“Байна уу, ээж ээ. Миний барилдааныг үзэв үү. Ёстой гоё байна аа. Наашаа явахын (Унгар) өмнө та намайг тойгны шөлөөр тордож, тордож явуулсны хүчинд хүрэл медаль хүртлээ. Охин нь удахгүй очно оо” хэмээн барилдааныхаа дараа гэр бүлийнхэнтэйгээ баярын нулимс дуслуулан холбоо барьсан Б.Мөнгөнчимэгийн бичлэг спортын хорхойтнуудын сэтгэлийг нэлээд хөдөлгөсөн.
Түүгээр ч үл барам тухайн баярт мөчийг Монголын жүдо бөхийн холбооныхон цахим хаягаараа шууд дамжуулсан нь монгол түмэнтэйгээ хуваалцах, хамт баярлах боломж олгосон хэрэг. Монголын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг дэлхийд хүчтэй. Энэ жил Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа зодог тайлж, түүний орыг хэн нөхөж, амжилтыг нь хэрхэн үргэлжлүүлэх нь жүдо сонирхогчдын анхаарлыг гойд таmаж байв. Эл асуултын хариултыг өдгөө 23 настай Б.Мөнгөнчимэг “Будапешт-2017”-д өгч, ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын зургаа дахь эмэгтэй жүдоч болов.
Төв аймгийн Баянхангай сумын харьяат түүнээс өмнө Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, М.Бундмаа, М.Уранцэцэг, Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа нар дэлхийн медальтан болсон гээд бодохоор ямар их өрсөлдөөн дундаас онцгойрсныг нь бэлхнээ харуулна. 19-хөн настайдаа үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тэрбээр дэлхийн дэвжээнд гурав дахиа зодоглон зорьсондоо хүрсэн нь энэ.
Б.Мөнгөнчимэг багийн ДАШТ, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, УАШТ-ий нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай. Түүнд Их дуулга, гран при тэмцээний чамгүй олон медаль бий. Үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин, ОУХМ Б.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.
-М.Уранцэцэг гавьяатыг барилдахын өмнөх шөнө Ш.Цэвэлмаа дасгалжуулагч чоно зүүдлэн, шавиа мөнгөн медаль хүртэхийг зөгнөсөн гэнэ лээ. Танд ямар нэг совин төрсөн үү?
-Намайг Унгар руу явж байхад Урнаа эгч (М.Уранцэцэг), Болдоо (Г.Болдбаатар) ах хоёр мөнгө, хүрэл медаль хүртсэн. Яг очсон өдөр Сумъяа эгч зодоглосон юм. Дөрвөн минут барилдах ямар хэцүү билээ. Тэгэхэд япон бөхтэй 13 минутын турш хүч сорин, түрүүлэхэд нь үнэхээр их бахархсан. Хичээвэл ийм тэсвэр тэвчээр хүнээс гардаг юм байна, монгол тамирчин бусдаас илүү гэх итгэл бүр их төрсөн.
“Сумъяа эгч чадсан юм чинь би яагаад чадахгүй гэж” хэмээн бодоод унтсан чинь шөнөжингөө барилдаж байна, хүрэл медаль хүртлээ гэж зүүдэлсэн юм. Өглөө нь сэрээд Ц.Наранжаргал эгчид хэлэх нь ээ “Ямар гоё юм бэ. За миний дүү зөгнөсөн хүрэл медалиа хүртчихээд хүрээд ир. Өнөөдөр чиний өдөр” гэхэд нь урамшсан. Нээрэн л медаль авчих юм шиг санагдаад, бүр ч догдолсон.
Хятадын бөхийг өвдөг шороодуулан, хүрэл медалиар энгэрээ мялаах мөчид жингүйдэж буй мэт их сонин мэдрэмж төрсөн шүү. Нээрэн үү, эсвэл зүүдлээд байна уу гээд л. Зүүд биш байгаадаа л гэж боддог юм билээ. Зүүд минь дэлхийн медальтан болохыг зөгнөсөн гэдэгт итгэдэг.
-Өмнө нь тэгж зүүдэлж байсан уу?
