Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт танаа
Хонгор нутгийн унаган хүү, эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Хүн төрөлхтний өлгий, гурван бүсийн цэнхэр нутагт тань та бүхний анхаарал, тусламж зайлшгүй хэрэгтэй байгааг дуулгахаар хандаж байна. Манай сонины сэтгүүлч Х.Уянга Баянхонгор аймгийн Галуут, Бөмбөгөр, Гурванбулаг сумын нутагт ажиллаж, Бөөнцагаан нуурын ганц тэжээгч Байдрагийн үндсэн цутгалын нэг Өлзийт голын ай сав дахь эмх замбараагүй уул уурхай, тэнд алт олборлож буй компаниуд байгаль орчинд онц хэрцгий хандан, нөхөж баршгүй хохирол учруулж байгаа талаар цуврал сурвалжилга бэлтгэн, нийтэлсэн билээ.
Найман зууны тэртээд эзэн богд Чингисийн их цэрэг буудаллан, аян дайныхаа алжаалыг тайлсан нь “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэгдсэн, хожим нь, эв эвдэрсэн Түшээт хан, Засагт хан хоёр тэврэлдэн эвлэрч, найрамдлын тангараг тавьсан, Баруун, Зүүн гарын ноёдын их чуулган хуралдсан түүхт Заг, Байдрагийн Хүрэн бэлчир, “Говийн таван мөнгөн хундага”-аас ганцаараа тэсэж өдий хүрсэн, Нууруудын хөндийн хамгийн том нь болох Бөөнцагаан нуур, аргаль, угалз, цоохор ирвэс тэргүүтэй дэлхийд ховордсон араатан, жигүүртэн техникжсэн нинжа нарын хөлд сүйдэж буй талаар эрхэм Төрийн тэргүүн, Төрийн түшээд та бүхэнд онцгойлон дуулгах нь зөв гэж үзлээ.
Бүхэл бүтэн сумын иргэд тэр чигээрээ “бух” олох мөрөөдөлд автаж, бэлчээргүй болсон малчид хоттой хонь, зэлтэй үхрээ орхиод, “унагалдай” экскаватор, алт хайгчтай болохын төлөө зүтгэж буй нь тэр нутагт явуулсан төр, засаг, орон нутгийн удирдлагын буруу бодлогын харгай гэж харахаас аргагүй. Малчдыг малаа яаж тэвээрүүлэх вэ гэж бус, хаанаас алттай шороо олох вэ гэж бодох хүртэл нь шар металлд донтуулжээ. Энэ нь эмгэнэл биш гэж үү.
Нөхөн сэргээлт нэрээр эрүүл газар, гол усны сав газрыг ухан сэндийчиж буй алт олборлогчдыг цэгцлэхгүй бол тэд нөхөн сэргээх биш, нэмэн сүйтгэх үйл ажиллагаа явуулж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 7.3-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” хэмээн заасныг зөрчиж, нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлож буй хоноцын сэтгэлтэй, хариуцлага, ёс зүйгүй компаниуд хүний гар хүрээгүй эрүүл газрыг сэндийчиж, гол усны хамгаалалтын бүсэд олборлолт хийж байна. Аймгийн Засаг дарга зөвхөн энэ онд л гэхэд нөхөн сэргээлтийн 28 зөвшөөрөл олгожээ.
Ашиглалтын бүү хэл, нөхөн сэргээлтийн ч зөвшөөрөлгүй, ямар ч бичиг баримтгүй компаниуд голоос шууд ус татан, тааралдсан газраа ухаж, нутгийн иргэдийг дээрэлхэн, доромжлох нь хэвийн үзэгдэл болжээ. Мөнгөн ус хэрэглэдэг уурхай Цагдаагийн даргын хамгаалалтад байдаг, ямар ч бичиг баримтгүй хэрнээ голын эрэгт эрүүл газар ухаж буй компани аймгийн Засаг даргатай холбоотой гэж нутгийн иргэд мэдээлсээр байна. Тэнд төр, засаг, хуулийн байгууллагын нэр хүнд унаж, итгэх итгэл үгүй болжээ.
Баянхонгор нэр шигээ баян нутаг юм. Оройд нь хүрэхгүй жаргал, ёроолд нь хүрэхгүй зовлон амсуулдаг алт хэмээх эрдэнийн багагүй нөөцтэй ч үүнийхээ гавьяаг эдлэхээсээ гайг нь үүрсэн нь их аж. Өнгөрсөн 20 гаруй жилд хэчнээн ч газраа алтны эрэлчин доншуурчдад сэндийчүүлсэн юм бэ. Дөвөнт, Далдын нуруу, Өвөрчулуут, Алтан ус, Үүдийн хөндий, Хавцгайт, Хүрэн чулууны өвөр, Өндөр толгой, Балгант хайрхан, Хайрхан ташуу, Товгорын ар, Ар чулуут, Бухт гээд ухсан нүх, овоолсон шороо болж үлдсэн газрын нэр хэдэн хуудас ч үргэлжилж мэдэхээр юм. Нийтдээ 700 гаруй га газар алт олборлогчдын хөлд сүйдсэн гэсэн тоо бий. Харин үүнээс орон нутагт болон Монгол Улсад юу үлдсэн бэ. Баянхонгорчууд хариуцлагагүй уул уурхайгаас нутаг усаа хамгаалан тэмцэхэд бэлэн байна.
