Өвөрхангай аймгийн Богд сумаас Улаанбаатар хотод ирээд 20 орчим хонож буй С.Мөнхсүх бол 2023-2024 оны зуданд нийт малынхаа 70 гаруй хувийг зүй бусаар алдсан 4900 гаруй малчны нэг юм. Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө мөхөстөн буянт малынхаа баргийг ихэвчилж, хотоо хонхойлгосон тэднийх төв суурин газар бараадахаар эхнэр, хүүхдүүдээ аймагт төвхнүүлж, том хүүгээ өнгөрсөн намар цэрэгт явуулж, гэрийн эзэн өөрөө ачааны тэрэгний жолооч болох санаатай нийслэлд ирээд байгаа нь энэ. Нийгмийн шилжилтийн ороо бусгаа үед дөрөвдүгээр ангиа ч төгсөлгүй мал дээр гарсан С.Мөнхсүх өдгөө амьдралын шаардлагаар 40 шүргэж яваа насандаа “номын дуу” сонсох шаардлагатай болж, өөрийнх нь хувьд цоо шинэ сорилт болох компьютер гээч зүйл дээр жолооны ангилал ахиулах шалгалтыг гурав дахиа өгөхөөр бэлдэж буй. Тэгэхээр нөгөө талаараа тэр бас Монгол Улсын нийгэм, эдийн засагт хамгийн өндөр оролцоотой байх ёстой ид хөдөлмөрийн насных атлаа бичиг үсэг тайлагдалтаар улсын дунджаас хамгийн доогуурт ордог 34-39 насныхны төлөөлөл билээ.
“Монголд залуу хүн тэсэж аж төрнө гэдэг чинь алаан байхгүй юу” гэдэг хошигнол маягийн яриа гарсан байсан. Хөдөөд ажиллаж, амьдралаа төвхнүүлэх аргагүйд хүрсэн нэг хэсэг нь ийнхүү аймаг, хот руу нүүдэллэж, тэнд ч нөхцөл байдал дээрдэмгүй бол төвийнхөнтэйгөө нийлж аваад Өмнөд Солонгос, Ирланд гэх мэт хөдөлмөрийн хөлс ахиутай гадаад орнууд руу хамтдаа гарах арга саам сүвэгчилж байгаа нь үүний илрэл биз. “Монгол бол хүүхэд, залуусын орон” гэдэг ч үнэн хэрэгтээ залуучуудын дунд ажилгүйдлийн түвшин тогтмол өндөр хэвээр байгааг хэдэн ч засаг төр солигдоод шийдэж дөнгөөгүй л байна. Улаанбаатараас Франкфурт хүртэл есөн цаг, дахиад Франкфуртээс есөн цагийн хүлээлэгтэй дамжин нислэгийн ая даагаад Ирландын онгоцны буудалд газардсан зургаан сартай жирэмсэн эмэгтэйтэй хоёр жилийн өмнө таарч байв. “Өнөөгийн залуусын дунд ажил хайх, хийх сонирхол буурсаар байна” гэж хялбархан дүгнэдэг шиг задарсандаа тэр бүсгүй найз залуугийн хамт хэл мэдэхгүй, таних, тосох хүнгүй байж харь хол хүний нутгийг зориогүй нь лавтай. Найз залуу нь Солонгос руу ирж, очин ажилладаг, өөрөө Монголд хувийн компанид боломжийн цалинтай менежер хийдэг ч орлого нь сарын хэрэглээ, зээлээсээ илүү гарахгүй байсан тул ямар нэг найдвар горьдлого тээн хөл хүнд хэрнээ зүтгэсэн хэрэг. 2025 оны хамгийн хүчирхэг паспорттой орноор шалгарсан Ирланд бол байрны түрээсээс эхлээд чамгүй өндөр зардалтай ч залуу хүн ямар нэг ажил олоод хийвэл цаг, минут бүрээр хөдөлмөрийг нь яс үнэлдэг учраас тэнд чадлаараа чардайж яваа 9000 гаруй монгол залууг залхуу хойрго гэж ямар ч удирдлага шүүмжлэхгүй. Монголд бол залуу хүний хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, урам зоригийг мохоох элдэв шалтгаан мундахгүй.
