Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Улам-Оргих: Вакцинжуулалт нь халдварт өвчинг бууруулахад хатуу хөл хорионоос илүү чухал нөлөөтэй

УОК-ын Шуурхай штабын дэргэдэх судалгаа, шинжилгээний бүлгийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргихтой коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Зургаадугаар сарын 15-наас халдварын тоо буурна гэж Эрүүл мэндийн сайд мэдээлсэн. Гэтэл эсрэгээрээ нас баралт болон халдварт өвчнөөр өвдөх хүмүүсийн тоо улам нэмэгдэж байна. Халдвар эрчимтэй нэмэгдэж байгаагийн гол шалтгаан юу вэ?

-Сарын өмнөх судалгаагаар зургаан сарын дундуур халдварт өвчин оргил үедээ хүрнэ гэсэн судалгааг бид хийсэн юм. Өөрөөр хэлбэл, өмнө хийж байсан тоо судалгаан дээрээ үндэслэж, анализ болон тоон судалгааг урьдчилсан байдлаар гаргадаг. Уг судалгааг хийсний дараа Эрүүл мэндийн сайд энэ сарын 15-наас халдварын тоо “эрс” буурна гэж мэдээлсэн “Эрс”, “маш” гэсэн тодотголыг шинжлэх ухааны судалгаанд төдийлөн хэрэглэдэггүй. Үүн дээр л хүмүүс үгийн тоглолт хийж байгаа нь анзаарагдсан. Тэр бичлэг, цаана нь харагдаж байгаа тооцооны графикыг эргээд нэг үзчих хэрэгтэй л дээ.  Мөн хурим, найр хийх, одон медаль гардуулах ёслол, сонгууль гэх мэт хүчин зүйлсийг загварчлалд оруулах үндэслэл байхгүй,  тооцоолоогүй гэсэн үг. Тооцоонд оруулаагүй ч эдгээрийн нөлөөгөөр бодит тоо тооцооноос өндөр гарна гэдэг нь ойлгомжтой байсан, харин хэр зэрэг нөлөөлснийг тооцоо ба өнөөдрийн бодит тооны зөрүүгээр харж болно. Эдгээр үйл явдал үргэлжилсэн хоногийн тоогоор халдварын оргил үе үргэлжлэх нь тодорхой.

Халдварын тоо түүнийг илрүүлэх бодит боломжоос давж байгаа, хөдөө орон нутгийн алслагдмал байдал зэрэгтэй холбогдон нотлогдон зарлагдаж байгаа тоо 1-5 хоног орчим хоцрогдолтой болж байгаа. Гэсэн хэдий ч цаашид хөл хорио тогтоохгүйгээр вакцины нөлөөгөөр халдварт өвчин буурна гэж үзэж байгаа юм. Ковид хэмээх халдварт өвчинг бууруулахад хатуу хөл хорио тогтоох нь өнгөрсөн өвөл, хавар вакцинжуулалтаас илүү нөлөөтэй байсан. Харин одоо бол вакцинжуулалт нь хатуу хөл хорионоосоо илүү чухал нөлөө үзүүлэх юм.

-Долоо, наймдугаар сард халдвар буурах магадлалтай байхад наадам хийх нь хэр зохистой юм бол. УОК-ын Шуурхай штабын дэргэдэх судалгаа, шинжилгээний бүлгийн гишүүд үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

– Зөвхөн вакцины нөлөөгөөр халдварын нөхцөл байдал долоо, наймдугаар сар гэхэд буурна гэсэн тооцоо байгаа юм. Гэтэл өнгөрсөн өдрүүд шиг зах замбараагүй найр, зугаалга хийж, баяр, ёслолын арга хэмжээ нь үргэлжилбэл одоо байгаагаас илүү хүнд нөхцөл байдал үүсэх нь тодорхой. Эрүүл мэндийн салбарынхан болон Эрүүл мэндийн яамнаас наадмаа хойшлуулъя эсвэл цуцалъя гэсэн саналтай байгаа юм. Одоогийн энэ хүндхэн нөхцөл байдал зургаан сарын сүүл хүртэл үргэлжлэх хандлагатай. Гэтэл залгуулаад наадам хийх юм бол нөхцөл байдлыг ноцтой хүндрүүлнэ.

