Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Бүдрагчаагийн Даш-Ёндонг “Хоймор”-тоо урьж, ярилцахаар Тусгаар тогтнолын ордныг зорилоо. Ахмадын баярын мэнд хүргэх гэсэн шавь нар нь түүний өрөөгөөр орж, гараад, хөл хөдөлгөөн ихтэй байв. Гэвч Б.Даш-Ёндон гуай нүдний шилтэйгээ “нөхөрлөн”, ширээтэйгээ наалдах нь уу гэмээр тонгойчихсон нэг зүйлийг нухацтай унших аж.
Ойлгомжгүй үг хэллэг, бас хэдэн дүрс бүхий тэрхүү цаас хүмүүсийн хувьд тэгтлээ хорхой хүргэх зүйл огт биш нь мэдээж. Харин Монгол Улсад философийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан энэ эрхмийн хувьд Германы сонгодог философич Г.В.Гегелийн философийн системийг зурахаар “нухаж” суугаа нь хамгийн тааламжтай ажил бололтой.
Тэрбээр “Гегелийн философийн диалектик” гэсэн томоохон өгүүлэл бичиж байгаа аж.
-Нэлээд хэдэн жилийн өмнө та “Би улс төрд хийдгээ хийчихсэн. Одоо дам оролцож байгаа” гэж ярьсан байсан. Одоо харин биечлэн оролцож байгаа бололтой.
-Тийм ээ. Намын ажилд шууд оролцож байгаа гэж хэлж болно. 2016 оны сонгуулиас хойш Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байна. Надад санал тавьсан болохоор нь татгалзаагүй.
Гэхдээ шийдвэр гаргахад оролцохгүй шүү дээ. Ерөнхий зарчмын юм ярилцана. Цаг үеийн тулгамдсан асуудлаар санал бодлоо хэлж, зөвлөлддөг. Тэгээд даргын хэлэх үг, гадаад, дотоодод илгээх албан бичгийг бэлдэх зэргээр голдуу бичиг цаасны ажил хийнэ дээ.
Миний хувьд өдөр тутмын нөр их ажил доор доороосоо ундраад байхгүй тул эрдэм ном, судалгааны бүтээлдээ цаг гаргах боломж бий.
-Өнгөрсөн сонгуулиар ард түмний олонхын санал авсан танай намынхан дотроо түнжин хагарч, Засгийн газраа унагачихлаа.
Хамгийн эв нэгдэлтэй юм шиг харагддаг байсан нам ингэж бужигнасан шалтгааныг дэргэд нь ойр байсны хувьд та юу гэж үзэж байгаа вэ?
-Намын өөрийнх нь зорилго гэж том зүйл бий. Тэр тусмаа ард түмнийхээ итгэлийг хүлээж, УИХ-д 65 суудал авна гэдэг бол их чухал. Нам дээшээ гарахын тулд тулгуураа олох ёстой. Дээр буюу төрийн эрхэнд гарсан хойноо тэнцвэрээ олох ёстой. Тэр тэнцвэрийг олохын тулд намын бодлогоо хэрэгжүүлж, амласан амлалтаа биелүүлэх ёстой юм.
Үүнд цаг алдаж, алгуурлаж, зайлж займчаад байх хэрэггүй. Ийм шалтгаанаар УИХ-ын гишүүд Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт өгч, ажлыг нь илүү сайжруулах, хурдтай, идэвхтэй байлгах үүднээс тэгсэн болов уу гэж харж байгаа.
Түүнээс биш гэв гэнэт түнжин хагарч, нэг тогоонд багтахаа больсондоо тэгээгүй байх.
-Гэхдээ танай намд итгэх олон түмний итгэл алдрах тийшээ хандсаныг та анзаарч буй биз. Албан тушаал, эрх мэдлийн төлөөх шуналаас болж Засгийн газраа өөрсдөө унагалаа гэдэг яриа бишгүй гарч байна.
Шинээр байгуулах Засгийн газар таны хэлсэн шиг намын бодлогоо хэрэгжүүлж, амлалтаа биелүүлэхийн төлөө тууштай ажиллаж чадах болов уу?
-Чадна гэж бодож байна. Тэгэхээс ч өөр аргагүй. Засгийн газар байгуулагдсанаас хойших нэг жилийн хугацаанд намын рейтинг жаахан буурсан нь үнэн. Энэ нь Засгийн газрын эхний алхмуудтай холбоотой.
