БНСУ-д тус улсын шатрын спортын KCA холбооны ерөнхийлөгчийн цомын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монголын тамирчид оролцлоо. Манайхаас насанд хүрэгчдийн ангилалд “Хожлын нүүдэл” клубийн багш дасгалжуулагч С.Сарантунгалаг түрүүлж алт, “ИНХА” их сургуулийн оюутан Ц.Оргил мөнгөн медаль хүртэв. Өсвөр үеийнхнээс охидын ангилалд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын III сургуулийн сурагч Б.Мөнхжаргал тэргүүн байрт шалгарч, хөвгүүдээс Н.Анир хүрэл медаль зүүжээ.
Бага насныхны ангилалд “Төгс нүүдэл” клубийн тоглогч Ж.Анхтөгс аварга болсон байна. Сонирхуулахад, Монголын шатрын холбоо Азийн шатрын холбоо хамтран Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод энэ сарын 22-ноос тавдугаар сарын 2 хүртэл зохион байгуулах нь. Уг тэмцээнд тамирчид оролцсоноор тивийн шилдгүүдтэй оюунаа сорихоос гадна олон улсын чансаагаа ахиулах, цолны үнэлгээний болзол биелүүлэх, цаашлаад “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох эрх авах юм.