Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид нийгмийн даатгал төслийнашигэзэндээ хүрдэггүй, тэтгэврийн хэмжээ бага гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин “Хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулахгүй. Хэнээс, ямар хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл авч, тэр орлогыг хэрхэн үр ашигтай зарцуулах вэ гэдэгт түлхүү анхаарч байна. Төр, иргэн, аж ахуйн нэгж хамтран Нийгмийн даатгалын санг бүрдүүлдэг. Аж ахуйн нэгж буюу хувийн хэвшлийнхэн дийлэнх зардлыг нь бүрдүүлчхээд, ачааны хүндийг үүрч болохгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн хамгийн чухал гурван заалтыг л өөрчилнө. Тодруулбал, байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээнээс бусад үед хийсэн ажлын хөлснөөс шимтгэл авахыг зогсоохоор тусгасан. Мөн ажил олгогчийг ажилтныхаа өмнөөс төлдөг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх хэрэгтэй. Бас ажилтандаа цалингаас гадуур олгосон мөнгөн хөнгөлөлт, урамшууллаас шимтгэл төлүүлэхгүйгээр тусгав. Бүгд ижил тэгш үүрэгтэй байх ёстой. Зарим хүн би насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Энэ шимтгэлээ өөрөө л авна гэдэг. Гэтэл энэ нь буруу. 1990 онд нийгэм өөрчлөн байгуулахад Нийгмийн даатгалын санд хуримтлал үүсээгүй. Тиймээс сангийн хөрөнгө дутаж, улмаар улсын төсвөөс санхүүжүүлдэг болсон. Төр Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг анх аж ахуйн нэгжүүд татвараас зугтаана гэх хардлагаар баталсан. Байцаагчид нь ч ийм маягаар ажилладаг. Иймд энэ хуулийг хардах бус, харилцан итгэх зарчмаар боловсрууллаа. Уг хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг огт хөндөөгүй” гэсэн юм.
Харин Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Тамгын газрын дарга Г.Хишигзул “Татварын хувь хэмжээг бууруулах замаар тэгш байдлыг хангах нь зүйтэй. УИХ-ын гишүүдийн өргөн барьж буй хулийн төслийг бид дэмжиж байгаа. Гэхдээ зарим зүйлийг хөндөх хэрэгтэй. Тухайлбал, манай улсын татвар төлөгчдийн 90 орчим хувийг гарааны буюу жижиг бизнес эрхлэгчид эзэлдэг. Тиймээс эхний хоёр жил ажил олгогчдыг дэмжиж, татвараас чөлөөлөх хэрэгтэй” гэв.
У.Сүрэн