Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч Ана Брайан Нугререс Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр манай улсын Засгийн газрын урилгаар айлчилж буй бөгөөд Улаанбаатар хот болон ойролцоох аймгийн удирдлага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Монгол дахь НҮБ-ын Удирдлагын баг болон бусад холбогдох талуудтай уулзах гэнэ Энэ сарын 14 хүртэл манай улсад ажиллахдаа хувь хүний дата мэдээллийг хамгаалах, тухайлбал, хүний эрүүл мэндийн мэдээлэл, кибер аюулгүй байдал, хяналт тандалтын арга хэмжээ, хэрэгжүүлэх механизм, технологийн хэрэглээ болон тодорхой бүлгүүдийн зэрэг хувийн мэдээллээ хамгаалах эрхийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар ажиглалт, судалгаа хийх юм байна. Судалгааны дүгнэлтээ айлчлалынхаа төгсгөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд танилцуулахаар төлөвлөжээ. Мөн ирэх оны гуравдугаар сард Женевт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хийсэн айлчлалын тайлангаа танилцуулах гэнэ.
Ташрамд дуулгахад тусгай илтгэгчид нь НҮБ-аас цалинждаггүй, аливаа Засгийн газар, ямар нэгэн байгууллагаас хараат бус, бие даасан байдлаар ажилладаг аж.
Ч.Туяа