“АФРИКИЙН УЛСУУДТАЙ АДИЛ 15-34 НАСНЫХНЫГ ЗАЛУУЧУУД ГЭЖ ҮЗДЭГ НЬ УЧИР ДУТАГДАЛТАЙ”
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сангийн хамтарсан судалгаагаар Монгол Улс залуучуудын насыг бусад орноос бараг 10 насаар илүү буюу 35 хүртэл гэж авч үздэг нь тэдний хөгжил, оролцоог дэмжих төрийн бодлого хэт өргөн хүрээг хамрах, хавтгайрсан бодлого хэрэгжүүлэх, зорилтот бүлэгтээ тэр бүр хүрч чадахгүй байх сул талтай гэсэн дүгнэлт гар¬¬чээ. “Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулж, жил бүр 45 мянган залууст хүрч ажиллана, мэргэжлийн боловсрол эзэмшсэн төгсөгчийг ажлын байраар хангана” гэх мэт зорилтуудыг улсын төсөвт тусгадаг ч эдгээр нь хэт ерөнхий байдаг. Тухайлбал, 45 мянган ямар төрлийн, хэдээс хэд хүртэлх насны залууст, ямар үйл¬ чилгээгээр хүрч ажиллах нь тодорхой бус, мөн дээрх зорилтот түвшинд хүрэхэд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгадаггүй” хэмээн энэхүү “Залуучуудад чиглэсэн зарлагын шинжилгээ”-нд онцолсон байна. НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагууд, улс орнуудын хувьд 1524 насны хүмүүсийг “залуучууд” хэмээн авч үздэг байна. Харин манай хоёр хөршид залуу¬ чуудын насыг 14-29 гэж үздэг бол цөөн орон, ялангуяа Африк тивийн улсууд манайхтай адил 15-34 насныхныг энэ бүлэгт хамаатуулж тодорхойлсон байдаг нь оновчтой бодлого хэрэгжүүлэхэд учир дутагдалтай аж. Хэрэв үнэхээр 30-34 насны хүмүүсийг “залуучууд” гэсэн бүлэг ангилалд хамаатуулан авч үзэж байгаа бол гэр бүл, хүүхдийн хөгжлийн асуудлаас нь салгаж хэрхэвч болохгүй гэдгийг мэргэжилтнүүд учирлаж байна.
ДЭЛХИЙД ЗАЛУУЧУУДЫН АЖИЛГҮЙДЭЛ БУУРЧ, МОНГОЛД ӨССӨӨР
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-аас гаргасан тайланд 2023 онд дэлхий дахинд залуусын ажилгүйдэл 13.1 хувьтай байсан нь сүүлийн 15 жилийн доод түвшинд хүрснийг дурдаад, 2025 оноос хойш энэ үзүүлэлт 12.8 хувь дээр хэсэг тогтоно гэж дүгнэжээ. “Ковид-19” цар тахлын дараах эдийн засгийн хурдацтай өсөлт нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн эрэлтийг нэмэгдүүлсэн гэж ILO дүгнэж байгаа ч Монголд энэ нь урвуу хамааралтай буюу ажилгүйдэл өссөөр байна. Тухайлбал, 2020 онд улсын хэмжээнд 15-19 насны залуусын дунд ажилгүйдэл 22.4, 20-24 насанд 15.9, 25-29 насныхны хувьд 11.6, 30-34 насанд 5.3 хувьтай байсан бол 2021-2022 онд энэ үзүүлэлт ялимгүй нааштайгаар эргэж байгаад буцаад дээш “тэмүүлээд” эхэлж. 2023 оны дөрөвдүгээр улиралд 15-19 насны залуусын дунд ажилгүйдэл 20 хувьтай байсан бол 2024 оны мөн үед 33.7 хувь болтлоо суга өссөн байна. Түүнчлэн 20-24 насныхны ажилгүйдэл 2023 онд 7.7 хувьтай байснаа жилийн дараа 10 болж нэмэгдсэн бол 25-29 насны залуусынх 3.6-гаас 6.9 хувь буюу бараг хоёр дахин нэмэгдэж. Үүнтэй зэрэгцээд 18-аас дээш насны залуусын 50 хувь нь эцэг, эхээсээ санхүүгийн хамааралтай болсон тухай Savings.com-ын энэ оны судалгаа мэргэжилтнүүдийн санааг чилээх болж. Өдөр тутмын амьжиргааны өртөг, орон сууц, эрчим хүчний үнэ огцом өссөн нь өнөөгийн залууст хүндээр тусаад зогсохгүй эргээд гэр бүл, эцэг, эхэд нь болон нийгэмд сөрөг үр дагавартай. Гэтэл 18-34 насныхны ажилгүйдлийн түвшин өндөр байгааг эрхбиш анхаарч, холбогдох яамдтай хамтран залуу¬ чуудыг хөдөлмөрт бэлтгэх зорилготой янз бү¬ рийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг, тэднийг хүссэн чиглэлээрээ мэргэших сургалт, дадлага хийлгэдэг, насан туршийн суралцахуйд чиглүүлдэг байсан төрийн бүхэл бүтэн институцийг 2023 оны аравдугаар сард Засгийн газрын 378 дугаар тогтоолоор нураасан. Уг тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог өөрчилж, залуучуудын хөгжлийн асуудлыг бэлтгэгдсэн боловсон хүчнүүд болон “Залуучуудын хөгжлийн төв”-тэй нь хамт тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газрын харьяанд шилжүүлж, улмаар 2024 оны сонгуулийн дараа Ч.Номин сайдын яамны бөөрөнд аваачиж “наасан”. Ингэснээр улс орны хөгжлийн гол зүтгүүр болдог залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах талаар хэн, ямар ажил хийх нь тодорхойгүй, салбар эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын аль нь хариуцах нь мэдэгдэхгүй, 2025 оны төсөв санхүүгээ ч батлуулаагүй өдий хүрчээ. Залуучуудын асуудлаар мэргэшсэн орон нутгийн мэргэжилтнүүд нь “Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр энэ жил хийх ажлын төлөвлөгөө, удирдамж, чиглэл байхгүй, төсөв мөнгө ч үгүй биднийг нэг бол Бодлогын газар луу, эсвэл Соёлын газар луу “шидээд” шоовдор хүүхдүүд шиг л байна. Залуучуудын асуудал бол нийгмийн асар өргөн хүрээг хамардаг. Зөвхөн соёл, спортын салбарт хамаатай ч юм биш. Залуучуудын хөгжлийн тухай хуулийг удахгүй шинэчилнэ гэж байгаа ч одоогийн бүтэц, чиг үүрэгтэйгээ уялдуулан өөрчлөх юм бол ямар ч хэрэггүй” хэмээн халаглаж сууна.