-Ёстой үгүй. Тэмцээнд оролцож байхдаа анх удаа тэгж зүүдэллээ. Үнэнийг хэлэхэд өмнө нь дэлхийн дэвжээнд хоёр удаа зодоглон, овоо туршлага хуримтлуулсан, бэлтгэл сайтай байсан болоод ч тэр үү, медаль хүртчих юм шиг санагдан, нэлээд догдолсон. Бүр тэсэхээ байгаад гэрийнхэндээ хэлэхэд аль болох булзааруулж, өөр зүйлийн талаар ярилцахыг эрмэлзэж байгаа нь анзаарагдсан юм.
Эх орондоо ирсний дараа ээж “Охиноо медаль хүртэнэ гэх зөн төрөөд байсан юм аа, ээжид нь. Гэхдээ тэр тухай ярингуут чинь л гялс өөр зүйл бодуулахыг хичээсэн. Хэтэрхий их догдолсноосоо болоод санасан амжилтдаа хүрч чадахгүй байх вий гэж эмээсэн” гэсэн.
-Хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт, Францын Кларисс Агбеньенуд дийлдсэн. Франц жүдоч зүүн талтай.
Уг нь баруун талаараа золгож барилдсан бол танд ашигтай байсан. Гэтэл яагаад зүүн талаараа хүч сорив?
-Харин тийм ээ, харамсалтай барилдаан болсон. Уг нь түүнтэй баруун золгоод, барьц авч барилдах төлөвлөгөө боловсруулсан юм. Гэтэл дэвжээн дээр гарахад бүх зүйл эсрэгээр эргэж, санаснаар болоогүй. Яалт ч үгүй дархан мэхэнд нь ороод, цэвэр дийлдлээ. Тэр ялагдлаа хурдан мартаж, дараагийн барилдаандаа анхаарлаа хандуулахыг хичээсэн.
Барилдаан эхлэнгүүт цэвэр ялагдчихсан болохоор мартахад арай амар юм билээ. Үндсэн цаг дуустал эн тэнцүү барилдсан бол “Тэгсэн бол, тийм мэх хийдэг байж” гэж бодно шүү дээ. Түүнтэй өмнө нь буюу 2014 оны ДАШТ-ий багийн төрөлд учраа таарахдаа үндсэн цаг дуусахаас хэдхэн секундийн өмнө дийлдэж байсан юм.
-Хүрэл медалийн төлөө барилдсан БНХАУ-ын бөх Ян Жунсьяад та гурав дараалан ялагдаад байсан. Дэлхийн дэвжээнд дахиад дийлдэх вий гэж эмээсэн үү?
-Ер нь ялна, дийлнэ гэж аль болох бодохгүй байхыг хичээсэн. Заримдаа хэтэрхий их зүйл бодож, хичээсний улмаас алдаа гаргасан минь нэг бус. Барилдахын өмнө Д.Сумъяа эгч “Ээ, дээ сандарч болохгүй шүү. Дэвжээнд гарахад хүмүүс уухайлан дэмжихэд анхаарал сарнидаг. Тиймээс тайван байгаарай” гэж зөвлөсөн. Тэгж хэлснийх нь дараа Сумъяа эгч надтай хамт дэвжээнд гаран, барилдаж байгаа мэт санагдаад түшигтэй байлаа.
Хятадын бөхөд хөмрөх мэх хийнэ гэж өмнө нь төлөвлөөгүй ээ. Яалт ч үгүй дархан мэх болохоор барьцаа авангуутаа хөмөрчихсөн. Би цэвэр ялсан бус вазари үнэлгээ авчихлаа гэж бодсон. Шүүгч цэвэр ялалт заан, дэвжээн дээрээс хар хурдаараа гүйсээр Ш.Цэвэлмаа багшийгаа тэврэх ямар гоё байсан гэж санана. Тэр даруйд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барихад их баярлаж, догдолсондоо юу гэж хэлэх учраа ч олоогүй. “Гоё байна аа, гоё байна” л гэсэн гээд гэрийнхэн одоо хүртэл шоолж байгаа (инээв).
Намайг барилдах өдөр аав, ээж хоёр нутагтаа очиж, хайрхан, овоондоо сааль, сүүнийхээ дээжийг өргөсөн гэнэ лээ. Хүн зорилгоо зөв тодорхойлж, түүндээ хүрэхийн төлөө хоёргүй сэтгэлээр уйгагүй зүтгэж чадвал өнөөдөр биш юм гэхэд маргааш амжилтад хүрч, үр шимийг нь хүртдэгийг ухаарлаа. Ер нь зөв бодолтой, зөв сэтгэлтэй, тусархуу амьдрахад бүх зүйл сайхан болно гэж ээж захидаг юм.
