Бид аутизмтэй хүүхдүүдийг, насанд хүрэгч¬ дийг харагдах байдлаараа энгийн хүнээс ялгарахгүй гэж ярьдаг. Үүгээрээ тэднийг өмгөөлж, харин ч өөрсөдтэйгөө адилхан түвшинд харилцаж байна гэж андуурдаг. Угтаа та, бид “энгийн хүнээс ялгаагүй” гэх тэр үгээрээ хүртэл аутизмтай иргэдийг ялгаварлан гадуурхдагаа мэддэггүй. Үг, үйлдлээрээ ч тэднийг ялгаварлан гадуурхаж болохгүй юм шүү гэдгийг дэлхий нийт эдгээр өдрүүдэд хүн төрөлхтөнд эргэн сануулж байна. Учир нь Аутизмыг таниулах дэлхийн өдөр өнөөдөр тохиож буй билээ.
НҮБын Ерөнхий ассамблейгаас аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн тусламж, үйлчилгээ болон судалгааны ажлыг дэмжих зорилгоор жил бүр ийн тэмдэглэж ирсэн. Манай улс ч олон жилийн өмнөөс уг тэмдэглэлт арга хэмжээг ганцхан өдөр бус, бүтэн сарын турш өрнүүлдэг болсон юм. Өөрөөр хэлбэл, жил бүрийн дөрөвдүгээр сарыг дуустал аутизмыг таниулах төрөл бүрийн өдөрлөг, үзлэг, оношилгоо, нөлөөллийн ажлууд зохион байгуулдаг. Өнөө жил төрийн болон төрийн бус байгууллагууд, тэр дундаа Монголын аутизмын холбоо, “Аутизм монгол анд”, “АНА Монгол төв”, “Тэмүүлэл аутизм төв” хамтран аутизмтай хүүхэд, насанд хүрэгч, тэдний гэр бүлийнхэн, боловсролын байгууллагуудад чиглэсэн бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой “Autism fair” мэдээллийн яармагийг өнөөдөр “One event hall”-д зохион байгуулж байна.
Тус яармагийн үеэр олон нийтэд аутизмын оношилгоо, үнэлгээ, халамж, боловсрол, эрүүл мэнд болон өөр төрлийн дэмжих үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд бүтээгдэхүүнээ таниулах, зөвлөгөө өгөх, чиглүүлэх бөгөөд эдгээрийг нэг цэгээс үнэ төлбөргүй авах боломжтойгоороо давуу талтай. ДЭМБ-аас мэдээлснээр дэлхийн хүн амын нэг хувь нь аутимзмын хүрээний эмгэгтэй гэсэн тооцоолол бий. Харин манай улсын хэмжээнд албан ёсны нэгдсэн статистик байхгүй. Монголын аутизмын холбоонд бүртгэлтэй гэр бүл 1500 орчим, үүнээс үзвэл аутизмтай хүний тоо 2-3 дахин олон байх магадлалтай гэж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан таамагладаг.
Тэгвэл Боловсролын ерөнхий газрынхнаас энэ талаар тодруулахад улсын хэмжээнд аутизмын хү¬ рээний эмгэгтэй 947 хүүхэд цэцэрлэгт, 843 хүү¬ хэд ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж байгааг хэллээ. Аутизм бол өвчин биш, харилцааны эмгэг гэдгийг эрдэмтэд хэдийн судалж, тогтоосон. Хүүхдүүд хүссэнээ авах гэж орилно, хүсэл нь биелэхгүй бол уйлна. Энэ нь хэвийн үзэгдэл. Зарим нь 4-5 нас хүрсэн хэрнээ ярихгүй байхад нөгөө хэсэг нь “өөрсдийн” хэлээр аль эрт шулганах нь ч бий. Хамгийн гол нь аутизмыг эрт үед нь оношлуулж, хөгжлийг нь дэмжсэнээр хэвийн амьдрах боломжтой гэдэг. Уг эмгэг нь дунджаар гурван насанд оношлогддог бөгөөд мэргэжлийн байгууллагууд ажиглалт, асуумжид тулгуурлан тусгайлан боловсруулсан үнэлгээний аргаар онош тогтоодог. Аутизмын хүрээний эмгэгтэй таван хүн тутмын 1-2 нь эмэгтэй, 3-4 нь эрэгтэй гэсэн судалгаа бий.
Хэрэв таны эргэн тойронд нийгмийн янз бүрийн харилцаанд орохоос зайлсхийдэг, өөрийгөө тусгаарладаг, ганцаараа тоглодог, давтамжтай үйлдэл, хөдөлгөөн хийдэг, нэрээр нь дуудахад эргэж хардаггүй, 2-3 нас хүртлээ “аав аа, ээж ээ” ч гэж хэлдэггүй, дохио зангаа хэрэглэдэггүй хүүхдүүд байвал эмчид яаралтай хандаж, оношлуулаарай гэж судлаачид, сэтгэл зүйчид зөвлөв. Магадгүй та хаана нэг газар тэдэнтэй таарвал, орилж уйлж байхыг нь үзвэл битгий гайхаж, “илүү” хараарай. Ямар ч тохиолдолд хүнийг хүн чигээр нь хайрлаж, хүндлэх, хэрэв тусгай хэрэгцээ шаардлагатай бол түүнийг нь ойлгож, дэмждэг байх талаар хүүхдүүддээ үлгэрлээрэй.
О.Ундрах