БИЙ БОЛГОСОН ИНСТИТУЦЭЭ НУРААЖ ТОГЛОХОО БОЛИМООР БАЙНА
Дийлэнх улс орнууд залуучуудын хөгжилд анхаарч, өөрийн гэсэн тодорхой төсөв санхүүтэй, бие даасан институцүүдээр дамжуулан стратеги, бодлого боловсруулан хэрэгжүүлж байна. Монгол Улсын хувьд мөн сүүлийн жилүүдэд залуучуудын хөгжилд багагүй анхаарч, хууль, эрх зүй, бодлогын хүрээнд ахиц дэвшил гарсан ч стратеги, төлөвлөгөөгөө “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Алсын хараа-2050” болон бусад хөтөлбөртэй уялдуулах шаардлага байсан. Энэ чиглэлийн институцүүдийн эрх, үүргийн давхцал, хуваарилалтыг тодорхой болгох шаардлага ч үүсээд байв. Тухайлбал, Залуусын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилт жил бүр нэмэгдэж, шинээр нэг ажлын байр бий болгох зардал өсөж байсан хэрнээ зарлагын үр ашиг буурсаар байж. Тус хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 2.7 сая төгрөгийн зардлаар нэг залуу хүнийг ажлын байранд зуучилж байсан бол 2020 онд 5.7 сая төгрөг болж эрс нэмэгдсэн атал хамрагдсан залуусын тоо буурсан байх жишээтэй. Цагийн ажилд зуучлах хөтөлбөрийн зарлагын үр аш ч мөн буурч байсан тул татвар төлөгчдийн мөнгөөр үр ашиггүй төсөл санхүүжүүлж, гадаадад үнэгүй боловсон хүчин бэлтгэн өгч байна гэх хардлага ч дагуулж байв.
Гэхдээ олон улсын байгууллагууд энэ бүхнээ эргэн хараад засаж сайжруулаад яв гэсэн болохоос биш, “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гээч үлгэрийг амилуулаатах гээгүй байлтай. Овоо дориун хөрөнгө санхүү төсөвлөн 21 аймаг, есөн дүүрэг бүрд “Залуучуудын хөгжлийн төв” байгуулж, бодлого, чиглэл, төсөл, хөтөлбөрүүдээ тодорхойлж, хүний нөөцөө хүртэл бэлтгэж, бааз суурийг нь бэхжүүлчхээд төр өөрөө гэнэт нэг өдөр сүйтгэнэ гэдэг хайран. Одоо манайд залуучуудын асуудлыг хариуцсан ганц институц нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар. 2025 онд залуучуудынхаа хөгжил, оролцоог хангахад таван тэрбум төгрөг төсөвлөнө гэж хоосон “мөрөөдсөн”, төсөв санхүүгээ ч батлуулж чадахгүй, энэ талын мэдээллээ ч өгөх эрх мэдэлгүй институц байх юм. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэлтэй холбоотой тоо баримт, бодлогын ажил, арга хэмжээний талаар бол бүр мэдэх юм алга.
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар бид мэдэхгүй. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институцийнхэн энэ асуудлыг мэднэ” гээд сайн дураараа өөрсдөөсөө холдуулч¬ хаж. Өнөөдүүл нь харин “Залуучуудын асуудал эрхэлсэн бүхэл бүтэн яамны харьяа газар шүү дээ. Тэд залуучуудтай холбоотой бүх асуудлаа мэдэх ёстой” гээд шоолох маягтай. “Залуучуудын хөгжил гэж ярихаас ч ичиж байна” гэсэн мэргэжилтний үг эрхгүй нэгийг бодуулна. “Монгол Улс хөгжиж байна, эдийн засаг сэргэж байна” хэмээн өдөр бүр хэн нэгэн эрх мэдэлтэн чанга дуугаар зарлаж, бусад нь алга ташин баяр хүргэж буй энэхүү “хөгжлийн зам”-ын тоосонд Монголын залуус дарагдаж, хаа нэгтээ гээгдсээр байна.
Л.Ганчимэг