Нөгөөтээгүүр вакцинжуулалтаа сайн хийгээд байхад халдвар яагаад буурахгүй байгаа юм бэ гэх асуулт гарч байгаа. Бид зөвхөн зорилтот бүлгийн хүмүүстээ л вакцинжуулалт хийж буй. Тодруулбал, өчигдрийн байдлаар зорилтод бүлгийн буюу 18-аас дээш насны хоёр сая  дал орчим мянган иргэн байгаагаас нэгдүгээр тунд хамрагдалт 91.7 хувь, хоёрдугаар тунд хамрагдалт 80,2 хувьтай байна. Мөн сүүлийн өдрүүдэд вакцинд хамрагдах хүмүүс эрс цөөрчээ. Харин бага насны хүүхдүүд болон ямар нэгэн шалтгааны улмаас вакцин хийлгээгүй хүмүүс сүүлийн өдрүүдэд халдварт их өртөж буйг өдөр болгон л мэдээлж байна. Хүүхэд залуучууд вакцинжуулалтад хамрагдаагүйтэй холбоотойгоор халдварт их өртөж буй.

-Долоон сарын эхээр гэхэд халдварын тоо буурахгүй бол нас баралт залуужих магадлалтай юу? 

-Сайн хэлж мэдэхгүй юм. Халдвар авсан архаг хууч өвчтэй хүмүүсийн биеийн байдал хүндэрч нас барах тохиолдол өндөр байгаа. Үүнд залуу хүн ч гэсэн хууч, архаг өвчтэй байж байгаад халдвар аваад биеийн байдал нь хүндэрч нас барахыг үгүйсгэх аргагүй. Харин халдварт өвчнөөр өвдөх хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр хэд хоногийн дараа нас баралт дагаад өснө. Манайх шиг цөөхөн хүн амтай улсад халдварын улмаас өдөрт 10 гаруй хүн нас барж байна гэдэг бол эрсдэл өндөр байгааг харуулж, халдварын нөхцөл байдалд бүх нийтээр илүү их анхаарал хандуулаачээ гэсэн сануулга, дохио юм. Бас халдвар нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал мөн адил нэмэгдэж хэцүүхэн нөхцөл байдалтай бид нүүр тулаад байна. Өдөрт найман цаг ажиллах хөдөлмөрийн хуультай эмнэлгийн ажилчид өдөр шөнөгүй тасралтгүй ажиллаж, эцэст нь туйлдаж өөрсдөө халдвар авах цөөнгүй тохиолдол гарсан.

-Гэтэл нөгөө талд нь вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 21-ээс дээш хоносон хэрнээ халдвар авлаа. Вакцин ямар ч үр нөлөөгүй юм байна гэдэг байр сууриас хандах иргэд цөөнгүй байна.

– Олон хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгээд өвдөхгүй юм шиг ойлголттой байх шиг. Хэрэв вакцины хоёр тунгаа хийлгээд өвддөггүй байсан бол дэлхий нийтээр халдварт өвчин ингэж их тархах уу. Хамгийн энгийнээр тайлбарлахад, вакцин хийлгэснээр таны өвдөх, хүндрэх эрсдэл бараг 10 дахин багасгана гэсэн үг. Жишээ нь: Өнөөдрийн байдлаар гэхэд 2000 гаруй иргэн халдвартай нь батлагдсан, энэ нь вакцинжуулалт хийж эхлээгүй байх үеийн 200 гаруй хүнээс халдвар илэрч байх үетэй хүндрэлээрээ ойролцоо үзүүлэлт гэсэн үг. Харамсалтай нь манай улсын эмнэлгийн ачаалал давсан учраас нас баралт, биеийн байдал нь хүндрэх тохиолдол илүүтэй байна. Өмнө нь цөөхөн хүмүүсээс халдвар илэрч, ойрын болон дам хавьтлыг илрүүлж хүндрэхээс нь өмнө эмчилдэг байсан бол одоо халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор ойрын болон дам хавьтагч нарыг олж тодорхойлох хэцүү, бараг боломжгүй болсон. Бид эргэн тойрныхоо хаанаас ч халдвар авах өндөр эрсдэлтэй ийм л нөхцөл байдалд байна.

Өөрөөр хэлбэл, халдвар авснаа мэдэхгүй байж байгаад эдгэрсэн хүмүүс бидний дунд маш олон бий.

