Энэ он гарснаас хойш найман аймгийн 20 сумд 28 удаа ой, хээрийн түймэр дэгджээ. Түймэрт ой, хээрийн 1.3 сая га талбай, 39 гэр, 15 сууц, зургаан автомашин өртсөнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Мөн 11 мотоцикл, 6937 бог, 569 бод мал өртсөн аж. Цагдаагийн байгууллагынхан ой, хээрийн түймрийн шалтгааныг тогтоохоор өдгөө ажиллаж буй бөгөөд нийт 22 гомдол, мэдээлэл хүлээн авсан гэнэ. Харин нийслэлийн хэмжээнд энэ онд өнжмөл буюу шар өвс шатааж байгаад гал алдсан 21 дуудлага бүртгэгджээ.
Хаврын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай, хуурайшилт ихтэй байх тул иргэд үнс, нурмаа тусгайлан бэлдсэн зориулалтын саванд хийж, өнжмөл өвсөө шатаахгүй байж, татсан тамхиа бүрэн унтраах шаардлагатайг албаныхан анхаарууллаа. Санамсар болгоомжгүйгээс байгаль орчинд хохирол учруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 100, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна. Харин санаатайгаар ой, хээрийн түймэр тавьбал Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлд зааснаар 2-8 жил хүртэлх хугацаанд хорих шийтгэлтэй аж.
Ташрамд дурдахад, 2024 онд нийслэлийн хэмжээнд шар өвс шатааж байгаад гал алдсан 48 тохиолдол бүртгэгдэж, 62.7 га талбай шатжээ.
У.Сүрэн