Улаанбурхан өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр өчигдрийн байдлаар 93 хүүхэд уг халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Өмнөх өдрийн мэдээллээр нийт 85 хүүхэд өвчилсөн бол нэг хоногт найман тохиолдлоор нэмэгджээ. Эл өвчин ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулиадад голомтлон гарч буйг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийнхөн хэлсэн юм. Улаанбурхны тохиолдол Улаанбаатар хот болон Өмнөговь, Дундговь аймагт бүртгэгдээд байна. Уг өвчин нь богино хугацаанд халдварладаг ч вакцинаар сэргийлэх боломжтой юм. Товлолын дагуу хүүхдийг есөн сартай болон хоёр настайд нь уг дархлаажуулалтад хамруулдаг. Вакцинд хамрагдалт 95 хувьтай байгаач нэг, хоёрдугаар тунгийн хоцрогдолтой хүүхэд олон бийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэлэв. Өөрөөр хэлбэл, уг дархлаажуулалтад хамрагдах ёстой хүүхдүүдийн таван хувь нь вакцинд огт хамрагдаагүй, тун дутуу тохиолдол цөөнгүй аж. Иймд дархлаажуулалтыг харьяалал харгалзахгүй, өрх, сумын Эрүүл мэндийн төвүүдэд хийж буй юм.
Ч.Туяа