Даамын тамирчин, дасгалжуулагч, ОУИМ Р.Манлайг Монголын спортын салбарт танихгүй хүн ховор. Удахгүй30 жилийнойгоотэмдэглэх“Таван цагариг” сониноос ажил, амьдралынхаа гарааг эхлүүлсэн тэрбээр хөл бөмбөг, сагсан бөмбөг, уран гулгалтаар амьсгалдаг үнэнч хөгжөөн дэмжигч, улаан фанатуудын нэг. Түүнд спортын сэдвээр бичээгүй нийтлэл тун цөөн. Спортын сэтгүүлчээр ажиллахдаа мэдээ, сурвалжилгабэлтгэн завгүй гүйдэг байсан чдуртай спортынхоо бэлтгэл сургуулилалтыг нэгээхэн ч удаахойш тавиагүй гэдэг. Залуу насны эрч хүч, хурдаар аль алийг нь амжуулсан тэрбээр дотоод, гадаадын томоохон тэмцээнээс медальтай ирж, хамт олноо баярлуулсан удаа олон. Түүний амжилт сониных нь нөхдөд урам өгч, их ажлын ард гарах “цэнэг” болдог байв. Тус сониныг анх үүсгэн байгуулж, шанг нь татсан ах нарынхаа зөвлөгөөг сонсож, магтаал, зэмлэлийг нь дааж, үеийнхээмэргэжил нэгтнүүдээс суралцаж урагшилсан түүнд өгүүлэх түүх ч их бий. Монголын хэвлэл мэдээллийн салбарт шинэ, содон өнгө төрх нэмж, спортын талбарт томоохон дэвшил авчирсан “Таван цагариг”-ийн “цэргүүдээс” түүнийг зочноор урилаа.
-Хүнээр зүйрлэж хэлбэл “Таван цагариг” сонин өдгөө ид хийж, бүтээх 30 настай идэр залуу болжээ. Үе үеийн спорт сонирхогчидтой ойн баяраа тэмдэглэх товлосон хугацаа дөхсөн тул амжуулах ажил ч өрнүүн байгаа болов уу?
-“Таван цагариг” сонин уншигчдын сонирхлыг татаж, спортын ертөнцөөр аялахад дурлуулсан гэж боддог. Телевизэд хөтлөгч, тайлбарлагчаар ажиллаж буй залуус хүүхэд байхдаа энэ сониныг уншиж хүмүүжсэн. Сонины маань 30 жилийн ой энэ жил тохиож, уншигчидтайгаа баяраа хуваалцах мөч ойртож байна. Бид спорт сонирхогчдод зориулж, тусгай дугаар хэвлүүлэн, үе үеийн сэтгүүлч, сурвалжлагч, идэвхтэн бичигчдийнхээ намтар, дурсамж, бүтээлээр ном гаргахаар төлөвлөсөн. Мөн ойн баярын үеэр спортын салбарт ажиллаж буй мэргэжилтэн, дасгалжуулагч, тамирчин, уншигчидтай уулзалт зохион байгуулж, хүлээн авалт, цайллага хийх юм.
-Спортын холбоо, тамирчид сонины шинэ дугаар бүрийн эхний нүүрт гарах гэж догдлон хүлээдэг байсан гэдэг. Энэ талаар яривал та ч бас сонирхолтой түүх өгүүлэх байх.
-Эл сониныг анх үүсгэн байгуулсан Ж.Отгонцагаан, С.Батбаатар, спортын сэтгүүлчээр ажиллаж байсан ах нар биднээс нэг зүйлийг шаарддаг байв. Тэр нь энгийн нэг мэдээ бичих бус, хүн бүртэй ярилцах амьд харилцаа тогтоож, тамирчин, дасгалжуулагчидтай найз нөхөд болж, ойр дотно байх зарчим баримтална. Бид ч тэдэн шиг байхыг эрхэмлэж ирсэн.Тиймээс адал явдлаар дүүрэн спортын адармаатай ертөнц, тамирчдын дотоод сэтгэл рүү өнгийж, чин сэтгэлийнх нь үгийг гаргасан нийтлэл бичдэг байсан нь олны сэтгэлд хүрсэн болов уу. Спортын мэдлэгтэй мэргэжлийн сэтгүүлчид ажилладаг байсан нь бусад хэвлэлээс олон зүйлээр ялгарах давуу тал болсон. Тэдний олонх нь МУИС-д суралцсан төгсөгч.
