2024 оны УИХ-ын сонгуулиар хойд бүсэд сонгогчдоос хамгийн олон санал авч, хоймор “заларсан” Халтмаагийн Баттулгыг чуулганы хуралдаанаа таслахгүй байх дэгийг ээжээс нь өөр хэн ч сахиулж чадахгүй бололтой. “Ээж загнаад байгаа учраас одоо хуралдаа сууна аа” гэнэ үү.
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны мэдээлснээр намрын нэгдсэн чуулган 32 удаа хуралдахад Х.Баттулга гишүүн хамгийн олон удаа буюу 16-г нь тасалж, зургаан удаа чөлөө авч, дөрөвт нь эмнэлгийн акттай, нэг удаад нь гадаад томилолттой байсан гэнэ. Хууль тогтоох дээд байгууллагад төлөөллийн ардчиллын зарчмын дагуу Булган, Хөвсгөл, Орхон аймгийн 60 933 хүний саналаар сонгогдчихоод хуралдаа суух нь гишүүний үндсэн үүрэг атал 27 удаагийн хуралдаанд ямар нэг шалтгаанаар огт суугаагүй байх юм. Тиймээс төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн шаардлагыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын гурав дахь шат буюу цалинг нь гурван сарын хугацаанд (зургаа хүртэл сар гэсэн байдаг) 20 хувиар хасахаар болсон байна.
Монгол Улсын Төрийн тэргүүн байсан хүн буцаад УИХ-ын гишүүн болсон түүхийг бичсэн ганц түшээ бол Х.Баттулга. Монгол төрийн босго, дэг жаяг, ёс зүй, зарчим, түшээдийн ажлын чиг үүрэг, сахилга хариуцлага гэж юу байдгийг хамгийн сайн ухамсарласан байх учиртай. Урьд нь УИХ, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгч гээд төрийн өндөр дээд албан тушаалын шат бүрд ажилласан туршлагатай тэрбээр 2024 оны УИХ-ын намрын чуулганыг 67 цаг тасалчхаад “Би ажилдаа ирдэг, төхөөрөмж нь миний хурууны хээг уншихгүй байгаа юм” гэж ярих нь үнэхээр ичих булчирхайгүй хүнээс л гарах үг, үйлдэл билээ.
Гишүүд чуулганы хуралдаандаа бүрэн сууж, улс орны болоод нийтийн эрх ашигтай холбоотой бодлого, хууль тогтоомжуудад санал, шүүмж, байр сууриа илэрхийлэхээс эхлээд сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх наад захын ёс зүйтэй байх ёстой. Гэтэл намрын чуулганыг 37 цаг хүртэл хугацаагаар тасалсан Н.Алтанхуяг, О.Амгаланбаатар, Э.Бат-Амгалан, Д.Батбаяр, Д.Батлут, Д.Ганбат, С.Лүндэг, М.Нарантуяа Нара, Даваагийн Цогтбаатар нарын есөн гишүүн араас нь бас донгодуулсан байх юм. Хэрэв жирийн иргэд ажлаа 37 цаг тасалсан бол аль хэзээ халагдчихсан байгаа даа. Санал авахын төлөө “Асуудлыг чинь шийднэ, амьдралыг чинь цэцэглүүлнэ, аз жаргалаар бялхуулна, алтан замаар алхуулна” гэх зэргээр уран донгодож, амлалт өгч сонгогдчихоод ажлаа хийхгүй байгаа тэднийг яах вэ. Сонгогчид нь ийм “цагаандаа гарсан” гишүүдийгээ даврааж өөгшүүлэхгүй, хариуцлага тооцдог, бүр эргүүлэн татах хэмжээнд хүртэл шаардлага тавьдаг нээлттэй тогтолцоо манайд үгүйлэгдэж байна.
Ажил тасалдаг “том толгойтой” гишүүдэд хууль, журмын хүрээнд хүлээлгэх хариуцлага нь сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, цалинг нь хасах гэсэн ядмаг шийтгэл. Олон түмэн сонгогчдынхоо өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээдэг төрийн түшээдэд хэтэрхий зөөлдсөн энэ мэт шийтгэлээс тэд цочроо авахгүй нь лавтай. Харин хэвлэл мэдээлэл, олон нийтийн дэмжлэгтэйгээр гишүүдийн ирц, төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн зөрчлүүдийг хайр найргүй шүүмжлээд байвал ядаж “усан тэнэг” тайлбар ч болсон хэлээд түмний анхаарлаас бултаж, гадуур үлдэж чадахгүй байж мэднэ. Нийгмийн сүлжээ өргөжин хөгжсөн энэ цаг үед эрх мэдэл, албан тушаалдаа эрдсэн даруулгагүй гишүүд, сайд, дарга нарыг залхаан цээрлүүлэх “сонгодог” арга энд л байх шиг.
Л.Ганчимэг