Гадаад харилцааны сайд асан, Хүний аюулгүй байдлын судалгааны төвийн тэргүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэчулуунтай Монгол Улсын гадаад харилцаа, бодлоготой холбоотой олны анхаарал татсан асуудлаар ярилцлаа.
-Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулганд оролцоогүй. Энэ шалтгаанаа “НҮБ-ын чуулганд заавал оролцох шаардлагагүй. Энэ чуулганд Ерөнхийлөгч оролцоогүйгээрээ Монгол Улс, НҮБ-ын харилцаа муудахгүй” гэж тайлбарласан.
Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбогдуулан шүүмжлэх хүн цөөнгүй байна. Мэргэжлийн дипломатч хүний хувьд та юу гэж бодож байна вэ?
-Шулуухан хэлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөв. Учир нь жил бүр болдог НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд гол төлөв Гадаад хэргийн сайд нар нь оролцож, гадаад бодлогын гол гол асуудлаар байр сууриа илэрхийлдэг. Төр, засгийн тэргүүнүүд жил бүр очдог гэвэл үнэнд нийцэхгүй. Би НҮБ-ын чуулганд бараг 28 жил дараалан оролцсон.
Гол нь тухайн орны нийгэм, эдийн засийн чухал үе байгаа бол улсынхаа байдлын талаар мэдээлэл өгдөг жишиг бий. Мөн тэгш тоотой чуулгандаа НҮБ-аас төр, засгийн тэргүүнүүдийг урьдаг юм. Тэр хурлаас ямар нэгэн баримт бичиг баталдаг.
Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын чуулганд тасралтгүй долоон жил оролцож байсан гэж сонслоо. Тэгэх ёсгүй л дээ. Ганц жишээ татъя. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1992 онд НҮБ-ын чуулганд үг хэлсэн. Тэр үед би НҮБ-д Байнгын төлөөлөгчөөр сууж байсан юм. Ерөнхийлөгч П.Очирбат НҮБ-ын индрээс гадаад бодлоготой холбоотой чухал санал дэвшүүлсэн.
Манай улс ардчиллын замаар замнаад дөнгөж хоёр жил болж байсан үе. Энэ тухайгаа юуны өмнө мэдээлэх хэрэг гарсан юм. Хоёрдугаарт, Монголын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс болгож зарласан. Ийм мэдэгдлийг мэдээж Ерөнхийлөгч, эсвэл Засгийн газрын тэргүүний түвшинд хийх нь зүйтэй. Төрийн тэргүүн нь НҮБ-ын чуулганд жил бүр оролцох нь харин ч сөрөг үр дагавартай байхыг үгүйсгэхгүй. Яагаад тэнд байнга очоод байна вэ гэдэг өнцгөөс нь бусад улс орон харах байх шүү.
-Бид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал ярьж байгаа учраас дахиад нэг зүйл асууя. ОХУ-д болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Ерөнхийлөгч “Нүүрсээ “Восточный” боомтоор гуравдагч зах зээлд гаргах гэрээ хэлэлцээр эхэллээ” гэж мэдэгдсэн.
Харин үүнд эмзэг хандах хэсэг байгааг “Coal Mongolia-2017” чуулганаас анзаарлаа. Та үүнд ямар байр суурьтай байгаа бол?
-Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивостокийн хуралд оролцсоныг их зүйтэй гэж үзэж байна. Учир нь яг энэ нэг хэсэг газар чинь манай Монголтой хөрш зэргэлдээ. Бид маргаашаа, 10, 20 жилийн цааших бодлогоо харах хэрэгтэй. Манай гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцана гээд тодорхой заачихсан.
-Өнөөдөр энэ тэнцвэр байна уу?
-Манай гадаад худалдааны дийлэнх нь БНХАУ-аас хамаарч байна. Намайг Гадаад хэргийн сайд байх үед Хятадын тал өмнөд хилийг 48 цагаар хааж байсан. Үүнийгээ “техникийн саатал” гэж албан ёсоор тайлбарлаж байсан ч бид Далай ламтай холбоотой гэдгийг ойлгосон. Энэ чинь монголчуудад өгч буй дохио.
Хятадтай харилцаа муудлаа гэхэд бид өөр нэг гарцтай байх ёстой. Үнэтэй ч гэсэн өөр гарц бидэнд чухал. Тиймээс 3000 км туулаад ч болтугай гуравдагч хөрштэй холбогдох энэ гарцыг зөвхөн нүүрсээр, өнөө маргаашийн үнэ өртгөөр хэмжих хэрэггүй. Мэдлэгт суурилсан эдийн засаг руу шилжихэд ийм гарц, боомт хэрэгтэй. Ноос ноолуур, махаа боловсруулж гаргана шүү дээ.
