Циркийн урлаг нь хэн бүхэнд баяр баясал, инээд хөөр бэлэглэн гоо сайхан, дуу хөгжим, хүн амьтдын харилцаа, гэрэлтүүлгийн гайхамшиг гээд урлагийн олон төрөлт үзүүлбэрийг нэг дороос мэдрэх боломж олгодгоороо урлагийн бусад төрлөөс ялгардаг. Тэгвэл “Дэлхийн цирк Монголд-2025” олон улсын циркчидийн хамтарсан тоглолтыг дөрөвдүгээр сарын 12-ноос зөвхөн бямба, ням гаргуудад Степпе Арена-Мөсөн өргөөнд зохион байгуулахаар бэлтгэл ажил нь жигдэрчээ. Тодотгоход, “Дэлхийн цирк” Олон Улсын Циркийн хамтарсан тоглолт нь дэлхийн маш цөөн оронд тоглогддог Циркийн Спорт Арена төрөлд багтдаг юм. Тухайлбал АНУ, Канад, Герман, Франц, ОХУ гэсэн орнуудад зохион байгуулдгаараа дэлхийд танигдсан билээ. Тэгвэл Монгол улс циркийн энэхүү хэлбэрийн тоглолтыг буюу Спорт Арена төрлийн циркийн үзүүлбэрүүдийг эх орондоо авчирч, циркт хайртай үзэгчдэдээ толилуулж буй зургаа дахь улс орон болов. Өнгөрсөн жил “Дэлхийн цирк Монголд” тоглолт гадаадын болон дотоодын 250 гаруй уран бүтээлчдийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр нийт 20 удаа тоглон Монголын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Тус тоглолтод сургуультай арслан, бар болон ховор үүлдрийн пудель нохойнууд ирж тоглож байсан билээ. Тэгвэл энэ удаад дэлхийн номер нэг алиалагч, Итали улсын иргэн Дэвид Ларибле, Колумб улсын циркчин, мото шру үзүүлбэр Жесон, АНУ-ын жүжигчин Себастьян Видела иржээ. Тэд Монголд анх удаа ирж буй. Үүнээс гадна сургуультай амьтад болон нохойнууд авчирсан нь энэхүү тоглолтын томоохон онцлог болж байна. “Дэлхийн цирк Монголд” тоглолтод АНУ, ХБНГУ, БНХАУ, БНУУ, ОХУ, Итали зэрэг 15 орны жүжигчид оролцоно. Тэд дэлхийд цорын ганц болон хоёр гуравхан байдаг экстрем үзүүлбэрүүдийг үзүүлэх нь ээ. Тоглолт гурван цаг орчим үргэлжилнэ. Тоглолтын найруулагчаар ОХУ-ын Москва хотын Төв циркийн найруулагч Дмитрий Чернов уригдан ажиллах бол ерөнхий продюсероор Олон Улсын циркийн шүүгч Н.Эрдэнэ ажиллаж байна. Ерөнхий продюсер Н.Эрдэнийн тухайд циркийн менежер, продюсероор тасралтгүй 20 орчим жил ажиллаж байна. 2013 оноос МЦХТ-ийг үүсгэн байгуулж, Монголын циркчидийг олон улсын уралдаан тэмцээнд 55 удаа оролцуулж, нийт 45 Алт, Мөнгө, Хүрэл цом авсан байна. Тэрбээр 2013 онд циркийн шилдэг шоу тоглолтоор “Гоо марал” шагналын эзэн болж байсан бөгөөд Монгол улсаа төлөөлж олон улсын циркчидийн тэмцээнд шүүгчээр ажиллаж байгаа юм.