-Спортын сэтгүүлчээр ажиллах амаргүй. Орчин, нөхцөл нь тал бүрийн мэдлэгтэй байхыг шаардана. Уншигчдад шинэ мэдлэг олгохын тулд байнга сурч, судлан өөрийгөө хөгжүүлж байхыг ойлгосон доо.
-Спортын сэтгүүлч хөрвөх чадвартай байх ёстой. Манайхан Монголын болон дэлхийн спортыг бичдэг нь уншигчдад таалагддагбайв. Миний хувьд хөл бөмбөг, сагсан бөмбөг 10 гаруй жил бичсэн. Оюуны спортоос шатар, даам, го, бөхийн төрлүүд, уран гулгалтын талаар сурвалжилга, ярилцлага, мэдээ, хөрөг, дурсамж, нийтлэл нэг бус удаа бэлтгэж олонд хүргэжээ. Энэ мэтчилэн яривал бичээгүй сэдэв ховор. Би спортын сэтгүүлчийн ангийн II курсийн оюутан байхдаа Монголын радиод, дараа жил нь “Таван цагариг” сонинд дадлага хийсэн юм. Түүнээс хойш 2014 он хүртэл тасралтгүй бичсэн дээ.
-“Таван цагариг” сониныг анх хэвлэгдсэн цагаас дугаар бүрийг нь алгасалгүй уншсан идэвхтэй уншигч олон байдаг юм билээ.
-Миний хувьд 1995 оны дөрөвдүгээр сарын 22-нд анх хэвлэгдсэн цагаас дугаар бүрийг нь цуглуулж, хадгалсан идэвхтэй уншигчдын нэг. Гадаадад ажиллаж, амьдарсан он жилүүдэд гэрийнхэндээ нэг ч дугаар алгасалгүй авахыг захидаг байлаа. Ганц дугаар аваагүй тохиолдолд тус сонины редакцад ирж, нөхөж авдаг сан. Намайг дадлага хийгээд сарын дараа ирэхэд Ц.Энхтүвшин ахын оронд С.Батбаатар ах эрхлэгч болсон байв. Өмнө нь “Таван цагариг”-ийнхантай эчнээ танил болсон надад найз нөхөд болж ажиллах ньойр дотно санагдсан.
-Спортын мастер цолтой даамын тамирчныг анх ирэхэд тэд хэрхэн хүлээж авсан бол?
-1989 оноос даам сонирхож хичээллэсэн. Тус сонинд сэтгүүлчээр ажиллахаасаа өмнө спортын мастер цол хүртчихсэн байлаа. Манайхан хүүхэд байхаасаа спортод хөл тавьсан нөхөд байв. Чөлөөт бөхөөр хичээллэсэн Б.Цагаанбаатар ах одоо триатлоны олон улсын шүүгч. Азийн наадам, тивийн тэмцээнийг дэнсэлдэг. Ж.Баяржаргал ОХУ-д сурч байхдаа бейсболоор хичээллэсэн, Н.Энхбаяр, А.Түмэнбаяр нар сагсан бөмбөг тоглодог, С.Батбаатар ах үндэсний бөхөөр хичээллэдэг байсныг яривал сонирхолтой түүх өгүүлнэ. Спортын сонинд сэтгүүлчээр ажиллахдаа маш их мэдлэг хуримтлуулсан. Мэргэжлээ сонгоход минь спорт багагүй нөлөөлсөн шүү. Тиймдээ ч МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спортын сэтгүүлчийн ангид 1997 онд элсэн орж, 2001 онд төгссөн. Манай ангийнхан спортын сэтгүүлчээр суралцсан анхны төгсөгч нь.
