Сайжруулсан шахмал түлшинд угаартаж, 29- 55 насны 10 хүн нэг дор нас барсан ноцтой хэрэг өнгөрсөн сард Сонгинохайрхан дүүрэгт гарсан юм. Хариуцсан албаныхан нь үхэлд хүргэсэн гол шалтгаанд анхаарахын оронд талийгаачдыг “Архичин, ажилгүй” гэх мэдээллийг олон нийтэд түгээж, хэргийг бүдгэрүүлж орхисон. Архичин хүнд ч гэсэн амьд явах эрх бий. Унтаад сэрэхгүй байж мэдэх айдас дунд иргэд амьдарч байхад хотын дарга, “Тавантолгой” түлш компанийнхан нүдэн балай, чихэн дүлий суусаар. Харамсалтай нь, үүнээс нэг сарын дараа буюу энэ сарын 21-нд мөн л Сонгинохайрхан дүүрэгт 11 настай хүү угаартаж амиа алдлаа. Ээж нь ч хүнд хордож, эмчлүүлж байгаа гэнэ.
Сайжруулсан түлшнээс болж өнгөрсөн онд 3184 хүн хордож, 61 нь нас барсныг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд дурдсан. Үүнээс шалтгаалж угаарын хийд хордох, угаартаж нас барах тохиолдол жил бүр нэмэгдсээр байгааг ХЭҮК-ынхон онцолж, түлшээ сайжруулах шаардлагатайг анхааруулсан юм.
Хавар, намрын улиралд угаарын хийн дуудлага нэмэгддэг. Эрсдэлтэй энэ үед “Тавантолгой түлш” компанийн ажилтнууд айл өрхүүдэд анхаарал, сэрэмжлүүлэг хүргэж, угаар мэдрэгчээ ажиллуулж буй, эсэхийг нь хянаж шалгах үүрэгтэй. Гэтэл тэд эл үүргээ гүйцэтгэхийн оронд хүмүүсийн хувийн мэдээлэл болох регистрийн дугаарыг авах гэж улайран зүтгэх болсон гэнэ. Ганц нэгээрээ айлын үүд тогшиж, регистрийн дугаараа бүртгүүлэх шаардлагатай гэж хүний хувийн мэдээлэл цуглуулж буй нь ямар учиртай вэ. Хашир нэг нь хувийн мэдээллээ хэн хүссэнд нь өгөхгүй гэж зад загнаад явуулж байхад учир мэдэхгүй зарим нь регистрийн дугаараа тэдэнд бүртгүүлсээр байна.
Сайжруулсан түлшний хэрэглээ илт өсдөг өвлийн гурван сард Угаарын хяналтын төвийн ажилтнууд таг чимээгүй сууцгаасан хэрнээ гэнэт хөдөлгөөнд орсон нь сонгуультай холбоотой гэж хардах хүмүүс ч бий. Уг нь Угаарын хяналтын төв нийслэлийн долоон дүүрэгт бий гэх. Гэвч эдгээр төвийг нийслэлийн харьяанд өнгөрсөн нэгдүгээр сараас шилжүүлжээ. Сахил хүртээд шал дордов гэгчээр Угаарын хяналтын төвийнхөн нэг компанийн мэдлээс нийслэлд очоод үндсэн ажлаа мартаж орхиж. Айлууд угаарын хий мэдрэгчээ ажиллуулж, яндан, зуух нь бүрэн бүтэн, эсэхийг асууж сураглаж, анхаарах үүрэгтэй ажилтнууд өвөлжингөө “иччихээд”, гэнэт л иргэдийн хувийн мэдээлэлд ийнхүү халдах боллоо. Тиймээ угаарын хяналтын төвийн мэргэжилтнүүдийг ажлаа хийхэд нь анхаарал хандуулна уу, хотын дарга аа.