“Интеграцид суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Тус эрдэм шинжилгээний хурлыг 56 жилийн турш СӨБ, ЕБС, МБСБ-ийн багш, удирдах ажилтны дунд нэгдмэл хэлбэрээр зохион байгуулж ирсэн бол 2024 оноос Сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС, МБСБ-ын гэсэн хоёр салбар хуралдаантайгаар өргөжүүлэн зохион байгуулж эхлэв.
2024 оноос СӨБ болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэх ажил хэрэгжин, тохирцыг тогтоох туршилт хийгдэж байгаатай холбоотойгоор сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгоход сургууль сургалтын байгууллага, багш нарын оролцоог хангах зорилгоор энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг “ИНТЕГРАЦИД СУУРИЛСАН БАГШЛАХУЙ БА СУРАЛЦАХУЙ” сэдвээр зарлав.
С.Уранчимэг: Үлгэрт суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхэд өөртөө итгэлтэйгээр бусадтай ярилцахад суралцдаг
Дархан-Уул аймгийн 22 дугаар цэцэрлэгийн багш С.Уранчимэг: “Хүүхдийн хөгжлийг дэмжих, үлгэрт суурилсан интеграци” гэсэн сэдвээр уг хуралд оролцлоо. Үлгэрт суурилсан арга зүй хөтөлбөрийг өнгөрсөн жилийн хавраас одоог хүртэл манай цэцэрлэг хэрэгжүүлж буй.
Манайх цэцэрлэг дээрээ “Том ном” гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн хэл яриа хөгжүүлэх, танин мэдэх, төсөөлөн бодох гэсэн хүүхдийн олон чадварыг хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, номд суурилсан энэ арга зүй нь олон агуулагыг нэг дор хүүхдүүд өгдгөөрөө давуу талтай.
Цэцэрлэгийн насны буюу 2-6 насны хүүхдүүдэд уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдүүд өөртөө итгэлтэйгээр бусадтай ярилцаж, бусдын хэлж, ярьж байгааг илүү ойлгож ярилцдаг болсон.
Н.Алтанцэцэг: Аутизмтай хүүхдийг хөгжмөөр дамжуулж нийгэмшүүлнэ
Дорнод аймгийн наймдугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Алтанцэцэг: “Хөгжмийн интеграцид суурилан тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийн ахицыг нэмэгдүүлэх нь” гэсэн сэдвээр уг хуралд оролцож байна. Манай цэцэрлэг 2000 оноос тусгай хэрэгцээт хүүхдүүдийг боловсролт тэгш хүртээмжтэй хамруулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж ирсэн.
Тусгай хэрэгцээтэй хүүхдэд нийгэмшиж хөгжих хэрэгцээ их байдаг. Бүр тодорхой хэлбэл, аутизмтай хүүхдүүдэд хөгжмөөр дамжуулж хэрхэн ойлголцох болон хөгжүүлэх вэ гэсэн итгэлийг тавьсан. Манай цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүнд болон хөнгөн нийт 27 хүүхэд суралцдаг. Үүний 17 нь аутизмтай хүүхэд. Эдгээр хүүхдүүд дуу хоолой, харц, биеийн хөдөлгөөн зэргээрээ бид нартай илүү харьцдаг.
Иймд хөгжмөөр дамжуулж тухайн хүүхдийг хөгжүүлж болох юм гэсэн ойлголтыг өгөх гэж өнөөдрийн илтгэлээ бэлдсэн. Тусгай хэрэгцээт хүүхдүүд өөр өөрийн гэсэн онцлогтой. Онцлогд нь тохируулж хөгжмийн хэмнэлээр зааж сургадаг. Тогтсон нэг арга зүй байна гэж байхгүй. Багшаас маш олон удаагийн давтамж, ажиглалт дээрээс тухайн хүүхдэд тохирсон арга зүйг сонгон ажилдаг. Тухайлбал, хүүхдийг өөрт нь тохирсон хөгжмийн зэмсэгээр тоглуулснаар ниймгэмшүүлэх, өнгө ялгаж сургах, багштайгай болон бусад хүүхдүүдтэй харьцуулах сургах гэсэн маш олон давуу талтай.
Д.Алтанхуяг: Олон талаас нь нэг сэдвийг үзэж байгаа гэдгийг хүүхдүүд ойлгуулах нь хамгийн чухал
Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБС-ийн мэдээлэл технологийн багш Д.Алтанхуяг: Математик болон мэдээлэл технологийн боловсрол хоорондоо хэрхэн уялдаж, агуулгын давхцал бий эсэхэд судалгаа хийж өнөөдрийн хуралд оролцож байна. Мэдээлэл технологи нь математик суурьтай. Энэ хоёр уялдахгүй байхын аргагүй.
Уг хоёр хичээлийн агуулгыг дунд ангийн хэмжээнд авч үзэхэд, 9 дүгээр ангид үздэг математикийн хичээлийг 8 дугаар ангид агуулгын хүрээнд мэдээлэл зүйн хичээлд давхцуулан уялдуулж заах боломжтой гэж үзсэн. Гэхдээ хөтөлбөрийн ямар нэгэн зөрчил үүсгэхгүйгээр манай сургуулийн туршлага дээрээс үндэслэн гаргаж ирсэн. Тухайн агуулгыг давхцуулж гаргаж ирснээр хүүхдийн суралцахуйд нөлөөлж, нэг хичээл дээр үзсэнээ нөгөө хичээл дээр илүү бататгах давуу талтай. Өөрөөр хэлбэл, олон талаас нь нэг сэдвийг үзэж байгаа гэдгийг хүүхдүүд ойлгуулах нь хамгийн чухал.