-Та өдгөө найз нөхдийн өргөн хүрээлэлтэй болжээ. Спортын салбарт таныг танихгүй хүн ховор шүү дээ.
-Тийм ээ. Спортын салбарын мэргэжилтэн, тамирчин, идэвхтэн бичигч, сэтгүүлчид “Таван цагариг” сонины редакцаар байсхийгээд л ирнэ. Бид дасгалжуулагч, тамирчин, биеийн тамирын ажилтан, идэвхтэй хичээллэгсэдтэй нээлттэй харилцаж, сайхан нөхөрлөдөг байсан. “Таван цагариг”-т дадлага хийхдээ сар шинийн барилдааны тодруулгаас гадна, самбо бөхийн УАШТ-ий сурвалжилга анх бичиж нийтэлсэн. Тэр тэмцээнд Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од гурав дахь удаагаа улсын аваргаар шалгарсан юм. Түүнээс хойш цөөнгүй түрүүлсэн санагдана. Монголд 2000-аад оны эхээр бадминтоны спорт хөгжсөн. Орхон аймгийн Биеийн тамир, спортынхорооны дарга Н.Зулбаатар агсан бадминтоныг эх орондоо хөгжүүлэх зорилгоор сургалт явуулсан юм. Сурвалжилга хийхээр очсон би сургалтад сууж, сертификат авснаар эл спортын талаар нэлээд ойлголттой болж байв.
-Азийн наадам, олон улсын тэмцээнийг сурвалжлахаар хилийн дээс алхсаныг тань санаж байна.
-БНСУ-ын Бусан хотод 2002 онд болсон Азийн XIV наадмыг сурвалжилсан минь мартагдахааргүй дурсамж болж үлджээ. Дараа нь Грекийг зорьж, “Афин-2004” зуны олимпын 28 дугаарнаадмыг сурвалжилсан. Үүнээс таван жилийн дараа “Хонконг-2009” Зүүн Азийн V наадам, 2014 онд ОХУ-д зохион байгуулсан “Сочи-2014” өвлийн спортын 22 дахь олимпыг сурвалжлан уншигчдад хүргэж байв. Өнөөгийнх шиг сошиал ертөнц нээлттэй хөгжөөгүй байх үед хүмүүс “Таван цагариг”-аас тив, дэлхий, олимпын наадмын мэдээллийг уншихаар догдолж хүлээдэг сэн. Уншигчид тухайн үед хэвлэгдсэн материалуудыг одоо ч санадаг. Тэдэн оны олимп, ДАШТ-ий мэдээллийг тэр сэтгүүлч тийм дугаарт бичсэн гээд өгүүлнэ шүү дээ. Бид хамтдаа ажилласан он жилүүдэд жаргал зовлонгоо хуваалцдаг амьдралын сайн найзууд болсон. Сонин маань биднийг эвтэй найртай хамт олон төдийгүй нэг гэр бүл шиг болгосон доо.
-“Афин-2004” олимпын наадмыг сурвалжлахдаа олон зүйлийг харж, ажигласан биз. Жүдогийн тамирчдаас Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртэж, дэлхийн тамирчин болсноо тэр жил харуулж байлаа.
