Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр "Төгрөг нуурын орд Х.Баттулгатай хамааралтай талаар би өмнө нь мэдээлсэн. УИХ-ын гишүүн Х.Баттулгад тайлбар мэдээлэл өгөх долоо хоногийн хугацаа өгсөн. Өнөдөөр долоо хоногийн хугацаа нь дуусаж байна.
Х.Баттулга хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр ярилцлага өгсөн байсан. Гэхдээ Төгрөг нууртай холбоотой ямар нэгэн зүйл хэлээгүй гэж ойлгож байна. Тэрбээр намайг Төгрөг нууртай хамаатай гэдгийг нотолж чадах юм бол 100 хувь аваарай гэсэн байна. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотол гэсэн. Намайг нотол гэсэн учир би нотолж байна. Мөн албан ёсны баталгаатай эх сурвалжууд болон санхүү, хуулийн мэргэжилтэнгүүдийн дүн шинжилгээ байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг үг бий.
2006 онд Төгрөг нуурын орд газрын 90 хувийг УИХ-ын гишүүн Х.Баттулга, 10 хувийг нь Я.Батсүх эзэмшдэг компани болохыг нотолсон баримт байна. Мөн Х.Баттулгын төрсөн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт компанид хувьцаагаа дамжуулан мөн үндэстэн дамнасан компаниар дамжуулан 250 сая ам.доллароор зарсан болохыг нотолж байна. Хонконгын бирж дээр байгаа 507-р нүүр баримтад бүх мэдээлэл нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно. Энэ 507 баримт дотор хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын нөөцийн тооцоо, ТЭЗҮ зэрэг бүх мэдээллийг нарийвчлан агуулсан нотлох баримт бий" хэмээн хэллээ.