Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэх, үүнтэй холбоотой шат дамжлагыг багасгах, хуульд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний акт баталж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг эрх бүхий төрийн байгууллагад Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас үүрэг болголоо. Тодруулбал, тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээн авахаас эхлээд бүртгэх, магадлан шалгах, түдгэлзүүлэх, сунгах, сэргээх гээд бүх шатны шийдвэрлэлттэй холбоотой мэдэгдлийг “И-Монголиа” системээр дамжуулан иргэдэд тухай бүрд нь мэдээлж, төвөг чирэгдэл учруулахгүй байхад анхаарахыг даалгав. Түүнчлэн эдгээр бүх мэдээллийг төрийн үйлчилгээний “e-business.mn” системд нэгтгэх ажлыг ирэх тавдугаар сарын 1-ний дотор багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, мөн тус системд холбогдох байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг “Санхүүгийн мэдээллийн технологийн төв”, “И-Монгол” УТҮГ-т даалгасан юм. Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимд шилжүүлснээс хойш “license.mn”-ээр 76, “e-business.mn”-ээр 43, эрх бүхий байгууллагууд өөрийн цахим системээр дамжуулан 116 төрлийн тусгай зөвшөөрөл олгож, нэгдсэн мэдээллийн санд нийт 151 746 эрх шинээр бүртгүүлжээ. Үлдсэн 73 төрлийн тусгай зөвшөөрлийг уламжлалт аргаар буюу цаасаар харилцах байдлаар олгосон хэвээр байгааг энэ үеэр дурдав.