Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодот¬голтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно
УИХ-ын гишүүн болсон Баярмагнайн Баярбаатар хэвлэл мэдээлэл, олон нийтэд төдийлөн танигдаагүй, түүнийг жүжигчин Л.Чаминчулууны бага хүү гэдгээр нь хүмүүс мэддэг юм билээ. Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр 2003 оноос төрийн алба хашиж эхэлсэн байна. Тэрбээр 1981 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд нийслэлийн 48 дугаар сургуулийг дүүргээд, 2003 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуульд бакалавр, магистр, 2022 онд МУИС-д улс төрийн судлалаар докторын зэрэг хамгаалжээ. Б.Баярбаатарын ажлын гараа даргын туслахаас эхэлж. УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын туслахаас УИХ-ын болон дэд даргын туслахаар ажил - лаж байв. 2020 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллах болжээ. Өөрөөр хэлбэл, нам дотроосоо дээшээ “татуулж” парламентад заларсан юм. Түүний аав Л.Баярмагнай нь МАН-ын апаратад олон жил ажилласан, ахмад зүтгэлтэн байсан нь хүүгээ улс төрд хөл тавихад нөлөөлсөн байх талтай. Б.Баярбаатар Хяналтын ерөнхий хорооны даргын ажлаа авсан даруйдаа намын гишүүдийнхээ ёс зүй болон дүрмийг шинэчлэхэд голлон анхаарч, дөрвөн тулгуурт бодлого хэрэгжүүлнэ хэмээн попорсон байх юм. Гэвч ярьсан шигээ ажиллаж чадаагүй. Намынх нь гишүүд улаан цайм дүрмээ зөрчиж, авлига, албан тушаалын хэрэгт хэд хэдээрээ холбогдоод байхад хариуцлага тооцож, УИХ-д нэр дэвшигчдээ ч ёс зүйн өндөр шалгуураар шүүж сонгоогүй. Намынхныхаа ёс зүйн асуудлыг цэгцэлж чадаагүй түүнийг гишүүн болмогц УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргын суудалд залчихсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 78.5 хувь нь түүнийг дэмжсэн юм билээ. Ёс зүйгүй гишүүдийн ёс зүйн асуудалд хяналт тавьж, арга хэмжээ авах үүргээ тэрбээр хэрхэн биелүүлж байна вэ. Үг, үйлдлээс нь үзэхэд ухаан санаа нь эрүүл, эсэх нь эргэлзээтэй гишүүд одоогийн парламентад бий. Олон нийтийн шүүмжлэлийг хүлээн авах нь бүү хэл, элдвээр доромжилж, намайг хэн хэлэх вэ гэсэн шиг дураараа дургиж буй тэдэнд ямар арга хэмжээ авсан нь ч тодорхойгүй. М.Нарантуяа-Нара гишүүн цахим орчинд бусдыг доромжилсон гэх гомдлын мөрөөр түүнд сануулж, энэ нь ёс зүйн зөрчил гэж яриад л өнгөрсөн. Одоогоор түүний хийсэн гэхээр ажил үүнээс өөр дуулдсангүй. Өмнөх Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга нар гишүүдийнхээ асуудлыг аргацаагаад, эсвэл нүүр тулалгүй бултаад л мартагнуулдаг байсан юм. Энэ удаа 126 гишүү¬ ний ёс зүйн зөрчлийг шүүн тунгаах учраас урьдын алдаанаасаа суралцаж, дүрэм, журмаа өөрчилж, сайжруулахаас ажлаа эхлэх байх гэж найдаж байна.
Ч.Болор