Би олон улсын тэмцээнд оролцохдоо хамгийн түрүүнд Төрийнхөө далбаа руу харан “Төрийн минь сүлд өршөөгөөрэй, ивээгээрэй” гэж залбирдаг. Нээрэн л намайг хазайхад түшээд, ивээгээд байх шиг санагддаг. Намайг үргэлж дэмжиж, ялж, ялагдахад хамт байдаг Монголын жүдо бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар, тамирчид, “Женко” клубийн Энхбаяр, Ш.Цэвэлмаа багш, гэр бүлийнхэн, монгол түмэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа, С.Ням-Очир тэргүүтэй шилдгүүд бүр хожим буюу 2015 онд дэлхийн медальтан болсон. Тэдэнтэй харьцуулахад та залуудаа энэ амжилтад хүрлээ. Ер нь уйгагүй хичээж, хөдөлмөрлөвөл дэлхийгээс медаль хүртэх юм байна гэх итгэл хэдийнээс төрсөн бэ?
-Би үеийнхнээсээ харьцангуй залуудаа үндэсний шигшээ багийн тамирчин болж, шилдгүүдээс суралцан, дэлхийн дэвжээнд өрсөлдсөн нь давуу тал болж байна. Мэдээж би өнөөгийн амжилтад өдөр бүрийн хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө үр шимээр хүрсэн. Амжилтын үзүүрээс дөнгөж атгаад байна. Үүндээ ханаж, эрдэлгүй цаашид хичээн, илүү өндөр амжилт гаргахын төлөө зүтгэнэ ээ.
-Та энэ жил Азийн АШТ, УАШТ-ий дэд аварга болсон амжилтаа ахиулж, дэлхийн медальтан боллоо. Үүний сацуу найз залуу тань аймгийн арслан цол хүртсэн. Нэг гэр бүлийн хоёр өнгөтэй байна даа.
-Сайхан байна аа. Би найз залуугийнхаа барилдааныг Монгол бөхийн өргөөнд очиж үзэх дуртай. Гэхдээ барилдахыг нь үзсэнээс өөрөө барилдах нь хамаагүй амар (инээв). Хоёулаа барилддаг, тамирчны жаргал, зовлонг мэддэг болохоор бие биенээ сайн ойлгож, дэмждэг.
-Тамирчны хамгийн том өрсөлдөгч бол яахын аргагүй бэртэл. Мөрний бэртлийн улмаас жил гаруйн хугацаанд тэмцээнд оролцож чадахгүй байх амаргүй байсан нь мэдээж. Тэр хүнд үеийг хэрхэн давав?
-Амжилтын төлөө ид зүтгэж явахдаа бэртэх үнэхээр хэцүү юм билээ. Би Риогийн олимпод зодоглох зорилготой байсан юм. Гэтэл үе үе мөр мултардаг болсон. Сүүлдээ хагалгаанд орж, олимпод оролцох зорилгоо хойш нь тавихаас аргагүй болсон. Би 2013 оноос олимпын эрхийн оноо цуглуулан, дэлхийд чансаагаараа 12-т эрэмбэтэй байсан юм, уг нь. Юу юугүй олимп хаяанд ирнэ, бэртлээ эдгээчихье гэж хичээж, харзнасан ч санаснаар болоогүй.
Чөлөөт, бокс зэрэг спорт ганцхан тэмцээнээс олимпын эрх авах боломжтой. Гэтэл жүдо тийм биш. Бүхий л тэмцээнд жигд амжилт үзүүлэн, олимпын оноо цуглуулах шаардлагатай. Аргагүйн эрхэнд 2014 оны сүүлчээр хагалгаанд орж, жил гаруйн хугацаанд тэмцээнд өрсөлдөж чадаагүй. “Ингээд л бүх зүйл дуусчихаж байгаа юм биш биз дээ. Бэртэл эдгэхгүй бол яана” гээд юм юм л бодогдон, сэтгэл санаагаар нэлээд унасан. Тэр үед Х.Баттулга ерөнхийлөгч түшиг болсон.