Гуравдагч хөрш гэж яриад байгаа чинь л энэ. Иймд бид ОХУ-тай харилцаагаа өргөжүүлэх, бэхжүүлэх ажлыг бодлогоор хийх ёстой. Өнөөдөр ОХУ, манай улсын дунд тулгамдсан 10 гаруй асуудал бий. Шийдэлд хүрэхийн төлөө хойд хөрштэй яриа, хэлэлцээ хийх хэрэгтэй. Харамсалтай нь, ийм яриа хэлэлцээ хийж буй нь харагдахгүй байна.
-Дипломат дэг ёс гэж байдаг ч манайхан алдаа гаргаад байгааг цахим сүлжээгээр шүүмжилсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчийг дээрх чуулганд оролцохоор ОХУ-д зочлох үеэр охин нь болон дагалдагсад нь ёс алдсан тухай шүүмжилж байгааг та харсан л байлгүй.
-Тийм ээ. Гэхдээ би охиныг буруутгахгүй. Тэнд явж байсан манай ГХЯ-ныхан юугаа хийж байсан юм бэ. Уг чуулганд Гадаад хэргийн дэд сайд оролцсон гэж ойлгож байгаа. Дээр нь Москвад суугаа Монгол Улсын Элчин сайд гэж хүн бий. Хувцасны тухайд тэр охин уранхай жийнстэй явж болохгүй л дээ.
Зөв хувцаслах ёстой байсан. Энэ бол байж боломгүй зүйл. ГХЯ чинь Ёслолын хэлтэстэй. Дээр нь Төрийн ёслолын алба гэж байна. Энэ хүмүүс юу хийж суусныг, суудгийг нь ойлгохгүй юм.
-Манай гадаад бодлого эрх баригч намын бодлогоос шалтгаалж байн байн өөрчлөгддөгийг шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ер нь манай гадаад бодлогод гурван өндөрлөг ч бай, хэн ч бай бүгд нэг амаар л ярих ёстой.
-Нэг амаар ярьж чадаж байна уу?
-Үгүй. Би тэгж хэлж чадахгүй ээ. Гадаад бодлогын залгамж чанар гэж байдаг. Гадаад бодлогоо дотоод бодлого шиг дураараа өөрчилж болдоггүй юм. Үүнийг хэн ч хатуу баримтлах ёстой. Манай нэг Ерөнхий сайд ГХЯ-нд оччихоод “Та нар гадаад бодлогын залгамж чанар гэж яриад байх юм. Ийм юм ярихаа одоо боль” гэж хэлсэн тухай сонссон.
Засгийн газрын тэргүүн нь ийм юм ярьж байгаа нь Монгол Улс хаашаа явж байна вэ гэж бодоход хүргэлээ. Японд Ерөнхий сайдын алба нь өөрийн ГХЯ-ны зөвшөөрөлгүйгээр ямар ч санаачилга гаргах эрхгүй. Хятадад албан ёсны айлчлал хийх үед төр, засгийн тэргүүн нь намайг хүлээн авч байсан. Бүгд нэг л зүйл ярьдаг. Ямар ч улсад ийм л байх зарчимтай.
ГХЯ бол УИХ-ын гишүүд, сайд нараа чиглүүлж байх ёстой. Нарийн яривал ГХЯ-ны зөвшөөрөлгүйгээр мэдэгдэл ч хийж болдоггүй. Дэлхийн жишиг нь ийм. Гадаад бодлогоор санал боловсруулдаг, хэрэгжүүлдэг газар нь тус яам. Тиймээс “Гадагшаа харсан Засгийн газар” гэж хэлдэг. Алдаж болдоггүй аюултай салбар бол энэ. Эс бөгөөс бид байр суурьгүй, хүндэтгэлгүй орон болж хувирна.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж НҮБ-ын нэг чуулганд оролцохдоо Сиритэй холбоотой АНУ-ын байр суурийг 100 хувь дэмжсэн үг хэллээ хэмээн та шүүмжилж байсан. Тэр ямар учиртай байсан юм бэ?
-Хэлсэн тэр үгийг нь англи хэлээр бичигдсэн байхад нь би уншсан юм. АНУ-ын байр суурийг тэр чигээр нь хэлжээ гэж надад ойлгогдсон. Манай ГХЯ Сирийн талаарх бодлогын аль нь зөв бэ, хэнийг нь дэмжих вэ, манай Засгийн газар Сирийн асуудлаар өөрийн байр сууриа яаж илэрхийлэх вэ гээд маш нарийн судлах ёстой байсан болов уу.
