Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) ээлжит хурлаар зүүн, говь, төвийн бүс дэх хүний эрхийн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өгөв. Төвийн бүсийн хэмжээнд өнгөрсөн онд 126 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон нь өмнөх жилийнх нь мөн үеийнхтэй харьцуулахад 49-өөр нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Цагдаа, прокурорын байгууллагын мэдээлэл зөрүүтэй, төр иргэдийг бодитой мэдээллээр хангаж чадахгүй байгааг ХЭҮК-ынхон шүүмжлэв. Мөн гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо нэмэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн онд 40 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Сэлэнгэд 24, Дархан-Уулд найм, Төв аймагт 12 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэнэ. Зүүн бүсийн тухайд мөн л хүүхдийн эрхтэй холбоотой асуудал цөөнгүй гарчээ. Жишээ нь, хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон ч зүүн бүсийн аймгууд жилийн дөрвөн улиралд ийм уралдаан, бооцоот тэмцээн зохион байгуулсаар буй гэнэ. Он гарснаас хойш Сүхбаатар аймагт гэхэд хурдан морь уралдуулсан тохиолдол гарсан тул тухайн сумын Засаг даргад сахилгын шийтгэл оноожээ. Түүнчлэн хорих ял эдэлж, суллагдсан иргэнийг нийгэмд дасан зохицох, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажил шаардлага хангахгүй байна гэв. Харин говийн бүсийн тухайд усны нөөц тулгамдсан асуудал болжээ. Тавантолгойн бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа цаашид эрчимжсэн хэвээр байвал 2030 он гэхэд газрын гүний усны нөөц хүрэлцэхгүй болох тооцоо гарсан аж. Мөн энэ бүс нутагт зам, тээврийн осол өмнөх оныхоос 75 хувиар өссөн байна. Тухайлбал, Улаанбаатар Говьсүмбэр чиглэлийн авто замын даац хэтэрснээс эвдэрсэн нь осол гарахад нөлөөлж буйг хэллээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд гарч буй гэмт хэргийн дийлэнх нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. Ялангуяа хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага ихэссэн гэнэ.
Бэлтгэсэн Ч.Туяа