Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, сэтгэл судлаач, Гавьяат багш, доктор, профессор Ш.Батсүхтэй аз жаргалын шинжлэх ухаан болон эерэг сэтгэл судлалын талаар ярилцлаа.
-Хүмүүс аз жаргалын талаар их ярих боллоо. Чухам аз жаргал гэж юу юм бэ. Энэ нь хүн бүрд өөр өөрөөр илэрхийлэгдэж, хэмжигддэг үү?
-Сүүлийн үед аз жаргал гэдэг сэдэв олны анхаарлын төвд орж, сэтгэл судлал, эдийн засаг зэрэг олон салбарт судлагдах болсон. Аз жаргал гэж юу вэ гэдэг асуултад хариулахын тулд дараах үндсэн ойлголтуудыг авч үзэх хэрэгтэй. Аз жаргалыг ерөнхийд нь хоёр өнцгөөс харж тодорхойлдог. Нэгдүгээрт, сэтгэл хөдлөлийн (hedonic) аз жаргал. Энэ нь амьдралаас таашаал авах, тав тухтай, сэтгэл ханамжтай байх мэдрэмжүүдээр хэмжигддэг. Жишээ нь, дуртай зүйлээ хийх, амарч зугаалах, хайртай хүмүүстэйгээ цаг өнгөрөөх үед төрдөг мэдрэмж. Хоёрдугаарт, утга учиртай амьдрал (eudaimonic) буюу гүн гүнзгий аз жаргалын тухай юм. Тухайлбал, өөрийн боломж, чадвараа ашиглан зорилготой, утга учиртай амьдрахад бий болдог сэтгэл ханамж. Үүнийг түр зуурын сэтгэл хөдлөлөөс давсан, амьдралдаа гүн утга, зорилгоо олсон мэдрэмж гэж хэлж болно. Мэдээж аз жаргал хүн бүрд өөр өөр. Энэ нь хувь хүний онцлог, өсөж төрсөн орчин, амьдарч буй нийгмийн нөхцөл байдал, найз нөхдийн нөлөөлөл зэргээс хамаардаг юм. Гэхдээ яг одоо та аль хэр аз жаргалтай байгаа нь өнгөрсөн үедээ сэтгэл хангалуун, эсэх, мөн ирээдүйдээ хэр итгэлтэй буйгаас ихээхэн шалтгаалдаг. Аз жаргалыг хэмждэг тестүүдийг олон улсад түгээмэл хэрэглэдэг болсон. Тухайлбал, эерэг сэтгэл судлалын анхдагч, АНУ-ын эрдэмтэн Мартин Селигман хүн өөрийн амьдралын сэтгэл ханамжийг хэрхэн үнэлж байна вэ гэдгийг хэмжих хялбархан тест зохиосон байдаг.
-Аз жаргалын шинжлэх ухаан гэх ойлгол¬тын талаар та мэдээлэл өгөөч.
-Аз жаргалын шинжлэх ухаан буюу эерэг сэтгэл судлал гэх сэтгэл судлалын шинжлэх ухааны шинэхэн салбар сүүлийн 30-аад жилд эрчимтэй хөгжиж байна. Энэ чиглэл нь зөвхөн хувь хүний дотоод мэдрэмж бус, нийгмийн сайн сайхныг бүтээх хүчин зүйлийг шинжлэх ухааны аргаар судалдаг. Тухайлбал, хүн юунаас аз жаргалыг мэдэрдэг, аз жаргалд юу хамгийн ихээр нөлөөлдөг, аз жаргалыг нэмэгдүүлэх арга техникүүд, аз жаргалын хувь хүнд болон нийгэмд үзүүлэх ач холбогдол юу вэ гэх зэрэг асуултад хариулахын тулд эмпирик судалгаа, тархи, сэтгэцийн хэмжилт, урт хугацааны хяналттай туршилтууд хийж байна. Монголд аз жаргал, сэтгэл ханамж зэрэг ойлголтыг сүүлийн жилүүдэд сэтгэл судлал, боловсрол, нийгмийн ажлын хүрээнд судалж эхэлсэн. Зарим их, дээд сургуулийнхан эерэг сэтгэл судлал, амьдралын чанар, сэтгэл ханамж зэрэг чиглэлээр төгсөлтийн ажил, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж байна. Саяхан “Отгонтэнгэр” их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор Б.Энхбаяр “Эерэг сэтгэл зүй: Аз жаргалын шинжлэх ухаан” гэсэн ч нэг сэдэвт томоохон бүтээлээ хэвлүүллээ. Үндэсний статистикийн хороо ч амьдралын чанар, сэтгэл ханамжтай холбоотой үзүүлэлтүүдийг багтаасан судалгаа хийдэг болсон. Мөн “Аз жаргалтай хот”, “Аз жаргалтай сургууль” гэх мэт хөтөлбөр, санаачилгыг бодлогын түвшинд дэмжих хэрэгтэй.