Эдгээр хүмүүс тоо судалгаанд ороогүй бөгөөд халдвар авсан хүн болгоныг бүртгэх ямар ч арга алга. Иргэдийн анхаарах нэг зүйл бол иргэн та хөнгөн хэлбэрээр халдвар аваад тэрийгээ өөрөө мэдэлгүй байж байгаад эдгэрсэн байж болно. Гэхдээ та халдварын тархалтын гинжин хэлхээний нэг гинж болчихож байгаа юм. Хүн болгон халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, хэн нэгнийг аль болох эрсдэлд оруулахгүй юмсан гэсэн сэтгэлээр л хаа хаанаа хандаж, гэмших, өрөвдөх сэтгэлийг илүүтэй өвөртөлж яваасай.

-Төр засгийн оновчтой шийдвэр, шийдэл болон иргэдийн хичээл зүтгэлээр цар тахал өвчний ард гарах боломжтой. Иргэдийн зүгээс юун дээр анхаарах нь хамгийн чухал юм бол ?

– Чухам голыг нь олж хэллээ. Дэлхий дахинд коронавирус халдварын талаар мэдээлэл сайтай нэгэн халдвар авах эрсдэл хамгийн бага гэсэн олон судалгаа гарсан. Түүнчлэн вакцинжуулалтад хамрагдах байдал ч хувь хүний боловсролын төвшнөөс хамаарч ялгаатай байгаа судалгаа бий. Жишээ нь, АНУ-ын нэгэн асуулга судалгаагаар дээд боловсролын зэрэгтэй хүмүүсийн 60% , харин зэрэггүй хүмүүсийн 45% нь вакцинд хамрагдана гэжээ. 

(https://news.usc.edu/182848/education-covid-19-vaccine-safety-risks-usc-study/)

Харин монголчуудын хувьд энэ хувь маш өндөр байгааг тэмдэглэж хэлье. Гэсэн хэдий ч халдварт өвчин улсын хэмжээнд ингэж тархаж байгаа нь бид аливаа юманд яаж хандаж байгааг илтгэж буй нэгэн шинж.

Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдлаа ч гэсэн халдварт өвчнөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хэрхэн хамгаалах тал дээр хэрхэн хариуцлагатай хандаж байна вэ, гадуур хамаагүй явж, аялал, зугаалга, шоу цэнгээн хөөх нь энэ цаг үед үнэхээр тохиромжтой юу гэх мэт маш энгийн асуултуудыг өөрсдөөсөө асуух хэрэгтэй.

Энэ цар тахал өвчин ганц удаа ингээд нэргээд өнгөрөхгүйгээр шинэ давлагаа дахин дахин үүсэх өндөр магадлалтай. Иймд цаг үетэйгээ холбоотой үнэн зөв мэдээ, мэдээлэлтэй байх нь юу юунаас чухал. Эрдэмтэд болон эрүүл мэндийн салбарынхан өөрсдийнхөө санаа зоргоор мэдээллийг дамжуулдаггүй. Тэд олон улсад бодиттой батлагдсан үнэн бөгөөд шинэ содон мэдээ мэдээллийг олон талаас нь олж, уншиж, боловсруулж байж иргэдэд мэдээлэл хүргэдэг хүмүүс. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс зөвхөн нэг талыг баримталсан эргэлзээтэй мэдээллийг цахим орчинд тарааж бусдад хор уршиг үзүүлэх хандлага ихээхэн газар авах боллоо. Жишээ нь, вакцин хийлгэх нь халдвараас хамгаална гэдэг бол худал, хийлгэх хэрэггүй юм байна гэх мэтээр бусдыг буруу зүйлд уруу татах, уриалан дуудах тохиолдол их гарах болов.

Дэлхий дахинд коронавирус халдварыг эрсдэл багатай даван гарахын тулд олон эрдэмтэд вакцин л үр дүнтэй гэдэг зүйл дээр тогтож, улс орнууд иргэдээ вакцинжуулалтад хамруулж байна. Одоогоор дэлхий дахинд вакцинаас өөр ямар нэгэн шийдэл гаргаж ирээгүй байхад вакцин хийлгэх хэрэггүй гэж бусдад буруу нөлөөлөх хэрэг юун. Тухайн иргэн өөрөө вакцин хийлгэх үгүй нь өөрийнх нь сонголт. Тийм атал бусдыг ингэж уриалах хэрэг байна уу гэдгийг тунгаан бодох нь зүйтэй. Нэгэнт оройтвол гэмшээд ч баршгүй. Шинэ цар тахал өвчин учраас иргэн бүр үнэн зөв мэдээ, мэдээллээс хоцрохгүй байх нь хамгийн чухал гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа

2
Зөв, гоёЗөв, гоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.