Тийм хүнд үеийг гэр бүлийнхэн, жүдогийн хамт олон, найз залуу минь дэргэд байсны ачаар даван туулсан даа. Ерөнхийлөгч Х.Баттулга бэлтгэлээ аль болох цалгардуулалгүй өдөр бүр хийхийг зөвлөсөн. Түүнийх нь дагуу өдөр бүр ирээд хөлний дасгал хийж байлаа. Тэгсэн нь формондоо хурдан ороход нэлээд дэм болсон. Арайхийж бэртлээ эдгээгээд тэмцээнд зодоглоход амар байгаагүй ээ. Жилийн хугацаанд барилдаагүй болохоор санасныхаа дагуу мэхээ гүйцэд хийж чадахгүй л байлаа.
“Өмнөх шигээ барилдаж чадахгүй байна” гээд сэтгэлээр унана. 2016 оны эхээр болсон УАШТ-ээс мөнгөн медаль хүртчихээд Варшавын цом, “Чингис хаан” гран прид түрүүлэхдээ үнэхээр их баярласан. Тэр их саад бэршээлийг даван, туулж байж, бэртлээс эргэн ирээд амжилт гаргахад сэтгэл үнэхээр хөдөлдөг юм билээ.
-Бэртлээ сэдрээчих вий гэх айдас амжилтад тань нэлээд чөдөр болсон байх.
-Тэгсэн. Угаасаа Риогийн олимпод оролцож чадахгүй нь ойлгомжтой болчихсон болохоор юуны түрүүнд бэртлээ сайтар эдгээхийг урьтал болгосон. Гам сайн барьж, удаан хугацаанд эмчлүүлсний ачаар бэртэл хурдан эдгэсэн, эмчилгээ үр дүнтэй болсон. Хагалгааны дараа эмч “Ээ, дээ, гам сайн бариарай. Өдий хүртэл хөдөлмөрлөчихөөд тэвчээр гаргаагүй, өчүүхэн болгоомжгүй байдлаасаа болж алдаа гаргавал харамсалтай.
Бидний хөдөлмөрийг ч бас үгүй хийв ээ” гэсэн нь санаанаас ер гараагүй. Зөвхөн би бус олон хүний итгэлийг алдахгүй гээд л бэрхшээл бүхнээ сөрсөн. “Би бэртчихлээ” гэж бодолгүй, юу ч болоогүй юм шиг өөдрөг, тайван байх хэрэгтэй юм байна лээ.
-Багадаа уран нугаралтаар хичээллэдэг байсан юм билээ. Нугараач байсан хүүхэд яагаад жүдоч болохоор шийдсэн юм бэ?
-Найман настайдаа “Монгол гайхамшиг” төвийн багш Нарантуяагийн удирдлагад уран нугаралтаар анх хичээллэж эхэлсэн. Харамсалтай нь сургуулийнхаа гадаа тоглож байгаад эгмээ хугалчихсан юм. Бэлтгэл завсардчихаар жин нэмээд дахин нугарахад хүндрэлтэй болсон. Тэгээд ээжид нугарахаа больё гэх нь ээ “Миний охин өөрөө л мэд” гэсэн. Ээж намайг өрөвдсөн байх. Хэрэв тэгэлгүй “Тууштай бай, битгий боль” гэсэн бол үргэлжлүүлээд л нугарах байсан болов уу.
Таван жил хичээллэсний эцэст нугарахаа болих амар байгаагүй ээ. Тэгж байтал ээж надад жүдо бөхөөр хичээллэхийг зөвлөсөн юм. Өөрөө багадаа бөх барилдах сонирхолтой байсан ч өвөө, эмээ хоёр зөвшөөрөөгүй юм гэнэ лээ. Тэгээд сав л хийвэл надад жүдог сурталчилна, дуртай болгох гэж оролдоно. Үнэнийг хэлэхэд анхандаа надад барилдах сонирхол байгаагүй. Нэг удаа ээжид “Жүдоч болъё” гээд тоглоомоор хэлсэн чинь “Тэгээ, тэг” гээд Ш.Цэвэлмаа багшийн шавь болгосон юм.