-Манай улс аз жаргалын индексээр 143 орноос 77 дугаарт бичигдсэн. Тухайн улсын аз жаргалын “хэмжээг” зургаан үндсэн үзүүлэлтээр үнэлж эрэмбэлдэг юм билээ. Тэдгээрээс хойш татсан нь юу юм бол?
-Дэлхийн аз жаргалын тайланд улс орнуудыг зургаан үндсэн үзүүлэлтээр үнэлж, эрэмбэлдэг. Үүнд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP per capita). Энэ нь эдийн засгийн хөгжил, иргэдийн орлогыг илэрхийлнэ. Нийгмийн дэмжлэг (social support). Хүндрэлтэй үед найз нөхөд, гэр бүлийн дэмжлэг авах боломжийг илтгэдэг үзүүлэлт юм. Эрүүл амьдралын наслалт (healthy life expectancy). Эрүүл мэндийн үйлчилгээ, дундаж наслалтын түвшнийг илтгэдэг. Амьдралын сонголтоо хийх эрх чөлөө (freedom to make life choices) буюу хувь хүн чухал шийдвэр чөлөөтэй гаргах боломжийг илэрхийлнэ. Мөн өгөөмөр сэтгэл (generosity). Бусдад хандив өгөх, сайн дурын үйл ажиллагаанд оролцох хандлагыг илэрхийлдэг үзүүлэлт юм. Авлигын түвшин (perceptions of corruption). Энэ нь нийгэмд болон төр засгийн түвшинд авлига хэрхэн мэдрэгдэж буй байдлыг илэрхийлнэ. Харамсалтай нь, манай улсын эдгээр үзүүлэлт тус бүрийн нарийвчилсан оноо, байр эзэлсэн байдал нь нийтэд ил тод мэдээлэгддэггүй тул аль үзүүлэлтээр хамгийн өндөр болон бага оноотой байсныг тодорхой хэлэх боломжгүй. Гэхдээ манай улсад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил байна. Авлигын үзүүлэлт буурахгүй, өнгөрсөн онд 180 орноос 114-т жагссан шүү дээ.
ХЭТ ЭЕРЭГ ХАНДЛАГААС БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ
-Монгол Улсад агаар, орчны бохирдол их, түгжрэл, стресс, авлига, хээл хахуульд идэгдсэн, баян, хоосны ялгаа нэмэгдэж, ядуурал, архидалт хавтгайрсан. Ийм байхад аз жаргалтай иргэн гэдэг тодорхойлолт манайхаас хол соногдож байна л даа.
-Монголд амьдарч буй олон хүн аз жаргал гэдэг ойлголтыг хийсвэр, бодит нөхцөлтэй зөрчилдөж байна гэж үздэг нь үнэн. Таны дурдсан ядуурал, агаарын бохирдол, түгжрэл, стресс, авлига, баян, хоосны ялгаа зэрэг асуудал бол хүний өдөр тутмын амьдралын чанар, сэтгэл ханамжид шууд нөлөөлдөг хүчин зүйлс. Энэ нь зөвхөн субъектив мэдрэмж биш, аз жаргалын шинжлэх ухаанд ч “objective conditions” буюу бодит нөхцөлүүд хүний сайн сайхан байдалд хүчтэй нөлөөлдөг гэж үздэг. Өнөөдрийн нөхцөлд “сайхан амьдрах боломжгүй” мэт санагдаж болно. Төр засаг нь бодлогоор дэмжихгүй, иргэдийн дуу хоолой, оролцоо сул, хоорондын итгэлцэл, ойлголцол байхгүй бол аз жаргал зөвхөн талархал төдий зүйл болж хувирна. Гэхдээ ийм сорилтын дунд ч гэр бүл, найз нөхөд, дотоод зорилго, нийгмийн хариуцлага, зөв оролцоо нь аз жаргалд хүрэх гүүр болдог жишээг олон орон, хувь хүн харуулсан.
-Аль насныхан илүү аз жаргалтай байгааг судалсан болов уу. Өөрөөр хэлбэл, нас, хүйс хамаатай юу?
