Монгол Улсын Хөгжлийн банк, МҮХАҮТ хамтран Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Тус банк үйл ажиллагаагаа Эксим банкны зарчмаар явуулахыг зорьж байгаа юм. Өдгөө Монгол Улс экспорт, импортын хувьд цөөхөн орноос хамааралтай байгаа. Аж ахуйн нэгжүүдийн экспорт хийх зардал өндөр байгаа нь анхаарал татаж буй. Үүнийг бууруулж чадвал эдийн засагт эерэг нөлөөтэй билээ.
Манай улсын экспортын 92 хувь нь уул уурхай, ердөө найман хувь нь уул уурхайн бус салбарт ногдож байгаа дүн бий. Нэг салбараас хэт хамааралтай байх нь эдийн засагт сөрөг нөлөөтэй. Иймээс дээрх найман хувийг дээшлүүлэхийг зорьж байгаагаа анкныхан тодотголоо. Үүний тулд төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт, баталгаа, батлан даалт, зээл санхүүжилт, зөвлөх үйлчилгээ зэрэг санхүүжилтийн олон арга, хэрэгсэл ашиглах аж. Мөн аялал жуулчлал, мэдээлэл, харилцаа холбооны технологи, сэргээгдэх эрчим хүч, мах, сүүн бүтээгдэхүүн, ноолуур, сарлаг ба тэмээний ноос, арьс, шир гэхчлэн уул уурхайн бус салбарын экспортыг дэмжихээ илэрхийллээ. Өдгөө системийн нөлөө бүхий дөрвөн банкнаас байгууллагуудад олгосон зээлийн багцын таван хувь нь экспорт, 95 хувь нь импортод ногдож байгаа аж.
Хөгжлийн банк экспортлогчдыг дэмжих санхүүжилтийг төрөлжсөн арга хэрэгслээр олгоно
Арилжааны банкуудын хувьд гадаад худалдааны эрсдэлийн хамгаалалт байхгүйтэй холбоотойгоор экспортын санхүүжилтийг бага олгож байгаа гэхэд болно. Иймээс экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгж, байгууллагуудад зээл олгох орон зайг Хөгжлийн банкныхан нөхөж, уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийг зорьж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр дуулгалаа. Олон улсын жишгийн дагуу Эксим банк нь дотоодод үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний экспортыг дэмжих, санхүүжүүлэх, аж үйлдвэрийн өсөлтийг дэмжих, дотоодын үйлдвэрлэл, ажлын байрыг хадгалах, хамгаалах үүрэг, оролцоотой ажилладаг билээ.
Энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгж, байгууллагуудын 120 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд тэдний зүгээс Хөгжлийн банк улс төрийн нөлөөнд явж ирснийг өөрчлөх, засаглалаа сайжруулах, гүйцэтгэх удирдлага тогтвортой ажиллах шаардлагатайг дурдахын сацуу санхүүжилтийг аль болох түргэн олгож эхлэхийг хүсэж буйгаа илэрхийлээд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэдгийг баяртайгаар хүлээн авч буйгаа тодотгож байв. Тэдгээр төлөөллийн нэг болох “Хөх үүр” компанийн гүйцэтгэх захирал Г.Чойжамц “Хөгжлийн банкны үйл ажиллагаа сайжирна гэсэн итгэл төрж, хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гээд “Хүнийг ажилд авахдаа “Ажлын туршлагатай юу” гэж асуудаг шиг “Бүтээгдэхүүн экспортолсон түүх бий юү” хэмээн лавладаг нь санхүүжилт авахад хүндрэл үүсгэдэг талаар учирлав. Тэгвэл Хөгжлийн банкныхны зүгээс “Бүтээгдэхүүн экспортолсон туршлагагүй ч төсөл нь ирээдүйтэй бол дэмжинэ. Хаана хаана жижиг, өсөлттэй төслүүд хэрэгжүүлж буйг хайж байгаа. Тэдгээрийг хөгжүүлж, хэрэгжүүлж дуустал нь зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс авхуулаад хамтран ажиллана” гэдгээ илэрхийлэв.
Уг хэлэлцүүлгийн үеэр Хөгжлийн банк засаглалаа сайжруулах, хараат бус, бие даасан байдлаа нэмэгдүүлэх, үндсэн үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэх шаардлага үүссэн талаар хөндлөө. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, 10 бүлэг, 45 зүйл бүхий хуулийн төслийн үзэл баримтлалаа Засгийн газраар дэмжүүлж, улмаар УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа билээ. Хөгжлийн банкны өнөөгийн санхүүгийн үзүүлэлт, зээлийн чанар болон эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээс үзэхэд банк нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэх боломжгүйд хүрээд байгаа юм.
