Ундны усыг олон дахин буцалгаж уух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн ойлголт бидний дунд түгээмэл. Өндөр температурын үйлчлэлээр нитратууд хорт хавдар үүсгэгч нитрит, нитрозамины нэгдэлд хувирдаг гэх мэдээлэл нь худал болохыг MMFC буюу “Баримт шалгагчид” олон улсын харьцуулсан судалгааны дүнгээс эшлэн баталгаажуулжээ. Тодруулбал, анхдагч молекул, шинж чанар, хүрээлэн буй орчны нөлөө, агуулж буй сав зэргээс шалтгаалж тухайн усанд анхнаасаа л нитрозамин байгаагүй бол олон буцалгасны үр дагаварт тэдгээр нэгдэл шинээр үүсдэггүй аж. Мөн усыг удаан буцалгаж хэрэглэх нь хор уршигтай гэдэг ойлголт ч ташаа байж. Ууршилтаас шалтгаалан хүчил, шүлтлэг байдал болон натри, кали, магни, нитратын үзүүлэлтүүд нэмэгдэж, дулааны задралын улмаас кальци, бикарбонат, сульфат зэрэг үзүүлэлт багасдаг ч хорт хавдар үүсгэх хэмжээнд хүртэл хүнд металлын аюултай түвшин илрээгүй гэнэ.
Л.Аргамжин