Түүнээс биш хэсэг бүлэг хүний болон сэтгүүлчдийн ярьж, бичээд байгаа шиг намын гишүүдийн хоорондын эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцлээс болсон гэвэл өрөөсгөл.
Мэдээж том намын дотор маргаан, үл ойлголцол, ашиг сонирхлын зөрчил байхыг үгүйсгэхгүй. Үүнийг заавал буруу талаас нь ойлгуулах гээд байх хэрэггүй л дээ.
-Та энэ намын гишүүнээр элсээд хэдэн жил болж байна вэ?
-1968 онд их сургуулийн дөрөвдүгээр курст байхдаа жинхэнэ гишүүн болсон юм. Түүнээс хойш өнөөг хүртэл нэг ч он жилийг алгасалгүй намын үүр, хорооноос нь эхлээд ажилласан.
-Зарим философич “Эрдэм номын ажлын хажуугаар намтай зууралдах нэг талаар тээртэй, түвэгтэй байдаг, бас үзэл бодол ч таарахгүй юм билээ” гээд улс төрөөс хөндийрсөн байдаг.
Өнөөгийн нийгэмд авлига, хээл хахуулиас эхлээд ёс суртахуунгүй олон үйлдэл намуудаас гарах юм. Ийм нөхцөлд философич хүн намтай ойр байхаар зөрчилддөг үү?
-Зөрчилдөхгүй. Яагаад гэвэл философич хүн нийгмийн сэтгэл зүйг судалдаг. Нийгмийн амьдралд өрнөж буй үзэгдэл, цаад учир шалтгаан, үр дагаврыг судалдаг. Нөгөө талд нь нам бүхэн улс орны төлөө гэсэн ганц зорилготой. Тэр зорилгоо хэрэгжүүлэхэд нь философи сэтгэлгээний үүднээс өөрийн уншсан, дуулсан, мэдсэн зүйлээрээ намдаа туслах ёстой гэж би ойлгодог.
Нам, хүний эрдэм мэдлэг хоёрыг хооронд нь сөргүүлэн тавьж болохгүй. Нам бол өөрийн гэсэн үзэл сурталтай. Философич хүн үзэл суртлаас гадуур байх ёстой гэвэл үүн шиг худлаа юм байхгүй. Дэлхийн бүх том философич төр, засаг, улс орныхоо эрх ашгийг илэрхийлсэн сэтгэгчид байсан. Карл Маркс хүртэл намын гишүүн байсан шүү дээ.
...Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүн ийм ийм зүйлийг л сонгогчдод амлаж болно гээд хуульчлаад өгчихвөл зөв гольдрол руу орох боломжтой. Монгол Улсын хөгжил гэсэн нэгэн том зүйл рүү яаж хүрэх вэ, хэнийх нь арга оновчтой, зөв байна вэ гэдгээр намууд болон нэр дэвшигчид өрсөлдөнө гэсэн үг....
-“Ингэж болохгүй, ийм байх ёстой” гэсэн философичид, эрдэмтдийнхээ үгийг нам нь, төр, засаг нь сонсохгүй байхаар урам хугарч, дургүй хүрэх үе бишгүй биз?
-Байна аа байна. Гэхдээ миний бодож, хэлж ярьж байгаа зүйлд нам гэдэг организм бүхэлдээ хариу үйлдэл үзүүлээгүй шүү. Тэр бол тодорхой хэсэг бүлэг хүнээс, эрх мэдэлтнүүдээс л ирдэг зүйл. Түүнээс болж намд эгдүүцэх шаардлага байхгүй.
Энэ олон жил миний яриад, бичээд байгаа гол зүйл нь Монголын нийгэм тэр чигээрээ онолын сэтгэлгээг ойшоож үзэхгүй, сонирхохгүй болсон явдал. Нийгэм шинжлэлийн онолын сэтгэлгээ гэж маш чухал зүйлийг Өрнийн орнууд ч орхигдуулсаар ирсэн.
Онолын сэтгэлгээний үндсэн суурь нь диалектикийн тухай мэдлэг. Диалектик хэрэггүй гэчихээр юмыг нэг л талаас нь хардаг болчихдог. Бид л болж байвал бусад нь хамаагүй, Америк аж төрөх ёс энэ дэлхийд ноёрхох ёстой, чөлөөт зах зээлийн эдийн засаг бүх оронд хэрэгжих нь зөв гэх мэтээр туйлширдаг.