Эл хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа “Монгол Улсын Хөгжлийн банк өдгөө арилжааны банкнаас өөрцгүй болж, баланс агшсан тул томоохон хөрөнгө оруулалтад зориулж олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас зээл авах зорилт тавьсан. Үүний тулд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй” хэмээн өгүүлэв. Мөн тэрбээр “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг анх 2011 онд баталсан. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар аль төсөл, хөтөлбөрт санхүүжилт олгохыг шийддэг, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүд улс төрийн томилгоогоор ирдэг байсан. Зээл олгох шийдвэрийн дийлэнхийг ТУЗ гаргаж ирлээ. Тэгвэл Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулснаар Засгийн газар ямар зорилтот салбар, чиглэлд санхүүжилт өгөх бодлогыг тодорхойлж, ТУЗ хяналтаа тавьж, гүйцэтгэх удирдлага санхүүжилтийн бодлогодоо үндэслээд зээл олгох шийдвэрээ гаргаж, төслүүдэд хяналт тавьж, хариуцлагаа хүлээх юм.
Өнгөрсөн жилүүдэд Хөгжлийн банкны ТУЗ 11 удаа солигдож, ажилласан хугацаа нь дунджаар 1.6 жил байсан. Түүнчлэн гүйцэтгэх захирал найман удаа солигдож, дунджаар 1.8 жил ажиллажээ. Банкны бүтэц, зохион байгуулалтыг 10 удаа өөрчилсөн бол ажилтнуудын 90 хувь буюу таван хүн тутмын дөрөв нь солигдсон. Ийм тохиолдолд тууштай, итгэл үнэмшилтэй ажиллах боломжгүй.
2011 онд баталсан хуулиар Хөгжлийн банкнаас тэргүүлэх салбарт санхүүжилт олгохоор зохицуулсан. Гэвч тэр тэргүүлэх салбар нь юу гэдэг нь тодорхойгүй. Шаардлагагүй төслүүдэд хөрөнгө оруулснаас гадна чанаргүй зээлийн хэмжээ өндөр байгаа тул активын чанараа сайжруулах шаардлага үүссэн.
Хуулийг шинэчилснээр цаашид Хөгжлийн банк аливаа төсөлд 100 хувь бус, 85 хувь хүртэлх санхүүжилтийг нь олгох бөгөөд үе шат болгонд нь хяналт мониторинг хийнэ. ТУЗ-ийн есөн гишүүний хоёрыг нь л бодлогоор буюу Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамнаас томилж, бусдыг нь нээлттэй сонгон шалгаруулна. Хөгжлийн банкийг олон улсын жишиг засаглалтай болгоход анхаарсан” хэмээн дурдлаа.
Монгол Улсын Хөгжлийн банкны эрх зүйн байдлыг тогтоосон эл хуулийн шинэчлэлээр зарчмын хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулж, хөгжлийн болон төслийн санхүү, экспорт, импортын санхүүжилттэй холбоотой харилцаа, ажил, үйлчилгээг нарийвчлан зохицуулахаар тусгаад байна. Тодруулбал, үндсэн зарчим, шаардлага, хяналт, ил тод байдал, хараат бус байдал зэргийг тодорхой тусган, үйл ажиллагаагаа Эксим банкны зарчмаар явуулж, төслүүдийн эдийн засгийн ашгаас илүүтэй үр нөлөө, өгөөж, санхүүжилтийн ашигт байдлыг үнэлж, дүгнэх зохицуулалтын механизмыг бий болгохыг чухалчилсан. Бас эдийн засгийн суурь бүтцийг бэхжүүлэх дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн олборлох аж үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжих, чадавхыг дээшлүүлэх чиглэлээр төрөөс дэмжсэн, хэрэгжүүлэхээр тодорхойлсон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж эрх зүйн хувьд бүрдэх юм.
Хөгжлийн банк анх байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын хөгжлийг ахиулахад шаардлагатай томоохон дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, эрчим хүч гэхчлэн томоохон бүтээн байгуулалтыг хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тухайлбал, “ДЦС-4”, “Амгалан” дулааны станцыг өргөтгөх төслийг санхүүжүүлснийг энд дурдаж болно. Мөн аймгуудыг холбосон авто замын төслүүдэд санхүүжилт олгосон. Өдгөө газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад гар бие оролцож буй.
Хөгжлийн банк нь арилжааны банк шиг эдийн засгийн ашиг гэхээсээ илүү нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг чухалчлах учиртай. Харин одоогийн хуулиар энэ харьцаа алдагдаад байгаа юм. Тухайлбал, 2017 оноос хойш олгосон зээлүүдийн 80 гаруй хувийг ТУЗ-ийн, 15 хувийг нь л гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр олгожээ. Одоогийн байдлаар тэдгээр зээлээс 33 нь үлдсэний ердөө 5-6 нь л чанартай зээл байна. Энэ мэтчилэн гажуудлыг засаж, залруулах үүднээс дээрх хуулийг шинэчлэн боловсруулжээ. Товчхондоо, дээрх хуулийн шинэчилсэн найруулгын үр дүнд банкны үйл ажиллагаа сэргэж, эрхлэх үйл ажиллагаа, эрх хэмжээ, үүрэг хариуцлага, засаглалын тогтолцоо олон улсын стандартад нийцэж, санхүүжилтийн шийдвэрийг бие даасан байдлаар гаргадаг болох зэрэг ач холбогдолтой.