Аймгийн нутагт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл 29, нөхөн сэргээлтийнх 28 бий. Байдрагийн үндсэн цутгал Өлзийт гол дагуу л гэхэд 25 уурхай ажиллаж буй. Энэ бол Өлзийт, Байдраг гол, Бөөнцагаан нуурт аюул учруулахад хангалттай тоо. Энэ байдлаар удаан үргэлжилбэл Онги гол, Улаан нуурт тохиолдсон эмгэнэл Баянхонгорт давтагдахыг үгүйсгэхгүй. Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дамжин Улаан нуурт цутгадаг байсан Онги голын ай савд мөн тооны уурхай үйл ажиллагаа явуулснаас болж Онги тасарч, Улаан нуур бүрмөсөн ширгэсэн билээ.
Эмх замбараагүй тусгай зөвшөөрөл, нөхөн сэргээлтийн зөвшөөрлийг цэгцэлж, алт олборлолтыг хууль ёсны дагуу, тогтоосон стандарт, хэм хэмжээний хүрээнд явуулах, орон нутгийн удирдлага, хууль, хяналтын байгууллагыг хариуцлага, ёс зүйтэй ажиллуулах шаардлага бийг бодит байдал, иргэдийн мэдээлэл нотолж байна.
Хонгор нутгийнхан Монгол Улсын баатар Н.Жамбаа, Монгол Улсын гадаад бодлогыг 20-иод жил барьсан нэрт дипломатч М.Дүгэрсүрэн, хэл шинжлэлийн ухааны доктор Ш.Лувсанвандан, Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэн, Монголын орчин цагийн хөгжмийн урлагийг үндэслэгч Ардын жүжигчин С.Гончигсумлаа, Төрийн соёрхолт Ц.Намсрай, монгол хэл судлалын анхдагч Я.Цэвэл тэргүүтэй төр, нийгэм, соёлын олон зүтгэлтнийг төрүүлсэн, оюунлаг түмэн. Тэдний үргэлжлэл болсон УИХ-ын гишүүн Л.Болд, Ардын уран зохиолч Т.Галсан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам, Төрийн соёрхолт Д.Сосорбарам нарын төр, нийгэм, урлаг соёлын зүтгэлтнүүд нутгийн түмнийхээ тэмцэлд хүч нэмж, дуу хоолойгоо гаргавал унасан газар, угаасан ус тань баярлах болов уу.
Ерөнхийлөгч Х.Баттулга таны УИХ-ын намрын чуулганы нээлтэд “Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд уул уурхайд асар их найдлага тавьсан ч олигтой хожоогүй нь цаашид энэ байдлаараа үргэлжлүүлж болохгүй гэдгийн хамгийн том дохио. Цаашид алт олборлолт, алтны уурхайд төр онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох ч шаардлага үүсэж байна. Алтны хайгуулын болон ашиглалтын лиценз шинээр олгохыг зогсоож энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монголбанкинд тушааж байх хатуу болзлыг тулгах хэрэгтэй” гэснээ ажил хэрэг болгохдоо төрөлх нутгаасаа эхлүүлбэл нутаг орноо мартаагүй халуун сэтгэлийн тань илэрхийлэл болох билээ.
Рамсарын конвенцод бүртгэлтэй Бөөнцагаан нуурын ганц амин тэжээл Байдрагийн үндсэн цутгал Өлзийт голын ай савд алт олборлохыг эсэргүүцсэн манай нийтлэлийн бодлоготой эрхэм гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир нар санаа нийлж, Галуут сумын Их дугуйд анхаарал тавьж ажиллахаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсэнд талархаж байна. Гэвч бид сонинд бичиж, та бүхэн байр сууриа илэрхийлсэн төдийгөөр асуудал шийдэгдэхгүй. Галуутын Их дугуйн уурхайн үйл ажиллагааг түр зогсоосноор тэр газар аврагдсан гэж үзэж, тайвширч болохгүй. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаагүй цагт тэнд аюул заналхийлсээр байх болно. Асуудлыг нэг мөр шийдэхийн тулд, говийн ганц том нуур Бөөнцагаанаа аварч, хойч үедээ өвлүүлье гэвэл Байдраг, түүний цутгал Өлзийт, Заг голын ай сав дахь алт олборлолтыг бүрмөсөн таслан зогсоохоос нааш санаа амарч болохгүйг та, бид мэднэ. Гол, мөрний энгийн болон эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлохыг зөвшөөрсөн нь ганц Баянхонгорын бус, устай, алттай бүх газар нутгийн асуудал билээ.
Тиймээс эрхэм Төрийн түшээд та бүхэн “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон холбогдох тогтоомж, шийдвэрүүдийг эргэн харж, гол, мөрний энгийн болон эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд уул уурхайн олборлолт явуулахыг хориглох, Галуут сумын Их дугуй дахь тусгай зөвшөөрлийг цуцлуулж, тэнд нутагшдаг аргаль, угалз, цоохор ирвэс зэрэг ховор ан амьтдыг цаашид хамгаалах, Байдраг болон түүний цутгал гол дагасан хяналтгүй, хууль бус, дур зоргын шинжтэй олборлолтыг зогсоож, голуудыг уул уурхайнхны аюулаас аврахад анхаарлаа хандуулж, хамртан ажиллахыг хүсэж байна.
“Өнөөдөр” сонины редакц