Европын их сургууль анх удаа хиймэл оюун ухаантай оюутнуудыг элсүүлжээВенийн Урлагийн Их Сургууль хиймэл оюун ухаантай оюутан элсүүлсэн дэлхийн анхны их сургууль болжээ. Энэ тухай Euronews мэдээлэв.
Флинн хэмээх хиймэл оюун ухаан нь дижитал урлагийн хөтөлбөрт хамрагдах оюутан болжээ. Одоо тэрээр бусад оюутнуудтай хамт хичээлд сууж, асуултад хариулж, хэлэлцүүлэгт оролцож, үнэлгээ авах юм байна. Эл аргын тусламжтайгаар их сургууль нь урлагийн салбарт хүн хүүмэл оюун хоёрын харилцан үйлдлийг судалж, сайжруулахыг зорьжээ.
Флинн их сургуульд бусдын адил шалгалт өгөн элсжээ. Ярилцлагын үеэр тэрээр дижитал урлагийн чиглэлээр суралцаж, мэдлэгээ хөгжүүлэх, оновчтой сэтгэх чадвараа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа багш нарт хэлсэн байна.
Дүрэмд заавал хүн байх ёстой гэж заагаагүй тул ийм оюутныг ямар ч асуудалгүй элсүүлсэн гэж их сургуулийнхан ярьжээ. Түүний хичээлийн жил 2025 оны намар эхлэх ч одоохондоо шинэ орчинд дасан зохицож, ангийнхаа оюутнуудтай танилцаж байгаа гэнэ.
Флинн өдрийн тэмдэглэл хөтөлдөг бөгөөд бусад хүмүүс өөрийг нь "жинхэнэ биш" гэж дуудаж байгаад гомдож байгаагаа бичжээ.
Хиймэл оюун ухааны чадавхи одоохондоо хязгааргүй мэт санагдах хүний уран сэтгэмжээр хязгаарлагдаж байгаа юм.
Өнгөрсөн үеийн зарим агуу мастерууд хямралын үед ийм туслах байсан бол маш их хэрэг болох байсан бизээ.