Монголд эмчилдэггүй өвчнийг цөөрүүлэх бодлогын хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн хүүхдийн сэтгэцийн эмч нарыг Бүгд Найрамдах Турк Улсад мэргэжил дээшлүүлжээ. Тэднийг аутизмын оношилгоо, үнэлгээний “ADOS-2” аргачлалын онол, дадлага хосолсон сургалтад хамруулсан байна. Үүний үр дүнд эмч нар СЭМҮТ-д аутизмын хүрээний эмгэгийн үнэлгээний олон улсын стандарт болох тус аргачлалын дагуу оношилгоо хийж эхэлсэн гэнэ. Оношилгоо, үнэлгээний “ADOS-2” аргачлал ньасуултад хариулж, даалгавруудыг гүйцэтгэх замаар аутизмын хүрээний эмгэгийн өвөрмөц шинж тэмдгүүд, зан үйлийн өөрчлөлтийг ажиглаж, илрүүлдэг аж. Өмнө нь энэ төрлийн оношилгоог төрийн бус байгууллагуудад хийдэг байжээ.
Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны IV тогтоолоор аутимзын оношилгоог даатгалын сангаас санхүүжүүлэхээр зохицуулжээ. Мөн өнгөрсөн оны аравдугаар сард СЭМҮТ-ийн шинэ цогцолборыг ашиглалтад оруулснаар Хүүхэд, өсвөр үеийн клиник байгуулж, эмчлүүлэгчдэд ээлтэй, ая тухтай орчныг бүрдүүлэн 20 ортойгоор, 3-18 насныханд тусламж, үйлчилгээ үзүүлдэг болсон байна.
О.Оргилох