-Тухайн үед “Таван цагариг” сонин МҮОХ, “Монгол ньюс” ХХК-ийн хамтарсан хэвлэл байлаа. Би эртний Грекийн түүх, соёл иргэншил, олимпизмын тухай сонирхож судалдаг. Олимпын наадмыг өлгий нутагт нь очиж үзээд, сурвалжлах гайхалтай санагдсан. Олимпын нээлт, хаалтын ажиллагаа одоо ч нүдэнд минь харагддаг. Монголын тамирчид 1968-1996 он хүртэл олимпоос медаль хүртсэн ч үүнээс хойш нэг хэсэг тасарсан. Х.Цагаанбаатар эхний өдөр жүдогийн дэвжээнд сонирхолтой барилдаан өрнүүлж, 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнээр тасраад байсан шагналын буухиаг Монголын багт авчирч байлаа. Анхны өдөр нэг хүрэл медальтай манай улсын баг VII байрт жагссан. Афинд дэлхийн шилдгүүдийг дэргэдээс нь харж, заримтай нь ярилцан, сэтгэгдлийг нь сонсох боломж гарсан нь ховорхон тохиох завшаан байв. Намайг сурвалжилга хийхэд Ж.Отгонцагаан ах зөвлөн чиглүүлж байсанд баярладаг. Өмнө нь түүнийг дагаж, 2002 онд БНСУ-ын Бусанд болсон Азийн наадамд хамт ажилласан минь дээрх олимпыг сурвалжлахад их нөлөөлсөн. Миний хувьд бусад хэвлэлдгараагүй содон, сонирхолтой мэдээллүүдийг уншигчдад хүргэсэн шүү.
-Өвлийн олимпоос “Сочи-2014” наадмыг сурвалжилсан байх аа?
-Тийм ээ. Өвлийн олимпод оролцдог улсын багууд хувцаслалт, имижээрээ ялгардаг. Дээрх олимпод 88 орон тамирчнаа илгээж, “Ванкувер-2010” олимпын дээд амжилтыг эвдэж байв. Доминикан, Мальта, Парагвай, Зүүн Тимор, Того, Тонга, Зимбабве гэсэн долоон улс өвлийн олимпод дебют хийсэн. Өмнөх 21 өвлийн олимпын төсвийг нийлүүлснээс илүү төсвөөр бүтэж билээ. ОХУ эх орондоо зохион байгуулсан олимпод ихээхэн ач холбогдол өгч хөрөнгө харамгүй зарцуулсан. Улсынхаа имижийг барууны орнуудад арай өөрөөр харуулахыг ч зорьсон нь анзаарагдаж байв. Үүгээрээ дэлхийн олон орны анхаарлыг татсан. Хойд хөршийн баг 11 алт, 10 мөнгө, есөн хүрэл нийт 30 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж, Норвегийн тамирчид (11 алт, таван мөнгө, 10 хүрэл) II, Канад улс (тус бүр 10 алт, мөнгө, таван хүрэл) III байрт шалгарсан юм.
-Тийм их ажлын хажуугаар бэлтгэл сургуулилалт хийж тэмцээнд өрсөлдөх хааяа амаргүй санагддаг байв уу?
-“Таван цагариг” сонины хамт олон алт, мөнгөн үеийнхэн гэж ярих дуртай. Энэ сониныг үүсгэн байгуулж, анхны дугаарыг нь өлгийдөн авч, уншигчдад хүргэсэн хүмүүс бол алтан үеийнхэн. Тэднээс хойших залуучууд мөнгөн үеийнхэн. Ажиллахын хажуугаар бэлтгэл хийх надад хэцүү санагдаагүй. Багаасаа даамаар хичээллэсэн болохоор олон жилийн суурь бэлтгэлээрээ тэмцээнд оролцдог байсан. 2007 онд болсон УАШТ-д түрүүлж, 2009 онд дэлхийн даамын холбооны мастер цол хүртсэнийхээ дараахан 2010 онд БНХАУ-д зохион байгуулсан олон улсын тэмцээнээс алтан медальтай ирсэн юм. Харин 2014 оноос хойш тамирчны карьер, амжилтдаа анхаарал хандуулж, бэлтгэлээ дагнаж хийх болсноор 2016 онд Азийн АШТ-д тэргүүлэн олонулсынихмастерцол хүртсэн.
