Норвегийн Тронхейм хотод өнөөдөр цанын төрлүүдийн ДАШТ эхэлж байна. Энэ удаагийн ДАШТ-ий үеэр спорт сонирхогчид Австри, Норвегийн тамирчдын ширүүн өрсөлдөөн, Т.Йохаугийн шоу, хоёр төрөлт, М.Рийберийн зодог тайлах “ёслол”, Н.Превцийн давамгайллыг шимтэн үзэх болов уу. Ингээд “Тронхейм-2025” тэмцээний гол мэдээллийг товч танилцуулъя.
Байрлал, хугацаа
Энэ жилийн ДАШТ хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 9-ний хооронд Норвегийн Тронхейм хотод үргэлжилнэ. Эх орондоо цанын ДАШТ-ийг зохион явуулах норвегчуудын сүүлийн жилүүдийн хүсэл ийн биелэж байгаа юм. Тус улс ДАШТ-ийг түүхэндээ зургаан удаа буюу Осло хотод 1930, 1966, 1982, 2011 онд, Тронхеймд 1997 онд зохион байгуулж байв.
Спортын төрлүүд
Гүйлтийн цана, хоёр төрөлт, трамплинаас үсрэлт гэсэн уламжлалт “умардын” төрлүүдийн тэмцээн болно. Энэ жил анх удаа пара-цанын төрөл ДАШТ-ий хөтөлбөрт нэмэгджээ. Өнгөрсөн жилийн ДАШТ-тэй харьцуулахад хэд хэдэн өөрчлөлт орсны дотор 24 бус, 27 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөх болсныг онцолъё.
Хуваарь
Цанын уралдаан маргааш эхлээд, гуравдугаар сарын 9 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тамирчид 12 уралдаанд хурд хүчээ сорих юм. Харин хоёрдугаар сарын 28, гуравдугаар сарын 3-нд цаначид амарна. Трамплинаас үсрэлтийн тэмцээн хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 8-нд болж, тамирчид долоон багц медалийн төлөө өрсөлдөх нь. Тэд гуравдугаар сарын 3, 4-нд амрах хуваарьтай. Харин хоёр төрөлтийн тэмцээн хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 8, пара-цанын тэмцээн гуравдугаар сарын 4, 5-нд болно.
Гол найдварууд
Цанын төрөлд мэдээж Норвегийн тамирчид давамгайлах өндөр магадлалтай. Й.Клебо, Х.Амундсен, С.Хегстад Крюгер, Э.Вальнес, П.Голберг нарын гал гарсан өрсөлдөөн үзэгчдийг уйдаахгүй нь лавтай. Мөн Финландын И.Нисканен, Шведийн Э.Ангерыг нэмэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн өрсөлдөөн Ф.Карлссон, Э.Андерссон, Й.Сундлинг, М.Дальквист, Л.Сван, Ж.Диггинс, Н.Фендрих, А.Слинд, сүүлчийн ДАШТ-дээ оролцож буй Т.Йохаугийн хооронд өрнөнө.
Трамплинаас үсрэлтийн гол од нь Н.Превц байх бол түүнтэй К.Шмидт, С.Фрайтаг нар алтан медалийн төлөө өрсөлдөх болов уу. Харин эрэгтэйчүүдийн төрөлд гол өрсөлдөөн Д.Чофениг, Я.Хёрлем, Ш.Крафтын хооронд өрнөх магадлалтай.
Цанын хоёр төрөлтөд медалийн төлөө Норвегийн супер од Я.Магнум Рийбер болон В.Гайгер, Ю.Шмидт, эмэгтэйчүүдээс Н.Армбрустер, Х.Касаи, М.Хаген нар өрсөлдөнө гэсэн “төлгө” бууж байна.
Э.Манлайбаатар