Гэтэл хорвоо уудам учраас бодит амьдралд үүнтэй зөрчилдөх зүйл өчнөөн. Диалектик сэтгэхүй бол аливаа зүйлийг олон талаас нь авч үзээд, юмсыг хөдөлгөөн, зөрчил дунд нь бөөгнүүлж, задалж, шинжилдгээрээ онцлогтой. Тиймээс манайд, Орост болон Өрнийн зарим оронд диалектикийг сонирхож эхэлж байна.
-XXI зуунд дэлхийн боловсролын чиг хандлага сэтгэлгээний боловсрол руу явж буй гэх. Гэтэл манайх сүүлийн 27 жил онол хэрэггүй гээд прагматик боловсролыг шүтэж иржээ. Бүх нийтийн философийн боловсрол манайд үгүйлэгдэж байна гэж та хэлэх гээд байна уу?
-Энэ тухай байнга бичиж, үглэж явдаг хүн шүү дээ, би. “Боловсролтой хэрнээ философийн мэдлэггүй ард түмэн бол хэчнээн чимлээ ч гэрэлтдэггүй сүмтэй адил” гэж Гегель хэлсэн байдаг. Энэ бол философийн боловсролын үнэ цэнэ, ач холбогдлын талаарх гойд тодорхойлолт гэж боддог.
Сэтгэлгээний боловсрол гэдэг бол хүнийг диалектикч сэтгэхүйтэй болгох тухай асуудал. Жишээ нь, улс төрийн эдийн засаг гэж том шинжлэх ухаан байлаа. Та нар тийм хичээл заалгаж байсан уу?
-Үгүй ээ.
-Сүүлдээ аль ч шатны сургалтын хөтөлбөрт оруулахаа больчихсон юм аа. Улс төрийн эдийн засаг гэдэг шинжлэх ухааныг орхигдуулсны улмаас дэлхий дахинд өдгөө байсхийгээд л эдийн засгийн хямрал нүүрлэх болов. Эдийн засгийг ганцхан мөнгө гэж хардаг Барууны үзэл манайд нэвтэрсэн. Үүнээсээ болоод мөнгөний даяар дарлал тогтчихлоо.
Эцсийн дүндээ эдийн засаг бол хүмүүс хоорондын харилцаа. Энэ бол төр, засгийн зүгээс нийгмийн эдийн засаг, улс төр, оюуны амьдралыг яаж удирдах вэ гэдгийг бүхэлд нь цогцоор нь авч үздэг шинжлэх ухаан. Тиймээс Монголд улс төрийн эдийн засгийн ухаан маш их хэрэгтэй байна гэж би нөхдөдөө их хэлдэг, бас бичдэг.
Үүнийг хүлээж авахгүй гэх хүн гардаггүй л дээ. Гэхдээ хүлээгээд авъя гэх нь ээ яаж хэрэгжүүлэхээ бодож, төлөвлөх хэрэгтэй учраас болдоггүй байх. Нөхцөл байдлыг бүрдүүлж, эрдэмтэн судлаачдаа цуглуулаад, зохион байгуулалт хийхийн тулд хөрөнгө мөнгө ч хэрэгтэй болно.
-Тэр нөхцөл хэзээ бүрдэх бол. 27 жил өнгөрчихөөд байхад “Тэгэх байсан, ингэх байсан” гэж ярьсаар л сууна...
-Төр, засгийн ажил сайжирвал нөхцөл нь бүрдэнэ л дээ. Өнгөрсөн 27 жил бол улс төрийн эдийн засгийн ухаан гэдгийг мартсан он жилүүд байлаа. Одоо сэргээх тухай ярьж байна. Энэ нь хэдэн жилийн дараа биеллээ олохыг одоо хэлж мэдэхгүй.
Төр, засаг шинжлэх ухаандаа хэр анхаарал хандуулж, боловсролын тогтолцоондоо ямар өөрчлөлт хийхээс их зүйл шалтгаална. Энд тэндхийн бэлэн юмыг хуулаад, хийсвэрлээд байвал явахгүй л дээ.
-Ёс суртахуун доройтсон нийгэмд найдах гол зүйл нь шашнаас илүүтэй сайн хууль гэж философичид ярьдаг юм билээ. Гэтэл манай хууль тогтоогчид сэтгэлгүйдээ ч юм уу, эсвэл мэдсээр байж тэгдэг ч юм уу, ёс суртахуунгүй үйлдэл их гаргадаг. Төр, засгийг сайн ажиллуулахын тулд яах ёстой юм бэ?