-“Таван цагариг”-ийнхан спортлог гэдгээ харуулж тэмцээн бүрд түрүүлдэг байсныг бусад хэвлэлийнхэн ч одоо ч ярьдаг юм.
“Монгол ньюс” ХХК, “Өнөөдөр” сонины сэтгүүлч, захиргаа санхүү, аж ахуй, хэвлэх үйлдвэрийн ажилтнуудынхаа дунд спортын тэмцээн байнга зохион байгуулдаг байлаа. Байгууллага дотроо бол бараг л “олимпын наадмаас” дутахааргүй өрсөлдөөнтэй болно. Намайг “Таван цагариг”-т ирэхээс өмнө даам, шатрын тэмцээн болдог байсан юм билээ. Спортын ахмад сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун ах шатрын дэд мастер цолтой тул бүгдийг нь хожоод түрүүг авчихна. Тэрбээр Ардын эрх”, “Өнөөдөр” сонинд спортын тоймч, гэрэл зурагчин, албаны даргаар ажиллахдаа 20 гаруй ном товхимол, бүтээл туурвин, спортын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан.Сониныхоо залуу сэтгүүлчдэд спортын тэмцээн, уралдааны мэдээ, сурвалжилга, нийтлэл хэрхэн сонирхолтой бичих талаар зөвлөж, өөрийн биеэр үлгэрлэнэ. Бидэнд буурал ахаас суралцсан зүйл их.
-“Таван цагариг”сониныг сэтгүүлчдээс нь гадна идэвхтэн бичигчдийн нийтлэл шинэ өнгө, аястай болгодог байсан ньсэтгэлд тод үлджээ.
-Манай сонинд үндэсний болон дэлхийн спортын талаар мэдээлэл нийтэлдэг орон нутгийн болон Улаанбаатар хотын идэвхтэн бичигч цөөнгүй байв. Тэднээс Пүрэвжав гуай үндэсний бөхийн барилдааны дүйз бичдэг байсан нь баримт, статистик болж үлдсэн. Мөн шатрын бодлого зохиомжийн ОУХМ цолтой Л.Тогоохүү ах шатрын спортын дэвшил, хөгжил, тэмцээний мэдээгсонирхолтой талаас нь бичнэ. Монголын радиод олон жил ажилласан Д.Гэнээ ах спортын төрөл бүрийн мэдээ, ярилцлага, сурвалжилга бэлтгэж, сонины материалыг баяжуулдаг сан. Бид аймаг бүрийн Биеийн тамир, спортын газартай холбоотой ажиллаж, АНУ, Япон, БНСУ-д өөрийн гэсэн тусгай сурвалжлагчтай байлаа. Миний хувьд даамынтамирчид бэлтгэх зорилгоор “Алтан хүү” клубийг байгуулж, дасгалжуулагч багшаар ажилладаг. Шавь нараас минь ОУИМ хоёр, дэлхийн аварга цолтой зургаан тамирчин төрлөө. Азийн аварга, улсын аварга болсныг нь тоочвол гарын 10 хуруунд багтахааргүй олон. Клубээсээ гадна Нийслэлийн даамын холбоог хариуцан ажиллаж байна. Сүүлийн үед даамын спортын талаарх ном, товхимол, гарын авлага хэвлүүлж, тамирчдынхаа бэлтгэлийг хийлгээд өөрөө тэмцээнд ховорхон оролцох болсон. Энэ ташрамд, “Таван цагариг” сонины үе үеийн сэтгүүлч, идэвхтэн бичигч, уншигч нарт, мөн бидэнтэй хамтарч ажилладаг байсан спортын хороо, дасгалжуулагч, тамирчдад 30 жилийн ойн баяр мэнд дэвшүүлье. Спортын сонин маань одоогоор хэвлэгдэхгүй байгаа ч хойшид хэвлэлийн өөр төрлөөр уншигчдад хүрч, нийтлэлээ түгээх байх гэж боддог.