Одоогоос 27 жилийн өмнө баталсан, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчлэн найруулсан төслийг энэ оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-д өргөн барьсан юм. Тус хуулийг өөрч¬лөхөөр сүүлийн 10 гаруй жилийн ху¬гацаанд 10 орчим хуулийн төсөл боловсруулсан ч батлагдаж ча¬далгүй өдий хүрэв. Хэвлэл мэдээл¬лийн салбарт техник, технологи давамгайлж, цахим, дата, сэтгүүл зүй хөгжиж буй энэ цагт хуучин хуулийг шинэчлэх, эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага бий бол¬сон билээ. Шинэчилсэн хуулийн төслийг энэ хав¬рын чуулганаар хэлэлцэн батлахаар ярьж буй. Гэвч тус хуулийн төсөлд засаж сайжруулах зүйл цөөнгүй байгааг гадаад, дотоодын мэргэжилтнүүд сануулж, зөвлөмж гаргасаар байна. Энэ хүртэлх хугацаанд ямар үйл явц өрнөсөн тухайд тоймлон хүргэе.
“ЗӨВХӨН ҮЙЛ БАРИМТЫН ЭХ СУРВАЛЖИЙГ ХАМГААЛАХ НЬ УЧИР ДУТАГДАЛТАЙ”
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль зөвхөн сэтгүүлч, энэ салбарын ажилтнуудад хамаатай бус, хүн бүрийн мэдэх эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй салшгүй холбоотой юм. Тиймээс тус хуулийн үг, өгүүлбэр, цэг, таслал хүн бүрд хамаатай. Тухайн хуулийн үзэл баримтлал юу болох, өмнөх алдаагаа хэрхэн засаж, сайжруулсан, эсэхийг чих тавин хүлээгсэд цөөнгүй байна. Тодруулбал, хэвлэл мэдээллийн салбарынхан төдийгүй хуульч, өмгөөлөгчид, хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагынхан, жирийн иргэд ч үзэл бодлоо илэрхийлж, хуулийн талаар байр сууриа илэрхийлж буй. Жишээ нь, Канад улсын Хууль ба ардчилал төвийн гүйцэтгэх захирал, ЮНЕСКО-гийн зөвлөх хуульч Тоби Мендел Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн, “эд анги”-тай танилцаж, техникийн дэмжлэгүзүүлж байна. Тэрбээр хуулийг задлан шинжлээд дүгнэлт гаргаснаа саяхан танилцуулсан. Тус дүгнэлтэд “Хэвлэл мэдээллийн байгууллага” болон “сэтгүүл зүйн үйл ажиллагаа” гэх нэр томьёоны тодорхойлолтуудын хувьд нэгдүгээрт, эдгээр нь харилцан уялдаатай бөгөөд нэг нь нөгөөгөөсөө хамааралтай. “Редакцтай сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хуудас” зэргээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэлбэрийг жагсааж заах нь сул талтай. Учир нь хэвлэл мэдээлэл фэйсбүүк хуудас, ютүб суваг гэх мэт өөр өөр хэлбэртэй байж болно. Үүний оронд уг тодорхойлолт нь редакцын зөвшөөрсөн мэдээ мэдээллийг олон нийтэд, эсвэл тодорхой хэсэгт тогтмол түгээх зэрэг хэвлэл мэдээллийн үндсэн үүрэгт төвлөрөх нь тохиромжтой. Түүнчлэн мэргэжлийн хэвлэл мэдээллийн стандартыг харгалзах боломжтой блог хөтлөгчид, олон нийтийн сүлжээн дэх инфлүүнсэр зэрэг сайн дурын үндсэнд бие даан үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд анхаарал хандуулах хэрэгтэй” гэжээ. Мөн “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл” болон “сэтгүүлч”-ийг тодорхойлсон байхад “сэтгүүл зүйн үйл ажиллагаа”-ны тодорхойлолт үнэхээр шаардлагатай, эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв уг нэр томьёог тодорхойлох шаардлагатай бол энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх агуулгыг бэлтгэх хүрээнд сэтгүүлчийн бүх үйл ажиллагааг хамруулж, энгийнээр томьёолох нь зүйтэй. Одоогийн тодорхойлолт нь “хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх, нэвтрүүлэх, түгээх”, “олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор” гэх мэт давхардсан шинжтэй, зарим хэвлэл мэдээлэл сайн дурын ажилтнуудаас бүрддэг байхад “мэргэжлийн” гэх мэт шаардлагагүй элементүүдийг агуулсан, сэтгүүлчийн үйл ажиллагааг ерөнхийд ньхамруулахын оронд сэтгүүлчийн хийж болох бүх үйл ажиллагааг жагсаахыг оролдсон нь хэтэрхий төвөгтэй болгож байна хэмээн онцолсон юм. Түүнчлэн тус хуулийн төслийн 4.1.7-д “эх сурвалж” гэх нэр томьёог мэдээллийн үндэс болж буйүйл баримт болон мэдээлэл өгч байгаа этгээдийг хамарсан утгаар тодорхойлсон байна. Харин 13 дугаар зүйлд мэдээллийн эх сурвалж нууцлах эрхийг хамгаалах зохицуулалтыг тусгасан. Зөвхөн үйл баримтын эх сурвалжийг хамгаалах нь учир дутагдалтай. Эх сурвалжийг хамгаалахын гол зорилго нь хувь хүмүүс сэтгүүлчидтэй нууц байдлаар мэдээлэл хуваалцах боломжийг бүрдүүлэхэд оршино. Үүний зэрэгцээ энэхүү хамгаалалт нь эх сурвалжийг тодорхойлох боломжтой мэдээлэл (сэтгүүлчийн тэмдэглэл, утасны яриа зэрэг)-д хамаарвал зохистой. 4.1.8-д хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг “тодорхойлсон”. Шууд хэлэхэд энэ бол тодорхойлолт биш бөгөөд харин эрхийг тогтоосон бодит заалт юм” гэж дүгнэлтдээ дурджээ.
ХАРИУЦЛАГАТАЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ НЭРИЙН ДОР ТӨР ХЯНАХ ЭРСДЭЛТЭЙ
Мөн тус хуулийн төслийн талаар “Глоб интернэшнл төв”, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос хамтран танилцуусан илтгэлд олон санал тусгасан байна. Одоо мөрдөж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт огт хангалтгүй байгааг тэд илтгэлийнхээ эхэнд дурдаад хариуцлагатай хэвлэл мэдээлэл гэх нэрийн дор төрийн хяналт үүсэх эрсдэлтэйг анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, хуулийн зорилт хэсэгт “хариуцлагатай хэвлэл мэдээллийг хөгжүүлэх”-ийг тусгасан нь субьектив агуулга байх бөгөөд хэвлэлийн эрх чөлөөнд нөлөөлж болох эрсдэлтэй хэт ерөнхий зохицуулалт гэж үзсэн байна. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргах болон олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоохыг хориглодог. Харин “Хариуцлагатай хэвлэл мэдээлэл” гэх чихэнд таатай нэрийн дор төрийн хяналт үүсэх эрсдэлтэй гэж дүгнэжээ. Мөн хуулийн төслийн 7.4-т Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц нь нийтэлж, нэвтрүүлж буй бүтээлийн үнэн зөв байдлыг хариуцахаар заасан нь төрийн зүгээс үнэн гэж юуг ойлгох, түүнд тохируулан үйл ажиллагаа явуулахыг шаардах, улмаар редакцын хараат бус байдалд нөлөөлөх эрсдэл үүсэх нөхцөл болох талтай. Энэ заалтыг хасах саналтай хэмээн илтгэлдээ тодорхой дурджээ.
ЭРҮҮГИЙН 1077 ХЭРГИЙН 43.7 ХУВЬДНЬ СЭТГҮҮЛЧ ХОЛБОГДСОН
Хуулийн шинэчилсэн найруулгаар дөрвөн зүйл бүхий “авсаархан” хуулийг зургаан бүлэг, 16 зүйлтэй болгон “томруулсан”. Хэмжээний хувьд нэмэгдсэн шиг агуулгын хувьд ч сайжирсан зүйл цөөнгүй байгааг хуульч, хүний эрхийн мэргэжилтнүүд, сэтгүүлчид сайшааж буй. Гэхдээ засаж сайжруулах зүйл цөөнгүй байгаа бөгөөд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахаас илүү эрх баригчдад үйлчлэх хууль болох вий гэж сэрэмжилж байна. Энэ тухайд Глоб интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн “Төрийн байгууллага нь хэвлэл мэдээллийнхнийтүгээсэн мэдээ мэдээллийн эсрэг шүүхэд гомдол гаргахгүй байх зарчмыг хуульд тусгасан нь сайшаалтай. 1999-2020 онд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон гүтгэлэг, доромжлол, илт худал мэдээлэл тараахтай холбоотойгоор шүүхээс нийт иргэний болон эрүүгийн 1077 хэрэг шийдвэрлэсний 43.7 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдсон. Улмаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг хэрэг маргааны ихэнх нь төрийн албан тушаалтнуудын гомдолд үндэслэгджээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах хүрээнд олон нийтийн зүтгэлтнүүд (pub¬lic figure) нээлттэй шүүмжлэлд хүлээцтэй хандах ба өөрсдийн сонголтоор олон нийтийн хараа хяналтад байдаг гэдгийг ухамсарлан ойлгох үүднээс тэдний шүүхэд гомдол гаргах нөхцөлийг хязгаарлах нь зүйтэй юм. УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хуульд 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг шинээр хуульчилсан. Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт 2020-2024 оны эхний хагаст нийт 2260 хэрэг бүртгэл үүссэн нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахад томоохон нөлөөлөл үзүүлж байна. Жишээ нь, үүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 144, шүүхэд шилжүүлсэн 133 хэрэг байна” гэв. Харин Хүний эрхийн үндэсний комиссоос сэтгүүлчдийн мэдээлэл хайх, олж авах, түгээх эрх хязгаарлагдмал. Төрийн байгууллагууд төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байлгах мэдээллийг өгөхгүй болмэдээлэл хүсэгчдэд саад учруулах хандлага ажиглагдахболсон. Судалгаанд оролцсон сэтгүүлчдийн 29.7 хувь нь эх сурвалж олох, хуулийн хүрээнд ажиллах боломжгүй байгаад санаа зовж буйгаа илэрхийлсэн. Хүнд суртал, төрийн байгууллагуудын харилцааны төвөгтэй байдлыг арилгах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар нээлттэй байх ёстой мэдээллийг төрийн байгууллага дотоод журмаараа хаалттай болгодог” хэмээн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд онцолжээ.