-Сонирхолтой асуулт байна. Аз жаргалын мэдрэмж нас, хүйс зэргээс тодорхой хэмжээгээр хамаардаг талаар олон улсын болон зарим оронд хийсэн судалгаануудад дурдсан байна лээ. Тухайлбал, дэлхийн аз жаргалын тайлангаас үзэхэд аз жаргалын түвшин нас ахих ту - сам буурч, дараа нь дахин өсдөг хандлага нийтлэг илэрдэг. Үүнийг U хэлбэрийн муруй гэж нэрлэдэг юм. Мөн 18-30 насныхны аз жаргалын мэдрэмж өндөр. Тэд ирээдүйд итгэлтэй, эрч хүчтэй байдаг бол 35-50 насанд аз жаргалын түвшин буурдаг. Энэ насанд гэр бүл, санхүүгийн асуудалдаа анхаарч, ажлын ачаалал нь нэмэгддэгтэй холбоотой гэж үздэг. Харин 55аас дээш насанд аз жаргалын түвшин өсдөг. Тэд илүү туршлагатай, аливаад ухаалаг хандахын зэрэгцээ амьдралын ачаалал нь багасаж, элдэв хүлээлтгүй болдог байна. Эмэгтэйчүүд эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлийг илүү хүчтэй мэдэрдэг. Харин эрчүүд сэтгэл хөдлөлөө дотроо хадгалж, гадагш илэрхийлэх нь бага. Монголд хийсэн зарим судалгаанаас харахад залуучууд илүү өөдрөг, ирээдүйд итгэлтэй байгаа нь ажиглагдсан. Дунд насныхан стресс өндөртэй, ялангуяа ажилгүйдэл, гэр бүлийн тогтворгүй байдалд өртсөн бол сэтгэл ханамж доогуур байдаг нь судалгааны үр дүнгээс харагддаг. Эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл хөдлөлийн хэлбэлзэл их ч сэтгэл ханамж илүү өндөр байж болох хандлагатай.
-Аз жаргалын нөгөө тал нь эерэг сэтгэл зүй мөн үү. Эерэг сэтгэл зүйтэй байснаар аз жаргалтай болох уу?
-Аз жаргал ба эерэг сэтгэл зүй хоёр нь хоорондоо нягт холбоотой боловч нэг зүйл биш. Харин бие биенээ нөхдөг, дэмждэг ойлголтууд юм. Өөрөөр хэлбэл, аз жаргал бол сэтгэл зүйн төлөв, дотоод мэдрэмж, амьдралдаа хэр сэтгэл ханамжтай байгаагийн илрэл юм. Харин эерэг сэтгэл зүй бол түүнийг судалдаг шинжлэх ухааны салбар гэж ойлгож болно. Эерэг сэтгэл зүйтэй байснаар аз жаргалтай болох албагүй. Гэхдээ эрдэмтдийн судалгаагаар эерэг сэтгэл зүйн дадлуудыг төлөвшүүлснээр аз жаргалын мэдрэмжийг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон. Тухайлбал, талархах, уучлах, баяр хөөр мэдрэх зэрэг сэтгэл хөдлөлөө хөгжүүлэх, тэвчээр, зориг, итгэл найдвар, чин сэтгэл гэх мэт зан төлөвөө хөгжүүлэх, мөн амьдралын учир утга, зорилготой байх, нийгмийн харилцаа холбоогоо бэхжүүлэх нь аз жаргалын үндэс болдог.
-Яаж харна тэгж харагдана гэдэг. Бодол биеллээ олдог ч гэж ярьдаг. Тэгвэл эерэг зүйл байнга бодох нь муу бүхнээс хамгаалах уу. Нөгөө талаас энэ нь хэт өөрийгөө хүчилж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд саад учруулах биш үү?