-Мэдсээр байж гэх нь хаашаа юм. Мэдэхгүй, ойлгодоггүйдээ л тэгдэг болов уу. Хуулийн төслийг нь өөр хүмүүс боловсруулж өгч байгаа шүү дээ. Төсөлтэй нь сайн танилцахгүй л бол бусад хуультай хэрхэн зөрчилдөж байгааг мэдэх аргагүй. Тиймээс намууд чанартай боловсон хүчин бэлтгэхэд яаж анхаарах вэ гэдгээ бодох хэрэгтэй.
Үүнд харин нэг хууль хэрэгтэй юм уу гэж би боддог. Намууд сонгуульд өрсөлдөхдөө мөрийн хөтөлбөр гаргадаг даа. Энэ мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа намууд “Монголын хөгжлийн нэгдсэн философи” гэсэн нэг малгайн доор гол гол зарчмаа тогтоод, түүндээ тусгах нь зүйтэй. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүн ийм ийм зүйлийг л сонгогчдод амлаж болно гээд хуульчлаад өгчихвөл зөв голдирол руу орох боломжтой.
Монгол Улсын хөгжил гэсэн нэгэн том зүйл рүү яаж хүрэх вэ, хэнийх нь арга оновчтой, зөв байна вэ гэдгээр намууд болон нэр дэвшигчид өрсөлдөнө гэсэн үг. “Энэ зорилттой холбогдуулаад, намаас ийм ийм шалгуур тавилаа. Та үүнийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж чадах уу” гэдэг шалгуураар нэр дэвшигчдээ сонгодог болбол өнөөгийн энэ байдал цэгцэрнэ гэж боддог.
Хүссэн, хүсээгүй бид төр, засагтаа л найдахаас өөр аргагүй. Гаднаас хэн нэгэн ирээд улс орныг минь хөгжүүлэхгүйгээс хойш бид өөрсдөө л арчаатай байж, ямар замаар хэрхэн хөгжихөө бодох шаардлагатай болж байна. Тиймээс улс төрийн эдийн засгийн ухааны мэдлэгээр, бас тодорхой төлөвлөгөөтэйгөөр төр, засгаа удирдан жолоодох хэрэгтэй.
Одоо чинь дээр дооргүй л “Ард түмнээ сэхээрүүлнэ, хүнээ хөгжүүлнэ” гэж их ярьдаг болж. Манай дарга нар өөрсдөө хэр хөгжсөн улс болоод ард түмнээ сэхээрүүлэх гээд байгаа нь ойлгомжгүй.
-Ингэхэд та философийн хэдэн ном гаргасан бэ. Философичдын номыг хүмүүс хэр авч уншдаг юм бол?
-Овоо хэдэн юм хэвлүүлсээн. Гэхдээ жинхэнэ диалектикч философийн тухай ном хүн бүхэнд зориулагдах боломжгүй эд юм. Үүнийг ойлгож боловсруулаад, нийгэмд цааш нь түгээх тодорхой хүрээнийхэн байх ёстой.
Философич гэж өөрийгөө нэрлэсэн хүмүүс нэг бүтээл бичээд хэвлүүлэхээр тэр нь туйлын үнэн байдаг, түүнийг бүгд дагах ёстой гэвэл эндүүрэл. Юмыг яаж онож хэлэх вэ, хүнд сонсгохоор яаж илэрхийлэх вэ гэдэг чинь өөр зүйл.
Тэгээд ч философийн анги төгссөн болгоныг философич гэж хараахан нэрлэж болохгүй.
-Нийгэм, ард түмний өмнө хүлээх үүргээрээ философич хүн онцгой байдаг болов уу гэж боддог. Ядаж л “Ийм зүйл бичиж, хүмүүсийг төөрөгдүүлж болохгүй шүү” гэдэг цензурыг өөртөө тавих ёс суртахуунтай байх хэрэгтэй биз дээ?
-Юу ч гэмээр юм бэ дээ. Хүн болгон л нийгэмдээ том үүрэгтэй. Философич хүн гэхээр онцгойроод байх зүйлгүй. Ёс суртахууны тухай асуудал ч хүн болгонд хамаатай шүү дээ.
Гэхдээ одоо ёс суртахууны тухай үг хэлэхээр хүмүүс сонсох тун дургүй болжээ. Ард түмнийг сэтгэлгээний боловсролтой болгоход ямар нэгэн байдлаар хувь нэмэр оруулбал философич хүн үүргээ хагас дутуу биелүүллээ гэж үзэж болох байх.