Үүнд ГХЯ алдаа гаргасан гэж боддог. Энэ байдал манай төрийн алба доройтолд орчихсоныг л харуулж байгаа хэрэг шүү дээ.
-Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан үйл хэргийн ач холбогдол нь юу вэ?
-Бид дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрний дунд оршиж байна. Хоёулаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн. Хоёулаа дэлхийн хамгийн их зэвсэгтэй улсын тоонд ордог. Тийм учраас ямар нэгэн байдал үүсэхэд өөрийнхөө нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг байрлуулах, түүнийг орон нутгаараа дамжуулах зэргийг хориглосон хуультай.
Ямар нэгэн асуудал гарлаа гэхэд Хятад ч бай, Орос ч бай манай газар нутгийг ашиглаж чадахгүй гэсэн үг. Дээр нь цөмийн хаягдлыг манай газар нутагт булшлахыг дээрх хуулиар хориглосон.
-Ийм бодлоготой, хуультай байж манай улс, ГХЯ алдаа гаргасан тухай та өмнө нь бас шүүмжилж байсан байх аа?
-НҮБ-ын Ерөнхий ассамблей өнгөрсөн долдугаар сард цөмийн зэвсэг хориглох гэрээ баталсан юм билээ. Харамсалтай нь, энэ гэрээг боловсруулахад цөмийн зэвсэгтэй бүх гүрэн оролцоогүй. Энэ гэрээний улс төрийн ач холбогдол маш их. Дэлхийд өнөөдөр 10-аад улс цөмийн зэвсэгтэй болчихлоо.
Жишээ нь, энэ цөмийн зэвсэг ямар нэгэн байдлаар алан хядагчдын гарт орвол яах вэ. Ийм аюул бий. Би НҮБ-ын I хороонд бараг 28 жил ажиллахдаа цөмийн зэвсэг хураах асуудлыг ч хамаарч байсан. Энэ асуудлаар манай улс үргэлж нэг байр суурьтай байдаг.
Тэгсэн нэг удаа их эвгүй асуудал үүссэн. Цөмийн зэвсгийг хориглох гэрээг Ерөнхий ассамблейн чуулганаар хэлэлцэх, эсэх асуудлаар санал хураахад манайх оролцоогүй байв. Харин ашгүй НҮБ-д суугаа нэгэн улсын Элчин сайд, манай Ж.Энхсайхан сайдыг сайн таньдаг хүн нь байгаад утасдаж асуусан юм билээ. “Танай байр суурьт өөрчлөлт гарч байгаа юм уу” гэж лавласан гэсэн.
Тэгээд Элчин сайд Ж.Энхсайхан Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд захидал бичиж. Би тэр захидлыг нь уншсан. Ингээд гэрээ батлахад нь манай Засгийн газар оролцож дэмжсэн юм. Тэнд сууж байгаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд хүн нь ер нь юу хийж байдаг хүн бэ гэмээр байгаа юм. Эсвэл АНУ эсрэг санал өгсөн учраас бид дэмжих ёсгүй гээд зугтаагаад алга болчихсон уу.
Энэ тухайгаа ийм асуудал хэлэлцэх гэж байна гээд Засгийн газраасаа заавал нэг чиг удирдамж авч байх ёстой шүү дээ. ГХЯ нь юу хийгээд сууж байсан юм. Өөрөөр хэлбэл, яам нь Байнгын төлөөлөгчийн газраасаа ямар ч мэдээлэл аваагүй, юу ч мэдээгүй сууж байсан юм байлгүй. Ийм хариуцлагагүй байж даанч болохгүй.
-Монгол Улс төвийг сахих бодлого баримтлахын эсрэг байдаг хүний нэг нь та. Энэ байр суурь чинь хэвээрээ юу?
-Би энэ байр суурьтаа хатуу зогсоно. Тухайн үедээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ бол бидний өөрсдийн шийдэх асуудал” гэж ярьж байсан. Хэнээс ч асуухгүйгээр шийдлээ гэж бодъё. Энэ чинь гадаад бодлогын асуудал учраас гадаад орнууд ялангуяа, манай хоёр хөрш энэ санаачилгад хэрхэн хандаж байгааг бид тандаж үзэх ёстой. Эс бөгөөс хоёр улстай бидний хамтын ажиллагаа цаашаа явахгүй.
