Монголын сонгодог урлагийг дэлхийд сурталчилж яваа өнөө цагийн шилдэг гоцлоочид уржигдар Төрийн их найрлын хамт “шалгалт” өглөө. Хэнд гэхээр агуу Н.Жанцанноровт. Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Хүслийн төвөргөөн 2025” концерт зүгээр нэг тоглолт бус, мэргэжлийнхний хувьд томоохон сорилт шалгалт байсан бол үзэгчдийн тухайд хөгжмийн урлагийн төрөл, хэлбэр, хийцийн талаарх мэдлэгээ зузаатгах хичээл байлаа.
“Хөөрхөн халиун”, “Борооны үүл” зэрэг ардын уртын болон богино дууг дуурийн манераар шинэчлэн найруулаад, Үндэсний их найрал хөгжимтэй Б.Энхнаран, С.Бат-Эрдэнэ зэрэг сонгодог урлагийн урдаа барьдаг томчуудын шандсыг сорин дуулуулахын учир нь үндэсний бүтээлүүдээ дэлхийн дэвжээнд сойн бэлдэж буй алс хэтийн хэрэг гэнэм.
Усан дээрх хот Италийн Венецийн завьчдаас эхтэй дуурийн дууны урлагтай эн дүйж өрсөлдөх шандас чухам манай ардын уртын дуунд л бий гэдгийг судлаачийн хувиар Н.Жанцанноров гуай тоглолтынхоо үеэр онцолсон билээ. Сонгодог урлаг өндөр хөгжсөн улс орнуудад жил бүр зохиогддог Дуурийн дуулаачдын чансаа өндөртэй уралдаанд манайхан очихоороо шагналын хур буулгадаг. Тэгвэл нүүдэлчин Монголд дэлхийн сонгодгууд чуулж, манай үндэсний урлагаар хоолойн цар, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөх цаг айсуй төвөргөж яваа нь гарцаагүй гээд бодохоор сэтгэлд хэчнээн өег вэ. Тиймийн учир энэ хүн дэлхийд танигдсан том дуучдыг Үндэсний оркестртойгоо дуулж сурах ёстой хэмээн одооноос бэлтгэхийн сацуу ирээдүйд дэлхийн томчууд Монгол руу ханараад ирэхэд дуулах дуу бүтээлүүдийг нь бэлдэж, уртын болон богинын дуунуудын найруулга дээр суух давхар үүргийг өөртөө оноожээ.
“Их тэнгэрийн ивээл” удиртгал хөгжмөөр эхэлсэн энэ жилийн “Хүслийн төвөргөөн” тоглолтод хөгжмийн томоохон бүтээлүүдээсээ тэрбээр “Дорнын цэнхэр тал” хэмээх чуулбараа багтаажээ. Энэхүү хөгжмийн чуулбар дөрвөн бүлэгтэй ч үзэгчдийн ая тух, тааллыг харгалзан хамгийн уртыг нь хасаад “Түмэн зээрийн хурдныг ээ”, “Их талын уудмыг ээ”, “Талын морьтны хийморийг ээ” гэсэн гурван бүлгийг оруулснаа Н.Жанцанноров гуай учирлана лээ. Гурван цаг гаруй үргэлжилсэн тоглолтын бүхэл бүтэн 20 минутыг “өмчилсөн” “Хэрлэн барсын дууль” дээр ч тэр, энэхүү хөгжмийн чуулбар дээр ч тэр, үзэгчид уйдах нь бүү хэл улам шимтэн, Үндэсний их найрал хөгжим, залуу удирдаач Э.Мөнхбаярын гарын аясаар зарим хэсэгт суудлаасаа өндөлзөн хөөрч, зарим үед бодролд автан дүнхийж, зарим хэсэгт халхын саруул талаар түүх хүүрнэн аялж, хөх тэнгэрийн энгээр мөрөөдөл жигүүрлэн дүүлэнхэн байх шиг.
Үндэсний их найрал дунд нэгэн хөг эгшиг нь болсоор ирсэн “эвэр бүрээ” гэж монголчуудын бүтээсэн, дэлхийд цор ганц хөгжим даруухан хэрнээ давтагдашгүй өнгө, дуугаралттай болохыг “Уудам хөндийд” хэмээх гоцлол бүтээлээс нь таньж авлаа, үзэгчид. “Монголын хөгжмийн урлагт одоо нэг ийм л юм дутуу даа, тэрийг нь гүйцээчих юмсан” гэж бодсон, зорьсон зүйлээ бодит ажил хэрэг болгодгийн жишээ нь эвэр бүрээнд зориулсан энэхүү гоцлол хөгжим аж. Дожоогийн Цэдэв гуайтай хамтран 20 гаруй романс бүтээснийхээ дөрвийг нь энэ өдөр үзэгчдэд толилуулахдаа “романс” гэж хөгжмийн ямар төрөл болохыг тайлбарлан таниулж бас өглөө. Өөрийнх нь хэлсэнчлэн “Дагаад дуулаарай” гээд байхааргүй, мэргэжлийн “хүнд” бүтээлүүдийн анхны сонсогч байсан чиг л дотогшоо түрээд байгаа тэр мэдрэмжийг хүмүүс адилхан авсан нь Монгол үндэсний гэсэн ялгаралтай Н.Жанцанноровтоо л байгаа биз ээ.
Эзэнт гүрний үеэсээ 400 гаруй хөгжимчин хааны ордонд нь тоглодог байсан гайхамшигт өв соёлтой монгол үндэстний хөгжмийн зохиолч болж мэндэлсэн эрхэм хүний заяа тавилангаар бахархахын сацуу монгол хүн болж төрсөндөө урамшин бадарсан сайхан үдэш байлаа. Багшийнхаа шалгалтад онц үнэлгээ авсан уран бүтээлчдэд баяр хүргэе.
Хэчнээн ч жил “Хүслийн төвөргөөн”-өө зохион байгуулсан байлаа гээд дуу давтахгүй дугараатай, хөгжмийн бүтээл давхцахгүй байх тийм л баялаг өв санг бүтээсэн тэрбээр “Дараа жил та бүхэн минь энэ өдөр, цагтаа ирэхийг бодоорой. Бид улам л сайн сайхныг үзүүлж, сонсгохыг хичээнэ ээ” хэмээн үзэгчдээ үдэн гаргаж өглөө. Хүслийн төвөргөөн тасрахгүй хүний заяа сайхаан.
Л.Аргамжин