Италийн Турин хотод тусгай олимпын өвлийн наадмыг гуравдугаар сарын 8-15-нд зохион байгуулна. Дэлхийн 190 улсыг эгнээндээ нэгтгэсэн Тусгай олимпын хорооны гишүүн орнуудын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас сонгогдсон төлөөлөл олимпын бамбарыг Турин, Маллан, Венец зэрэг 10 гаруй хотоор өнөөдрөөс буухиалан гүйх нь. Уг арга хэмжээнд Зүүн Азийн бүсийг төлөөлж, Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын Цэргийн биеийн тамир, спортын тасгийн туслах мэргэжилтэн, арга зүйч, ахлах ахлагч Г.Наранхүү сонгогдсон. Түүнд тус штабын дарга, хошууч генерал С.Ганбямба Монгол Улсын Төрийн далбааг гардуулан өгчээ. Энэхүү Төрийн далбаа нь Монгол Улсын зэвсэгт хүчнээс анх удаа зохион байгуулсан “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан, “Авто ралли” зэрэг олон уралдаан, тэмцээнд мандаж байсан аж.
Олимпын бамбарыг буухиалах эл хүндтэй үүргийг хүлээгээд буй ахлах ахлагч Г.Наранхүү Афганистан болон Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн туршлагатай энхийг сахиулагч, боксын спортын мастер, гардан тулааны олон улсын шүүгч, цэргийн мэргэжлийн II зэрэгтэй шилдэг тамирчин юм. Тусгай олимпын хөдөлгөөн 1968 онд АНУ-д үүсэж, өдгөө дэлхийн 190 улсыг эгнээндээ нэгтгэсэн. Монголын тусгай олимпын хороог 2013 онд байгуулж, оюуны ялгаатай 8000 гаруй иргэнийг спортоор дамжуулан нийгэмшүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Манайхан 2017 оноос тусгай олимпын дэлхийн өвлийн наадам, 2015 оноос зуны наадамд амжилттай оролцож, нийт 75 медаль хүртэж байв. “Турин-2025” өвлийн олимпод Монголын тусгай олимпын хорооноос зургаан төрөлд 24 тамирчин оролцоно.