Яагаад гэвэл нэгдүгээрт, бид хэнээс айгаад байгаа юм бэ. ОХУ бидэнд аюул занал учруулж байна уу. БНХАУ Монголд ямар нэг байдлаар эсрэг үйлдэл хийх гэж байна уу. Тийм явдал байхгүй шүү дээ. Өнөөдөр улс төрийн байдал ийм л байна. Аль алинтай нь Монгол Улс стратегийн түншлэлийн түвшинд харилцаагаа өргөжүүлсэн. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Хятадад айлчилж байх үед тус улсын нэг судлаач зурагтаар ярьж байхыг нь сонссон.
Тэр хүн “Ийм санал гаргаж байгааг би ойлгохгүй байна. Хэрэв Хятад, ОХУ-ын хооронд байдал хурцдаад дайнд хүргэхүйц болсон нөхцөлд Монгол Улс төвийг сахих бодлого барих нь ойлгомжтой. Гэтэл ОХУ, Хятадын хоорондын харилцаа маш өндөр түвшинд байна. Манай харилцаа хэзээ ч муудахгүй” гэж байсан.
Дээр нь ОХУ мөн адил “Та нар яах гэж ийм санал гаргаж ирж байгаа юм бэ. Бид ойлгохгүй байна” гэж асуусан гэнэ лээ. НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр тус улсын ГХЯ-наас нь манай төлөөлөгчдөд хоёр хуудас бичиг өгсөн байсан. Түүндээ “Хэрэв та нар энэ асуудлаар НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар тогтоол батлуулах гэж орж ирвэл бид хатуу байр суурьтай байна шүү” гэж бичсэн байсныг уншсан. Тэгэхээр төвийг сахих байр суурийг дэмжихгүй байгаа нь харагдаж байгаа биз дээ.
Дээр нь нэг жишээ нэмж хэлэхэд манай өмнөх Ерөнхийлөгч Хятадад хийсэн айлчлалынхаа үеэр хамтарсан албан мэдээнд төвийг сахих асуудлаар өгүүлбэр оруулах гээд чадаагүй шүү дээ. Хятадын тал оруулаагүй. Мөн тухайн үед Францад Монголын Ерөнхийлөгч айлчилсан. Хоёр тал бас л албан мэдээ гаргасан. Тэгсэн монгол орчуулга нь буруу гарчихсан.
“Монголын төвийг сахих асуудлаар гаргасан энэ саналыг анхааралдаа авлаа” гээд франц, англи хэлээр бичсэнийг манайхан эх хэлээрээ хөрвүүлэхдээ “Монголын саналыг хүлээн авлаа” гэчихсэн. Хүлээн авлаа гэдэг чинь хүлээн зөвшөөрлөө, дэмжлээ гэсэн үг шүү дээ. Албан мэдээг хоёр тал зөвшилцөж байж гаргадаг юм шүү дээ.
-Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг орчуулж чадаагүй гэдэг. Тийм явдал болсон нь үнэн үү?
-Монгол, Оросын бизнес форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаын хэлсэн үгийг орчуулж чадаагүй нь үнэн. Гол хэлэх үг, мессежээ тэнд байгаа гадаадын зочид төлөөлөгчдөд хүргэж чадаагүй гэсэн үг. Синхрон орчуулгыг нь сонсож үзлээ.
Ийм өндөр хэмжээний чухал ажилд ГХЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан сайтар бэлтгэх ёстой. ГХЯ 100 хувь хариуцлагаа хүлээж, энэ алдаагаа хурдхан засах ёстой. Оролцсон бүх төлөөлөгчид Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг орчуулж, тарааж өгөх хэрэгтэй. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн дэд сайд явж байсан биз дээ.
НҮБ-д нэг хуудсыг гурван минутад уншдаг бичигдээгүй хууль бий. Орчуулж байгаа хүнд боломж олгодог. Мөн үг хэлж байгаа хүн нь яаж орчуулж байна, хаана нь явж байна гэдгийг давхар сонсдог. Өөрөө өөртөө уншиж байгаа юм шиг байдал гаргах нь бүдүүлэг хэрэг л дээ. Бас л яамны л бэлтгэл ажил. Ингэж гадаад бодлогоор тоглож болдоггүй юм.
Дараа нь Монгол Улсыг гадаадынхан юу гэж үзэх юм бэ. Ийм зарчимгүй, хариуцлагагүй явдал гаргачихаад манай нэр хүнд өсөж байна гэж ярих хэрэггүй. Үүнээс чинь болоод манай нэр хүнд харин ч унаж байгаа.