Монголын хуульчдын холбооноос зохион байгуулдаг хуульчдын форум өчигдөр боллоо. Тав дахь жилдээ зохион байгуулж буй уг форумын үеэр хуульчид “Шигдэх үү, шинэчлэх үү” уриан доор “Үндэсний эрх зүйн тогтолцооны асуудал, шинэчлэл” сэдвийн хүрээнд захиргаа, иргэн, эрүүгийн эрх зүй дэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар Монгол Улс сүүлийн таван жилд авлигын үзүүлэлтээр 180 орноос 121 дүгээрт орж, 15, ардчиллын үзүүлэлтээр 179 орноос 81-т бичигдэж 24, хүний эрхийн үзүүлэлтээр 142 улсаас 64-т эрэмбэлэгдэж, 16 байраар тус тус ухарсан. Нийгэм авлигажиж, хууль үнэгүйдэж, шударга бус байдал газар авсан гэсэн үг. Үүний шалтгаан нь одоо үйлчилж буй хуулиуд нийгмийн амьдралыг зохицуулах чадваргүйтэй холбоотой хэмээн хуульчид онцолсон юм. Тиймээс хуульч, судлаачид үндэсний эрх зүйн тогтолцоонд ямар асуудал үүссэнийг тодорхойлж, түүнийг яаж шийдвэрлэх арга замыг олох нь чухал гэв. Үүнтэй холбоотойгоор замбараагүй олон дүрэм, журмыг цэгцлэх, хуулиудын зөрчил, хийдэл, давхардлыг арилгах, ялгамжтай хэрэглэхгүй байх зэрэг санал, зөвлөмж гаргаж, хууль санаачлагч, хэрэгжүүлэгч нарт хүргүүлэх гэнэ.