Эдүгээ 102 насыг зооглож яваа Фронт С.Цэгмидийн гавьяаг үнэллээ. Тодруулбал, Дэлхийн II дайны хүнд хэцүү цаг үед Монголчуудын сэтгэлийн бэлэг, тусламжийг фронтод хүргэлцэж явсан, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат ахмад дайчин, Улсын сайн малчин, гавьяат малчин Сүрэнхорын Цэгмидэд хүндэтгэл үзүүлж, ялалтын 80 жилийн ойн хүндэт медаль гардуулсан сайхан үйл явдал боллоо.
Шагналыг ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин, Дайн, энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга хурандаа Г.Лүндэн, Монгол, Оросын нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим, Монгол цэргийн нэгдсэн холбооны гишүүн, хурандаа Амарсайхан нар гардуулжээ.
“Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмид 18 наснаасаа мал маллаж, ажил хөдөлмөрөөрөө шалгаран Улсын сайн малчдын анхдугаар хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож, “Улсын сайн малчин” хэмээх эрхэм алдрын эзэн болж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж байсан төдийгүй тэндээсээ Дэлхийн II дайны фронтод бэлэг хүргэж өгсөн түүхэн хүн юм.
Тэрбээр 1942 оны 12 дугаар сард Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр очиж байжээ.
Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий Монголын ард түмний үйлдвэрлэсэн өвлийн хүрэм, шинель, нэхий дээл, гутал болон хоол хүнс ачсан байжээ. Мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгсөн байна.
С.Цэгмидийн түүхэн гавьяаг үнэлж, Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медаль, ОХУ-ын Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одон, Монгол Улсын гавьяат малчин, “Дайнд оролцсон ахмад дайчин” цол, Цэргийн гавьяаны одонгоор шагнаж байжээ.
Эдүгээ 102 насыг зооглож яваа С.Цэгмид гуайд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагдсанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлэг илгээсэн байна.