Ш.Цэвэлмаа багш надад зөвхөн жүдо бус амьдралын ухаан заасан. Өнөөгийн амжилт багштай минь салшгүй холбоотой. Яг тэр жил Н.Түвшинбаяр аварга олимпод түрүүлсэн нь жүдоч болоход чамгүй нөлөөлсөн. Тамирчин бүрийн адил “Би олимпын аварга болно, дэлхийд түрүүлнэ” гэж онгироод л жүдотой амьдралаа холбож байлаа. Нугаралтаар хичээллэж байсны өгөөжөөр уян, тэнцвэрээ сайн олдог болсон нь өнөөгийн амжилтад их дэм болж байна.
-Ээж тань бөхөд хорхойтой гэлээ. Тан руу үргэлж урам хайрласан үгтэй мессеж илгээдэг гэж сонссон.
-Тийм ээ. Бэлтгэл хийн, тэмцээнд оролцож байхад “Миний охин мундаг шүү, хамгийн шилдэг нь. Чадна аа, өөртөө итгэлтэй байгаарай” гэж мессеж бичдэг. Ямар ч хоол хүнс, эм витамин хэрэглэснээс илүү эрч хүч, урам авдаг юм. Ялагдахад хүртэл “Зүгээр ээ, миний охиноос мундаг тамирчин байсан юм байлгүй. За яадаг юм бэ, ялагдаа л биз. Дараа нь ялна шүү дээ” гээд намайг өмөөрдөг, ямар ч зүйлийг гэгээлгээр хардаг юм.
-Уран нугаралтаар хичээллэсэн бол өнөөдөр Мөнгөнчимэг ямархуу амжилттай яваа бол?
-Хүн ямар ч зүйлийг чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Хэрвээ уран нугаралтаар тууштай хичээллэсэн бол бас л амжилт гаргахын төлөө бүхнээ дайчлах байсан. Өдийд салбартаа өөрийн гэсэн орон зайтай, чамлахааргүй амжилт гаргасан байх байсан болов уу.
-Ямар нэгэн мэргэжлээр сурдаг уу?
-Ерөнхий боловсролын сургууль төгссөн жилээ үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, “Отгонтэнгэр” их сургуульд олон улсын эрхзүйч мэргэжлээр элссэн юм. Анхандаа хичээл, бэлтгэлээ зохицуулах гэж нэлээд хичээсэн. Яалт ч үгүй бэлтгэл хийхийн тулд хичээлээс чөлөө авах, таслах нь энүүхэнд. Үнэхээр амжихгүй юм билээ. Аргагүйн эрхэнд жүдогоо сонгосон.
Хүн чаддаг юм аа л хийсэн нь дээр. Тиймээс алсдаа спортын чиглэлээр номын дуу сонсох бодолтой. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ гэж надаас асуухаар юу гэж хариулах учраа олдоггүй юм. Тийм хүн чинь яаж сурч амжих вэ дээ (инээв). Залуу байгаа юм чинь алсдаа сурч амжих байх аа.
-Олны танил, нэр хүндтэй байх амаргүй гэдэг. Амжилтдаа эрдэж, буруу замаар орсон хүн цөөнгүй. Ер нь олны танил байх хэцүү юм уу?
-Би энэ талаар ерөөсөө боддоггүй. Гадуур явж байхад хүмүүс таараад зургаа авахуулъя гэхэд нь “За тэгье” гээд л уриалгахан хүлээж авдаг. Ямар ч амжилтад хүрч, одон медалиар энгэрээ мялаасан ч Мөнгөнчимэг хэвээрээ л байхыг хичээдэг.
Хэрэв амжилтдаа эрдэж, олны итгэлийг эвдвэл муухай шүү дээ. Залуу жүдоч бидний үлгэрлэж явдаг олимп, дэлхийн медальтнууд маань хэзээд нэг л зангаараа байдаг. Тэр хэрээрээ олны хүндлэлийг хүлээдэг болов уу.
-Одоо олимпоос бусад бүх томоохон тэмцээнээс медаль хүртчихлээ. Олимпын медальтан болохын тулд шинээр сурч, өөрийгөө хөгжүүлэх сэн гээд зорьсон, төлөвлөсөн зүйл бий юү?
-Байлгүй яах вэ. Би хөмрөх дархан мэхтэй. Түүнийгээ аль болох угсраа, олон хувилбар мэхээр баяжуулахыг зорьж байна.