Олон улсын уулын холбооноос мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын эхний гурван цувралыг БНСУ-ын Чонсон, Францын Шампэйн-эн-Вануаз, Швейцарын Саас-Фи хотод зохион байгуулсан. АНУ-ын Лонгмонт хотод IV цуврал тэмцээн болоход манай улсын багаас эмэгтэйчүүдийн хурдын төрөлд “Сутайн бор” клубийн тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спорт, аялал жуулчлалын II дамжааны оюутан, ОУХМ Н.Сэлэнгэ 12.64 секундэд авирч, гурав дахь алтан медалиа хүртсэнээр дэлхийн чансааг тэргүүлж эхлэв. Эрэгтэйчүүдээс түүний ах Азийн алт, мөнгө, ДАШТ-ий мөнгө, “Дэлхийн цом”-ын аварга Н.Хэрлэн (7.43 секундэд) тэргүүн байрт шалгарсан байна. Түүнтэй аваргын төлөө өрсөлдсөн “Дэлхийн цом”, ДАШТ-ий аварга, “UB hiking” клубийн тамирчин Ч.Мандахбаяр (8.67 секунд) мөнгөн медаль зүүсэн бол спортын мастер О.Сайханжаргал VI байр эзэлжээ. Монголын авирагчид Канадын Эдмонтон хотод энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх сүүлийн буюу тав дахь цуврал тэмцээнд өрсөлдөнө.