МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Гадаад хэлний төвд монгол хэлний түвшин тогтоох олон улсын шалгалт (TOMFL) авдаг албан ёсны төвийг өнгөрсөн оны хоёрдугаар сард нээсэн билээ. Тэгвэл тус сургууль энэ оноос олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалт (IELTS)-ын төвийг Британийн консулын газрын зөвшөөрөлтэй нээж, үйл ажиллагаа явууулж эхэлжээ. Ингэснээр англи хэлтэй орнуудад суралцах, ажиллах, цагаачлах зорилготой хүмүүс IELTS-ын шалгалтыг олон улсын шаардлага хангасан, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан зориулалтын орчинд, хүлээгдэл чирэгдэлгүй өгөх боломж бүрджээ. Уг төв хамгийн эхний шалгалтаа энэ сарын 20-нд авах нь. Шалгуулагчид юуны түрүүнд онлайнаар бүртгүүлж, шалгалтын төлбөр болох 841 мянган төгрөгөө төлөх ёстой. Үүнээс долоо хоногийн дараа бүртгэл албан ёсоор баталгаажсанаар шалгалтын тов болон холбогдох бусад мэдээллийг цахим шуудангаар илгээх гэнэ.
Ж.Сувд