Монголын спиннингийн загасчлалын багийнхан Польш улсад ирэх сарын 2-5-нд болох эрэг дээрээс хиймэл өгөөшөөр махчин загас барих ДАШТ-д оролцохоор Бедзин хотыг зорив. “Андууд” клубийн дасгалжуулагч П.Өлзийжаргалын удирдлагад оролцох манай тамирчид ийн хөлгийн жолоо залсан нь тэндхийн цаг агаар, орчин нөхцөлд дасан зохицохоос гадна тэмцээн болох газрын нуур, загасыг судлан бэлтгэлээ хийх зорилготой аж. Дээрх тэмцээнийг явуулах Зохион байгуулагчид манай тамирчдын талаар “Монгол бол загасчлах хүсэл тэмүүлэлтэй залуус олонтой төдийгүй нүүдлийн өвөрмөц амьдралын хэв маягтай орон. Тамирчид нь энэ удаагийн ДАШТ-д оролцохын тулд алс холоос хэдэн зуун мянган км замыг туулан иржээ. Тэдний тууштай байдал, тэмцэгч зан чанар, хүнд нөхцөлийг үл тоох тэсвэр хатуужил нь үнэхээр биширмээр юм. Тус улсын шигшээ багийг энэхүү нэр хүндтэй тэмцээнд хэрхэн өрсөлдөхийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн өгүүлжээ.