-Чухал асуулт байна. Эерэг сэтгэл судлал гурван үеийг дамжиж, өнөөг хүртэл хөгжиж ирсэн гэж үздэг. Тодруулбал, 1998-2010 он буюу эерэг сэтгэл судлалын суурь тавигдсан үе. Хоёр дахь нь 2010-2020 он буюу эерэг сэтгэл судлалын өмнөх үед шүүмжлэлтэй хандаж, энэ салбарыг илүү өргөжүүлсэн гэж үздэг. Харин гурав дахь үе нь 2020 оноос өнөөг хүртэлх цаг хугацаа бөгөөд эерэг сэтгэл судлал нь хувь хүний түвшнээс илүү нийгмийн сайн сайхан байдал, бодлогын өөрчлөлт, соёлын нөлөөлөл зэрэг өргөн хүрээтэй асуудлуудад төвлөрч эхэлжээ. Эерэг сэтгэл судлал ч гэсэн хөгжлийнхөө эхэн үед таны асуусан шиг эерэг үзэл бодол, зөв хандлагатай байхыг их уриалсан. Ингэснээр бүх зүйл сайхан болчихдоггүй нь судалгаанаас харагдсан учраас үүнд шүүмжлэлтэй хандсан байна. Өөрөөр хэлбэл сөрөг туршлага, зовлон бэрхшээл хүнд ухаарал өгч, сэтгэлийн хаттай болоход тусалдаг нь судалгаагаар нотлогдсон. Тиймээс “Сэтгэцийн гэмтлийн дараах өсөлт” гэдэг нэр томьёог 1995 оноос ярьж эхэлжээ. Хүн сэтгэл санааны гүн хямралд орсны дараа түүнийгээ даван туулж чадвал илүү ухаажиж, аливаа зүйлд хүлээцтэй, буурьтай хандах чадвартай болдог. Энэ нэр томьёо өргөжиж, “Хамтын сэтгэцийн гэмтлийн дараах өсөлт” гэсэн ойлголтыг 2010 оноос судлаачид ярих болсон. Судлаачид 2001 онд АНУ-д болсон есдүгээр сарын 11-ний террорист халдлага, 1994 онд Руанда улсад иргэний дайн болж, нэг сая шахам хүнийг нийтээр нь хоморголон устгасан тухай, “Ковид-19” цар тахал зэргийг судалж дүгнэлт гаргасан байдаг. Иймэрхүү томоохон гамшиг, аймшигт үйл явдлын үед олон хүн сэтгэцийн гэмтэл авдаг бөгөөд дараа нь хүмүүсийн эх оронч үзэл, бие биенээ дэмжих байдал, сайн дурын ажил хийх хандлага эрс нэмэгдэж, нэг нэгэндээ анхаарал халамж тавих нь сайжирч, сэтгэлийн хаттай болдог нь олон судалгаагаар нотлогдсон. “Яаж харна, тэгж харагдана” гэдэг нь сэтгэл зүйн хандлагын хүчийг илэрхийлдэг үнэн юм. Гэхдээ үүнийг буруу ойлгож хэрэгжүүлбэл сөрөг үр дагаварт хүргэж болохыг ч анхаарах хэрэгтэй. Мэдээж эерэг бодол сайн. Гэхдээ хэт эерэг хандлагаас болгоомжлох хэрэгтэй. Бодол зан үйлийг удирдана. Сэтгэл судлалын туршилтуудаар хүн өөрийгөө хэрхэн бодож, төсөөлнө, түүнийгээ дагаад сэтгэл хөдлөл, шийдвэр, үйлдэл нь өөрчлөгддөг гэдэг нь нотлогдсон. Жишээ нь, “Би бүтэлгүй” гэж боддог хүн алдаандаа төвлөрч, өөрийгөө ухамсаргүйгээр шүүмжилж эхэлдэг бол “Би оролдож үзэх хэрэгтэй” гэж боддог хүн илүү тэвчээртэй, урагш тэмүүлдэг нь батлагдсан. Харин дандаа эерэг бодолтой байх нь заримдаа сөрөг мэдрэмжээ нуух, “Би баяр баясгалантай байх ёстой” гэж өөрийгөө хүчлэн хуурч, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй байх нөхцөл болдог. Үүнийг “toxic positivity” буюу “хортой эерэг үзэл” гэж нэрлэдэг. Жишээлбэл, хэн нэгэн уйтгарлаж байхад “Битгий гунигла, баярла” гэх нь тэр хүний мэдрэмжийг үл тоосон хэрэг юм.
ХҮҮХЭД СЭТГЭЦИЙН ХУВЬД ЭРҮҮЛ ӨСӨХ НЬ ЧУХАЛ
-Амьдрах орчин таатай байх нь сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг. Гэтэл нийслэл¬чүүд өдөрт 2-3 цагийг түгжрэлд зар¬цуулдаг. Иргэдээ аз жаргалтай амьдруулахад нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь чухал санагдаж байна.