-Өнгөрсөн хугацаанд таны гаргасан бүтээлүүдээс хэд нь энэ үүргээ гайгүй биелүүлсэн бол?
-Үүнийг тодорхой судалгаа хийж байж л үр дүнгээс нь харж болох байх даа.
-Даанч манайд шүүмж, судалгаа гэдэг зүйл хэдийнэ байхгүй болсон шүү дээ. Та өөртөө дүн тавих боломжгүй юү?
-Яах вэ, хэдэн ном, өгүүллийг минь хүмүүс уншсан л байдаг юм. Шүүмж, судалгаа гэдэг зүйл Монголд үгүй болсон нь үнэн. Эрдэмтэн судлаачдын бичсэн бүтээлд үнэлгээ, шинжилгээ хийдэг нэгдсэн байгууллага, газар байхгүй, тийм тогтолцоогүй болно гэдэг их харамсалтай.
Энэ бол зөвхөн философийн шинжлэх ухаан ч биш, бүхий л салбарт хамаатай. Үнэн, худал нь мэдэгдэхгүй зүйлийг “Мундаг ном, өгүүлэл болжээ” гээд дам сургаар шуураад л байх юм. Тэгэхээр ямар нэг багцаа, баримжаагүй болчихоод байна.
-“Ийм ном гаргавал гайгүй борлогдчих болов уу” гэсэн сэтгэхүйгээр ном хэвлүүлдэг хүмүүс бишгүй болсон. Философичдыг харин “Өнөөгийн Монголын хөгжилд, монголчуудын сэтгэхүйд ийм ийм зүйл тус болох болов уу” гэсэн шалгуураар ном бичиж, орчуулга хийдэг болов уу гэж боддог. Таны хувьд одоо тийм нэг бүтээл гаргачих юм сан гэсэн хүсэл бий юү?
-Бидэнд ганц л зарчим байдаг юм. Өөрийнхөө бодож санасан зүйлээ гадаад, дотоодын олон эх сурвалжаас дэлгэрүүлж, тайлбарлаж, шинээр гаргаж тавихыг хичээдэг. Одоогоор миний хувьд Германд олон жил амьдарсан Зөвлөлтийн философичийн “Өрнө дахин” хэмээх номыг орчуулж байна.
Манайханд их хэрэгтэй ном болно гэж итгэж байгаа. Тэгж байгаад “Монголын хөгжлийн диалектик” гэсэн ном бичих төлөвлөгөө бий. Монголын түүхийг гадаадынхан захиалгаар бичүүлдэг гэсэн яриа байдаг шүү дээ.
Тиймээс улс орныхоо түүхийг философийн үүднээс ойлгож харснаа хойч үеийнхэндээ бичиж үлдээх хэрэгтэй юм байна гэж бодсон. Магадгүй энэ миний бичих хамгийн сүүлчийн бүтээл байх болов уу.
-“Хүний хамгийн чухал нэг багш нь амьдрал” гэж та хэлсэн байсан. Та өөрийгөө амьдрал хэмээх багшийн хэр сайн шавь нь байсан гэж дүгнэх вэ?
-Ер нь гайгүй шүү. Амьдрал гэдэг ердийн нэг тогтсон зүйл биш шүү дээ. Аав, ээжийн гэрт байхаас эхлээд ажил, амьдралын аянд гарч, өрх гэр толгойлж, үр хүүхэд өсгөж, хүнд захирагдаж, хүнийг захирч явсан энэ бүх цаг хугацаа миний философи сэтгэлгээг баяжуулахад их тус нэмэр болсон.
Тархин дотроо “За, тэгэх ёстой юм байна шүү” гэж бодоод төлөвлөчихсөн байтал амьдралд нөгөөх нь огт өөрөөр буух нь бишгүй. Амьдрал нэгэнт “Тэгдэггүй юм аа, нөхөөр” гэсэн л бол түүнийг яах ч аргагүй. Эцсийн дүндээ амьдралын зөв л байдаг. Тэр бүхэнд хүн сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог.
-Танайхан Хөвсгөл аймгийн Рашаант сумынх. Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Бид 14-үүлээ. Би айлын хамгийн том нь.
-13 дүүгийн аашийг олж, арга эвийг тааруулах гэдэг чухал үүрэг хариуцлага том ахад байсан байх нь. Магадгүй энэ нь таныг хэрсүү занд эрт сургасан уу?
