуулахаар ярьж буй бололтой. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт албыг нь үлдээнэ гэлцэж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн, сайд асан, өдгөө УИХ-ын дарга М.Энхболдын зөвлөхөөр ажиллаж буй Т.Гандийг Эрүүл мэндийн сайдаар томилж магадгүй гэнэ.
Мөн М.Энхболд ба У.Хүрэлсүх тэргүүтэнд хуваагдаад буй эрх баригчдын Засгийн газарт эзлэх байр суурийг хөндсөн яриа, тохиролцоо 50:50 буюу ижил, тэнцүү байх ёстой гэсэн зарчмаас эхэлснийг өнгөрөгч өдрүүдэд болсон үйл явдал баталсан. Тодруулбал, Ж.Эрдэнэбатыг огцруулахын эсрэг байр суурь илэрхийлсэн 32 гишүүн Шадар болон бусад долоон сайдад өөрийн хүнээ санал болгож, томилуулах шаардлага тулгасан нь үндсэндээ үнэн болж таарсан. Үүнийг нь хэт ихийг шаардаж байна гэж үзсэн “33-ын” бүлгийнхэн АН-ын бүлгийн дэмжлэгийг авсан нь нөгөөдүүлийг хурал хаяхад хүргэж, хагарлаа нь ил тод зарлаж орхисон. Харин дээрх таамаглалаас харахад өнгөрөгч өдрүүдэд хийсэн яриа, тохиролцоонд одоогийн удирдлага нь нэлээд буулт хийсэн бололтой.
Нам дотроо ойлголцсон болж ажлаа урагшлуулахыг хуулийн хугацаа төдийгүй нөхцөл байдал шаардаж буй. Шинэ Засгийн газар бүрдэхтэй холбоотойгоор энэ сарын 1-нд өргөн барьсан ирэх оны төсвийн төслөө татчихсан. Ирэх сарын 15 гэхэд батлах ёстой улсын төсвийг чамбай боловсруулахаас авахуулаад У.Хүрэлсүхийн Засгийн газрын өмнө хийх ажил овоорсоор байна.
Харин аливаа тохиролцоо зарим талаар шударга бус байдаг. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газраас зөвхөн “дан дээл”-тэй сайд нарыг үлдээхээр тохиролцсон бол тэд үнэхээр үлгэр жишээ, хамгийн сайн нь байсан уу гэдгийг бодолцох л хэрэг. Сул, дулимаг гэж өнгөрсөн хугацаанд шүүмжлэлд өртөж ирсэн нь тохиролцооны зарчмаар үлдвэл ирэх Засгийн газрын ажлаас ч хойш татахыг үгүйсгэхгүй. Хамгийн түрүүнд анх амлаж байсан “мэргэжлийн Засгийн газар байгуулах” шаардлагыг биелүүлж чадах уу гэсэн асуулт тавигдана.