-Хүний амьдрах орчин, хот төлөвлөлт, хөдөлгөөний хэмнэл гэдэг нь зүгээр нэг логистик биш, сэтгэл зүй, аз жаргалын чанарын суурь хүчин зүйлс юм. Сүүлийн жилүүдэд эерэг сэтгэл судлалын судалгааны үр дүнг нийгмийн амьдралын олон салбарт, тэр дундаа шийдвэр гаргах түвшинд, хот байгуулалт, барилга, архитектурт ашиглах болсон. Тухайлбал, түгжрэл, замын хөдөлгөөнд удаан байх нь стресс, тэвчээр алдалт, уур бухимдал үүсгэдэг. Түүгээр ч зогсохгүй ажлын бүтээмж, гэр бүлийн харилцаанд ч сөргөөр нөлөөлнө. Энэ нь аз жаргалын мэдрэмж буурах, амьдралд сэтгэл ханамжгүй болох шалтгааны нэг болдог. Судалгаагаар нэг цагаас дээш түгжирдэг хүмүүсийн сэтгэл гутрал, ганцаардал, шаналлын түвшин 20-40 хувиар нэмэгддэг байна. Аз жаргалын индексээр дээгүүр ордог Финланд, Дани, Швед, Япон зэрэг орон дээрх бэрхшээлийг шийдэхдээ хотын төвд ногоон байгууламж, явган хүний болон дугуйн замыг ихээр байгуулж, хүн төвтэй орчин бүрдүүлсэн. Мөн ажлын цагийг уян хатан байлгаж, цахимаар ажиллах боломжийг бодлогоор дэмжсэн байна. Сурах, ажиллахын тулд хүн бүр хотын төв рүү явах шаардлагагүй болгох нь чухал юм. Тухайлбал, Улаанбаатар хотод автомашины хэрэглээг багасгасан, нийтийн тээврийн тохилог, хурдан, хүртээмжтэй үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Ингэхийн тулд нийтийн тээврийн ухаалаг аппликэйшн, цагийн хуваарь, хяналтын системийг боловсронгуй болгож, хүн бүр ашиглаж хэвшихэд анхаарах нь зүйтэй. Үүнээс гадна ажлын цагийг уян хатан болгоход бодлогоор дэмжиж, нэг цагт бүх хүн ажил, сургуулийн зүг хөдөлдөг байдлыг бууруулах, хувийн, төрийн байгууллагууд цахим болон хэсэгчлэн ажиллах хуваарийг хүлээн зөвшөөрч мөрдвөл мөн үр дүнтэй санагдаж байна. Хотын дэд бүтцийн шийдэл гаргахдаа иргэдийн сэтгэл ханамж, амьдралын чанар гэх үзүүлэлтийг заавал тусгах нь зүйтэй.
-Сэтгэл эрүүл бол бие эрүүл гэдэг. Гэтэл манай улсад сэтгэл зүйн эрүүл мэнд тулгамдсан асуудал болчихлоо. Үүнийг яаж “залруулах” боломжтой вэ. Танай нийгэмлэг энэ чиглэлээр ажилладаг уу?
- Монгол Улсад сэтгэл зүйн эрүүл мэндийн байдал үнэхээр санаа зовоосон түвшинд хүрсэн нь судалгаагаар батлагддаг. Тухайлбал, 2013 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтайг тогтоосон. 18-64 насны таван хүн тутмын нэг нь сэтгэл түгших эмгэгтэй, 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутрах эмгэгтэй байна. Мөн 2022 онд 20-24 насны таван хүн тутмын нэг, 15-19 насны дөрвөн хүн тутмын нэг нь амиа хорлож нас барсан гэсэн дүн мэдээ гарсан нь залуучуудын сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлагатайг харуулж буй юм. ДЭМБ-ын судалгаагаар манай улс амиа хорлолтын тоогоор Азидаа дээгүүрт ордог. Судлаачдын үзэж байгаагаар амиа хорлолтын гол шалтгаан нь гэр бүлийн зөрчил юм. Тиймээс гэр бүл, цэцэрлэг, сургуульд анхаарал хандуулж, хүүхэд сэтгэцийн хувьд эрүүл өсөж хөгжих таатай орчин бүрдүүлэхийн төлөө улс ажиллах хэрэгтэй. Үүний тулд сэтгэл зүйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, иргэдийн сэтгэл зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлж, насанд хүрэгчдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээний төвийг нэмэх, үйл ажиллагааг нь дэмжих хэрэгтэй. Сэтгэл зүйн асуудлыг нээлттэй ярилцаж, тусламж авах боломжоор хангаж, сэтгэл зүйчдийн тоог нэмэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж, олон улсын туршлага судлах шаардлага үүсжээ. Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг сургалт, судалгаа хийхээс гадна сэтгэл зүйчдийг чадавх жуулах, сэтгэл судлалын баклаврын хөтөлбөрийг шинэчлэх, ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчдийг мэргэшүүлэхэд анхаарч байгаа.