АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-тай хийэ буй худалдааны дайныг улам хурцатган татвараа энэ удаад 125% хүртэл нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ. Дөрөвдүгээр сарын 9-нд хэрэгжиж эхэлсэн татварын өмнөх хэмжээ 104 хувь байв.
Өмнөх өдөр нь Трамп “Дэлхийн 75 орны эрх баригчид АНУ-д хандан, миний бөгсийг үнсэж, тохиролцоонд хүрэх гэж амиа тавьж байна" гэж нилээд бүдүүлэг өнгө аястай мэдэгдэл хийсэн юм.
Тэдгээр 75 орны дунд БНХАУ-ын төлөөлөгчид байхгүй явдал нь "бардам зан" гэж АНУ-ын Ерөнхийлөгч тодорхойлов.
Трамп Бээжинг "дэлхийн зах зээлийг үл хүндэтгэдэг" гэж буруутган, Хятадын эрх баригчид "АНУ болон бусад улс орнуудыг дээрэмдэх цаг нь дууссан гэдгийг удахгүй ухаарна" гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Харин дээрх 75 улс орны хувьд татварын огцом нэмэгдлийг 90 хоногоор хойшлуулахаар болсон бөгөөд энэ хугацаанд 10% -ийн татвар ногдуулах болсныг АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент тодрууллаа.
Харин Бээжин татварын “шантааж”-ыг тэвчихгүй гэдгээ мэдэгдлээ.
Харин Бээжин АНУ-ын "худалдааны муухай зан байдлыг" "эдийн засгийн дээрэлхэлт" гэж үзэж байгаа талаар төрийн CGTN суваг мэдээлэв.
"Хэрэв Вашингтон Бээжинг айлган сүрдүүлнэ гэж найдаж байгаа бол энэ нь бүтэхгүй" гэж БНХАУ мэдэгджээ.
Дөрөвдүгээр сарын 9-ний үдээс хойш БНХАУ-ын Тарифын асуудлыг зохицуулах хороо АНУ-аас импортолж буй бүх барааны үнийг хэд хоногийн өмнө зарласан 34 хувиас 84 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм.
Хятадын Худалдааны яам "Худалдааны дайнд ялагч байхгүй, Хятад улс худалдааны дайныг хүсэхгүй" гэж мэдэгдэв.
Гэвч Хятадын засгийн газар "Хятадын ард түмний хууль ёсны эрх ашиг хохирч байгааг ямар ч тохиолдолд зүгээр хараад суухгүй" гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Мэдэгдэлд мөн Хятад улс худалдаа, эдийн засгийн харилцааны асуудлаар АНУ-тай зөвшилцөхөд бэлэн байгаагаа тэмдэглээд, асуудлыг "эрх тэгш үндсэн дээр яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар" шийдвэрлэхийг уриалсан байна.