-Мэдэхгүй юм аа. Ямартай ч биднийг багад аав, ээж минь их урт үлгэр ярьж өгдөг байлаа. Өнөөхийг нь тэр дор нь цээжлээд, бусдад ярьдаг байж билээ. Аав минь 95 нас сүүдэр зооглоод, өнгөрсөн жил өөд болсон доо. Ижий минь одоо ч мэнд сэрүүн байгаа.
Манайхан бүгд хоёр хоёр насны зөрүүтэй. Хот, хөдөөгийн ялгаа гэх юм уу даа. Хөдөөгийн хүүхдүүд бид эхнээсээ сургууль соёлын мөр хөөгөөд, холдоод явчихаар бага дүү нартайгаа тийм ч ойр байгаагүй. Том хариуцлагыг аав, ээж хоёр маань үүрсэн.
Би 22 настайдаа их сургуулиа төгсөөд, хотод багшаар үлдсэн юм. Том ахын нөлөө гэж байдаг бол яг өөрийнхөө доод талын дүү нарт л үзүүлсэн байж магадгүй. Ямартай ч миний 13 дүү нарын дунд нэг ч хулгайч байхгүй. Нэг ч гэмт хэрэгтэн байхгүй. Гэхдээ бүгд сүрхий эрдэм номын мөр хөөцгөөсөн гэвэл худлаа.
Мөрөөрөө эгэл жирийн жолооч хийдэг нь ч бий. Бичиг цаасны ажил хийдэг ухаантай нь гэвэл энэ Монхоон л (сэтгүүлч) байх шив дээ. Найз нар минь намайг тэгж хэлдэг гээд л байдаг юм (инээв).
-Аав, ээжтэйгээ өтөлнө гэдэг их сайхан хувь тавилан гэлцдэг. Ингэхэд таныг философич болоход, хожим улс төр рүү ороход аав, ээж тань ямар нэгэн юм хэлж байв уу?
-Аав, ээжтэйгээ хамт өтлөх сайхан байлгүй яах вэ. Гэхдээ аавыгаа өөд болсны дараа үгүйлэх сэтгэл их нэхэл хатуу, хэцүү байдаг юм билээ.
Хоёр хөгшинд минь үр хүүхдүүд нь эрүүл энх, сайн сайхан явах л чухал болохоос ямар мэргэжил эзэмших зэрэг бол огт падлийгүй зүйл л дээ.
-Нэг саваагүй ч гэмээр зүйл асуумаар санагдлаа. Философичид “Бүх зүйл хоосон чанартай” гээд суугаад байхаар гэр бүлийнхэнд нь ямар байдаг бол гэж боддог юм. Таны үр хүүхэд, хань ижил энэ тухай ямар нэг гомдол хэлж байв уу?
-Миний гэр бүлийн хүнийг Ч.Батжаргал гэдэг. Биологийн ухааны доктор, Төрийн шагналт эрдэмтэн бий. Эрдмийн ажил, судалгааны бүтээл хийхийн сайн муу, сайхан муухайг биеэрээ мэдэх учраас юм хэлдэггүй юм аа. Бид дөрвөн хүүхэдтэй.
Их олон зүйл дээр эхнэр, хүүхдэдээ би “Та нар намайг байхгүй гэж бодоод юмаа хийж бай” гэдэг юм. Нэгэн цагт би хорвоогийн жамаар өөд болох нь тодорхой. Тиймээс эртнээс тэгээд сургачихсан нь дээр. Одоо миний хүүхдүүд юм болгон дээр надаас асуух гээд байдаггүй.
Нэг мэдэхэд ийш тийшээ яваад ирчихсэн байдаг л юм. Гэхдээ бид амралтын өдрөөр хүүхдүүдээ, ач зээгээ гэртээ цуглуулж, бөөндөө бужигнах их дуртай.
-Хүүхдүүдтэйгээ тоглож наадах цаг гаргана биз?
-Дунд сургуульд байхдаа би шатар сайн тоглодог байсан ч сүүлдээ огт тоглоогүй. Одоо ач, зээ нартайгаа хааяа шатар нүүхээр урамгүй юм аа. Хожоод байхаар тэд уурлачихна. Хожигдоод байхаар өөрсдөө ахихгүй.
-Ахмадууд жилд нэг удаа сувилал, амралтанд хөнгөлөлттэй үнээр явдаг. Та явдаг уу?
-Тийм юм байдаг гэсэн. Одоогоор би ахмадын амралт, сувилалд явж үзээгүй л байна. Тэгж байгаад явах байлгүй дээ (инээв).